| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2023/0024/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Э.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Мөнхзулд холбогдох 2332000000022 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түмэн зээрднүүд" ХХК-д шугамын ажил эрхэлдэг, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянбулагийн А задгай тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн Гөрөөчин овогт Эрдэнэ-Оюуны Мөнхзул /РД:МИ89060904/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Мөнхзул нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Үтрэмийн 1-23А тоотод байрлах иргэн Г.Ариунсанаагийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Одгэрэлийн толгой, нүүр, нуруу, бөгс, гуя, хэсэг рүү өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Мөнхзул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:....Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Эрүүгийн 2332000000022 тоот хавтаст хэргээс:
Хохирогч О.Одгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны орой хадам ээж Ариунсанаагийн хамт тэдний гэрт пиво ууж байхад 22 цаг өнгөрч байхад манай найзууд болох Г.Ууганбаатар, Баба /Нармандах/ нар хадам ээжийн хашааг даваад согтуу орж ирсэн. Г.Ууганбаатар болон түүний эхнэр Мөнхзултай намайг найзууд гэдгийг манай хадам ээж мэддэг юм, ууж байсан пивоноос Г.Ууганбаатар, Баба нарт хийж өгсөн бөгөөд уучхаад тэр хоёр цуг явсан. Гэтэл Г.Ууганбаатарын эхнэр Мөнхзул орж ирээд үгийн зөрөөгүй шууд намайг алгадсан, мөн гараараа миний зүүн нүдний орчим цохисон. Харин хадам ээж түүнийг болиулах гээд шууд түлхээд унагаасан. Би түүнийг болиулах гээд дийлэхгүй байсан. Мөнхзул намайг бодох юм бол том биетэй юм. Тэгээд намайг гэрийн гадаа үснээс зулгааж чирч гаргаад биеийн нуруу, өгзөг, гуя, нүүр гээд бүх хэсэг рүү өшиглөөд байсан. Би түүнийг одоо болиоч гэхэд больж гараад машиндаа суугаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
Гэрч Г.Ариунсанаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2023 оны 02 дугаар сарын 18-ны орой манай гэрт бэр Одгэрэл ирээд сууж байтал 19 цагийн орчим Одгэрэлийн найз гээд 2 залуу орж ирсэн. Гэтэл удалгүй нэг залуугийнх нь эхнэр гэх Мөнхзул гэх эмэгтэй гаднаас орж ирээд шууд Одгэрэлийн толгой руу нь цохиод унагаасан. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон боловч дийлэхгүй байсан. Мөн тэр хүүхэн нөхрөө загнаад хэрүүл хийгээд байсан. Тиймээс би гэр дотор муудаж маргалдлаа гарцгаа гээд гаргасан. Мөнхзул гэрээс гарахдаа Одгэрэлийг чирээд аваад гарчихсан. Тэгээд Одгэрэл буцаж орж ирэхдээ дух хэсгээсээ цус болчихсон байсан. Юу болсон талаар асуухад “Мөнхзул намайг нэг юмаар цохичих шиг боллоо” гэсэн. Би ч цагдаа дуудаад тэр хүмүүс явсан. Мөнхзул нь гэрт хашхирч орж ирээд шууд цохиод авсан. Мөнхзул согтуу байх шиг байсан. Гэрт үгийн зөрөөгүй хашхирч хүн болгон руу үсчээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “...О.Одгэрэлийн биед доод уруулын баруун хэсэгт язарсан шарх, духны арьсан доорх, зүүн нүдний орчим цус хуралт, дух, баруун тохой, баруун хөлийн өвдөгний үенд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Үүсгэгдсэн гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 37 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,
Мандал сумын нэгдсэн эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/,
Шүүгдэгч Э.Мөнхзул мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай найз Одгэрэл манай гэрт ирж хоносон. Тэр орой манай гэрт 1 шил архи хувааж ууцгаасан. Би маргааш өглөө нь эрт ажил руугаа яваад Одгэрэл, манай нөхөр хүүхдүүдтэй гэрт үлдсэн. Гэтэл намайг явсны дараа тэр хоёр пиво уусан байсан. Тэгээд Одгэрэл манай нөхрөөр хадам ээжийнхээ гэрт хүргүүлсэн юм билээ. Орой 21 цаг өнгөрч байхад би нөхөр Ууганбаатарын утас руу залгахад эхлээд авахгүй байж байгаад эмэгтэй хүн аваад намайг нөхөртэй маань яриулахгүй байсан. Тиймээс би нөхөр Ууганбаатарыг архи ууж байгаад Одгэрэлийн хадмын гэрт очоод дахин архи ууж байгаа юм байна гэж таамагласан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Одгэрэлийн хадам ээжийн гэрт очиход манай нөхөр Ууганбаатар, Одгэрэл, нөхрийн найз Баба, Одгэрэлийн хадам ээж Ариунсанаа архи уугаад сууж байсан. Тиймээс нөхөр лүүгээ уурлаж Одгэрэлийг “чи нийлж архи уулаа, Ууганаагийн нэг эхлээд уучихаараа үргэлжлүүлээд уугаад байдаг гэдгийг мэдсээр байж” гэж загнасан. Тэгээс нөхрөө уурлаад загнах үед тэрээр нэлээд согтчихсон босож ирээд надтай хэрэлдэхээр нь би түүнийг түлхээд унагаагаад гэрээс нь чирч гаргаад машиндаа суулгаад явах гэтэл Одгэрэл араас гарч ирээд хэрүүл хийгээд байхаар нь би түүнийг хашаан дотор нь түлхээд унагаачихсан. Тэрээр унахдаа “ёооё” гэж авиа гаргаад унасан. Би түүнийг босгох гээд гараас нь татах үед түүний гар мултарч дахин унасан. Одгэрэл унах үедээ юм мөргөж гэмтэл авсан юм шиг байна. Өөрөөр би Одгэрэлийн биед халдаж зодсон зүйл байхгүй. Одгэрэл болон түүний хадам ээж их согтолттой, зарим зүйлийг санахгүй ч байсан байж магадгүй. Миний хувьд ажил дээрээс 2 хундага архинаас өөр зүйл уугаагүй тул эрүүл байсан. Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би Одгэрэлд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ түүний ярьсан шиг цохиж зодсон зүйл байхгүй Ариунсанаагийн гэрт өөрийн нөхрийг түлхэж унагаж, хэрүүл хийж чирч гаргасан нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Э.Мөнхзулын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баян суудал, Үтрэмийн 1-25 тоотод оршин суудаг тухай лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/, Жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 35-36 дугаар тал/, Гэрлэсний лавлаа /хх-ийн 38 дугаар тал/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 30 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Э.Мөнхзулыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Э.Мөнхзул нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Үтрэмийн 1-23А тоотод байрлах иргэн Г.Ариунсанаагийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Одгэрэлийн толгой, нүүр, нуруу, бөгс, гуя, хэсэг рүү өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч О.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 08-р тал/, Гэрч Ариунсанаагийн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/, шүүгдэгчийн Э.Мөнхзулын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн №37 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.Мөнхзул нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч О.Одгэрэл нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Гурав.Шүүгдэгч Э.Мөнхзулд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Мөнхзул нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Үтрэмийн 1-23А тоотод байрлах иргэн Г.Ариунсанаагийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Одгэрэлийн толгой, нүүр, нуруу, бөгс, гуя, хэсэг рүү өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Мөнхзул нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Э.Мөнхзулд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 05 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Мөнхзул нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Гөрөөчин овгийн Эрдэнэ-Оюуны Мөнхзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхзулыг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Мөнхзул нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Мөнхзул нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт Э.Мөнхзул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мөнхзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.