Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 02457

 

 

 

 

2019 оны 09 сарын 17 өдөр                Дугаар 101/ШШ2019/02457                 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  Баянзүрх дүүрэг, дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай Гуталч овогт Б.М РД: /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 байрлах НШШГГ холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэн-Янжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Б.М, Ц.Т нар нь хамтран Баянзүрх дүүргийн 0дугаар хороо, 0дугаар хороолол 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах Ү-000000 тоот улсын бүртгэлийн дугаартай 000 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж А банкнаас зээл авсан ба зээлийн эргэн төлөлт удааширсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2017/02339 тоот шүүгчийн захирамжаар тус банканд 30,000,000 төгрөгийг төлөхөөр болсон билээ. Ингээд Б.М, Ц.Т, М.Ө-Эрдэнэ, М.бнарын өмчлөлд байх Ү-0 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 00м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгийг “ХҮТөв” ХХК-иар үнэлүүлсэн байх бөгөөд тус компани нь бидний хөрөнгийг 42,909,000 төгрөгөөр үнэлжээ. Бид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө үнэлүүлэх үнийн санал өгөөгүй бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн А зэрэглэлд хамаарах бөгөөд бодит зах зээлийн үнэлгээ нь 60,000,000-70,000,000 төгрөг байхад хэт нэг талыг барьж бодит зах зээлийн ханшнаас зориуд доогуур үнэлгээ хийсэн нь хууль бус юм. Иймд “ХҮТ” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 214 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00 захирамжаар Б.М, Ц.Т нараас 30,015,000 төгрөгийг гаргуулж А банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.М, Ц.Т нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй тул түүний төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгч, төлбөр төлөгч Б.М, Ц.Т, М.Б, М.Б нарт үл хөдлөх хөрөнгийн үнийг санал ирүүлээгүй тул хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ гаргуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0дугаар хороо, 0дугаар хороолол, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” энэ хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00 дугаартай “Талуудыг эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан Б.М, Ц.Т нараас 30,000,000 төгрөгийг “А” банканд төлөхөөр, үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. /хх-ийн 15-16 дугаар талууд/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02339 дугаартай захирамж, тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1369 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 00000 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол”-оор 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /х.х-ийн 17-18, 24 дүгээр талууд/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1598, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 04/1598, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4/6884, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4/7398, тоот мэдэгдлүүдээр Б.М, Ц.Т, М.Б, М.Б нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг, үнийн саналыг ирүүлэхийг шаардсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна./хх-ийн 27, 30, 34-35, 36 дугаар талууд/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/1598 дугаартай “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 03/0000000 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-уудыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлжээ. /хх-29, 31-32 дугаар талууд/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтооно......” гэсэн шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардсан боловч төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй байх тул төлбөр авагчийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлтээр 2019 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр Шинжээч томилох тухай 107 дугаартай тогтоолоор “ХҮТ” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч, 2019 оны 5 дугаар сарын 20-ний өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна. / хх-ийн 37-45 дугаар талууд/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 01 дүгээр сарын 11, 31-ний өдөр битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 42,909,000 төгрөгийн 70 хувиар тооцон 30,036,300 төгрөгөөр, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4/12524 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 46 дугаар тал/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02339 дугаартай захирамжаар Б.М, Ц.Т нараас нараас 30,000,000 төгрөгийг гаргуулж А банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,49 дүгээр зүйлийн 49.4.1., 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1., 62 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/1598 дугаартай “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-д эрх зүйн чадамжгүй этгээд Б.О-гаар гарын үсэг зуруулсан гэж маргаж байх боловч дээрх тогтоолд тэрээр гарын үсэг зурахаас татгалзсан байна.

Түүнчлэн Б.О шизофренийн хий үзэгдэл дэмийрлийн хэлбэр оноштой хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар группд байдаг гэж тайлбарлаж байх боловч түүнтэй холбоотой баримтыг хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх дүгнэлт өгөх боломжгүйг дурдав.

 Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн төлөөлөгч“....шинжээч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 68 тоот 32.1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хэт бага үнээр үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй

3.  Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ