Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2018/00032

 

Баян-Өлгий аймгийн С сумын Д бага сургуулийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек  даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарыг бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00031 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн С сумын Д бага сургуулийн нэхэмжлэлтэй, С-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч А.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу нийлүүлсэн 20 тонн нүүрсний үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “С сумын 6 дугаар багийн төвд байршилтай Д бага сургуульд Япон улсын буцалтгүй тусламжийн шугамаар “Хүүхэд ивээх сан” төсөл хэрэгжүүлж, төслийн хүрээнд тус сургуулийн хичээлийн болон дотуур байрны халаалтад зориулж 42 тонн нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээний үндсэн дээр Д бага сургуулийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын төсвийн мэргэжилтэн А.Х нь жолооч А.С-тай гэрээ байгуулж, жолооч А.С нь төсөл арга хэмжээний хүрээнд  42 тонн нүүрсийг  Д бага сургуульд 2017 оны 5 дугаар сарыг дуустал бэлтгэн нийлүүлэхээр гэрээнд тусгасан байна. Бэлтгэн нийлүүлэгч А.С нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Зил-130 маркийн машинаар хэрэглэгч Д бага сургуульд 5 тонн нүүрсийг хүлээлгэн өгч үлдсэн 37 тонн нүүрсийг Д-ийн зам нээгдэж, цас арилсан үед тээвэрлэж буулгахаар тохиролцсон. Гэрээнд зааснаар 2017 оны 5 дугаар сар хүртэл гэрээгээр хүлээсэн 42 тонн нүүрсийг хэрэглэгчид нийлүүлж төслийн үйл ажиллагаа дуусгавар болох ёстой байсан учир харилцагч А.С нь 42 тонн нүүрсийг бүгдийг нь буулгасан болгож тодорхойлолт өгөхийг хүсэж 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 08 тоот тодорхойлолтыг хуурамчаар бичүүлж өгөхөөр тохиролцсон. Миний бие 37 тонн нүүрсийг бэлтгэн нийлүүлэгчээс удаа дараа шаардсан тул 2017 оны 02 дугаар сарын 27-ны ачиж авч ирж өгсөн. А.С нь “Камаз” маркийн чиргүүлтэй машинаар 17 тонн нүүрсийг комисс томилж бүрэлдэхүүнээр хүлээн авсан. Ингээд хариуцагч А.С нь нийт 42 тонн нүүрс бэлтгэн нийлүүлэхээс 2017 оны 4 дүгээр сарын 14-нд Зил-130 маркийн машинаар 5 тонн нүүрс, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Камаз” маркийн машинаар 5 тонн нүүрс буюу бүгд 22 тонн нүүрс буулгаж, үлдсэн 20 тонн нүүрсийг одоо болтол буулгахгүй байгаа тул 20 тонн нүүрсийг одоо болтол буулгахгүй байгаа тул 20 тонн нүүрс буюу тээврийн хөлсний хамт 2,000,000  /хоёр сая/  төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн тайлбарын агуулга: ”Би 2017 оны 4 дүгээр сарын 6-ны  өдөр Японы “Хүүхдийн ивээх сан”-ын Монгол дахь суурин төлөөлөгч газартай нүүрс нийлүүлэлтийн болон тээвэрлэлтийн гэрээ байгуулан ажиллав. Энэ хугацаанд  С сумын төвийн 10 жилийн дунд сургуульд нийт 52 тонн нүүрс буулгаж, тээвэрлэлт хийсэн. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Зил-130 маркийн машинаар Д бага сургуульд 5 тонн нүүрсийг буулгаж өгч үлдсэн 37 тонн нүүрсийг Д-ийн зам нээгдэж, цас арилгасан үед тээвэрлэхээр хоорондоо тохирсон. Би 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Пау” маркийн 25 тонн даацтай, чиргүүлтэй тээврийн хэрэгслээр 34,5 тонн нүүрсийг буулгаж өгөөд явсан. Харин 2,5 тонн нүүрсний мөнгийг тус Д бага сургуулийн захирал Муратбек авая гэж хэлснээр би түүний эхнэрийн ХААН банкны 5180855769 дансанд 250,000 төгрөгийг өөрийнхөө гар утсаар шилжүүлсэн болно. Ер нь тус сургуулийн захирал, ажилчид миний буулгасан нүүрсийг бүрэн хүлээж авсан учир би сургуулийн захирлын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа болно. Харин 2-3 сарын дараа нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.” гэжээ.

            Баян аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00031 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 390 дүгээр зүйлийн 390.2-т заасныг баримтлан А.С-ас 2000000 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн С сумын Д бага сургуульд олгохоор шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Хариуцагч А.С би тус аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00031 шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдлыг гаргаж байна. Үүнд:

            Миний бие Япон улсын буцалтгүй тусламжийн шугамаар “Хүүхэд ивээх сан” төсөл хэрэгжүүлэх хүрээнд Баян-Өлгий аймаг дахь суурин төлөөлөгчтэй нүүрс нийлүүлэх, тээвэрлэх гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж гэрээнд заасан эрх ,үүргээ биелүүлсэн. Харин би тус сумын Д бага сургуулийн захирал Т.М-тэй нүүрс нийлүүлэх, тээвэрлэх гэрээ байгуулаагүй.

            Д бага сургуульд эхний ээлжинд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5 тонн нүүрс буулгасан. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Пау маркийн машинаар 25 тонны даацтай, чиргүүлтэй тээврийн хэрэгслээр 34,5 тонн нүүрсийг буулгасан ба тухайн үед нүүрсийг тус бага сургуулийн захирал, нярав нар үзэж хүлээн авсан.

            Би 34.5 тонн нүүрсийг буулгаж явсны дараа сургуулийн захирал нь комисс байгуулан нүүрсийг хиллэж 17 тонн нүүрсийг орлогод авсан байсан ба намайг оролцуулахгүйгээр комисс байгуулан орлогод авсанд гомдолтой байна. Уг нь тэр өдөр орлогод авч орлогын баримтад надаар гарын үсэг зуруулаагүй  нь эргэлзээ төрүүлж байна. Би 20 тонн нүүрсийг завшаагүй нийт 42 тонн нүүрсийг бага сургуульд буулгасан нь үнэн.

            Мөн орлогын баримтыг 5 хоногийн дараа бичиж зөвхөн нярав гарын үсэг зурсан ба нягтлангийн гарын үсэггүй байна.Төрийн үйлчилгээний ажилтан сургуулийн захирал Т.М нь ашиг сонирхлын үүднээс нүүрсний үнээс би авах ёстой гээд 250000 төгрөгийг эхнэрийнхээ ХААН банк дахь 5180855769 тоот дансанд шилжүүлүүлж авсан.

            1 тонн нүүрсийг зах зээлийн үнээс өндөр үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20 тонн нүүрсний үнийг 100000 мянган төгрөгөөр үнэлж хоёр сая төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасан. Уг нь хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтад 1 тонн нүүрсний үнийг 60000-65000 төгрөгөөр тогтоож үнэлгээний комисс дүгнэлт гаргасан байгаа.

            Иргэний хэргийн хавтаст хэрэгтэй сайтар танилцаж тал бүрээс нь судлан үзэх нь зүйтэй байна.

             Иймд Баян-Өлгий  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 00031 тоот шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн С сумын Д бага сургууль нь А.С-д холбогдуулан дутуу нийлүүлсэн 20 тонн нүүрсний үнэ 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.С-аас 2000000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч тус аймгийн С сумын Д бага сургуульд олгохоор шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн боловч Иргэний хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2-т заасныг баримталсан нь оновчгүй болжээ.

 

Нэхэмжлэгч Д бага сургууль болон хариуцагч А.С нарын хооронд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулагдаагүй боловч 42 тонн нүүрсийг хүлээн авагч нь Д бага сургууль бөгөөд “Хүүхэд ивээх сан”-гийн төслөөр ирж байгаа нүүрсийг А.С нь дутуу нийлүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь нотлогдсон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл С сумын Д бага сургуульд Япон улсын буцалтгүй тусламжийн шугамаар “Хүүхэд ивээх сан” төсөл хэрэгжүүлж сургуулийн хичээлийн болон дотуур байрны халаалтад зориулж 42 тонн нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээг А.С нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газартай байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдаж үүрэг үүсээгүй байхад Иргэний хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2-т заасныг баримталсан нь үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Хариуцагчийн “Миний бие сургуулийн захирал Т.М-тэй нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаагүй, “Хүүхэд ивээх сан” төсөл хэрэгжүүлэх хүрээнд Баян-Өлгий аймаг дахь төлөөлөгчтэй гэрээ байгуулж нүүрсийг бүрэн нийлүүлсэн, хавтаст хэрэгт 1 тн нүүрсийг 60000-65000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний комиссын дүгнэлт байхад 1 тн нүүрсийг зах зээлийн үнээс өндөр үнэлж 100000 төгрөгөөр тооцож 2 сая төгрөг төлүүлж нэхэмжлэлийг хангасанд гомдолтой” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газартай байгуулсан гэрээний дагуу Д бага сургуульд 42 тн нүүрсийг хариуцагч бүрэн нийлүүлснээ нотолж чадаагүй, гэрээний дагуу 1 тн нүүрсийг 100000 төгрөгөөр тооцож нийт 4200000 төгрөгийг хариуцагч бүрэн авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон, анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч А.С-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2018/00031 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 390 дүгээр зүйлийн 390.2-т заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч А.С-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                            Д.КӨБЕШ