Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

 

 

      2023        03           14                                                  2023/ШЦТ/106

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн,

   Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Бага мэргэд Сэрээтэрийн Мт холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, С.М, 1982 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч С.М нь иргэн Д.Х-ын малчнаар ажиллаж байхдаа 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын нэтэг дэвсгэрт байрлах “Галуут” гэх газраас иргэн Д.Х-ын эзэмшлийн малаас 2 тооны хонь буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 360 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

   Хохирогч Д.Х-ын өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 18-ны орой Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад манай малыг малладаг чулууны Отгонбаяр гэгчийг Баяндэлгэр сумын цагдаа Ганзориг малын хулгай хийсэн гээд бариад явж байна. Малчныг чинь аваад явлаа малаа ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ч.Отгонбаярын эхнэр Болороо /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ гэх эмэгтэй над руу утсаар залгаад чи цагдаад гомдол гаргаж манай нөхрийг бариулчихлаа. Цагдаа манай нөхрийг аваад явчихлаа гэхээр нь би юу болсныг нь мэдэхгүй байна цагдаатай уулзчихаад эргээд ярья гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би хэсгийн цагдаатай уулзчихаад Болороотой эргээд ярилцахад утасных нь цаана Болороо явъя машин бүтчихлээ гэсэн яриа сонсогдсон. Тэгэхээр нь би сэжиг аваад Болороог хаана байгааг нь асуухад Багануур дүүрэгт Бат-Эрдэнэ дүүгийнхээ гэрт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бат-Эрдэний гэрт ирж уулзахад Болороо эгч гараад явсан хаашаа явсныг нь мэдэхгүй байна гээд байсан. Тэгэхээр нь юутай явсан юм бэ? гэж асуухад Бат-Эрдэнэ Болороо эгч явган гараад явсан" гэж хэлсэн Тэгэхээр нь би Төв аймгийн Баяндэлгэр сум Галуут гэх газарт байрлах өөрийн гэр рүүгээ очиход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би гэрийнхээ ойролцоо 1 км орчим замд байрлах жалганд машинтайгаа зогсоод хүлээж байхад 93-38УНБ улсын дугаартай саарал ангийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй Болороо, хүүхэдтэй хамт хоёр залуугийн хамт ирсэн. Тэгээд гэрт орж 20-30 минут орчим болсон. Тэгээд тухайн хүмүүс буцаж гарч ирээд хонины хашаа руу машинаараа гэрэл тусгаад зогсож байгаад хонь барьж машиндаа ачсан. Тэгээд шууд тухайн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс хөдөлж Баяндэлгэр сумын дүүрэг рүү чиглэж явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд цагдаа нар Багануур хөшөөний хойно явж байхад тухайн тээврийн хэрэгслийг зогсоож барьж авсан. Нэг залуу нь Мөрдорж гэх манай Төв аймгийн Баяндэлгэр сумын манай доод үеийн залуу байсан. Нөгөө залууг нь би танихгүй. Мөн манай малчин Отгонбаярын  хүүхэд Жавхланбаяр нар явж байсан. Хар толгойтой эр хонь 1, бор толгойтой эр хонь 1 зэрэг алдагдсан. Тухайн хонинууд нь зүүн чих нь бирктэй байгаа. Отгонбаяр, Болороо нар нь манай малыг 2022 оны 4 дүгээр сараас хойш маллаж байгаа эхнэр нөхөр хоёр байгаа юм. Дээрх хүмүүс нь 47 ямаа, 353 хонь, 117 хурга, 12 ишиг нийт 529 тооны малыг маллаж байгаа. Үүнээс одоогоор 60 хонь дутсан. Би 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр малаа тоолоход бүрэн байсан. Харин 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр очиж дахин тоолоход 60 тооны хонь дутсан байсан.” гэх мэдүүлэг /хх 18-19/,

  Гэрч Б.Мөрдоржийн өгсөн: “Би 2022 оны 6 дугаар сарын эхээр өөрийн Боогийн гэх найзаараа дамжуулж Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут гэх газар мал маллаж амьдардаг Отгоо, Болороо гэх эхнэр, нөхөр хоёртой танилцаж байсан. Тухайн үед би хүнээс ишигтэй ямаа худалдаж авчихсан байсан бөгөөд Отгоогийн малд тавьсан юм. Тэгээд түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2022 оны 7 дугаар сарын 19-ний Болороо миний утас руу залгаад найз нь ажил явдал гарчхаад Төв аймгийн Эрдэнэ суман дээр байна 100 000 төгрөг байвал зээлээч, найз нь 1 хонь өгье" гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед 100 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Тэгээд би 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед Улаанбаатар хотоос өөрийн найз Мөнхнарангийн хамт Багануур дүүрэг рүү явсан. Тэгээд би Болороогоос хонио авчихъя гэж бодоод Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут гэх газар байрлах гэрт нь 17 цагийн үед очиход гэрт нь бага насны 3 хүүхэд байсан. Тэгээд хүүхдүүдээс нь Болороогийн утсыг аваад холбогдож ярихад би Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 13-14 тоотод айлд байна. Найзыгаа ирээд авчих гэсэн. Тэгээд Мөнхнаран бид хоёр Багануур дүүрэгт очиж Болороог аваад буцаж хөдөө гэрт нь очсон. Тэгтэл Болороо надад нэг хонь өгөх ёстой, намайг очиж авсан гээд дахин нэг хонь ав гэсэн. Тэгээд малын хашаанаас нь 2 хонь аваад машиныхаа багаажид ачаад Багануур дүүрэг рүү явж байхад цагаан өнгийн жийп машинтай хүн сигналдаад байхаар нь зогсоход Хүрлээ гэх зүс таних залуу байсан бөгөөд малын хулгайч нар одоо цагдаа ирнэ" гээд удалгүй цагдаа нар ирсэн. Бид хоёр 9338 УНБ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. Би худалдан аваад 10 хонож байгаа. Одоогоор нэрээ шилжүүлж аваагүй байгаа. Мөнхнаран архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би Болороогийн гэрийн гадаа машиндаа 1 хундага архи уусан. Бид хоёр тухайн айлаас 2 тооны хонь авсан. Нэг хонь нь шар толгойтой эвэртэй хонь байсан. Нөгөө хонь нь хар толгойтой хань байсан.” гэх мэдүүлэг /хх 21/,

  Гэрч С.Мөнхнарангийн өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өөрийн найз Мөрдоржтой уулзахад би Багануур дүүргээс очиж хүнээс хонь худалдан авч байгаа юм, мөнгийг нь 2022 оны 7 дугаар сард өгчихсөн. Хамт явчхаад ирье гэсэн. Тэгээд бид хоёp өдөр14 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү явсан. Тэгээд хонь авах айлынх нь хөдөө гэрт очиход бага насны 3 хүүхэд байсан. Тэгээд Мөрдорж Болороо гэх хүнтэй утсаар ярихад "Багануур дүүргийн 4 дүгээр хороо. Рашаант 13-14 тоотод байна гэхээр нь бид хоёр тухайн хаягаас очиж Болороо гэх эмэгтэйг хүүгийнх нь хамт аваад буцаж хөдөө гэр рүү нь явсан. Тэгээд орой харанхуй болсон байх үед /цагийг нь санахгүй байна/ Болороо гэх эмэгтэйгийн гэрт очиж малын хашаанаас нь 2 хонь авч машины багаажид ачаад буцаж Мөрдоржийн найзынх нь байдаг Багануур Дүүргийн 2 дугаар хороо руу явж байхад цагаан өнгийн жийп машинтай нэг залуу сигналдахаар нь зогсоход нэг залуу гарч ирээд Мөрдоржтой уулзаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх 23/,

  Шүүгдэгч С.М-ын өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сард нөхрийн хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут гэх газар Хын хонийг маллаад зусаж байсан. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Отгонбаяр бид хоёр мал дээрээ хүүхэд 12 настай Шинэбаярыг үлдээгээд аав, ээж хоёр нь Төв ороод бензин аваад ирье гээд мотоциклтой Багануур дүүрэг ороод бензин авчхаад Багануурын төвд айлд байж байхад манай нөхөр Отгонбаярыг Төв аймгийн Баяндэлгэр сумын цагдаа ирээд аваад явсан. Тэгээд орой болоод би гэр лүүгээ явах гэтэл унаагүй болчхоод найз болох Боогий буюу Амарболд руу утсаар залгаад мотоцикл жолоодоод гэрт хүргээд өгөөч гэхэд Боогий Мөрдорж танайх руу явна гээд чиний дугаарыг асуугаад байсан. Чи залгаад үз гэхээр би Мөрдоржийн дугаарыг нь аваад Мөрдорж руу залгаад "Боогий чамайг манайх руу явна гэсэн гэхээр нь залгаж байна" чи явах юм уу би гэрлүүгээ харих гэсэн унаагүй байна явбал хамт явъя гэтэл Мөрдорж би хотоос гараад явж байна. Багануур ороод залгая тэгээд хамт явъя хүлээж бай гэхээр хүлээж байгаад орой бүрэнхий болох үед Мөрдорж нэг найзтайгаа хамт ирээд би тэр хоёртой цуг машинд нь суугаад бид гурав хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут гэх газар байрлах манай гэрлүү явсан. Гэрт очоод Мөрдоржид нэг хонь өгнө гээд 100 000 төгрөг зээлсэн байсан тэгээд Мөрдоржид зээлсэн мөнгөний хонио өгөөд мөн Мөрдоржид намайг гэрт хүргэж өглөө гээд хөлсөнд нь бас нэг хонь өгөөд маллаж байсан айлын хониноос буюу Хын хониноос 2 тооны хонь өгч явуулсан.Тухайн үед харанхуй байсан болохоор зүсийг нь сайн санахгүй байна. Тухайн үед Х хоёр тооны хонио буцаагаад авсан. Одоо Х надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлж байсан. Би Хын хоёр тооны хонийг Хын зөвшөөрөлгүйгээр бусдад өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 38-39/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, шинжээчийн дүгнэлт /хх 28-29/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

  Иймд шүүгдэгч С.М-ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

  Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

  Шүүх шүүгдэгч С.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч С.Мт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

  Шүүгдэгч С.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

  Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

  Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

  Хохирогч Д.Х нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 Эрүүгийн дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           

1.Шүүгдэгч С.М-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүшгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Багануур дүүргийн Хот тохижуулах газар эдлүүлсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч С.М-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ