Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/391

 

                                                                                                                              

                                              

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил

            улсын яллагч Г.Янжиндулам,

     шүүгдэгч ********** оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн 2308 00000 ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********* оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, **********,********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ************,***********,****************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо, ********,****** тоотод ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн ******** нүүрэн тус газарт сандал шидэж, эрүүл мэндэд нь “доод уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч ******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 329 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүй болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, харилцан зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Нэг. Гэм буруугийн талаар:

     1.Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

        2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******** нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хороо, ****** тоот хаягт байрлах гэртээ найз ********, дүү *********** нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтоцгоож, улмаар ******гэртээ харихаар явсны дараа ******** маргалдан нүүрэн тус газар руу нь сандал шидэж, эрүүл мэндэд нь “доод уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

          3. Хэргийн үйл баримтын талаар хохирогч, шүүгдэгч нар нь харилцан зөрүүгүй мэдүүлсэн бөгөөд дээрх үйл баримт хохирогч ******* “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хороо ***** дугаар гудамж ******** тоот гэртээ байж байгаад найз ***** хамт ****** тойрог орж юм цуглуулна гэж байтал хөрш ****** бид хоёрыг дуудаад, ******төрсөн өдрийг нөхөж тэмдэглэнэ гээд манайхаас урд талын гудамжинд байдаг *****гэрт нь ороод бид гурав хоол унд идээд, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээгээд, нилээд согтоцгоогоод юм яриад байж байтал шалтгаангүйгээр ****** гэнэт босож ирээд миний нүүр лүү нэг юм аваад шидчихсэн. Миний уруулаас цус гараад байсан, тэгэхээр нь би нүүрээ угаах гээд гэр лүүгээ орсон, ардаас орж ирээд үснээс зулгаагаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2834 дугаартай “...***** биед доод уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

          Иргэн ****** 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), шүүгдэгч ***** яллагдагчаар өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай ажлын газрын дүү охины төрсөн өдөр болоод би найз болох ****** 14 цагийн үед гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн **********,******** тоотод дуудаад манай найз ******, дүү охин ********, бид 3 нийлээд 5 литрийн монгол архи, Сэнгүр нэртэй 2 ширхэг том пиво, 0.5 граммын Хараа нэртэй архи аваад манай гэрт ууж сууж байгаад дүү охин ******* гэр лүүгээ яваад өгсөн юм. Тэгээд ****** бид хоёр үлдээд юм ярьж сууж байгаад би тасарчихсан байсан болохоор юунаас болж муудалцсан талаар сайн санахгүй байна. Тухайн үед би ******* рүү хүүхдийн жижиг хуванцар сандал шидээд нүүрэн хэсэгт нь оночихсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

          4.Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* хохирогчийн нүүрэн тус газарт сандал шидсэн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа ******** биед халдаж, үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэв.

        5. Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт (хавтаст хэргийн 55 дахь тал) ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

        6. Шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

          7.Иймд хяналтын прокуророос ****** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнээд, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           8. Улсын яллагчаас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

            9. Шүүгдэгч ****** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

            11. Иймд шүүгдэгч ****** хувийн байдал (улирлын чанартай ажил эрхэлдэг), гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

        Энэ хэрэгт ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. ******,*************,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

      7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАРАНЖАРГАЛ