Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0465/Э |
Дугаар | 2023/ШЦТ/10 |
Огноо | 2023-12-17 |
Зүйл хэсэг | 18.5.1., |
Улсын яллагч | В.Батдэлэр |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
2022 12 27 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Батдэлгэр,
Шүүгдэгч П.Г, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Г, 1984 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, "Ред Пат" ХХК-нд ХАБ-ын ажилтан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
2.Монгол улсын иргэн, Б, 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Г нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан журмын 13.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын агаарын замын боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 93.7 хувийн алтны агууламжтай 102.4 грамм жинтэй алтыг хэлбэр загварт оруулан өөрчлүүлэн зүүж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Б.Бтэй хамтран гүйцэтгэсэн,
Шүүгдэгч Б.Б нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан журмын 13.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын агаарын замын боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 93.7 хувийн алтны агууламжтай 102.4 грамм жинтэй алтыг хэлбэр загварт оруулан өөрчлүүлэн П.Гт зүүлгэж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан:
Гэрч Г.Анхбаярын өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийн ахлахын хуваарилсны дагуу ирэгчийн биеэс тусдаа явуулсан ачааг шалгах рентген аппаратаар ачаа шалгах тээшинд хяналт тавихаар томилогдон ажилласан. Энэ хугацаанд нислэг хуваарийн дагуу 07:10 цагт “Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК236 аяллын дугаартай онгоцоор бууж зорчигч ирсэн. Зорчигч нарын ачаа тээшийг шалгах явцад рентген аппаратын дэлгэцэд металл эдлэл байгаа дүрс харагдсан. Тус тээшний зорчигчийг дуудаж тээшинд хяналт шалгалт хийхэд хуучин хэрэглэж байсан “монетан” эдлэлүүд илэрсэн. Би зорчигчоос танд гаальд мэдүүлэх бараа байгаа юу гэж асуухад бараагаа мэдүүлдэг гэдгийг мэдээгүй гэж хэлж байсан. Би тухайн зорчигчийн тээшийг шалгаж байх үед зөрчлийн байцаагч ирээд хамт үзлэг хийж байхад тэр зорчигчийг шалгаад байсан. Гарт нь бугуйвч зүүсэн байсныг зөрчлийн байцаагч таны энэ бугуйвчийг чинь үзье гэхэд гараасаа тайлаад өгч байсан. Мөн хуучин монетан эдлэлийг тоолж эд зүйлийг зөрчлийн байцаагчид хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх 9-10/,
Гэрч Ц.Эрдэнэбаярын өгсөн: “Би "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчаар ажилладаг. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар Истанбул чиглэлийн аяллын онгоцоор П.Г гэх зорчигч нь 102.4 грамм жинтэй алт мэт шар өнгийн металл зүйлийг бугуйвч хэлбэрт оруулан гартаа зүүгээд гаалийн мэдүүлэгт мэдүүлэлгүйгээр хил нэвтрэх гэж байгаад саатуулагдсан зөрчил гаргасныг илрүүлэн өөрийн эрх хэмжээний хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Ингээд уг асуудал нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул хяналт тавьж байсан прокурор нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Уг 102.4 грамм жинтэй алт мэт шар өнгийн металл зүйл нь одоо надад хадгалагдаж байгаа. Би энэ алт мэт шар өнгийн металл зүйлийг хураан авах тогтоол тэмдэглэл бичиж аваагүй. Манай гаалийн байгууллага дотор хэрэглэгддэг саатуулах хуудсаар саатуулагдсан байсан тул шууд хүлээж аваад түр агуулахдаа хийж хадгалсан. Би уг зүйлд үзлэг хийж жинлээд энэ талаар тэмдэглэл бичиж зөрчлийн хэрэгт хавсаргасан байгаа.
Хураагдсан 102.4 грамм алтан бугуйвчийг тэр үед Г нь гартаа зүүж хилээр нэвтрүүлэх гэж байгаад хураагдсан. Тухайн өдөр Истанбулын онгоцоор нисэх гэж байсан Дөлгөөн гэдэг эмэгтэй нь нэлээд их хэмжээний олон тооны монетон эдлэл гаальд мэдүүлэлгүй хилээр авч гарах гэж байгаад саатуулагдсан бөгөөд энэ талаар шалгахад П.Г нь тухайн эмэгтэйд 8 ширхэг жижиг хэмжээтэй монетон эдлэл өгч хилээр нэвтрүүлэх гэж байсан болох нь тогтоогдсон. Ингээд тэр монетон эдлэлүүд Дөлгөөн гэх эмэгтэйгээс гарч ирсэн болохоор тэр эмэгтэйг Зөрчлийн тухай хуулийн дагуу 200.000 төгрөгөөр манай гаалийн байцаагч Нямдорж торгож арга хэмжээ авсан. Харин Дөлгөөн Г нар хоорондоо ярилцаж тохиролцоод Г нь түүний торгуулийн 200 000 төгрөгийг төлсөн байсан. Түүнээс биш П.Г-ийг торгосон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 31-32, 34/,
Гэрч Б.Бат-Ирээдүйгийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын эхээр би эгч Бийн хамт 40 мянгат орчим машинтай нь явж байхад эгч нэг хүнтэй яриад байсан. Их дэлгүүрийн орчим зогсоод надад гялгар уутанд хийсэн нэг зүйл өгөөд Г гэдэг хүнд өгчих гэхээр нь би аваачиж өгсөн. Машин зогсоол олдохгүй болохоор эгч машиндаа үлдсэн. Би түүнийг нь алт гэж мэдээгүй. Юу болохыг нь асуугаагүй.” гэх мэдүүлэг /хх 38/,
Шүүгдэгч П.Гийн өгсөн: “Манай найз Болор гэдэг залуу Турк улсад амьдардаг. Лайв хийж Монгол улс руу бараа явуулж зардаг ажил хийдэг. Би заримдаа Туркт очоод найздаа тусалдаг. Ингээд сая 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр би Турк улс руу явах гээд "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр гаалиар орж байгаад өөрийн зүүж байсан алтан бугуйвчийг гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй гэх үндэслэлээр хураалгаад намайг онгоцоор нисгээгүй үлдээсэн. Уг алтан бугуйвч нь миний эд зүйл биш. Манай таньдаг эгч Б надад уг алтан бугуйвчийг өгөөд Туркт очоод аятайхан ээмэг бөгж хийдэг газар байвал хийлгээд ирээрэй гэж захиад өгсөн. Угаасаа Б эгч надад өгөхдөө ямар нэгэн сорьцгүй бугуйвч хэлбэртэй алт өгсөн болохоор би түүнийг нь гартаа зүүгээд гаалиар орж байгаад шалгуулаад хураалгасан. Би тухайн алтан бугуйвчийг заавал гаалийн мэдүүлэг буюу деклараци бөглөхдөө бичдэг гэж мэдээгүй болохоор гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй. Би тэр өдөр Турк руу нисэх гэж байхдаа Б эгчийн өгсөн алтан бугуйвчнаас гадна Туркт очих гэж байсан Болороо гэдэг найзын таньдаг хүн нь гэх 40 орчим насны нэг эмэгтэй хүн надад ямар нэгэн хэлбэрт оруулаагүй янз бүрийн хэлбэр дүрстэй хайлуулсан жижиг жижиг хэмжээтэй найман ширхэг монет гэх шар өнгийн метал зүйлийг Туркт очоод Болороод өгөөрэй гэж хэлээд өгсөн. Эдгээрийг бас гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй байсан бөгөөд энэ нь мөн гаалийн шалгалтаар илрээд би тэр тэр өдөртөө гаалийн байцаагчид 200.000 төгрөгөөр торгуулаад дээрх зүйлсийг гаалийн байцаагчаас буцааж аваад одоо бол хүнд нь буцаагаад өгчихсөн. Би алтыг гаалийн мэдүүлэг мэдүүлдэг гэдгийг мэдээгүйгээс болоод ийм асуудал холбогдсон.” гэх мэдүүлэг /хх 25-26/,
Шүүгдэгч Б.Б-ийн өгсөн: “Манай найз Мөнхцэцэгийн нөхөр нь болох Г нь Турк улс руу явна гэдгийг сонсоод өөрийн хэрэглэж байсан алтан ээмэг, бөгж болон бугуйвч, нөхрийнхөө алтан бөгж зэргийг нийлүүлж хайлуулаад нэг бугуйвч болгоод Гт өгөөд Туркт очоод шинээр ээмэг бөгж, бугуйвч зэргийг хийлгэх боломжтой бол хийлгээд ирээрэй гэж хэлээд Гийг нисэхээс 2 хоногийн өмнө буюу 2022.4.03-ны өдөр дүү Бат-Ирээдүйгээр дамжуулж өгүүлсэн. Тэгсэн чинь Г миний өгсөн алтан бугуйвчийг зүүгээд нисэх гэж байгаад гаальд мэдүүлээгүй гэх шалтгаанаар гааль дээр саатуулагдсан байсан. Ийм л асуудал болсон. Энэ алтан бугуйвчийг би Гт өгөхөөс өмнө жинлэж үзэхэд 102.4 грамм жинтэй байсан. Энэ алт нь миний 1 ширхэг алтан бугуйвч, 3 хос ээмэг, 5 бөгж, манай нөхрийн хоёр алтан бөгж зэргийг нийлүүлж хайлуулаад нэг бугуйвч болгосон зүйл байгаа. Энэ алтаар Монголд ээмэг бөгж хийлгэх гэхээр хэлбэр хийц нь таалагдахгүй байсан. Ямар нэгэн санаа зорилго байхгүй. Туркт очоод алтан ээмэг бөгж гоё хийдэг газар байвал хийлгээд ирээрэй гэж хэлээд л Гт өгсөн. Миний Гт өгсөн алтан бугуйвч нь ямар нэгэн сорьцгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 28-29/,
Шүүгдэгч П.Г-ийн зүүж явсан бугуйвчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 7/, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах 0001971 дугаартай хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-18/, мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 21.4 см урттай, 102.4 грамм жинтэй 93.7 хувийн агууламжтай алтыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 21-22/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2439 дугаартай дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн 102.4 грамм жинтэй шаргал өнгийн металл бугуйвч нь алтны металлаар хийгдсэн алтан бугуйвч байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл бугуйвч нь алт /Au-93.7%/, зэс /Cu-1.8%/ зэрэг элементүүдийн найрлагатай байна." гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-41/,
Монгол банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б-5/368 дугаартай албан тоот "Монгол банкны 2022.4.05-ны өдрийн 1 грамм алт худалдан авах үнэ 184,867,34 төгрөг, мөнгө 2,268,78 төгрөг байна." /хх 44/,
"DAMNO" ХХК-ны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний "93.7%-н алт, 1.8%-н зэсийн агууламжтай 102.4 граммтай бугуйвчийг 2022.4.05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 17,734,921 /арван долоон сая долоон зуун гучин дөрвөн мянга есөн зуун хориг нэг/ төгрөгөөр үнэлсэн." тайлан /хх 47-50/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч П.Гийг шүүгдэгч Б.Бтэй хамтран гүйцэтгэгчээр Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 93.7 хувийн алтны агууламжтай эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 93.7 хувийн алтны агууламжтай 102.4 грамм жинтэй алтыг бугуйвч хэлбэрт оруулан өөрчлүүлэн зүүж,
Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан журмын 13.3 "Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа, мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, барилгын материал, бүх төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, түүхий эд, боловсруулаагүй эсхүл дахин боловсруулах бараа, химийн болон цацраг идэвхит бодис, ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйлс, палеонтологийн болон археологийн олдвор, шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа шинжилгээний материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бараанд Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас /Маягт № 2/-аар гаалийн бүрдүүлэлт хийхгүй." 13.4 "13.3-т заасан бараа, гаалийн нутаг дэвсгэрт болон хилийн чанадад боловсруулалт хийх барааг хувь хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй."-т заасныг зөрчсөн нь
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Бийг Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч П.Гтэй хамтран зохион байгуулагчаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 93.7 хувийн алтны агууламжтай эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 93.7 хувийн алтны агууламжтай 102.4 грамм жинтэй алтыг бугуйвч хэлбэрт оруулан Д.Ганбаярт зүүлгэж,
Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан журмын 13.3 "Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа, мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, барилгын материал, бүх төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, түүхий эд, боловсруулаагүй эсхүл дахин боловсруулах бараа, химийн болон цацраг идэвхит бодис, ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйлс, палеонтологийн болон археологийн олдвор, шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа шинжилгээний материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бараанд Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас /Маягт № 2/-аар гаалийн бүрдүүлэлт хийхгүй." 13.4 "13.3-т заасан бараа, гаалийн нутаг дэвсгэрт болон хилийн чанадад боловсруулалт хийх барааг хувь хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй."-т заасныг зөрчсөн нь
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б "би өөрийн үнэт эдлэлээ бөөгнүүлж Турк улсад аваачиж орчин үеийн ээмэг, бөгж болгохоор П.Гт өгч явуулсан өөр ямар нэг санаа зорилго байгаагүй, би өөрийн эд хөрөнгөөрөө хохирч байна.",
шүүгдэгч П.Г "Б.Бийг гуйхаар нь юм бодолгүй зүүгээд гарч болдог юм байх гэж бодсон гэмт хэрэг болно гэж бодоогүй." гэж тус тус мэтгэлцсэн.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт "Монгол улсын иргэн, харъяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол улсын хилээр гаргахыг хориглоно.", 14.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 15.4-т заасан үнийн дүн хүртлэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг гаальд мэдүүлснээр Монгол улсын хилээр гаргаж болно.",
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1/. "эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ; 2/. "Үнэт металл" гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг хэлнэ." гэж тус тус заажээ.
Үүнээс дүгнэвэл шүүгдэгч Б.Б, П.Г нь хамтран Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд багтах алтыг бугуйвч хэлбэрт оруулан зүүж гаальд мэдүүлэх үүргээ биелүүлэлгүй авч гарсан үйлдэл нь Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй гэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”,
мөн “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч П.Г нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журмын 13.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын агаарын замын боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 93.7 хувийн алтны агууламжтай 102.4 грамм жинтэй алтыг хэлбэр загварт оруулан өөрчлүүлэн зүүж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Б.Бтэй хамтран гүйцэтгэсэн үйлдэл нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,
Шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулсныг,
Шүүгдэгч Б.Б ар гэрийн шалтгааны улмаас зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх боломжгүй байгааг тайлбарлаж торгох ял оногдуулж өгнө үү гэх санал, шүүгдэгч П.Г хууль мэдэхгүйгээс буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж улсын яллагчийн оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б, П.Г нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 124, 125/ тогтоогдсон.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай бусад баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр, шүүгдэгч П.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 93.7 хувийн алтны агууламжтай 102.4 грамм жинтэй алтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж улсын төсөвт оруулахаар Монгол банкинд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г, Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох,
шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, П.Г нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, П.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 93.7 хувийн алтны агууламжтай 102.4 грамм жинтэй 17 734 921 /арван долоон сая долоон зуун гучин дөрвөн мянга есөн зуун хориг нэг/ төгрөгийн үнэ бүхий алтыг /бугуйвч хэлбэрт оруулсан/ хурааж улсын төсөвт оруулахаар Монгол банкинд шилжүүлсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, П.Г нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, П.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ