Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0792

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0792

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Д

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас халагдсанаас хойших Шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах" шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, гуравдагч этгээд Ч.У, нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Г.Д би 1986 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, BT860214**, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Улсад 15 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 11 жил ажилласан. Г.Д би Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны даргын албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан, надаас шалтгаалах ажил үүргүүдийг цаг тухай бүрт нь зохих хэмжээнд гүйцэтгэж дүнг илтгэж ирсэн.

Надад сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөдөл гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн. Тухайн салбар зөвлөлийн хуралдаанаар миний гаргасан өргөдлийг хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/1565 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул хүчингүй болгуулах хүсэлтийг хангах боломжгүй гэсэн хариуг надад албан бичгээр мэдэгдсэнийг би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

Тус салбар зөвлөлийн хуралдаанд оролцох үеэр зөвлөлийн гишүүдээс намайг 2018, 2019 онд цагдан хорих байранд хоригдогч нарын зүгээс гаргасан зөрчилтэй холбогдуулан, хүний эрхийн үндэсний комиссоос шаардлага авсан гэж буруутгасан. Би үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний бие цагдан хорих байрны даргын албан тушаалд ажиллах хугацаандаа хорих байрны хоригдогч нарын дундаас гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрийн зүгээс шалтгаалах зохион байгуулалтын арга хэмжээг хангалттай авч, тус бүрийн ажил хариуцсан алба хаагчдыг үүрэгдсэн байсан. Мөн тухайн зөрчлүүд үйлдэгдэх үе нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албаны сургалттай, ээлжийн амралттай болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан үеэр таарсан, энэ нь надад сахилгын шийтгэл хүлээлгэхэд харгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Холбогдох баримтуудыг хавсаргав.

Би төрийн тусгай алба хаагч байсны хувьд жил бүр менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу ажиллаж, дүгнүүлдэг байсан. Миний бие 2017 онд удирдлагатай байгуулсан үр дүнгийн гэрээний жилийн эцсийн үнэлгээгээр 88 хувьтай В үнэлгээтэй, 2018 оны жилийн эцсийн үнэлгээгээр 82.5 хувьтай В үнэлгээтэй тус тус хангалттай сайн биелүүлсэн нь зохих хууль тогтоомжийн дагуу албан тушаал бууруулах, ажлаас халах үндэслэл болдоггүй, мөн дээрх Б/1565 дугаар тушаалаар надад сахилгын шийтгэл хүлээлгэх үед 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй байсан.

Мөн тус Б/1565 дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, мөн хуулийн 32 дугаар зүйлд зааснаар баримт бичигтэй танилцах эрхийг хангаагүй, зөвхөн тайлбар авч, ХЯЭА-ны салбар зөвлөлийн хуралд оролцуулсан төдийгөөр миний эрхийг хязгаарласан.

Дээрх Б/1565 дугаартай тушаалыг гаргахдаа ахлагч Н.Б-ийнгаргасан гомдлын дагуу шалган шийдвэрлэж, намайг ажлаас халсан гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4-т зааснаар хэний өргөдөл, гомдлын дагуу гаргасан эрх зүйн акт болохыг тусгаагүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын надад сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар тушаал гарган ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэн тус шүүхэд хандаж байна.

Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/1565 дугаар тушаалыг хүчингүй болгуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хуулийн хугацаанд нь хандаж, тус салбар зөвлөлийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр хүсэлтийг хангахаас татгалзсан хариу ирүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр орон нутгийн шуудангаас хүлээн авсан. Тус зөвлөлөөс надад хариу ирүүлсэн албан бичигт захиргааны акт гаргах болсон шалтгаан бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй байсан.

Тухайн Б/1565 дугаар тушаалыг хүчингүй болгуулах талаар өөр газарт буюу Төрийн албаны зөвлөлийн төв байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэгт ямар нэгэн байдлаар хандаагүй, шууд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/1565 дугаар тушаалын мөн хэсэгт урьд зөрчил гаргаж сахилгын шийтгэл авагдаж байсан гэх үндэслэл, шалтгаан нь өмнө гаргасан хууль бус тушаалыг үндэслэн миний эрх зүйн байдлыг дордуулсан зүйл болсон. Учир: Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаас надад Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/... /дугаар нь тодорхойгүй/ тус тушаалыг надад албан ёсоор танилцуулж, сонсох ажиллагаа явуулаагүй, энэ талаар зөвлөлийн хурал хийгээгүй, надаас тайлбар тодорхойлолт аваагүй тул миний бие сахилгын шийтгэл хүлээсэн гэдгээ мэдээгүй, харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас надад албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үед өмнө нь надад Сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал гаргасан байсан гэдгийг мэдсэн . Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаас надад "Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тус тушаалыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан өргөдөлдөө бичиж хандсан боловч энэ асуудлыг шийдвэрлээгүй.

Тиймээс надад дараагийн сахилгын арга хэмжээ ногдуулах үед буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/1565 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа өмнө нь сахилгын арга хэмжээтэй байсан гэдэг үндэслэлээр миний эрх зүйн байдлыг улам дордуулан ажлаас халсан. Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын надад Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/... тушаалыг эс зөвшөөрч одоогоор харьяаллын дагуу аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа.

Мөн Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шатаар буух үйлдэл хийх үедээ баруун хөлийн шагайн хэсгээр хугалж бэртсэний улмаас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэж, улмаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж хөлийн хугарлыг хадаж бэхлэх мэс засалд орсон. Мөн үргэлжлүүлэн мэргэжлийн эмчийн хяналтад мэс заслын боолт, эвийн болон эмийн эмчилгээг тасралтгүй хийгдэж байсан боловч эмчилгээ үр дүнгүй болж, шарх сэдэрсэн тул Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт дахин 2019 оны 10 дүгээр сарын 29-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус хэвтэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоог хүртэл эмчийн хяналтад тасралтгүй эмчилгээ хийлгэж, идэвхтэй хөдөлгөөнийг хорьсон байдалтай байгаа бөгөөд дээрх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаанд ажил үүрэг гүйцэтгээгүй эмнэлгийн магадалгаа, листтэй байсан, байгууллага дээр болж буй үйл явдал, тушаалын үндэслэлийн талаар тодорхой мэдээлэл авах боломжгүй байсан зэргийг харгалзан үзнэ үү.

Тухайн тушаалын үндэслэл хэсэгт намайг ёс зүйн зөрчил гаргаж бусдад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар халсан байх бөгөөд тухайн асуудалд намайг гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад халах шийдвэр гаргасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албаны шалгалтыг хэт нэг талыг барьж зөвхөн намайг буруутгах байдлаар өргөдлийг дутуу шалгасан, оролцогчийн санал, тайлбарыг хүлээж авахгүй, бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хэт яарсан байдлаар асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн надад сахилгын шийтгэл ногдуулсан Б/1565 дугаар хууль бус тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ж.М нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Г.Дийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Г.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/371 дүгээр тушаалаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ээлжийн даргаар, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс тус газрын Цагдан хорих байрны даргаар ажиллаж байгаад төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах зэрэг хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон тул албанаас халах шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/899 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дутагдлаар халагдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шалгалтын удирдамж-ийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Б-ийнгаргасан өргөдөлд дурдсан асуудал үнэн, бодитой эсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас албаны шалгалт явуулсан.

1.     Уг шалгалтын хүрээнд тус газрын алба хаагчдаас авсан тайлбараар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цэргийн баярын арга хэмжээ зохион байгуулах үеэр Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ахлах нягтлан бодогч, дэслэгч Н.Д-г цохиж, хамрыг нь хугалсан.

2.     Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны А/82 дугаар захирамжийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нийт алба хаагчид их цэвэрлэгээ хийх үеэр Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.А-ын нүүрэн тус газар цохиж, гэмтэл учруулсан зөрчилд тус газрын даргын 2019 оны Б/12 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

3.     Тус газрын бичиг хэргийн эрхлэгч, ахлагч Н.Бадамцэцэгийг хүчирхийлэхийг завдсан зэрэг нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж дүгнэн хорих ял эдлүүлэх албаны даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халах саналыг Захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн байна .

Түүнчлэн Г.Д нь бусад алба хаагч ялангуяа ахлагч цолтой алба хаагчдыг хэл амаар доромжлох, албан тушаалын эрх мэдлээ ашиглан дарамтлах, хавчин гадуурхах тохиолдолд нэг бус удаа гарч байсан нь албаны шалгалтын хүрээнд алба хаагчдаас авсан тайлбар зэргээр тогтоогдсон байна .

Мөн иргэн Г.Д Г.А-ыг нүүрэн тус газар цохисны улмаас Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл авагдсаныг мэдэхгүй, надад танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Тухайлбал, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хяналт шалгалтын газрын байцаагч, хошууч Н.Б-ын өрөөнд өгсөн тайлбартаа Би Г.А-ыг бол нэг удаа алгадчихсан зүйл байгаа. Тэгээд газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдсон гэж өөрөө хэлж байжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасны дагуу Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагт иргэн Г.Д-д 884479** дугаарын утсаар холбогдон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалын төслийг мэдэгдсэн байна.

Иргэн Г.Д-ийг зөвхөн Н.Б-ийн асуудлаар албанаас халаагүй бөгөөд тэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн, сахилга ёс зүйн дүрмийн 2.1.11-т бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, нэр төрд нь халдах, сүрдүүлэх, 2.1.13-т төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага , ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 2.2.2-т байгууллагын хэмжээнд эвсэг байдал, зөв боловсон харилцах, соёлч харилцааг хэвшүүлэх, алба хаагчидтай зөв харилцаж аливаа дарамт, шахалт үзүүлэхгүй, ялгаварлахгүй байх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам-ын 5.2.15-д Албан хаагч нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх гэж тус тус заасан хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлж, гаргасан зөрчлийг албаны шалгалтаар тогтоогдож, түүний гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.У нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хаан овогт Ч-ийн У нь 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны ** тоотод оршин суудаг. Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2001 оноос өнөөдрийг хүртэл 20 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа 2001 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 409 дүгээр ангид хянагч, 2006 оноос Цагдан хорих-461 дүгээр хаалттай хорих ангид хянагчаас ерөнхий жижүүр хүртлээ дэвшин томилогдон ажилласан.

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цагдан хорих байрны даргын сул орон тоонд томилогдох хүртлээ Цагдан хорих-461 дүгээр хаалттай хорих ангид ерөнхий жижүүрээр ажиллаж байсан.

Одоогийн албан тушаал буюу Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны даргын албан тушаалд ямар нэгэн хувийн ашиг сонирхлын зөрчилгүй буюу удирдлагын шийдвэр, өөрийн хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байна.

Иргэн Г.Дийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шийдвэрлэгдэн Г.Дийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гарсан тохиолдолд миний ажил, албан тушаал, орон тоо байхгүй болох тул гомдолтой байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.     Маргаан бүхий актын талаар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар Г.Дийг албанаас халах тухай тушаалаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны дарга, ахмад Г.Д-д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 273 дугаар зүйлийн 273.2.2, 280 дугаар зүйлийн 280.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.11, 2.1.13, 2.2.2 дахь заалт, Хорих ял эдлүүлэх албаны санал, Хяналт шалгалтын газрын шалгалтын дүнг тус тус үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2.     Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар

Г.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хандсаныг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр Таны Салбар зөвлөлд гаргасан өргөдлийг тус зөвлөлийн тогтоолоор Хянан шалгах комисс томилж, дүнг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Танд холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хүсэлтийг хангах боломжгүй байна гэх хариуг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гардан авсны дагуу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд хандсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.

3.     Маргаан бүхий актын үндэслэлийн талаар

Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч ...сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах нөхцөл байдлын шалгуур үзүүлэлтийг харгалзаагүй ногдуулсан бөгөөд шийтгэл хүндэдсэн...үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзан үзээгүй... өвчтэй байхад сахилгын шийтгэл ногдуулсан гэж, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг ...Г.Днь ёс зүйн дүрэм болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; 39 дүгээр зүйлийн 39.1.4-д Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх, 48 дугаар зүйлийн 48.1.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: төрийн албанаас халах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, 273 дугаар зүйлийн 273.2.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно: албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах 280 дугаар зүйлийн 280.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.11-д Алба хаагч нь дараах сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллана: бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, нэр төрд нь халдах, сүрдүүлэх, 2.1.13-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Хорих ял эдлүүлэх албаны санал, Хяналт шалгалтын газрын шалгалтын дүнг тус тус үндэслэн гаргажээ.

Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн...сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй дахин зөрчил гаргасан.... гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байна.

4.     Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийн тухайд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2008 оны Б/410 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Д-ийг Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх албаны нийгмийн ажилтнаар, Б/761 дүгээр тушаалаар Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий жижүүрээр, 2010 оны Б/371 дүгээр тушаалаар Баянхонгор аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ээлжийн даргаар, 2013 оны Б/288 дугаар тушаалаар Баянхонгор аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөгчөөр, 2015 оны 06 дугаар сарын 03-ны б/625 дугаар тушаалаар Баянхонгор аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны албаны цагдан хорих байрны даргаар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс дэвшүүлэн томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх гэж заасныг нэхэмжлэгч Г.Днь зөрчиж 2019 оны 07 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариуцлагатай эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа тус газрын архив, бичиг хэргийн эрхлэгч, ахлагч Н.Бадамцэцэгийг өөрийн эзэмшлийн машинд суулган авч явж, бэлгийн дарамт үзүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад заасан ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх, ...байгууллагын офицер, ахлагч, ... нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байна.   

Иймд Г.Д нь төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтад ...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх..., 37.1.2 дахь заалтад ...өргөсөн тангарагтаа үнэнч байх..., 37.1.7 дахь заалтад ...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх... гэсэн заалтуудыг дагаж биелүүлэх үүрэгтэй. 

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон этгээдээс сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал мөн зөрчлийг анх эсхүл давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхийн дээр албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчиж албан үүргээ биелүүлсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргагч нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ төрийн албанд ёс зүй, хуулийг дээдлэх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх үндсэн зарчмын хүрээнд тухайн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэлийг тодруулан тогтоож, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэж, харьцуулан дүгнэсний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг ногдуулсан тохиолдолд тухайн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан хугацааны дотор хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгчийг эрүүгийн хариуцлага хүлээх эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй бөгөөд өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд албаны шалгалт явуулсан, цаашлаад Төрийн албаны салбар зөвлөл нь хянан шалгах комисс томилон ажиллуулж нягтлан шалгасан байх бөгөөд эдгээр шалгалтуудаар нэхэмжлэгч Г.Д нь ажлаас халах хэмжээний зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг шүүх буруутгах үндэслэлгүй байх тул Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 2019 оны 36/32 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1 дүгээр 1.4.2-т Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтлана:сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх гэж заасанд нийцсэн байна.

Мөн дээрх журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна гэж заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй хэдий ч албаны шалгалтын дүнгийн хуралдаан, төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцсон, тухайн үед өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх талаар өргөдөл бичсэн, энэ талаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд Захиргааны ерөнхий хуульд заасан маргаан бүхий захиргааны актыг мэдэгдэх, сонсгох ажиллагаа-г хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

5.     Албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн...сахилгын шийтгэл авагдаж байсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй дахин зөрчил гаргасан зөрчлийн тухайд:

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарахаас өмнөх 2 жилийн хугацаанд 3 удаа сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд

-        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/960 дугаар тушаалаар цолны мөнгийг 2 сар хасах сахилгын шийтгэл хүлээсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны акт гаргах үед сахилгын шийтгэлгүйд тооцогдсон,

-        Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны Б/12 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээсэн боловч нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан улмаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 475 дугаар магадлалаар дээрх тушаалыг хүчингүй болгосон,

-        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар Г.Д-ийг албанаас халах тухай тушаалын 2 дугаар заалтаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгосон зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг ...дахин зөрчил гаргасан... гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн ...албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэдгийг нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарь, ажлын байрны зорилтоос хангалтгүй биелүүлсэн талаарх тайлбар дүгнэлт, холбогдох үр дүнгийн гэрээний үнэлгээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан зэргээр тогтоох бөгөөд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний үнэлгээний талаар хариуцагч маргаагүй, энэ талаар маргаан бүхий актын үндэслэлд тодорхой баримтлаагүй тул тушаалын энэ хэсэг мөн үгүйсгэгдэнэ.

Харин нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, ажлаас халах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд нийцсэн байх тул дээрх нөхцлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар Г.Д-ийг албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас халагдсанаас хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 73 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 39 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Г.Дийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270 дугаар зүйлийн 270.3-д Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын алба хаагчаар Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, мэргэшил, ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, арван найман насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэнийг авч ажиллуулна. гэж заасныг зөрчин ажилд эгүүлэн тогтоох боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 273 дугаар зүйлийн 273.2.2, 280 дугаар зүйлийн 280.1-д заасныг тус тус баримтлан Г.Д-оос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар Г.Д-ийг албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас халагдсанаас хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийт цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ОДМАА