Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0804

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э овогтой Х /**/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 тоот захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Миний бие Э.Х нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын А/203 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Газрын төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийж, газар эзэмшиж ашиглахтай холбоотой хууль зөрчсөн асуудал гаргаж байгаагүй. Гэвч 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга А/235 тоот захирамж гаргаж Д.Г-ын газартай давхацсан байна гэх үндэслэлээр миний газар эзэмших эрхэнд хууль бусаар халдаж хүчингүй болгосон. Бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн тогтоол зэргээр миний эзэмшлийн газар Д.Г-ын газартай давхцаагүй бөгөөд аливаа холбогдох хуулиудыг зөрчөөгүй болохыг тогтоож зөрчигдсөн хууль ёсны эрх ашгийг минь сэргээж өгсөн. Ингээд шүүхээс сэргээгдсэн газар эзэмших эрхээ баталгаажуулахын тулд Нийслэлийн газрын албанд хүсэлтээ өгсөн. Улмаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох 22 гишүүнтэй зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөгдсөн бөгөөд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөнд харшлах үндэслэл байхгүй гэж үзсэний үндсэн дээр 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/263 тоот захирамжаар газар эзэмших эрхийг минь сэргээж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших гэрчилгээг олгосон. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга А/603 тоот захирамжийг гаргаж газар эзэмших эрхийг минь хүчингүй болгож миний шүүхээр сэргээсэн эрхэнд халдлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрхтэй... гэж заасны дагуу бид хууль ёсны дагуу газар эзэмшсэн байтал эрхэнд минь удаа дараа халдаж байгаад гомдолтой байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын гаргасан A/603 тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож зөрчигдсөн эрх ашгийг минь сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Э.Х газар эзэмших эрхэд хоёр ч удаа хууль бусаар халдсан байдаг. Хууль зүйн үндэслэл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд давхацсан Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан шугамын хамгаалалтын зурвастай давхацсан гэдэг үндэслэлүүдийг яриад байгаа. Үүнийг нь тодруулахаар холбогдох газар руу нь хүсэлтэй явуулсан байдаг.

Үүний дагуу Улаанбаатар цахилгаан түгээх станцаас болон Улаанбаатар дулааны сүлжээнээс холбогдох хариу албан бичгээр ирсэн байдаг. Үүнд иргэн Э.Х эзэмшиж байгаа газар нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан хамгаалалтын зурвасыг зөрчөөгүй байна гэсэн хариу ирсэн байдаг. Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөө төсөлд нь харшлах зүйлтэй гэсэн үндэслэлийг бас хариуцагч талаас тайлбарлаад байгаа. Энэ нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 8 дугаар тогтоол байгаа. Энд тухайн маргаан бүхий газар дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оролцуулсан зүйл байхгүй. Мөн газар барилгачдын зөвлөлөөс газар эзэмшүүлэхэд харшлах зүйл байхгүй гэж хурлаар хэлэлцүүлдэг. Энэ хурлаар харшлах зүйл байхгүй гэж үзсэний үндсэнд газар эзэмших эрх олгосон. Тэгэхээр хариуцагчийн гаргасан захирамжийн хууль зүйн үндэслэл нь бүхэлдээ хүчингүй болохоор байгаа. Эрх бүхий этгээдээс гаргасан эрх зүйн акт нь өөрөө Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой хууль зүйн үндэслэлийг зөрчөөд байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус акт юм. Энэ нь материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй тул Нийслэлийн Засаг даргын гаргасан актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Х-д 700 метр квадрат газрыг амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 дугаар захирамжаар иргэн Э.Х газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Иймд нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 дугаар захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Х-аас...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/263 тоот захирамжаар газар эзэмших эрхийг минь сэргээж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших гэрчилгээг олгосон. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буюу гэрчилгээгээ хүлээн авахын өмнөх өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг минь хүчингүй болгох тухай 02-06/4417 тоот мэдэгдэл ирж 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга А/603 тоот захирамжийг гаргаж газар эзэмших эрхийг минь хүчингүй болгож миний шүүхээр сэргээсэн эрхэнд халдсан нь үндэслэлгүй.... гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нь ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон... гэж тус тус маргасан.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, бодит нөхцөл байдлыг судлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/203 тоот захирамжаар тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэхэмжлэгчид 700 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгожээ. Улмаар 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын А/235 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэр бүхий таван иргэний /нэхэмжлэгч Э.Х багтсан/ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Тухайн нэр бүхий таван иргэд нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр Газрын тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 257 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчаас гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/338 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгон[1], 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар[2] 8 иргэн аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгож, нэхэмжлэгч Э.Х-д2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 148831 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Гэвч 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 дугаар захирамжаар ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/263 дугаар захирамжаар газар эзэмшигч иргэн Э.Х-д газар эзэмшүүлэхдээ шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон... байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг биелүүлж 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар [3] 8 иргэн аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийн дагуу сэргээсэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн цуцалсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 56 дугаар зүйлийн 56.1-д Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ.

Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16/1804 дүгээр албан бичгээр[4] Хан-Уул дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ирүүлсэн байх бөгөөд тус төлөвлөгөө нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан байна. Нэхэмжлэгч Э.Х-д Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байх бөгөөд Хан-Уул дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлагдсаны дараа буюу цаг хугацааны хувьд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус төлөвлөгөө батлагдсан бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон тул Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Тодруулбал Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах гэж тус тус зааснаас үзвэл Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дараа нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноос үзэхэд уг төлөвлөгөөг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заажээ.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 07/2266 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газарт дулааны шугамын давхардал байхгүй талаар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3/1420 дугаар албан бичигт ...Э.Х нарын газрын баталгаажсан кадастр нь Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвас-ыг зөрчөөгүй байна гэсэн хариуг тус тус ирүүлснээс үзэхэд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай давхцаагүй, уг заалтыг зөрчөөгүй, энэ нь маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр мөн тогтоогдсон болно.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллаагүй буруутай, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг тус тус баримтлан Э.Х-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/603 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн-93 дугаар хуудас

 

 

[4] Хавтаст хэргийн 133-150 дугаар хуудас