Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 02017

 

 

 

 

2019 оны 07 сарын 18 өдөр               Дугаар 101/ШШ2019/02017                  Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “А Д З” ХХК/рд:00000000 /-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч:  С.Д /РД:00000/-д холбогдох

41,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, нарийн бичгийн дарга Б.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “А Д З” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн С.Д тай ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээ байгуулан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан 60,000,000 төгрөгийн гэрээнд заасан Хаан банк дахь 0 тоот дансанд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн бөгөөд худалдагч тал болох С.Д  нь 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд заасан тоо, хэмжээний бэлтгэсэн ямааны мах, арьс, өлөн гэдсийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

С.Д аас гэрээний хугацаанд ажлын явцын талаар асуухад “санаа зоволтгүй, найдвартай сайн ямаа нийлүүлнэ” гэж тайлбар хэлдэг байсан. Гэтэл гэрээний хугацаа дуусаж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардахад ямаа авч чадаагүй гээд 25,000,000 сая төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 35,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөлгүй нэхэмжлэгчийг хохироож байна.

“А Д З” ХХК нь дээрх 60,000,000 төгрөгийг Агуу тогоруу ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сарын 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хариуцагч С.Д  худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас өнөөдрийг хүртэл хүүнд 6,090,000 төгрөг төлж хохирч байна. /35,000,000*3%=1,050,000*5сар 24 хоног=6,090,000/

Иймд хариуцагч С.Д аас худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 35,000,000 төгрөг гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол 6,090,000 төгрөг, нийт 41,090,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: иргэн С.Д би Д.М-тай 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр ямаа нийлүүлэхээр тохиролцож 60,000,000 төгрөгийг дансаар хүлээж авсан. Гэвч тэдний шилжүүл гэсэн ямааны мөнгө нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэтэй байсан. Ямаа нийлүүлэхээр хотоос хоёр хүн, өөрийн авто машинаар, нутгаас мотоциклтой хүмүүс хөлсөлж 1 сар гаруй хугацаанд Архангай аймгийн Их тамир сум, Дорноговь аймгийн Өргөн суманд ажилласан тус 2 суманд 100, 100 гаруй ямаа нийт цугласан ба ачааны машинаар цөөхөн цөөхнөөр сум руу зөөж цуглуулсан ба зардал өндөр гарч байсан. Жишээ нь: 5 ямаа 60, 70км газар зөөж байх жишээтэй Ямааг нь нийлүүлий гэж л бодож зүтгэж ажилласан. Гэвч намайг Архангайд ажиллаж байх явцад Дорноговьд цуглуулсан 120 орчим ямааг өөр ямааны ченжүүд ирээд нэг ямаан дээл миний авсан үнэн дээр 15-20 мянган төгрөг нэмж төлөөд бөөндөөд аваад явсан байсан. Энэ байдлаа би тухайн үед байнга хэлж байсан. Дараа нь хугацаа болоход Архангайд 15 орчим ямаа байна авах уу гэхэд авахгүй гэж хэлсэн. /Хөрөнгө оруулагч хятад *******/

Нийт би 60,000,000 төгрөг авснаас 25,000,000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдсэн 35,000,000 төгрөгөөс нь 10,000,000 төгрөг гаруй нь хүмүүсийн цалин, хоол, шатахуун зэрэг зарцуулагдсан. Миний хувьд 25,000,000 төгрөгийг төгрөгийг төлье гэж Мр, *******, *******гийн эхнэрт Toyota harrier маркийн дунд оврын жийп авто машин өгье гэсэн ч эргэж хариу өгье гээд өнөөдрийг болтол надтай нэг ч удаа утсаар яриагүй.

Эцэст нь Хятадууд хэдэн төгрөгөөр Монголчуудыг дарамталж дээрэлхдэг, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байж татвар төлөхгүй байгаа байдал газар авч байна. Иймд намайг шүүхэд өгч бодит байдлаас зөрсөн илүү мөнгө нэхэж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А Д З” ХХК нь хариуцагч С.Д д холбогдуулан 41,090,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 60,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, үлдсэн 35,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг ажилчдын хоол, цалин шатахуунд зарцуулсан үлдэгдэл 25,000,00 төгрөгийг төлье, үнийн дүнд тооцон Toyota harrier маркийн автомашин өгий  эхэд надад хариу өгөөгүй гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Хариуцагч 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагт товлосон “шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-т гарын үсэг зурсан, хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

2.    35,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

“А Д З” ХХК нь Д.М компанийг төлөөлж ямаа худалдах, худалдан авах, хамтран ажиллах гэрээ хийх, бэлтгэн нийлүүлэгчийг сонгон авах ажлыг хариуцан зохион байгуулах эрхийг олгожээ.

Компанийн төлөөлөгч Д.М хариуцагч С.Д  нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, нэг бүрийн үнийг 10,000 төгрөгт тооцон, 13-25 кг жинтэй, 10,000-20,000 ширхэг ямааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийн дотор нийлүүлэхээр тохиролцсон байна.

Дээрх гэрээний 1.1–д заасан хариуцагч С.Д ын тодорхойлсон Хаан банкны Д.Я 000000000000 дансанд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 60,000,000 төгрөгийг 000000000000 данснаас Д.А шилжүүлжээ.

Зохигчдын хооронд “Ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээ” гэсэн нэртэй байгуулсан хэдий ч гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч С.Д  нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч С.Д  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хөлс 60,000,000 төгрөгөөс захиалагчид 25,000,000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 10,000,000 төгрөгийг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд ажилчдын цалин, хоол, шатахууны зардалд зарцуулсан, үлдэгдэл 25,000,000 төгрөгт тооцон Toyota harrier маркийн дунд оврын жийп авто машин өгнө гэж хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч 10,000,000 төгрөгийг ажилчдын хоол хүнс , шатахуунд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримтаар нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Иймд хариуцагч С.Д аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А Д З” ХХК–д олгож шийдвэрлэв.

2. Гэрээнээс учирсан хохирол 6,090,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “А Д З” ХХК нь Агуу тогоруу ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр сарын 3 хувийн хүүтэй 60,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч гэрээний үүргийг зөрчсөний улмаас өнөөдрийг хүртэл хүүд 6,090,000 төгрөгийг тул С.Д аас гаргуулахаар нэхэмжилсэн .

Хавтас хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Агуу тогоруу ХХК, “А Д З” ХХК-ийн хооронд байгуулсан “Ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээний нэмэлт нөхцөл” гэрээ авагдсан хэдий ч, нэхэмжлэгч зээлийн эргэн төлөлт хийгдсэн эсэх баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Сартуул овгийн С.Д/РД: 35,000,000 төгрөгийг гаргуулж “А Д З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,090,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ