| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 109/2024/0033/3 |
| Дугаар | 221/МА2025/0292 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2025/0292
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч Архангай аймгийн Б сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/*** дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2025/0006 дугаар шийдвэр
Давж заалдах шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э
Хэргийн индекс: 109/2024/0033/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулж Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/*** дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2025/0006 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/*** дугаартай захирамжийн /хавсралт 27 дугаарт/ Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
...Иргэн Д.Б нь газар эзэмших эрх олгогдсон цаг хугацаанаас хойш буюу 2005 оноос 2014 он хүртэл 9 жилийн хугацаанд газрыг бодитой эзэмшиж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсан гэх нотлох баримт газрын хувийн хэрэгт авагдаагүй, тухайн үед аймгийн хэмжээнд явагдсан нэгдсэн тооллого судалгааны дүгнэлтээр Д.Б нь газраа ашигладаггүй, гэрчилгээ аваагүй дүгнэлт гарсан. Зөвхөн шүүхийн хавтаст хэрэгт авагдсан фермерийн ангийн оюутнуудад дадлага хийх, ахмадын амралтын газар нийлүүлэх төмс хүнсний ногоо тариалсан, зарим жил өнжөөдөг гэх гэрчийн мэдүүлгээр нотлох баримт болгосон. Энэ нь ахмадын амралтын зүүн талд гэх боловч анх олгохдоо захирамжаар Дэл багийн нутаг Шивэртийн амралтын зүүн талд гэсэн бөгөөд олгосноос хойш тухайн газартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор ямар нэгэн хэмжилт, тэмдэг тэмдэглэгээ хийлгэж байгаагүй маргаан бүхий газар мөн эсэх, хэдэн жил ашигласан, ямар хугацаанд ашиглаагүй өнжөөсөн, талбайг бүхэлд нь ашигласан эсэх зэрэг нь тодорхойгүй эргэлзээтэй байна.
Газар эзэмших эрх хүчингүй болгосон тухай 2024 онд мэдсэн гэх боловч 10 жилийн хугацаанд Газрын тухай хуульд зааснаар тухайн газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулж газраа зориулалтын дагуу ашиглаагүй, кадастрын зураг хийлгээгүй, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаж байсан зэргээс харахад газар эзэмших эрхээ дуусгавар болсныг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгох хүсэлтэй байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Б-оос Архангай аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/*** дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.
3. Хариуцагчаас ...Д.Б нь газар эзэмших эрх олгогдсон цаг хугацаанаас хойш буюу 2005 оноос 2014 он хүртэл 9 жилийн хугацаанд газрыг бодитой эзэмшиж, ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсан гэх нотлох баримт газрын хувийн хэрэгт авагдаагүй, тухайн үед аймгийн хэмжээнд явагдсан нэгдсэн тооллого судалгааны дүгнэлтээр Д.Б нь газраа ашигладаггүй, гэрчилгээ аваагүй дүгнэлт гарсан... 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаж байсан зэргээс харахад газар эзэмших эрхээ дуусгавар болсныг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ** дүгээр Иргэнд газар эзэмшүүлэх тухай захирамжаар[1] Д багийн нутаг Ш-ийн амралтын зүүн талд төмс хүнсний ногоо тарих зориулалтаар 2 га газрыг 15 жилийн хугацаатайгаар Д.Б-д эзэмшүүлж, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 15 дугаартай гэрээ байгуулжээ.
5. Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/** дүгээр Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар[2] Тариалангийн талбайн бүртгэл тооллого явуулж, эзэмшил, ашиглалтыг сайжруулах, эргэлтэд ороогүй тариалангийн газрыг ашиглалтад оруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.
6. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар албан бичгээр[3] ..тооллогоор танай суманд нийт 2774.5 га талбай тариалангийн газар олгогдсоноос одоогийн байдлаар ашиглаж байгаа 1894 га, ашиглаагүй 880.5 га, атаршсан 234.5 га байна. Иймд Газрын тухай хуулийн дагуу 2 ба түүнээс дээш ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй хавсралтад дурдсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын газрыг 2014 оны 7 дугаар сарын 05-ны дотор хүчингүй болгож хариуг ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгохыг мэдэгдэж Б сумын Засаг даргад хүргүүлжээ.
7. Улмаар Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/*** дугаар Иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар[4] тариалангийн газрын тооллогоор эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй хавсралтад дурдсан иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, хавсралтын 27-д Батдорж гэжээ.
8. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ, 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ, 35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ, 10 дугаар зүйлийн 3-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ гэж тус тус заасан.
9. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн **** дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Архангай аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/*** дугаар албан бичигт[5] 2017 оноос хойш газрын төлбөр төлсөн талаарх лавлагаа сумын төрийн сангийн 100**************** дансны хуулгаар гардаг. Д.Б-ийн газрыг 2014 онд хүчингүй болгосон тул түүнээс өмнөх онуудын газрын төлбөр төлсөн талаарх мэдээлэл гарах боломжгүй байна. Хувийн хэрэгт газрын төлбөр төлсөн баримтууд хавсаргагдаагүй байна гэжээ.
10. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн кадастрын зураг[6] болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[7] нэхэмжлэгч Д.Б газраа зориулалтын дагуу ашигласан гэх зүйл тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шүүх хуралдаанд ...газар дээрээ хүнсний ногоо тарьж байсан, тэнд байсан амралтын ажилчдад ногоо нийлүүлж байсан, хүлэмж барьсан, өөрийн эзэмшлийн 4 шовгор барьж байсан... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан боловч тухайн газарт бодитоор шовгор байхгүй, тухайн 4 шовгор нь нэхэмжлэгч Д.Б-ийн газарт хамаарахгүй болох нь үзлэгт хавсаргасан зураг болон кадастрын зургаар тогтоогдож байна.
11. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Д.Б-ийг эзэмших эрх бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
12. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт-аар гэрээ дүгнүүлээгүй, тайлан ирүүлээгүй, газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн хувийн хэрэгт газрын төлбөрөө төлсөн гэх баримт авагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/*** дугаартай захирамжийн Батдоржид холбогдох хэсэг хуульд нийцсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна.
13. Анхан шатны шүүхийн ...нэхэмжлэгчээс Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/*** дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус тогтоолгох шаардлага гаргасан хэдий ч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж, Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/*** дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв гэх дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн байна.
14. Нэхэмжлэгч Д.Б нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхэд хандаж Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/*** дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргахдаа Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг[8]гаргасан байх бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлэхдээ маргаан бүхий захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
15. Гэтэл анхан шатны шүүх 2014-2024 он хүртэлх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт өгөхгүй, шүүхийн санаачилгаар ийнхүү захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д заасантай нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2025/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн Архангай аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/*** дугаартай захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 6 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 208 хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 170 хуудас
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 11-12 хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 175 хуудас
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 51-52 хуудас
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 45-50 хуудас
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 13 хуудас