Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

 

2022            12               26                                               2023/ШЦТ/06

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  ирүүлсэн шүүгдэгч М.М-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.М, 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Сонгинохайрхан дүүргийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн 578 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч М.М нь Н. Намжилтай бүлэглэн:

  2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багт оршин суух хаягтай иргэн Ж.Зоригтын гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг хөнжил,

2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багт оршин суух хаягтай иргэн Б.Ганбаатарын байшинд хууль бусаар нэвтэрч Sony маркийн 32 инчийн телевизор, хором гутал, арьсан гутал, жинсэн өмд, даавуун өмд, куртик, суран бус, 0,75 литрийн 2 шил архи зэргийг авч 1,451,918 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Ж.Зоригтын өгсөн: "Би ганцаараа гэртээ амьдардаг. 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой би Төв аймгийн Баянцогт Даргиат 3-р багийн нутагт гэрээ цоожлоод айлд очиж хонь мал гаргаж өгчхөөд иртэл манай байшингийн цоожийг эвдээд манай гэрээс гурван ширхэг хөнжил аваад явсан байсан. Маргааш нь гурван хөнжлийг маань М, Намжил, манай багийн дарга Даваадорж нар гэрт аваад ороод ирсэн. Тэгээд л Намжил, М нар гэрээс аваад явсныг мэдсэн. Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны үдээс хойш гэрээс гараад шөнө 02 цагийн үед гэртээ ирсэн. Манай алга болсон хөнжлүүд хуучин хөнжил байсан учраас үнэлэх үнэлгээ байхгүй.” гэх мэдүүлэг /хх 14-15/,

Хохирогч Д.Алтантүлхүүрийн өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 22-ны орой би Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3-р багийн нутагт гэртээ ганцаараа байж байгаад оройн 23 цаг өнгөрч байхад ах Монхоодойн гэрт очиж хоноод 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай байшингийн цонх онгорхой байсан.  Тэгээд гэртээ ороод хартал хамаг юмнууд ухаад гаргаад хаясан байсан. Нөхөр маань ээлжийн ажилтай хоносон байсан нөхөр Ганбаатар хэлээд гэртээ буцаад ирсэн. Манай гэрээс зурагтын тавиур дээр байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, хүүхдийн үүргэвчтэй хувцас, орны бүтээлэг, нэрийн сайн мэдэхгүй 0.75 граммын 2 шил архи, манай эрэгтэй хүүхдийн суран бүс, манай нөхрийн өмсдөг байсан хар хөх өнгийн куртик, 2018 оны 9 сард авсан манай нөхрийн эрэгтэй хороомон гутал алга болсон. Би Намжилыг авсан гэж бодож байгаа. Эдгээр эд зүйлс манай гэрээс алга болсон байсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой манай гэрийн хашаанд уяатай байсан хул зүстэй зөв болон буруу талын гуя нь дээрээ давхар саран тамгатай гүү алга болсон. Эдгээр алга болсон гүү, эд зүйлсийг Намжил, М хоёрыг авсан гэж бодож байна. Дээрх алдсан зүйлсээс зурагт, хүүхдийн цүнхтэй хувцас, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг айлын хашаанд байхад нь олж авсан. Манай нөхөрт 2018 оны 3 сард манай охин цэнхэр өнгийн куртикийг 120.000 төгрөгөөр авч өгч байсан. Эрэгтэй хүүхдийн суран бүсийг хадам нь 95.000 төгрөгөөр 2017 онд авч өгч байсан. Хороомон гутлыг 2017 онд 550.000 төгрөгөөр, 0.75 граммын 1 шил архийг 15.000 төгрөгөөр 2 шил архи 30.000 төгрөгөөр, алга болсон гүүгээ 5 сая төгрөгөөр тус тус үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх 66-67/,

Гэрч Н.Намжилын өгсөн: “Улаанбаатар хотоос хамт ирсэн Мын хамт 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Төв аймгийн Баянцогт сумын Ганбаатар гэх айлын байшингийн цонхоор нь орж хавтгай дэлгэцтэй зурагт, цүнхтэй хувцас, орны бүтээлэг зэрэг эд зүйл авсан. Тэгээд гарч яваад эзэнгүй байдаг Тулгаа гэх айлын хашаанд ороод Ганбаатарын гэрээс авсан юмнуудаа тавиад гадаа М бид хоёр унтсан. Унтаж байгаад даараад байхаар нь босоод Зоригоо гэх айлын байшингийн хаалганы цоожийг татахад онгойхоор нь гэрт нь ороод гурван ширхэг хөнжил шкабанаас аваад гарч яваад нөгөө Тулгаа гэх айлын байшингийн чардакан дотор нь ороод Зоригоогийн гэрээс авсан гурван хөнжилөө нөмрөөд унтсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө М бид хоёр унтаж байтал хашаан дотор нь хүмүүс шуугилдаад зурагтаа оллоо гээд байсан. Хэсэг хугацааны дараа Тулгаа ах ирээд байшингийн дээвэр дээрээ гараад чардакаараа ороод ирсэн. Тэгээд М бид хоёр баригдсан. Би Улаанбаатар хотод 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хороололд Говийн наран гэх гуанзанд ажилладаг Дашчимэг гэх Баянцогт суманд 10 жилийн сургуульд хамт сурч байсан ангийн хүүхдийн 2015 оны Ж7 маркийн хар өнгийн корпустай цагаан саарал өнгийн гадартай гар утсыг утсаараа яриад өгье гэж хэлээд аваад явсан ба Сансарын тойргийн тэнд ломбардад тавьсан.

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Улаанбаатар хотоос дүү М.Мын хамт Төв аймгийн Баянцогт суманд 19 цагийн үед ирсэн. Тэгээд Зоригоо ахын гэрт очиж хамт архи уух гэсэн боловч гэртээ байхгүй байхаар нь тэдний гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгож ороод шкафанд нь байсан хөнжлийг нь аваад гарсан. Тэгээд тэдний гэрээс чанх урд байх Ганбаатар ахын гэрт очоод гэртээ хүн байхгүй байхаар нь дотогш ороод зурагт, хромон гутал, цүнхтэй хувцас, суран бүс зэргийг аваад Баттулга ахын байшин руу очоод дээврийн хөндийд нь орж унтаад маргааш өглөө нь баригдсан.” гэх мэдүүлэг /хх 18/,

Шүүгдэгч М.М-ын өгсөн: “Улаанбаатар хотоос Намжилын хамт 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Төв аймгийн Баянцогт сумын Ганбаатар гэх айлын байшингийн цонхоор нь орж хавтгай дэлгэцтэй зурагт, цүнхтэй хувцас, орны бүтээлэг аваад зурагтыг нь ороогоод Ганбаатарын гэрээс гараад Зоригоо гэх айлын байшингийн хаалганы цоожийг татал онгойхоор нь гэрт нь ороод гурван ширхэг хөнжил шкабанаас аваад гарч яваад Тулгаа гэх айлын байшингийн чардакан дотор нь ороод Зоригоогийн гэрээс авсан гурван хөнжлөө нөмрөөд унтсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ний өглөө бид хоёр унтаж байтал хашаан дотор нь хүмүүс шуугилдаад зурагтаа оллоо гээд байсан. Хэсэг хугацааны дараа Тулгаа ах ирээд байшингийн дээвэр дээрээ гараад чардакаараа ороод ирсэн тэгээд бид хоёр баригдсан.

2018 оны 10 дугаар сарын 21-ний орой Улаанбаатар хотод хороололд Намжил бид хоёр очоод намайг автобусны буудал дээр байж бай гээд өөрөө хорооллын эцсийн буудал дээр хойшоо харсан гуанзанд ороод утас аваад гараад ирсэн. Бид такси бариад сансрын тэнд ломбардад утсаа тавиад Намжил бид хоёр КТМС-ийн хойд талд буудалд орж хоноод 2018 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гараад явж байтал манай найз Батаа таараад намайг дуудсан. Машинд нь суугаад тамхи татаж байгаад Баянцогт сум хүргээд өгөөч гэж гуйгаад 20000 төгрөгөөр бензин хийгээд 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гараад Баянцогт суманд 19 цаг өнгөрч байхад ирсэн. Баянцогт суманд ирээд Намжил бид хоёрыг буулгаад манай найз буцаад яваад өгсөн. Бид хоёр 23 цаг өнгөрч байхад Ганбаатарын хашаанд орсон. Тэгэхэд хашаанд адуу байгаагүй. Ганбаатарын хэлж байгаагаар хашаанд ил уясан гэж байсан ил байсан бол бид хоёр харах байсан. Ганбаатар ахын хашаанд ордог шөнө гадаа сартай байсан.” гэх мэдүүлэг /хх 19/,

ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 07/203 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “зах зээлийн хандлагаарх арилжааны шууд харьцуулалтын аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ 1,451,918 төгрөг гарч байна” гэх дүгнэлт /хх 75-80/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-12, 61-64/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 60/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэв.  

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

      Шүүгдэгч М.М нь Н. Намжилтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багт оршин суух хаягтай иргэн Ж.Зоригтын гэрт хууль бусаар нэвтэрч 3 ширхэг хөнжил хулгайлсан",

     2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Даргиат 3 дугаар багт оршин суух хаягтай иргэн Б.Ганбаатарын байшинд хууль бусаар нэвтэрч Sony маркийн 32 инчийн телевизор, хороом гутал, арьсан гутал, жинсэн өмд, даавуун өмд, куртик, суран бус, 0,75 литрийн 2 шил архи зэргийг хулгайлан авч 1,451,918 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т заасан гэмт хэргийн талын шинжүүдийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч М.Мыг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Улсын яллагч шүүгдэгч М.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох санал гаргаж,

  Шүүгдэгч ямар нэг санал гаргаагүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  зааснаар 2 жил хорих ял оногдуулж оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэнд хамаарч, шүүгдэгч М.М нь урьд гэмт хэрэгт холбогдож өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ" гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Мын үйлдсэн  хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь дээрх заалтад хамаарч байх тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид дээрх зүйл заалт хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч М.Мын цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох тул шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 11 сар 20 хоногоор тогтоов.  

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

 

Гэмт хэргийн улмаас Ж.Зоригт, Б.Ганбаатар нарт учирсан хохирлыг бие байдлаар эргүүлэн өгсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

          

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.М-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.М-ыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч М.М-ын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж түүний зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.  

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 1 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

7.Шүүгдэгч М.М-д оногдуулсан 1 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

   9.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ