Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2025/0270

 

 

 

 

 

 

 

 

 

“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г , өмгөөлөгч М.М

Нэхэмжлэлийн шаардлага Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 119/2023/0037/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар маргажээ.    

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч М  ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар хууль бус захирамжийн улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тухайн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “...  Нэхэмжлэгч М  дээд сургуулийн эрх залгамжлагч болох “М ” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Э нь Залуучуудын техник сэтгэлгээний барилгын урлаг заалны хэсгийг нийтийн дуудлага худалдаанд оролцож үнийг нь төлж худалдан авсан байх ба уг барилга нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.1, 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар газраас салгаж үл болох үл хөдлөх хөрөнгө болно. Нэгэнт хуульд зааснаар салгаж үл болох салгавал зориулалт нь алдагдах салгаж үл болох эрхээр холбогдсон дээрх үл хөдлөх хөрөнгө, уг үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газар нь хоорондоо салшгүй холбоотой гэж үзэх нь дээрх хуульд нийцнэ. Харин нэхэмжлэгч байгууллага болон түүний үүсгэн байгуулагч Ц.Э ы зүгээс уг үл хөдлөх хөрөнгийг нийтийн дуудлага худалдаанд оролцож, улмаар хамгийн өндөр үнийг хэлж уг үнийг төлж худалдан авснаар тухайн үеийн залуучуудын техник сэтгэлгээний барилгын урлаг заалны хэсэг нь Эрдэнэт хотын Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны 1987 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор 1 /нэг/ га газрыг эзэмшүүлсэн ба уг газрын хамт салгаж үл болох эрхийн хамт шилжсэн байна. Уг шийдвэр гарч байх үед Газрын тухай хууль /2002 оны/ батлагдаагүй, мөрдөгдөж эхлээгүй байсан ба 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын их хурлаас баталж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн ба газрын хамт шилжсэн үл хөдлөх хөрөнгө гэж үзэхээр байна. М  дээд сургууль буюу одоогийн “М ” ХХК-ийн хувьд ийнхүү уг газарт хогийн цэг байрлаж байхад нь цэвэрлэж, газрын нөхөн сэргээж улмаар дээрх газраас 4152.9 мкв талбайг бүхий хэсгийг хашаалж сургалтын үйл ажиллагаагаа 2003 оноос хойш одоог хүртэл явуулж байгаа болно. Гэтэл шүүхээс дүгнэхдээ нэхэмжлэгч “М ” ХХК нь газар эзэмшүүлэх гэрээнд зааснаас 1471 мкв талбайг илүү хашаалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.2. ... шүүхийн тогтоолд зааснаар илүү хашаалсан буюу 1222.9 мкв талбайг бүхий газрыг Орхон аймгийн Засаг дарга нэмж эзэмшүүлэхээр тохиролцсон атлаа маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаартай захирамжийг гаргаж өмнө шүүхээр шийдвэрлэсэн асуудлыг дахин захирамж гаргах замаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах шийдвэр гаргасан байдаг. Энэ нь хариуцагчийн зүгээс хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн төдийгүй, шүүхийн шийдвэрийг Орхон аймгийн Засаг дарга өөрөө өөрчилж буй агуулгыг илэрхийлсэн захиргааны актыг гаргаж байхад анхан шагны шүүхээс уг захирамжийг хуульд нийцсэн гэж зөвтгөж байгаа нь илт үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр хариуцагчийн иггэмжлэгдсэн төлоөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...2011 оны Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаартай тогтоолыг гарсанг мэдээгүй байхдаа уг А/756 дугаартай захирамжийг гаргасан, сүүлд нь шүүхийн тогтоол гарсан гэдгийг олж мэдсэн” гэх тайлбараар Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн болохоо илэрхийлсэн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлж байгааг анхан шатны шүүхээс дүгнээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс талуудын эвлэрлийг баталсан шүүхийн тогтоолын тухайд дан ганц Засаг даргын үүрэг бус нэхэмжлэгчийн үүрэг бас байгаа гэж дүгнэсэн байх ба Засаг даргын зүгээс газар эзэмшүүлсэн захирамж гаргаагүй, гаргуулахаар хандахад шийдвэрлэхгүй байгаа асуудлыг нэхэмжлэгч “М ” ХХК-д хамааралтай мэтээр дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь тус эвлэрлийн гэрээгээр номын сангийн барилга, оюутны байр газарт газар эзмшүүлсэн захирамж гаргаагүй байхад барилгын ажлын зөвшөөрөл гаргуулах боломжгүй, хууль зөрчих бөгөөд энэ нь Орхон аймгийн Засаг даргаас шууд хамаарсан байхад нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгааг анхаарч өгнө үү.

3.3. Уг захирамжинд заасан албадан буулгахаар заасан “хашаа”-г хариуцагч Орхон аймгийн Засаг даргын захирамжинд заасны дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д буулгаж дуусгасан ба одоогоор хашааг буцаан бариагүй, харин архи согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг олон тооны баарнаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс босгож тавьсан байдалтай байгаа болно. Түүнээс хашааг дахиж барьж босгоогүй бөгөөд хашаа буулгасан хэвээрээ байгаа юм. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын захирамжинд хаана байрлах аль хашааг буулгахаар заасан нь тодорхойгүй, уг захирамжийг хэрэгжүүлэхдээ хэрэгжүүлж буй газар, түүний албан тушаалтны дур зоргоор буулгахаар ойлгомжгүй байдлаар заасан байдаг.

3.4. Маргаан бүхий захиргааны актаар буулгах “барилга, байгууламж”-ийн хувьд нийтийн эзэмшил талбайд байрлаж буй барилга нь 2011 он 1.400.000.000 төгрөгийн өртэйг баригдсан 4 давхар номын сан, оюутны байрны зориулалтаар анх барьсан 4 давхар үл хөдлөх хөрөнгө байрлах ба уг барилгыг буулгах ажиллагааг хийхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлах боловч, бичгээр гаргасан захиргааны акт болох Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаартай захирамжид “барилга” гэж зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийг буулгахаар шийдвэрлэсэн. Гэтэл Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь уг захиргааны актыг тайлбарлахдаа барилга гэж” контейнор, нисэх онгоц зэргийг хамааруулна, дээрх 4 давхар барилга хамаарахгүй гэж маргасан ба уг асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шүүх хуралдааныг завсарлуулж, улмаар хариуцагч Орхон аймгийн Засаг даргаас дээрх захирамж хэрэгжиж дууссан эсэхийг тодруулахад “...хэрэгжиж дуусаагүй, дахиад хэрэгжүүлнэ” гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн болно. Ийнхүү 2011 онд сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж, улмаар шүүхийн тогтоолоор шийдвэрлэгдэж эцэслэсэн асуудлыг дахин акт гаргасан болох нь тодорхой болоод байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 24 дүгээр зүйлд заасан захиргааны акт гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулаагүй, 25 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг цуглуулаагүй, 26, 27 дугаар зүйлд заасан захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй “М ” ХХК-д сонсох ажиллагаа явуулалгүй гэнэт захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх энэ талаарх дүгнэлтийг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

3.5. Энэ бүхнээс нэгттэж дүгнэвэл захиргааны актаар нэхэмжлэгчийн хашааны аль хэсгийг буулгах, ямар барилгыг буулгах, ямар байгууламжийг чөлөөлөх зэрэг гол зохицуулалт нь тодорхойгүй, ойлгомжгүй захиргааны акт гаргасан байх ба шүүхээр шийдвэрлэсэн асуудлаар дахин захиргааны акт гаргаж байгааг шүүх үндэслэлтэй мэтээр дүгнэсэн нь уг шийдвэр хуульд нийцсэн, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. ... Энэхүү актыг гаргахдаа Орхон аймгийн Засаг даргаас бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Учир нь Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай “Газар чөлөөлөх тухай” захирамжаар зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эдэлбэрийн газарт барилга угсралтын ажил эхүүлсэн, төрийн өмчийн газрыг дур мэдэн ашигласан учраас газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргасан ба энэхүү шийдвэртэй холбогдуулан М  дээд сургууль одоогийн “М ” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар талууд эвлэрэн хэлэлцэж маргааныг шийдвэрлэсэн байна. Эвлэрлийг баталсан Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай тогтоолоор талууд “...газар эзэмшүүлэх гэрээнд заагдсан хэмжээнээс илүү ашиглаж байгаа газрыг эзэмших эрхийг төлбөртэйгээр олгох, зөвшөөрөлгүйгээр М  дээд сургуулийн барьсан оюутны байр, номын сангийн барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг М  дээд сургууль өөрөө хариуцан бүрдүүлэх” гэж эвлэрснийг баталсан байна. Энэхүү бодит нөхцөл байдлыг Орхон аймгийн Засаг даргаас тогтоогоогүйгээс “нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаа болон барилга, байгууламж барьсан зөрчил гаргасан байх тул газрыг чөлөөлж, зөвшөөрөлгүй дур мэдэн барьсан хашаа болон барилга, байгууламжийг албадан буулгасугай” гэх агуулга бүхий захирамж гаргах шалтгаан болсон байна.

4.2. ... Маргаан бүхий аймгийн Засаг даргын захирамж нь ямар хэмжээний газрыг албадан чөлөөлөх, ямар барилга байгууламжийг албадан буулгах гэж байгаа нь тодорхойгүй гарсан нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” заасан агуулгын шаардлага хангаагүй байна. Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д бичгээр гаргаж буй захиргааны актад тавигдах хэлбэрийн шаардлагыг тодорхойлж өгсөн ба 40.2.4-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн шаардлагуудыг хангаагүй байна.

4.3. Маргаан бүхий захиргааны акт нь агуулгын болон хэлбэрийн шаардлага хангаагүй байх тул тус актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

4.4. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаартай “Газар чөлөөлж, албадан буулгах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх  “...Шинжээч нарын дүгнэлтүүдээс үзэхэд нэхэмжлэгч “М ” ХХК нь хуулийн дагуу эзэмшиж буй газраасаа илүү газар хашаалсан, инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барьсан болох нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна ... Орхон аймгийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар захирамжаар У багийн задгайд 2920 м.кв газрыг эзэмшүүлэхээр, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/368 дугаар захирамжаар “М ” ХХК-ийн 2930 м.кв газрыг 2613 м.кв болгон багасгаж эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон байхад 4084 м.кв газрыг хашаалсан, эзэмшиж байгаа газраасаа 1471 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг илүү хашаалж, ашиглаж хууль зөрчсөн … шүүхийн тогтоолоор эвлэрэн хэлэлцэж хүлээсэн үүргээ аймгийн Засаг даргыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээний төвийн барилгад зориулан спортын цогцолборын урд монгол ажилчдын захиргааны ажилчдын клубт олгосон газрын баруун талд 1.0 га  газрыг” олгож, Орхон аймгийн Засаг дарга 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар захирамжаар “М ” коллежийн захирал Ц.Э  нь Залуучуудын соёлын төвийн дуусаагүй барилгын урлагын заалны хэсгийг дуудлага худалдаагаар худалдан авсныг баталгаажуулж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар 2004 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2930 м.кв газрыг сургуулийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 0010898 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Ц.Э д олгосон байна. Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/368 дугаар Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчилж, газрын хэмжээ өөрчлөх тухай захирамжаар ... 2960 м.кв газрын хэмжээг 2613 м.кв болгон эзэмшигчийн нэрийг М ” ХХК болгон өөрчилж газрыг эзэмшүүлжээ. Улмаар Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Газар чөлөөлж, албадан буулгах тухай” А/756 дугаар захирамжаар “М ” ХХК-ийг эзэмшил газраасаа илүү гарган нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаа болон барилга, байгууламж барьсан зөрчил гаргасан учраас газрыг чөлөөлж, зөвшөөрөлгүй дур мэдэн барьсан хашаа болон барилга, байгууламжийг албадан буулгахаар шийдвэрлэсэн байна.

2.4. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д Аймаг, сум, нийслэл дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаарх нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-д “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан.

2.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл газрыг тодорхой хугацаа, болзолтойгоор зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглох бөгөөд аймгийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагч газрыг гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчлийг арилгах, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй байна. Мөн хамгаалалтын зурвасын дотор барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

2.6. Нэхэмжлэгч М ” ХХК-ийн эзэмшил газрыг Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/368 дугаар Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчилж, газрын хэмжээ өөрчлөх тухай захирамжаар ... 2613 м.кв болгон өөрчилсөн байх бөгөөд одоогоор нийт барилга байгууламж, барьж хашаалсан, чөлөөлсөн газар нь 4084 м.кв талбай байгаа бөгөөд өөрийн эзэмшиж байгаа газраасаа 1471 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг илүү ашиглаж байгаа. Тухайн ашигласан газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барьсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

2.7. Нэгэнт өөрийн эзэмших ёстой газраасаа илүү газрыг ашиглаж байгаа энэхүү газрыг эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй буюу эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар аливаа байдлаар шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

2.8. Түүнчлэн, Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар шүүхийн тогтоолоор ... Газар эзэмшүүлэх гэрээнд заагдсан хэмжээнээс илүү ашиглаж байгаа газрын эзэмших эрхийг төлбөртэйгээр олгох, зөвшөөрөлгүйгээр “М ” дээд сургуулийн барьсан оюутны байр, номын сангийн барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгч “М ” дээд сургууль өөрөө хариуцан бүрдүүлэх нөхцөлтэйгээр эвлэрсэн нь нэхэмжлэгчийг нийтийн эзэмшил газарт зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаа, барилга, байгууламж барьсан гэдгийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                   Ц.САЙХАНТУЯА

 

   ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

 

                          ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ