Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

      2023         3            17                                                        2023/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,

   Шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б, Б нарт холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б, 2002 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн Зуунмод сум Зүүндэлгэр 4 дүгээр баг 9 дүгээр гудамж Б9-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Б, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, компьютерын мэргэжилтэй, ам бүл 5, эмээ, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр баг 68-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай,

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Б, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Яллагдагч Б.Бадамсэрээж, Б.Б нар нь бүлэглэж 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны гадна талбайд "Бааранд бүжиглэж байгаад шүргэлцсэн." гэх шалтгаанаар иргэн Д.Мөнхтулгыг татаж газар унаган баруун дээд хөмсөг рүү нь нэг удаа өшиглаж, мөн иргэн Б.Цэрэндаваагийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, хамар руу нь өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч  Д.Мөнхтулгын өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчим найз Цэрэндаваагийн хамт бааранд орж пиво ууж бүжгийн талбайд бүжиглэж байх үед Цэрэндаваатай тэнд байсан шар үстэй залуу шүргэлцээд нөгөө залуу Цэрэндавааг заамдаад авсан. Тэгээд хамт явж байсан залуучууд нь хүрч ирээд гарах уу, зодолдох уу гээд би Цэрэндавааг салгаж аваад гэртээ харихаар болоод баарнаас гараад найз Батбаатараар гэртээ хүргүүлэхээр машинтай нь дуудсан. Ингээд Цэрэндаваагийн хамт байрны үүдэнд ирсэн. Цэрэндаваа ойролцоо найзындаа байсан эхнэрээ дуудаад эхнэр нь найз охинтойгоо хүрч ирээд бид юм яриад зогсож байтал нөгөө залуучууд араас машинтай ирээд нэг зүс таних залуу нь намайг миний нэрээр дуудаад хүрээд ир зодолдъё гэхээр нь би очихгүй зогсоод байсан. Тэгтэл нөгөө залуус машинаасаа буугаад бидэн дээр хүрч ирээд шар үстэй залуу шууд гараараа миний зүүн духны хажуу руу нэг удаа цохисон. Энэ үед хар куртиктай өндөр залуу намайг татаж унагаад миний нүүрний баруун дээд хөмсөг хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл нөгөө шар үстэй залуу дахиад миний хамар руу нэг удаа өшиглөсөн. Энэ үед Цэрэндавааг хамт ирсэн 3 залуу нь аваад жаахан зайтай бас хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тухайн үед Цэрэндаваагийн эхнэр, түүний найз охин байсан. Манай жолооч найз Батбаатар биднийг маргалдаж эхлэх үед цагдаа дуудах гээд явчихсан. Би дээрх хүмүүст гар хүрээгүй. Газар унасан байх үедээ өөрийгөө хамгаалж тэднийг зуурч доошоо тонгойж биеэ хамгаалж байсан. Шар үстэй залуу эхлээд хүрч ирээд гараараа зүүн хөмсөгний хажуу дээд хэсэгт нэг удаа цохисон. Үүний дараа хар куртиктэй өндөр залуу баруун хөмсөгний дээд талд нэг удаа хөлөөрөө өшиглөж язалсан. Үүний дараа шар үстэй залуу нэг удаа хамар руу өшиглөж шалбалсан.” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Хохирогч Б.Цэрэндаваагийн өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Дээп бааранд найзын хамт суугаад тэндээс гараад 43 дугаар байрны үүдэнд очоод байж байхад Б, Б нар найзуудтайгаа ирээд хамгийн түрүүнд шар үстэй Б ирээд духны баруун талд гараараа нэг удаа цохисон. Түүний дараа намайг доошоо тонгойж байхад эрүүний баруун тал руу нэг удаа өшиглөсөн. Ингээд намайг газар татаж унагаад би гараараа газар тулаад босоод ирэхэд гарын ар талын сарвуу шалбарч зулгарсан. Намайг Баас өөр хүн зодож цохиогүй.” гэх мэдүүлэг /хх 35/,

Гэрч Э.Оргилбаярын өгсөн: “Тухайн өдөр Рагчаасүрэн Пүрэврагчаа бид гурав Дээп бааранд ороод сууж байтал Б Б хоёртой тааралдаад уулзаж юм ярилцаж сууж байгаад Б, Б хоёр дотор байсан хоёр залуутай маргалдсан. Ингээд тэндээс гарч ирээд Б ганцаараа үлдээд цагдаа ирэхээр нь бид яваад өгсөн байсан. Ингээд удалгүй буцаж ирээд Быг аваад явах гэтэл сая намайг эд нар цохисон очиж уулзъя гээд бөөнөөрөө очиж уулзахаар болсон. Очиход машинаасаа гарч ирэхгүй байсан. Б машины улсын дугаарыг нь тайлж аваад эрүүлдээ уулзаж учраа ольё гэж хэлээд яваад өгсөн. Ингээд тараад гэртээ хариад байж байтал Б дуудаад нөгөөдүүл чинь уулзъя гэж байна гээд Б бид хоёрыг ирж аваад 43 дугаар байрны үүдэнд очсон. Ингээд би хөл муутай учир машины хажууд Пүрэврагчаатай үлдсэн. Б Б Рагчаасүрэн гурав уулзахаар явсан. Тэгтэл нэг харахад Рагчаасүрэнг доороо хийчихсэн шар куртиктай Цэрэндаваа гэх залуу өшиглөөд байх шиг харагдсан. Яг хаана нь хэдэн удаа өшиглөснийг хараагүй. Ингээд Рагчаасүрэнг Б Б хоёр босгож байгаа харагдсан. Ингээд Цэрэндаваа, Б хоёр хоорондоо зодолдоод байх шиг харагдсан хэн хаана нь хэдэн удаа юугаар цохихыг хараагүй. Тэгтэл Цэрэндаваагийн найз нь Мөнхтулга наанаас нь очоод бас хоорондоо зууралдаад зодолдоод байх шиг байсан. Би яг сайн хараагүй удалгүй цагдаа ирээд салцгаасан.” гэх мэдүүлэг /хх 37/,

Гэрч Ө.Пүрэврагчаагийн өгсөн: “Би тухайн өдөр хотоос ирээд Дээп бааранд Рагчаасүрэн, Оргилбаяр хоёртой орж суусан. Ингээд байж байхад Б, Б хоёр тааралдаад юм ярьж сууж байгаад Б нэг залуутай муудалцаад тэндээс гарч яваад Б ганцаараа баарны гадаа үлдсэн. Гэртээ харьж явах замд Б утасдаад намайг хоёр залуу цохчихлоо хэдүүлээ бөөндөө яваад уулзъя гээд эргэж цуглаад 43 дугаар байрны үүдэнд очиж уулзсан. Тэгтэл нөгөө хүмүүс машинаасаа бууж ирэхгүй байсан. Б машины улсын дугаарыг авсан эрүүлдээ манай гэрт ирж уулзаарай гэж хэлээд явсан. Гэртээ харих замд Б руу Цэрэндаваагийн эхнэр Энхлэн залгаад машины дугаар аваад ир гээд эргээд очсон. Тэгтэл Б, Б, Рагчаасүрэн гурав уулзахаар явсан. Би Оргилбаяртай хамт машины хажууд үлдсэн. Тэгтэл хоорондоо юм ярилцаж байгаад хоорондоо муудалцаад эхэлсэн. Яваад очиход Рагчаасүрэн газар уначихсан Мөнхтулга, Цэрэндаваа хоёрын доор уначихсан намайг зодчихлоо шүү дээ гээд орилоод байхаар нь Рагчаасүрэнг салгаад машин руу аваад явсан. Тэгтэл цагдаа хүрч ирээд бид нарыг салгасан.” гэх мэдүүлэг /хх 40/,

Гэрч С.Батбаатарын өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой гэртээ байж байхад найз Мөнхтулга, залгаад дээп бааранд байна гэр рүү хүргээд өгөөч гээд дуудахаар нь машинтайгаа ирж Дээп баарнаас Цэрэндаваа гэх найзтай нь хамт авсан. Ингээд баарнаас гарах гэтэл үүдэнд дотор зогсож байсан танихгүй урт хар куртиктай хүрэн ягаан өнгийн юүдэнтэй малгайтай залуу миний куртикнаас барьж татаад хөөе чи энэ хоёрыг өмөөрөх гэж ирсэн юм уу гэхээр нь юу яриад байгаа юм бэ найзыгаа хүргэж өгөх гэж байна гээд буцаад суудалдаа суусан. Ингээд Мөнхтулга жаахан байж байгаад гаръя наадуул чинь олуулаа байна гээд суугаад байж байтал Мөнхтулгын утас дуугараад гарч утсаар яриад ирье гээд үүдэнд гарчхаад эргэж орж ирэхдээ утсаар яраалахгүй зодолдъё гээд байна яах вэ гэхээр нь би наадуул чинь олуулаа байна цагдаа дуудчихъя гээд би цагдаа руу Дээп баарнаас гаргахгүй зодолдъё гээд олон залуучууд үүдэнд нь тосож хүлээгээд байна гэж дуудлага өгсөн. Тэгтэл удалгүй эргүүлийн цагдаа нар хүрч ирээд бид гараад машиндаа суугаад хөдөлсөн тэгтэл араас нөгөө залуучууд бололтой машинтай хүмүүс дагаад байсан. Ингээд тэр хүмүүсээс салах санаатай жаахан зугтаж төвөөр явж байгаад харагдахгүй болчихоор нь Цэрэндаваагийн эхнэрийг авахаар 43 дугаар байрны үүдэнд очоод зогстол араас нөгөө машин хүрч ирээд зогсоод дотроос нь баахан залуучууд бууж ирээд өөдөөс явахаар нь би хаалгаа дотроос нь түгжээд онгойлгоогүй. Гэтэл гаднаас баахан цонх нүдэж балбаж байгаад шар үстэй залуу богино хар куртиктэй өндөр залуу хоёр машины урд талын улсын дугаар тайлаад аваад яваад өгсөн. Ингээд Цэрэндаваа эхнэрээ дуудаад эхнэртээ миний машины улсын дугаарыг аваад өгөөч гэж хэлээд удалгүй нөгөө залуучууд Цэрэндаваагийн эхнэртэй утсаар яриад буцаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөх гээд залгатал утсаа авахгүй болохоор нь өөрөө машинтайгаа цагдаа дуудах гээд хөдөлтөл цагдаа ирж байгаа харагдсан. Ингээд би шууд эргээд дагуулаад иртэл зарим нь явган зугтаад нэг хэсэг нь машиндаа суугаад хөдлөхөөр нь цагдаагийн машин араас нь очиж зогсоогоод би араас нь очоод машины улсын дугаар хаана байна гэтэл нэг нь май гээд барж явж байснаа Цэрэндаваагийн эхнэрт гаргаж өгснийг би авсан.” гэх мэдүүлэг /хх 43-44/,

Гэрч Э.Энхлэнгийн өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Цэрэндаваагийн хамтаар төрсөн найзыгаа эргэхээр 43 дугаар байранд очоод байж байтал нөхрийн ажлын залуу нөхрийг дуудаад манай нөхөр гарчхаад ирье гээд явсан. Ингээд байж байтал 01 цагийн үед манай нөхөр явъя гадаа ирсэн байна чамайг таньдаг гээд залуучууд Батбаатарын машины улсын дугаарыг аваад явчихлаа гэж ярихаар нь найзтайгаа хамт гараад ирэхэд Мөнхтулга, манай нөхөр, Батбаатар гурав ирчихсэн байсан. Ингээд манай нөхөр надад хандаж бааранд хэдэн залуучууд тааралд надаас чи Энхлэнгийн нөхөр мөн үү гээд асуугаад мөн гэж хэлтэл нөгөө залуучууд инээгээд байсан. Чамайг таньдаг юм шиг байна чи Батбаатарын машины улсын дугаарыг аваад өгөөч гэхэд ангийн групп дээр манай ангийн Б гэх залуу Энхлэнгийн дугаар байна уу гээд бичсэн байхаар нь би утасны дугаараа бичтэл Б байна танай нөхөр хаана байна гээд залгахаар нь би 43 дугаар байрны үүдэнд хамт байна гээд хэлэхэд машинтай хүрээд ирсэн. Ингээд машинтай хүмүүс ирээд дотроос нь Б, Б нар өөр танихгүй 3 залуутай бууж ирэхээр нь би найзтайгаа хамт өөдөөс нь алхаж очоод юу болсон юм бэ манай нөхрийн найзын машины улсын дугаар өгөөч ээ гэхэд Б нөхөртэй чинь эр хүн шиг яриад өгчихье гэж хэлээд шууд миний хажуугаар өнгөрч манай нөхөр дээр очоод Б гэх залуу манай нөхрийг гараараа нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Энэ үед Мөнхтулга машинаас бууж ирээд Билэгсайхан, Мөнхтулгыг гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Б Мөнхтулгыг татаж газарт унагаад нүүр рүү нэг удаа өшиглөөд үүний дараа Б мөн нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед манай нөхрийг нөгөө хамт явж байсан залуучууд нь мөн хажуу талд ойролцоо зууралдаад машины хажууд ноцолдоод байсан.” гэх мэдүүлэг /хх 45/,

Шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед найзтай Зүүндэлгэрээс Бы хамт төв орж ирсэн. Ингээд Дээп бааранд ирээд Оргилбаяр, Рагчаасүрэн, Пүүжээ гэх найзуудтайгаа таараад пиво ууцгааж суугаад би бие засчхаад эргээд ороод иртэл Билэгсайхан бүжгийн талбайд бүжиглэж байгаа харагдсан гэтэл нэг залуу Быг мөрлөх шиг болохоор нь би хүрч очоод нөгөө залууд нь хандаж яагаад байгаа юм бэ гэхэд уучлаарай би санамсаргүй мөрлөчихлөө гэж хэлсэн. Ингээд Б нөгөө залууг заамдаад хоорондоо барилцаж аваад баарны зөөгч эгч больцгоо гээд салгаад бид нар баарнаас гарсан. Ингээд буцаж ороод уух юм дуусаагүй учраас эргэж орж пивоо ууж дуусгаад энэ үед нөгөө залуу хамт байсан хоёр хүнтэйгээ гараад явчихсан. Тэгэхээр бид хэд араас нь гараад гадаа зогсож байхаар нь явж очоод зодолдох гээд байж байтал эргүүлийн цагдаа хүрч ирээд тарцгаа гээд бид тарсан. Ингээд цагдаа явахаар нь бид машинтай нөгөө хэдийг араас нь хөөгөөд нөгөө хэд зугтаад алга болчихоор нь хайгаад олдохгүй болохоор нь Дэнж рүү явж байтал нөгөө хэд урдуур яваад Оёдлын үйлдвэрийн байрны баруун талд очоод зогсохоор нь буугаад очтол хаалгаа түгжээд нээхгүй байхаар нь машиных нь улсын дугаарыг түгжээг нь тайлж аваад явган зугтаасан нөгөө хэд араас машинтай явж байгаад буцаад яваад өгсөн. Ингээд гэртээ харья гээд Усны аж ахуйд Оргилбаяр бид хоёр найзындаа хүргүүлээд байж байтал Б залгаад нөгөө машины номерыг нь өгье гээд хүрч ирээд ингээд хамтдаа Оёдлын үйлдвэрийн байрны хажуу талын байрны үүдэнд ирээд машиных нь хажууд очоод зогсоод, нөгөө залуучууд машиныхаа гадаа зогсож байсан. Энэ үед манай дунд сургуулийн ангийн Энхлэн,
Энхчимэг хоёр түрүүлж өөдөөс хүрч ирээд Бтай юм яриад тэгтэл Б хажуугаар нь зөрж өнгөрөөд нэг залуутай нь уулзаад барилцаад авсан. Тэгтэл Рагчаасүрэн дундуур нь ороод зууралдаад дээр дороо оролцоод байхаар нь би өмөөрөөд эхлээд Энхлэнгийн нөхөртэй барилцаж аваад гараараа нүүр рүү цохилцоод нэгнийгээ хальт цохиод онохгүй байсан. Энэ үед Б Рагчаасүрэн хоёр орж ирээд Энхлэнгийн нөхрийг гараараа нүүр рүү нь цохисон. Би энэ үед нөгөө найз Мөнхтулгыг нь барьж аваад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиод ээлжлээд зодсон.” гэх мэдүүлэг /хх 68-69/,

Шүүгдэгч Б.Бы өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой дээр бааранд Б, Оргилбаяр Рагчаасүрэн, Пүүжээ нарын хамт 23 цагийн үед ороод пиво ууцгаагаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байгаад буруу хараад зогсож байтал араас нэг хүн мөрлөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад яасан бэ яагаад мөрлөөд байгаа юм бэ гэхэд нөгөө залуу надад хандаж чи өөрөө мөрлөөд байгаа биз дээ гэж хэлсэн. Ингээд бид хоёр хоорондоо маргалдаад зогсож байтал Б босч ирээд яагаад байгаа юм бэ гээд нөгөө залууд хэлэхэд нөгөө залуу танай хүн чинь өөрөө мөрлөөд байна шүү дээ гэж хэлсэн. Ингээд би Бийг боль гээд аваад суудалдаа суулгасан. Тэгтэл нөгөө залууг мөн найз нь бололтой хүн босож ирээд суудалдаа сууцгаасан. Ингээд бүжгийн талбайд би дахин гараад бүжиглэж байгаад харахад нөгөө надтай мууддаг залуу манай ширээн дээр оччихсон Бтэй хэрэлдээд зогсоод байсан тэгэхээр нь хажууд нь очиход нөгөө залуу та нар олуулаа юм бол би бас найзуудыгаа дуудна тэгээд зодолдъё гэж хэлсэн. Ингээд удалгүй найз нь гэх Батбаатар хүрч ирээд эрүүл байсан учир ярилцаад ойлголцож байсан. Ингээд бүгд гадаа гарахаар болоод баарны эзэн эхлээд тэр хэдийг гаргаад араас нь бид нарыг гаргасан. Бид нар гараад шууд нөгөө Батбаатарын машин дээр очиход би нөгөө дотор муудсан залууд хандаж зодолдох уу гэж асуугаад энэ үед Батбаатар болон өөр нэг найз нь намайг ингэж болохгүй гэж хэлээд би уучлалт гуйсан. Ингээд нөгөө залуу надад салаавч өгөөд ингэж уучлалт гуйдаггүй юм гээд байсан. Энэ үед эргүүлийн машин ирээд бид нарыг эртхэн явцгаа тарцгаа гээд манайхан явцгаагаад би ганцаараа үлдсэн байх байхад нөгөө залуу гараараа миний толгой руу нэг удаа цохисон хажууд нь байсан залуу бас мөн намайг нэг удаа гараараа толгой руу цохисон. Ингээд машиндаа суугаад яваад агсан. Тэгэхээр нь би нөгөө хэдийг дуудаад Рагчаасүрэн дүүгийнхээ машинтай бид нарыг суулгаад нөгөө залуучуудын араас очиж зодолдъё гээд дагаад яваад байсан нөгөө залуучууд Зуунмод сумын нэг бүтэн тойроод төв рүү ороод алга болсон. Ингээд бид Дэнж орохоор явж байтал Оёдлын үйлдвэрийн баруун талын байрны үүдэнд нөгөө хэдийн машин зогсож байгаа харагдахаар нь хүрч очоод машинаасаа буугаад очиход нөгөө залуучууд машинаа дотроосоо түгжчихээд бууж ирэхгүй байсан. Тэгэхээр нь Б урд талын улсын дугаарыг нь салгаж аваад яваад өгсөн. Тэгээд гэр рүүгээ харих гээд явж байхдаа ангийн групп дээр Энхлэнгийн утасны дугаарыг асуухад Энхлэн өөрөө дугаараа бичсэн байсан. Тэгэхээр нь би Энхлэн рүү залгаад нөхрийгөө маргааш надтай эрүүлдээ уулз гэж хэлээрэй уулзаад машины улсын дугаараа аваарай гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл Энхлэн дахиж залгаад одоо яваад ирээ улсын дугаараа авна гэж байна гээд хэлэхээр нь буцаж очоод би машинаас буугаад
улсын дугаарыг нь Энхлэнд өгсөн. Тэгтэл цаанаас нь нөхөр нь одоо үзэх юм уу гээд байсан. Тэгтэл Рагчаасүрэн түрүүлээд очтол Энхлэнгийн нөхөр хөлөөс нь дээшээ өргөөд тэр хоёр барилцчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би араас нь очоод Энхлэнгийн нөхрийг хөлөөрөө гэдэс рүү нэг удаа жийж өшиглөөд, гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Энхлэн бид нарыг хорьсон тэгээд хэсэг салаад больсон. Тэгтэл Энхлэнгийн нөхөр эхнэртээ хандаж чи ангийнхаа хүүхдүүдийг дуудаж намайг зодууллаа гоё юм аа гээд хашхираад байхаар нь би Энхлэнг өмөөрөөд эргэж очоод Энхлэнгийн нөхрийг дахиад нэг удаа гараараа нүүр рүү цохиод хажууд нь байсан найзыг нь нэг удаа хөлөөрөө гуя руу өшиглөөд, нүүр рүү нь нэг удаа цохиод, нэг удаа хөлөөрөө жийж өшиглөсөн хаана нь өшиглөснийг мэдэхгүй байна доогуур л өшиглөх шиг болсон. Энэ үед Б бас хажууд Энхлэнгийн нөхөр болон нөгөө нэг найзтай нь барилцаж аваад зодолдоод байсан. Яг яаж зодолдож цохилцож байгааг нь нарийн харж чадаагүй.” гэх мэдүүлэг /хх 71-72/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн: “1.Б.Цэрэндаваагийн биед гэмтэл духны баруун талд зулгаралт, эрүүний оочны баруун төлд зулгаралт, баруун гарын долоовор хурууны 2 дугаар үений гадна гадаргад зулгаралт, баруун гарын дунд хурууны дунд хурууны 3 дугаар үений дээд гадаргад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Б.Цэрэндаваагийн биед учирсан дээр гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Б.Цэрэндаваагийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн: “1.Д.Мөнхтулгын биед духны баруун төлд баруун хөмсөгний дээд шарх, баруун чамархайн хуйханд зулгаралт, хамрын нурууны зүүн талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Д.Мөнхтулгын биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Д.Мөнхтулгын биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 55/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12-15/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

  Шүүгдэгч Б.Б, Б.Б нарын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэднийг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б, Б.Б  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Б, Б.Б нарт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мөнхтулга, Б.Цэрэндаваа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Д.Мөнхтулга, Б.Цэрэндаваа нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх 97, 98/ авагдсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон Бямбацогтын Б, Сартуул Батпүрэвийн Б нарыг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгж  тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б нарт оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Б.Б  нар нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ