Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

 

     2023        03            14                                                        2023/ШЦТ/108

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,

   Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Бэсүд Энхтайваны Тид холбогдох эрүүгийн 2234007980040 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Т, 1986 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнийн 00 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Ч.Ц-гийн Note-4 маркийн гар утас, Хаан банкны виза карт, бэлэн 300 000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

 

Хохирогч  Ч.Ц-гийн өгсөн: “Би Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг. Манай хүү Батсайхан гэх залуу сумын төвд "Од" нэртэй хүнсний дэлгүүртэй юм би 2022 оны 11 сарын 17-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ирээд хүү Батсайханы гэрт орж хонох санаатай дэлгүүрийн үүдэнд Батсайхан гэх хүүгийнхээ 99248604 гэсэн дугаартай утас руу өөрийн эзэмшлийн НОТЕ-4 маркийн 95923369 дугаартай гар утсаар залгаад зогсож байтал Од хүнсний дэлгүүрийн зүүн талын харанхуй булангаас нэг саарал өнгийн ажлын хувцастай 1 метр 70 см орчим өндөртэй залуу гарч ирээд миний хүүтэйгээ ярих гэж баруун гартаа барьж байсан миний эзэмшлийн НОТЕ-4 маркийн гар утсыг надаас булаан авч зугтсан. Би тухайн үед айж сандарсандаа юу ч дугарч чадаагүй зогсож байгаа хүүгийнхээ дэлгүүрийн хаалгыг нүдэж тэгсэн удалгүй байж байтал манай хүү Батсайхан дэлгүүрийнхээ хаалгыг онгойлгож би хүүгийнхээ гэрт орж хүүдээ гар утас Хаан банкны виза карт гар утасны улаан өнгийн хавтсан дотор хийсэн байсан 300.000 төгрөг зэрэг эд зүйлээ танай дэлгүүрийн үүдэнд зогсож байгаад дээрэмдүүлсэн талаараа ярьсан би настай хүн болохоор  араас нь гүйж эд зүйлээ авч чадаагүй айгаад тухайн үед хэсэг зуур сандарч даралт ихсээд надад нэг айдастай байгаад байсан. Тэгсэн манай хүү Батсайхан намайг дээрэмдүүлсэн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би тухайн өдөр Улаанбаатар хот руу Баянчандмань явдаг шугамын автобусаар сумын хүмүүстэй нийлж автобусыг хөлсөлж Улаанбаатар хот орж тоглолт үзээд тухайн шөнийн 00 цагийн орчим нөгөө явсан унаатайгаа бүгд буцаад ирсэн. Тухайн миний сууж явсан автобусанд намайг сүрдүүлж миний эд зүйлийг дээрэмдэж авсан гэх тэр хүн байхгүй байсан. Би тухайн этгээдийн царай төрхийг нь хараагүй. Надтай ямар нэгэн юм яриагүй. Гэнэт дэлгүүрийн харанхуй булангаас гарч ирээд миний баруун гартаа барьж байсан утас эд зүйлийг булааж аваад зам хөндлөн гараад надаас зугтаагаад явсан. Тухайн гар утсыг миний бага дүү надад Улаанбаатар хотоос 2020 онд 400 000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Note-4 маркийн гадуураа улаан өнгийн гэртэй гар утас, мөн миний өөрийн эзэмшлийн хаан банкны виза карт бэлнээр 300.000 төгрөг байсан. Би гомдолтой байна. Дээрэмдүүлсэн гар утас, эд зүйлээ буцааж олж авмаар байна” гэх мэдүүлэг /хх 10/,

Гэрч Ц.Батсайханы өгсөн: “Би Төв аймгийн Баянчандмань сумын  төвд Од нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Тухайн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай ээж Ц сумын өндөр настангуудын хамт Улаанбаатар хотод тоглолт үзээд ирье гээд сумын төв дээрээс шугамын автобусаар явсан. Тэгээд хотод байж байгаад тэр оройноо суманд дэлгүүр хаасны ард дээр ирээд манай дэлгүүрийн гадаа хаалгыг цоожтой байсныг нүдэж байгаад миний 99248604 дугаарын утас руу залгаж Ээж нь ирчихлээ хаалга онгойлгож өг гэхээр би хувцсаа өмсөөд доошоо бууж хаалгаа онгойлгож өгтөл Ээж сандарсан байдалтай зогсож байсан. Би юу болсон талаар нь Ээж Цгаас асуутал миний гар утас хаан банкны виза карт 300.000 орчим мянган төгрөг миний гар утасны гэрэнд байсныг нэг танихгүй булаагаад зугтаад явчихлаа гэж надад хэлхээр нь би тухайн үед хаашаа явсан гэж асуутал замын хойшоо гүйгээд явсан гэхээр нь орой харанхуй байсан болохоор юм харагдахгүй болохоор нь гэртээ орж унтаж амраад маргааш цагдаад бүртгүүлье гэж хэлээд ээж Цг гэрлүүгээ аваад орсон юм. Тухайн орой манай дэлгүүрийн гадна гэрэл унтарсан байсан. Манай дэлгүүр хяналтын камертай. Тухайн үед ээжийн утсыг булаасан гэх хүний дүрс бичигдээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Шүүгдэгч Э.Т-ийн өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 22 цаг өнгөрч байсан байх Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явж байгаад Төв аймгийн Баянчандмань суманд машин эвдрээд янзлаад зогсож байтал нэг эгч согтуу замын хажуу талын далан дээр 30 орчим минут суугаад байхаар нь би сугадаж аваад тэр эгчийг зам гаргаж өгтөл намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би машин дээрээ очоод автомашинаа янзалж дуусаад хөдлөх гэж байхдаа нөгөө эгчийг хартал дэлгүүрийн үүдэнд утсаа оролдоод байж байгаа харагдахаар нь буцаж очоод тэр эгчийн гараас нь булааж аваад замдаа гар утсыг нь унтраагаад буцаад автомашиндаа суугаад арынхаа хэсэг рүү шидчихээд явчихсан. Би Дархан-Уул аймаг ороод зогсож байхдаа нөгөө утсаа үзтэл улаан өнгийн кэйстэй нетэ-5 маркийн гар утас, кейснийх нь хавтсанд Хаан банкны ногоон өнгийн виза карт 1 ширхэг байсан. Өөр зүйл байгаагүй. Намайг тэр эгчээс гар утсыг нь булаах үед хажууд хүн байгаагүй. Тэгээд би Хөвсгөл аймагт очоод такси барьж яваад такси нь дотор гар утас, карт хоёрыг нь хаячихсан. Одоо надад байхгүй. Хохирогч 300 000 төгрөг байсан гээд байгаа гэхдээ намайг авах үед ямар ч бэлэн мөнгө байгаагүй. Тэр эгч өөрөө шал согтуу байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 44/,

 

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07/11 дугаартай үнэлгээний тайлан: “Samsung note 4 маркийн гар утсыг 438 100 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх /хх 30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

  Шүүгдэгч Э.Тийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Э.Тид ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаалах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ц-гийн эзэмшлийн Note-4 маркийн утасны үнэ болох 450 000 төгрөг төлсөн болох нь хохирогч Ч.Цгийн гаргасан тайлбараар тогтоогдож /хх 65/, мөн үлдэгдэл хохирол 300 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Т-аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Э.Т-ийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаалах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулсугай.            

  5.Шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-аас 300 000 /гурван зуун мянган/ төгрөг гаргуулж Төв аймгийн Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг ханан 16-02 тоот,  хохирогч Ч.Ц /РД: /-д олгосугай.

 

    7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

   9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ