Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           3              03                                                  2023/ШЦТ/94  

                           

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаяр, 

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Г-т холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н. Г, 1997 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, "Шар зам ирээдүй" хоршоонд жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч Н.Г нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутагт 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр асфальтан замаар Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.", мөн дүрмийн 16.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ө.И-ийг /10 настай, эмэгтэй/ мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 22340071900527 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын өгсөн: "Тухайн өдрийн 15 цагийн орчим манай Ижилцэцэг, И гэх хоёр охин минь дэлгүүр орохоор гэрээс гараад явсан. Би гэртээ хувцас угааж байтал удалгүй миний хоёр ихэр охины том охин Ижилцэцэг над руу гар утсаар залгасныг би мэдээгүй байж байтал охин гаднаас уйлаад орж ирээд ээж Иийг машин мөргөсөн үхлээ гээд уйлаад байхаар нь би охиноосоо хаана гэж асуугаад гараад очтол Улаанбаатар хотоос Дархан явах чиглэлийн засмал зам дээр миний охин И уйлсан байдалтай замын голд нэг танихгүй залуу толгойн доогуур нь гараа хий сууж байсан. Тэгээд удалгүй сумын эмнэлгийн эмч нар ирээд Улаанбаатар хот руу ГССҮТ-д тээвэрлэн эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлэгдэн одоо биеийн байдал арай дээрдэж гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Ослын улмаас миний охины зүүн талын хөл ясны зөрүүтэй 3 хугаралтай. Мөн толгойны дагз хэсэг толгой нь 3 оёдол тавиулсан хөлийн хугарлын ясны зөрүүг гаргахын тулд хөлөндөө хагалгаа хийлгэсэн байгаа. Одоо өөрийн хэлж ярьж байгаагаар байнга толгой өвдөнө, нуруу, хөл өвдөөд байна гээд байгаа. Миний охин надад ярихдаа тухайн үед хотоос ирж явсан хоёр машиныг зөөлхөн явж байхаар нь би тэр хоёр машиныг өнгөрөөж Дархан талаас ирж явсан машиныг хол харагдахаар нь гүйсэн. Тэгсэн удалгүй ирээд намайг дайрсан гэж ярьж  байсан. Би охин Иийн эмчилгээнд одоогийн байдлаар 950 000 төгрөгийн хохирол зардал гаргасан байгаа. Би гомдолтой байна. Эрүүл саруул хүүхдээ машинд мөргүүлээд одоо гэртээ хэвтэрт байгааг нь харахаар маш их гомдолтой байна. Цаашид биед ямар өөрчлөлт гарахыг нь би мэдэхгүй. Мөн эмчилгээнд одоо гаргасан байгаа зардал мөнгө цаашид эмчилгээнд гарах зардал мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 13/,

Насанд хүрээгүй хохирогч Ө.И-ийн өгсөн: Би 202 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагт өөрийн ихэр эгчийн хамт дэлгүүр орох гээд явж байгаад засмал замын урд талд зогсож байгаад Улаанбаатар хотоос замаар явж байсан 2 машиныг өнгөрөөгөөд намайг мөргөсөн гэх машин намайг харахад нилээд хол зайтай явж байхаар нь би амжаад гарчих байх гэж бодоод гүйтэл миний харсан саарал өнгийн жижиг машин намайг замын голд мөргөсөн. Машинд мөргүүлсний улмаас миний зүүн талын хөл шилбээрээ зөрүүтэй хугарсан байна гэж эмч надад хэлсэн. Одоо би гэртээ асаргаанд хэвтэж эмчлүүлж байгаа. Тухайн машинд мөргүүлсний улмаас миний биед толгой өвдөнө, нурууны ар талаар өвдөнө, хөл өвдөж байна. Ослын улмаас миний зүүн хөл 3 хэсэг хугарч яс нь зөрсөн. Мөн миний толгой дагз хэсэгтээ хагарч 3 оёдол тавиулсан. Би тухайн үед өөрийн Ижилцэцэгийн хамт явж байсан. Осол болохоос өмнө Ижилцэцэг надаас түрүүлээд зам гарсан. Би ардаас нь гарах гэж байгаад машинд мөргүүлсэн. Би тухайн үед гарцаар гарах гэсэн чинь шороо овоолоотой байсан болохоор нь явган хүний гарцын хажуухан талаар нь зам хөндлөн гарсан. Би гомдолтой байна. Одоо хичээлдээ явж чадахгүй. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 14/,

Шүүгдэгч Н.Г-ын өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн Х.Соната 6 маркийн 33-36 ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хоёр том хүн нэг хүүхдийн хамт дөрвүүлээ явж байгаад тухайн өдрийн 15 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын төв рүү ороод явж байтал замын хойд талд нэг саарал өнгийн цамцтай хүүхэд зогсож байсан. Эсрэг урсгалаар миний өөдөөс 2 тээврийн хэрэгсэл ирж яваа харагдсан. Тэгээд урдаас ирж яваа тээврийн хэрэгслийг дөнгөж өнгөрүүлээд миний зорчиж явсан урсгал руу гүйгээд ороод ирэхээр нь би нөгөө урдаас ирж явсан машинаа гаргаад зүүн гар тийшээ дараад тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авч амжилгүй нөгөө хүүхдийг буруу талын карлон хэсгээр мөргөж хүүхэд унахдаа миний машины буруу талын толийг цохиод унасан. Тэгээд би машинаа зогсоогоод хүүхэд дээр яваад очтол нөгөө хүүхдийн толгойны ар хэсгээс нь цус гарсан байдалтай замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан тэгээд би Цагдаагийн байгууллагад мэдэгдэж түргэн тусламж дуудаж анхны тусламж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 39-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 560 дугаартай шинжээчийн: “1.Ө.И-ийн зүүн шаант болон тахилзуур ясны доод 1/3 хэсгээр сэлтэрхий бүхий зөрүүтэй хугарал, хуйхны шарх, нүүрний болон зүүн тохойн зөөлөн эдийн цус хуралт, зүүн ташааны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шилбэний доод 1/3 хэсгээс зүүн тавхайн дээд гадаргад шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.ГССҮТ-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13949 дугаартай өвчний түүхээс үндэслэн үзэхэд Ө.И-ийн биед учирсан гэмтэл нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оношлогдсон байна. 3.Ө.Иийн биед учирсан зүүн шаант болон тахилзуур ясны доод 1/3 хэсгээр сэлтэрхий бүхий зөрүүтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн "ХҮНДЭВТЭР" зэрэгт, хуйхны шарх, нүүрний болон зүүн тохойн зөөлөн эдийн цус хуралт, зүүн ташааны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шилбэний доод 1/3 хэсгээс зүүн тавхайн дээд гадаргад шарх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт тус тус хамаарна. 4.Дээрхи гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 22-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4891 дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн Н.Гын 2022 оны 10 дугаар сарын 01-ний гэж хаягласан цус спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн Н.Г 2022 оны 10 дугаар сарын 01-ний гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт /хх 23-24/,

            “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22/180 дугаартай шинжээчийн: “1.Hyundai Sonata-6 маркийн 33-36 ДАН улсын дугаартай автомашины жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.", мөн дүрмийн 16.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Ө.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. "Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/.үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах: д/.ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх" гэснийг зорчсон байх үндэслэлтэй байна. 3.Hyundai Sonata-6 маркийн 33-36 ДАН улсын дугаартай автомашины жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4, 16.1 дэх заалтуудыг зөрчсөн /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ зөрчсөн уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 4.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.” гэх дүгнэлт /хх 33-34/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Н.Г нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутагт 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төв асфальтан замаар Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 16.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ө.И-ийг /10 настай, эмэгтэй/ мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.   

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Н.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,

шүүгдэгч  Н.Г таксинд явж амьжиргаагаа залгуулдаг тул торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Н.Г нь  1997 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, "Шар зам ирээдүй" хоршоонд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн Дархан-Уул аймаг Шарын гол сум Санжит баг Ойчдын 17-13 тоотод оршин суух хаягтай талаар, мөн урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар хавтаст хэргийн 65-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэмдэглэгдсэн.

Шүүгдэгч Н.Г-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 700  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.И-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 14 хоногийн хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 1 050 000 төгрөг, ирэх очих унааны зардал 450 000 төгрөг, гэрээр хичээлийн давтлага авсан гэх цагийн багшийн төлбөр 900 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас,

Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд эмчилгээний болон унааны зардалд ирүүлсэн баримтаар 1 407 760 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзэв. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1 500 000 төгрөг төлсөн байх тул дээрх хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хичээлийн давтлагын төлбөр 900 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гэх 1 050 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул хангах боломжгүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.     

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Г-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь насанд хүрээгүй хохирогч Ө.И-ийн цаашид гарах эмчилгээний зардал болон шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисон 1 950 000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хө