Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/365

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

         шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

         улсын яллагч С.Энхням,

         хохирогч *****************

    шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** холбогдох эрүүгийн 2308 00124 ********* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ****** дугаар сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ********* дүүргийн ******* дүгээр хороо, ******** дугаар гудамж ******** тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ***************.*************.*************

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ******* дугаар гудамж ******* тоотод хохирогч ********* “найзуудтайгаа явах гэлээ” гэж уурлан, түүний нүд рүү нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

    Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эхнэрээ хардаад цохисон. Эхнэрээсээ уучлалт гуйж байна ...” гэв.

Хохирогч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2308 00124 ******** дугаартай хэргээс:

Улсын яллагчаас “хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 11 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16594 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал), гэрч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), гэрч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), гэрч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 40, 49-84 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *********** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

       Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг илэрхийлэн оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******** нь 2022 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд эхнэр болон түүний найзуудын хамт ******* дүүргийн **** дүгээр хороо, ******** тоот хаягт өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ хамтран амьдрагч ********* “найзуудтайгаа явах гэлээ” гэж уурлан, түүний зүүн нүд рүү гараараа цохисны улмаас биед нь тархи доргилт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

           Энэ үйл баримт нь хохирогч *******: ”... Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ****** дүүргийн ****** дүгээр хороо ********** тоотод хамтран амьдрагч ********хамт гэртээ амарч байгаад өдөр 16 цагийн орчим гэрээс гарч 21 дүгээр хороололд 10 жилийн найз болох *********.*********.***********.********** нартай уулзаж 21 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг Пабад орж 4 ширхэг пиво уусан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 01 цагийн үед тухайн пабаас гарч Сонгинохайрхан дүүргийн урд байрлах "CU" худалдааны төв орж 3 ширхэг 2.5 литрийн "Сэнгүр пиво авч найзуудын хамт уух гэж байхад *********** над руу залгаад гэртээ хурдан ир гээд дуудаад байсан. Тэгэхээр нь худалдаж авсан пиво аваад найзуудын хамт гэртээ шөнийн 02 цагийн үед очтол гэрийн хаалга цоожтой байсан. Гэрийн хаалга нүдтэл *********өөрөө босч хаалга онгойлгож өгсөн. Тэгээд манай гэрт манай 4 найз болох ******.********.*********.********* хамтран амьдрагч ****** бид 6 пиво хувааж ууж байгаад ********** манай найзуудтай маргалдаад байсан ...найзуудтайгаа хамт явлаа...” гэж хэлтэл гэнэт миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Намайг харанхуй шөнө найз нараа дагаж явах гэж байна гээд уурлаад цохисон байх...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 11 дэх тал),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16594 дугаартай “ ...********** биед тархи доргилт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхи, баруун бугалгад, зулгаралт, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хоёр гуянд цус хуралт гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс өмнө 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Дээрх шинэ гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуучин гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

         гэрч *******: ”...******* нь ямар ч шалтгаангүйгээр эхнэр ******* нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би босоод ********* эхнэрээ яагаад цохиж байгаа юм гээд салгахдаа газарт хамт унасан. Тэгээд ******** уйлаад гэрээс гарч явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

   гэрч *******: ”...***********.********* нүүр рүү гараараа нэг удаа цохисон...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

         гэрч **********: “...шөнийн 04 цагийн үед манай бэр дүү ******* гэрт орж ирээд та гараад ир гэсэн. Би дүү ********** гэрт ороход архи уучихсан согтуу байсан. Бэр дүү *********** нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)

       2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), шүүгдэгч *********** гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...хамтран амьдрагч ********* найзуудтайгаа хамт явна гээд хувцасны шүүгээнээс гадуур хувцсаа авч байхад би явуулахгүй гэсэндээ уур хүрээд гараараа ******** зүүн нүд рүү нэг удаа цохисон...хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гаргасан үйлдлээ ойлгож байна. Миний буруу, би дахин ийм асуудал гаргахгүй, гэм буруутай үйлдэл гаргасандаа харамсаж байна...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

        Хохирогч ********** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* зүүн нүд хэсэгт гараараа цохих идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

  Прокуророос шүүгдэгчийн энэхүү үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

     Учир нь шүүгдэгч *******, хохирогч ********* нар нь 2017 оноос хойш хамтран амьдарсан, 2 хүүхэдтэй эцэг, эхийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах субъект мөн хэдий ч шүүгдэгч ****** нь ******* хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн харилцаанд түүний эрх тэгш байх эрхийг нь зөрчсөн, хязгаарласан, “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй” нь хохирогч, гэрч *******, шүүгдэгч нарын мэдүүлэг, аюулын эрсдлийн зэрэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 86 дахь тал), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 87-90 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж дээрх дүгнэлтийг шүүх хийсэн болно.

      Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

        Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

     Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ.

     Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

        Хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 266,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсныг иргэний нэхэмжлэгч ********* холбогдох баримтуудыг бүрдүүлэн шүүгдэгч ******** нэхэмжилсэн байна. (хавтаст хэргийн 95-101 дэх тал),

      Шүүгдэгч нь шүүхийн шатанд буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаар дансанд 266,000 төгрөгийг бүрэн төлж, баримтыг шүүхэд ирүүлсэн тул ********** энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

        Улсын яллагчаас шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргав.

       Шүүгдэгч ********* нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал) хэрэгт авагдсан байна.

       “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч ******** урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

        Шүүгдэгч ********* үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг бүрэн төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

       Иймд шүүгдэгч ********** хувийн байдал (одоогоор тогтмол ажил эрхэлдэггүй, шүүхийн хэлэлцүүлэгт “2,500,000 төгрөгийн сарын орлоготой” гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, түүний Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх буюу 2 сар гаруйн хугацаанд 2,315,500 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн), гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хор уршгийн зардлыг шүүхийн шатанд бүрэн төлсөн, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол, саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

1. ***********.**********.************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРАНЖАРГАЛ