| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0105/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/105 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/105
2023 3 10 2023/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунтуяа,
Хохирогч М.Ш,
Шүүгдэгч С.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Дунга Санжаадоржийн Үад холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.Ү, 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгж буюу 2 700 000 төгрөгөөр торгох,
2.Мөн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ү нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв”-н хажуу тадын засмал зам дээр үл ялих зүйлээр шалтаглан иргэн М.Штэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2334000490053 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч М.Ш-ийн өгсөн: “Би Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3-р багийн иргэн бөгөөд сумын төвд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний Цагдаад хандах болсон шалтгаан гэвэл 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3-р баг сумын төвд Соёлын төвийн хойд талын засмал замаар зүүнээс баруун чиглэлтэй гэртээ харих гээд өөрийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад "Зоригт" дэлгүүрийн үүдэнд Ү гэх залуу гар өргөсөн. Тэгэхээр нь би зогсоод цонхоо онгойлгоход над руу би Мөнгөнморьт сумын төвд явж болохоо байсан юм уу, чи надад зам тавьж өгсөнгүй гээд үгийн зөрөөгүй машины цонхоор миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би юм ярилгүй хөдлөөд явсан. Тэгтэл миний доод уруул сэтрээд цус гоожоод байхаар нь эргэж очоод Ү гэх хүнтэй машинаас бууж уулзахад Ү нь дахиад намайг 2 удаа нүүр лүү цохисон. Тэгтэл тэнд байсан Үын хоёр дүү гэх залуус ирээд салгаад аваад явсан. Би тэндээс шууд эмнэлэг дээр очиж үзүүлэн доод уруулдаа 2 оёдол тавиулсан. Мөн дээд талын 1 шүд унаж, 1 шүд хугарч, 2 шүд хөдөлгөөн орсон байсан. Маргааш нь Ү гэх хүн надтай холбогдож уучлалт гуйж хохирол барагдуулна, цагдаад битгий хэлээч гээд байхаар нь тухайн үедээ тохирсон боловч худлаа хэлж утсаа салгаад хохирол барагдуулахгүй байгаа тул гомдолтой байгаа юм. Би Ү гэдэг хүнийг сайн танихгүй. Морь уядаг Багануурт байдаг гэдгийг нь мэднэ. 2009 онд бас Ү нь намайг гаднаас ирсэн цагаач гэж нэг удаа цохиж байсан. Өөр бол ямар нэгэн асуудал болоогүй. Миний доод талын уруул дотор талдаа сэтэрч 2 оёдол тавиулсан. Үүдэн талын 2 шүд унасан. Өөр гэмтэл байхгүй. Би архи уугаагүй эрүүл айлаас гэртээ харих гээд явж байсан. Харин Ү согтуу байсан. Намайг машинд нь зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар цохиж зодсон. Би өөрийн эрүүл мэнд болон гоо сайханд учирсан хохирол үүнээс үүдэн гарах зардал, төлбөрийг Ү гэх хүнээс гаргуулан авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 6/,
Гэрч Д.Балжиннямын өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн үед Үын хамт уул руу явж самар түүлгэж байгаа хүмүүсээ буулгах гээд хоол ундны зүйлсийг Мөнгөнморьт суманд байх хүнсний дэлгүүрт орж цуглуулж байхад Ү ах дэлгүүрээс гараад явахаар нь би хойноос нь авсан зүйлсээ аваад гартал Ү ах дэлгүүрийн урд талд байх замын хажууд зогсчихсон нэг машинтайгаа явж байсан хүнтэй маргалдаж байхаар нь араас нь очтол Ү ах болон Ш-тэй машины хажууд зогсчихсон хоорондоо маргалдаад байхаар нь тэр хоёрыг салгаад Ш гэх хүнийг та машиндаа суугаад явчихаа гэж хэлээд түүнийг машинд нь суулгаад явуулсан. Удалгүй Ш буцаж ирээд Ү ахыг машинд суучих гэхэд Ү ах суухаар нь хоорондоо зодолдож маргалдчих байх гэж бодоод машины хойд талд нь суугаад явж байхад тэр хоёр хороондоо маргалдаж байгаад Ү нь чи намайг урагшаа авч явж яах гэж байгаа юм гэж хэлэхэд Ш нь хойш Ү ар руу харах үед Ү, Ш-ийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохих үед машинаа зогсоогоод тэр хоёр машинаас буугаад хоорондоо маргалдах гэж байхад нь би дундуур орж салгаад Шийг одоо та больчихоо та явчихаа гэж хэлэхэд тухайн хүн нь машиндаа суугаад яваад өгсөн. Өөр маргалдсан асуудал байхгүй. Ү ах машин дотор сууж байгаад Шийн нүүр нь тус газарт нь нэг удаа гараараа цохих үед амнаас нь цус гарч байсан. Тэр хоёртой хамт байх үед өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 11/,
Шүүгдэгч С.Ү-ын өгсөн: “2022 оны 12 дугаар сарын эхээр байсан байх. Өдрөө сайн санахгүй байна. Би Багануур дүүргээс уул руу самарт явах зорилгоор Мөнгөнморьт суманд очоод дэлгүүрийн гадаа машиныхаа гэрлийн асаагаад асаалттай орхисон байсан. Дэлгүүр ороод гараад ирсэн чинь Ш гэх залуу яасан хурц гэрэлтэй пизда вэ нүд сохоллоо гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд би тэрний машинд суугаад дэлгүүрийн гаднаас жоохон хөдлөөд зогсохоор нь гараараа нүүр рүү нь 1 удаа цохисон. Ш машиндаа үлдсэн. Би буугаад яваад өгсөн. Би тухайн үед архи уусан байсан.”
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг бүрэн барагдуулах болно. Хүний биед хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 14, 34/,
Шинжээч эмч И.Ганболорын өгсөн: “М.Ш-ийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаа үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүдний эмчийн үзлэгээр баруун дээд 1-р шүдийг 11, дээд 1-р шүдийг 21-ээр үзлэг хийж тэмдэглэдэг. Шүд хугарах буюу хөдөлгөөн орж унахыг шүд булгарах гэж ойлгоно.” гэх мэдүүлэг /хх 24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 07 дугаартай дүгнэлт: “1.М.Ш-ийн биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруул шарх, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 2-р шүдний хөдлөлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх 17-18 /,
Төв аймгийн Мөнгөнморьт сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч С.Ү нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн ар талын Зоригт нэртэй дэлгүүрийн үүдэнд машины дээд талын лед гэрлээ асаасны улмаас гэрлээ унтраасангүй нүд сохоллоо гэж маргалдан хохирогч М.Ш-ийн эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал, доод уруул шарх, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 2-р шүдний хөдлөлт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч С.Ү-ын дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсээгүй үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч С.Ү улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болохыг дурдаж түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгч С.Ү-ыг Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал оруулсныг,
Шүүгдэгч тусгайлан гаргах санал хүсэлт гаргаагүй болохыг дурдав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирлын нөхөн төлсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Ү нь хохирогч С.Ш-ийн эмчилгээний зардалд 637 500 төгрөг төлсөн байна.
Хохирогч С.Ш нь “Маамуу дент” шүдний эмнэлэгт дээд шаазан 4 шүд хийхэд 4 900 000 төгрөг шаардлагатай гэсэн бөгөөд мөнгө төгрөгийн боломжгүйгээс шүдээ янзлуулж чадахгүй байгаа тул уг төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хангах боломжгүй байна. Учир нь: Ирээдүйд гарах зардлыг бус бодитой учирсан хохирлын нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэгдэг хуулийн зохицуулалтай.
Хохирогч С.Ш нь шүдний эмчилгээгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Ү-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-д оногдуулсан 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Хохирогч С.Ш нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ү нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ