Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           3            20                                                      2023/ШЦТ/113      

                        

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Э.Билгүүн, Ц.Оргил, М.Өлзийцэцэг,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн дугаартай, 5 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Н, 1982 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хөөмийч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын нутаг "Мянган хурганд” гэх газар байрлах иргэн Ц.Огийн эзэмшлийн ферм болох тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га хэмжээтэй 0320943 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн зориулалттай 2 га хэмжээтэй 0320944 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг худалдаж авна гэж хуурч, бодит байдлыг нyyх замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан, улмаар бусдад их хэмжээний хохирол буюу 2 435 773 587 /хоёр тэрбум дөрвөн зуун гучин таван сая долоон зуун далан гурван мянга таван зуун наян долоо/ төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Ц.О-гийн өгсөн: ”Манай нөхөр Баяраагийн Ганхүү бид хоёр 1999 оноос "Хүрээ такси" ХХК-нийг үүсгэн байгуулж ажиллуулж ирсэн. Энэ компани туслах нэгжид Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг Мянган хурга гэх газарт үхрийн фермийг 2006 оноос эхэлж үүсгэн байгуулж өргөжүүлсээр 2019 онд нөхрийн бие муудаж эмчилгээний зардалд маш их мөнгө шаардлагатай байсан учир фермээ зарахаар болж зарь тавьсан. Үүний дагуу Н гэх залуу эхнэртэйгээ хамт ирж манай нөхрийн биеийг муу байхад манай гэрт ирж уулзаад фермээ хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаар асуухад нь бид 1 тэрбум төгрөгөөр зарах бодолтой байгаа гэдгээ хэлэхэд байршил асуугаад очиж сонирхоод эргээд хариу хэлнэ гээд явсан. Ингээд тэр хүн сураг чимээгүй болчихоор нь авахаа болчихсон юм  байна гэж бодсон. Тэгтэл 2020 оны 8 дугаар сард манай нягтлан Өлзийбуян руу яриад танай фермийг авах хэвээрээ шүү дээ бидэнд ажил явдал гараад хөдөөгүүр явж байгаад ирлээ гэж хэлэхээр нь манай нягтлан та нарыг больсон юм болов уу гэж бодсон шүү дээ манайх зарлалаа явуулж л байгаа гэж хэлсэн байсан. Үүний дараа Н манай гэрт дахин ирж манай нөхөртэй уулзаад бид нар объектыг чинь очиж үзлээ бид нар авахаар шийдсэн банкнаас зээл авч худалдаж авах гэж байгаа юм зээлийн асуудал шийдэгдэхээр болчихсон байгаа би Монгол улсыг төлөөлж дэлхийд хөөмийгөөр нэрээ гаргасан хүн байгаа юм надад фермийн аж ахуй эрхлэх ажил санаанд багтаад байгаа юмаа гэж хэлээд бидэнд банкнаас зээл авах боломж байгаа манай эхнэрийн эгч нь банкны зээл хариуцсан хүн байгаа зээл бүтэх л юм бол 14-30 хоногийн дотор шууд мөнгөө бэлэн өгнө гэж хэлээд жаахан доошоо яриач гэж байгаад манай хүн 800.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод явсан. Үүнээс 3 хоногийн дараа Н залгаад бидний хөөцөлдөж байгаа зээлийн хэмжээ их байгаа юм  чинь үл хөдлөхийн гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлж өгвөл банкинд барьцаалах гээд байна гэхээр нь манай объектын үл хөдлөхүүдэд гэрчилгээ байдаггүй юм, чи нэгэнт авах гэж байгаа юм чинь эхний ээлжинд 30 сая төгрөг өгчих тэгвэл ах нь бүх бичиг баримтыг нь хөөцөлдөөд аваад өгч чадна гэж хэлсэн. Тэгтэл тодорхой хариу өгөлгүй яваад өгсөн. Ингээд хэд хоногийн дараа Н манай нөхөр лүү утсаар яриад газрын татвараа төлсөн үү, тогны мөнгөө өгсөн үү, өр зээл байгаа юу гэх зэргээр яг л худалдаж авах гээд байгаа хүн шиг асууж сураглаж байсан. Манай нөхөр үүний хариуд нь нягтлантайгаа утсаар ярьж татвар, цахилгаан төлсөн, ус, хогний мөнгө төлсөн баримт зэргийг бүгдийг нь Нын мэйл хаяг руу нь явуулсан. Тэгтэл Н үүний дараа дахин утсаар залгаад үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг та хөөцөлдсөнөөс би өөрөө хөөцөлдөж гаргуулсан нь  арай хурдан гарах юм байна мөн ферм байгаа 2 га газраа миний нэр дээр шилжүүлэх шаардлагатай байна гэж ярихаар нь үнэхээр худалдаж авах гэж байгаа юм байна гэж итгээд нөхөр бид хоёр зөвшилцөөд нөхөр маань босч чадахгүй бие муу байсан учраас нягтлан Өлзийбуянд утсаар хэлсэн. Ингээд удалгүй нөхрийн маань бие муудаад Гэмтэл согог судлалын Үндэсний төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх үед Н манай нягтлан руу залгаж газраа шилжүүлж авмаар байна гэж хэлээд манай  нягтлантай уулзаад эмнэлэг дээр дагуулж ирээд манай нөхөр Өлзийбуянг нотариат дагуулаад ир гэж хэлтэл нягтлан нотариат олж чадаагүй учир дараа больё гэж хэлсэн. Тэгтэл Н өөрөө яваад нотариатч олоод итгэмжлэлийг нь бэлдээд эмнэлэг дээр дагуулж ирээд эмнэлгийн цонхон дээр зогсож байгаад итгэмжлэл дээр гарын үсэг зуруулах гэтэл манай нөхөр зурж чадахгүй үзгээ унагаад бие нь маш муу гарын үсэг зурах чадамжгүй болоод дараа больё гэж хэлтэл өнөөдөр л гарын үсгээ зурахгүй бол амжихгүй шүү дээ гээд байсан. Тэгтэл ирсэн нотариатч хүн нь та нар гарын үсэг зурах боломжгүй чадваргүй хүн дээр авч ирлээ нотариат хийхгүй гээд татгалзах гэтэл Н надад хандаж хүн холоос авч ирлээ шүү дээ та өмнөөс нь гарын үсэгний доод талд нь гарын үсэг зурчих гээд би гарын үсэг зурсан. Манай нөхрийн гарын үсэг бол бүтэн зурагдаж чадаагүй зураас төдийхөн л юм байсан. Ингээд л Н маргааш өдөр нь нягтлан Өлзийбуянтай хамт Баянчандмань сум орж газрын даамал дээр очиж 2 га газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа Өлзийбуян очиж фермерийнхээ барилга байгууламж, тоног төхөөрөмж, үхэр, сүрэг, машин техник бүх юмаа нэг бүрчлэн тоолж тоо ширхэгээр нь эхнэр Болормаад нь хүлээлгэж өгсөн байсан. Энэ хугацаандаа 2 га газар дээр байрлах ажилчдын байр, тугалын байр, үнээний байруудыг гэрчилгээжүүлээд авчихсан байсан. Ингээд үүнээс хойш мөнгө чинь болж байна уу зээл бүтэж байна уу гээд асуухаар одоо яг болох гэж байгаа өнөө маргаашгүй гарчихна, ирэх долоо хоногт гарна, та нар хэдхэн хоног хүлээгээрэй ахаа, эгчээ гэх зэргээр одоог хүртэл худлаа хэлээд нэг ч төгрөг өгөхгүй залилаад яваад байгаа. Энэ хугацаанд очиж фермээ үзэхэд тоног төхөөрөмжүүд байхгүй, үхэр сүргийн 60 хувь байхгүй, түргэн зарагдах эд зүйл хөрөнгүүд бүгд байхгүй яасан нь мэдэгдэхгүй алга болчихсон байна лээ бодвол зарсан болов уу гэж бодож байна. Үүнээс дүгнэхэд Н ерөөсөө анх авсанаасаа эхэлж манай фермийг зориулалтаар нь ажиллуулах сонирхолгүй түргэн мөнгө болох зүйлүүдийг нь зарчихсан ер нь одоо биднийг залилах зорилготой байсан нь харагдаж байгаа юм.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 15-16 хуудас/,

гэрчээр өгсөн: "2007 онд Төв аймгийн Баянчандмань сумын Мянган хурган гэх нэртэй газарт газрын зөвшөөрөл хүсэж сүүний үхрийн чиглэлээр үнээний ферм байгуулсан. Фермд үхэр сүрэг хэрэгтэй учир Хятад улс руу 2-3 удаа явж судалгаа хийсэн. Сүүний чиглэлийн хар тарлан үхэр сонгож урд байгаа хүмүүстэй гэрээ хийж Монгол улсаас ямар бичиг баримт бүрдүүлж зөвшөөрөл авахыг нь судалж 60 ширхэг эм гунж оруулж ирсэн. Намраас нь 80 үхрийн ферм байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2010 оноос фермээ өргөжүүлээд стандартын дагуу сендвич талаас доош нь тоосгон ферм байгуулсан. Мөн 3 айлын ажилчдын орон сууц, худаг, 380 цахилгаан дэд станц, малын тэжээл бэлтгэхийн тулд газар хэрэгтэй болоод засаг даргаас тариалангийн талбай хүсэж 70 га газрын зөвшөөрөл авч тэжээл тариалж эхэлсэн. Тэрнээс хойш үйл ажиллагаа явуулж үхэр 120 толгой, трактор 4 ширхэг, ковш 1 ширхэг, юниверсал трактор 1 ширхэг, 10тн чиргүүл, дарш хураагч комбайн 2 ширхэг, пад трактор, 1 га услалтын систем гэх мэт эд хөрөнгөтэй байсан. Манай нөхөр 2019 оны сүүл 12 сараас эхэлж бие нь өвдөөд элэгний хорт хавдартай, сахар өвчтэй гэсэн. Бид ярилцаж байгаад фермээ зарахаар болсон. ...манай нөхөр 2020 оны 9 дүгээр сарын 16-нд эмчилгээгүй болж эмнэлгээс гарч 2020.10.09-ний өдөр нас барсан. Тэрнээс хойш би уг хүн рүү холбогдож мөнгө төгрөг хэрэгтэй байгаа талаар хэлж нэхэхээр ковид гарчихсан гарч чадахгүй банк удахгүй гаргаж өгнө гэсэн хүлээлт ихтэй байгаад байна шийдэж өгөхөд хугацаа шаардлагатай байна гэж хэлээд тантай ярьж байгаа бичлэгээ тогтмол хийж байгаа гэх зэрэг зүйл ярьж байсан. Тэгээд би уг хүнтэй уулзахаар тохироод надтай ирж уулзахаар нь би худалдах, худалдан авах гэрээгээ хийж баталгаажуулмаар байна гэж хэлэхэд асуудалгүй гэж хэлээд гэрээ хийгээгүй. Би өмгөөлөгч авч өмгөөлөгчийн хамт 2021.4.06-ны өдөр ирээд уулз гэж хэлэхэд ирсэн бөгөөд чи мөнгө төгрөгөө өгөхгүй бол эд хөрөнгөө буцааж авъя гэхэд тийм зүйл байхгүй өгөхгүй гэж уурлаад чамтай ярихгүй итгэмжлэл өгсөн Өлзийбуянтай ярина гээд гараад явахаар нь Цагдаагийн байгууллагад хандсан." гэх мэдүүлэг /1  хх 19-20/,  

2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор өгсөн: ”Хэрэв Н фермийн эд хөрөнгийг буцаах, наймаагаа болих асуудал ярьж байгаа бол бүтэн жилийн хугацаанд тухайн фермийн 101 тооны үнээний сүүний орлого, 72 га талбайд тариалсан арвай, эрдэнэ шиш, овьёосыг  тухайн үед хүлээлгэж өгсөн түүний тариалангийн төлбөр, мөн энэ жил тариалах байсан тариа түүний ашиг, цэвэр Франц хар тарлан үйлдвэрийн бух байсныг зарсан учир ирэх жил ямар ч төл байхгүй жилдээ 70 орчим хувийн төл авдаг байсан. Тэгэхээр 101 үнээнээс 60-70 орчим тугалын төлбөр гэх мэт зардалууд нэмэгдэж нэхэмжилнэ. Тийм учраас одоо наймаа буцна гэсэн асуудал бол байхгүй ээ. Би энэ хүнийг бүтэн жилийн хугацаанд тухайн мөнгөө өгөх болов уу гэж зөндөө итгэж харлаа харин энэ хүн миний итгэл үнэмшилийг эвдэж, зохиомол байдал бий болгож банкнаас зээл авч байгаа хариу нь гараагүй хүлээгдэж байна түр хүлээ, хугацаа өгөөч удахгүй зээл гарчихна мөнгийг чинь өгнө гэх зэргээр намайг худал мэдээллээр төөрөгдүүлж сэтгэл санааны болон эдийн засгийн маш их хохирол учруулж байна. Тийм учраас энэ хүнийг намайг залилан мэхэлж, зохиомол байдал үүсгэж, намайг хохироож байгаа үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Хэргийн явц байдал маш удаашралтай байна. Түргэн шуурхай хуулийн дагуу шийдвэрлүүлж хохирлоо барагдуулж авах хүсэлтэй маш их гомдолтой байна. Ер нь энэ Н гэх хүн анх талийгаачийг нас барснаас хойш надтай харилцахдаа надад хандаж "Энэ асуудал танд хамаагүй асуудал шүү, тантай бол ярихгүй, танай талийгаач нөхөр надад амьд байхдаа наймаа буцахгүй шүү гэж хэлж байсан. Би энэ фермийг чинь чамд өгөхгүй." гэж хэлээд гарсан. Түүнээс хойших харилцаа, яриа хөөрөөндөө дандаа юмыг хойшлуулдаг, худлаа хэлдэг, шалтаг  зовлон тоочдог, хугацаа өгөөч гэж гуйдаг, анхнаасаа төлбөр төлөх, барагдуулах ямар ч сонирхолгүй. Хэрэв тийм сонирхол байсан бол одоог хүртэл ядаж тодорхой хэмжээний төлбөр төлөх байсан. Тэгтэл нэг ч төгрөгийн төлбөр барагдуулж өгөөгүй байгаа. Мөн энэ хүний цаад санаа бодол нь хохирогчид төлбөр төлөхгүйгээр эд хөрөнгүүдийг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч барьцаанд тавих, зээл авах, бусдын эд хөрөнгийг дур зоргоороо өөрийн юм шиг захиран зарцуулах, өөртөө давуу байдал бий болгох зэргээр цаг хугацааг өнгөрөөж хохирогчийг илүү их хохироож, дээр нь хохирогчийн гэр бүлийн хүнийг нас барсаныг далимдуулж анхны тохиролцоог талийгаачтай хийсэн байсан гэж тайлбарлан хохирогчийг гомдол гаргах эрхгүй мэтээр ярьж энэ харилцааг иргэний эрх зүйн харилцаа юм шиг тайлбарлаж эрүүгийн хариуцлагаас зайлсхийж, зугтааж гэмт хэрэг хийгээгүй мэтээр явж байгааг дүгнэхэд залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг тодорхой агуулж байна гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /3 хх-ийн 13 хуудас/,

Гэрч Б.Өлзийбуянгийн өгсөн: ”Миний ажилладаг компанийн захирал Б.Ганхүүгийн бие муудаад хэвтэрт орчихсон байсан. Тухайн үед гадагшаа эмчилгээнд явахад их хэмжээний мөнгөний хэрэг болох юм байна гэж хэлээд ферм зарна гээд надаар Үнэгүй.мн, миний зар, зар мэдээ, шуурхай зар, 1950, 25, ТВ9 гэх зэрэг зар тавих боломжтой бүхий л зүйлд “Төв аймгийн Баянчандманьд байрлах үхрийн ферм 1.6 тэрбум төгрөгөөр зарна” зар өгсөн. Тэгээд утсаар холбогдсон хүмүүстэй яриад доод тал нь 1.2 тэрбум төгрөгөөр зарна гэж хэлээд ирж үзэхээр болсон хүмүүст газрыг нь зааж өгч байсан. Утсаар холбогдож ирж үзсэн хүмүүсийн нэг нь Н.Н гэх залуу Баянчандманьд очиж үзээд 800 сая төгрөгөөр авахаар болоод Б.Ганхүү захиралтай ярилцаад тохирсон гэж хэлсэн. Тухайн үед захирал миний утас руу залгаад газрынхаа гэрчилгээг шилжүүлээд өгчих гэж хэлсэн бөгөөд тус газар миний нэр дээр биш учир Н.Н нь би нотариат олоод очьё гээд захирлын хэвтэж байсан ГССҮТ-д дээр очоод уг нотариатчаар надад итгэмжлэл хийлгээд захирлын хэвтэж байсан өрөөний цонхны гадна байж байгаад итгэмжлэлээ цонхоор нь өгч гарын үсэг зуруулах гэтэл үзгээ барьж чадахгүй гарын үсэг зурах боломжгүй байна гэж хэлсэн. Тухайн үед захирал байнгын хэвтэрт амьсгалын аппараттай байсан. Зурж чадахгүй байхаар нь  эхнэр нь дараа нь ирж зуруул эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гэж хэлтэл нэрээ шилжүүлж авч байж банкинд өгч байгаад зээлээ яаралтай гаргуулах хэрэгтэй байна. Уг бичиг баримтаа өгчихвөл өнөө маргаашгүй зээл нь батлагдаад мөнгө нь ороод ирнэ гэж хэлээд байхаар нь захирлын эхнэр эмнэлгээс гарч ирээд Б.Ганхүү гэж нэрийг нь бичсэн тэрнээс биш захирал гарын үсэг зурахдаа нэрээ бүтнээр нь бичдэг таталдуулдаг зүйл байхгүй. Маргааш нь Төв аймгийн Баянчандманьд очход Засаг даргын тамгийн газрын орлогч нь өөрөө нотариат хийдэг гээд тэр хүнээр газрын гэрчилгээг Н.Нын нэр дээр шилжүүлж өгсөн. Хэд хоногийн дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр захирлын найзтай хамт ферм рүү очиж Н.Нын эхнэр Болормаад эд зүйл буюу байгаа бүхий л хөрөнгөө хүлээлгэж өгөөд акт үйлдэж гарын үсэг зуруулж авсан. Ныг өөрөө ирэхгүй хайчсан талаар асуухад Төв аймаг руу бичиг баримт хөөцөлдөж явж байгаа гэж хэлсэн. Уг хүнд хөрөнгөө хүлээлгэж өгчихөөд буцаад Улаанбаатар хотод ирсэн. Манай фермийн барилгууд ямар ч үл хөдлөхийн гэрчилгээгүй байсан гэтэл Н.Н 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөрөнгө шилжүүлж өгөхөөс өмнө гэрчилгээ гаргуулчихсан байсан. Н.Н газрын гэрчилгээг шилжүүлэхээс өмнө цахилгааны төлбөр төлсөн баримт, газрын төлбөр төлсөн баримт зэргийг надаас нэхээд mail хаягаар авсан. Хулан захирал над руу залгаад мөнгө нь юу болж байгаа талаар асуугаад хариу хэлээч гэхээр нь  залгаад асуухад 2 банк, ЖДҮ-д зээл авахаар материалаа бүрдүүлээд өгчихсөн байгаа гэж хэлж байсан. Тэгээд мөнгө нь орж ирээгүй байгаа орж ирэхээр нь шилжүүлнэ гэдэг боловч одоог хүртэл мөнгөө өгөөгүй. Уг хүн ерөөсөө залгаж ярьдаггүй бөгөөд би 2-3 удаа залгаж асуусан, захирал 2-3 удаа өөрөө ярьсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23-24 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунцэцэгийн өгсөн: “Хүргэн ах Б.Ганхүү, миний төрсөн эгч Ц.О нар 2006 оноос эхлэн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн “Мянган хурганд” гэх газарт 2 га газрын хэмжээтэй үхрийн ферм, 70 га хэмжээтэй тэжээлийн ургамал тариалах аж ахуйг эрхлэн Хятад улсаас сүүний чиглэлийн хар тарлан шилмэл үхэр оруулж ирж өсгөн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 10 гаруй жил тогтвортой, үр ашигтай ажиллаж ирсэн. Уг үхрийн ферм нь 2150 мкв бүхий үхрийн ферм, тугалын байр, ажилчдын байр, услалтын систем, малын тэжээл тарих, хураахад шаардагдах бүхий л трактор, даршны комбайн, худаг,дарш хийх бетонжуулсан нүх зэрэг иж бүрэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бүхий тог цахилгаанаар бүрэн хангагдсан Фермерийн аж ахуй юм. 2019 оноос хүргэн ах Б.Ганхүүгийн бие муудаж, хүндээр өвдөж гадаадын улс оронд эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай болсны улмаас фермерийн аж ахуйгаа яаралтай зарах шаардлагатай болж 2020 онд “Ремакс” гэх зуучлалын газарт хандан зар өгсөн. Уг ферм нь 2020 оны үед 2 тэр бум гаруй төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд хурдан хугацаанд зарах шаардлагатай байсан тул үнийг арай хямдханаар буюу 1,3 тэрбум төгрөгөөр зарна гэж “Ремакс” ХХК-нд хандсан байдаг. Зарын дагуу хүмүүс ирж уулзаж байсан ба тус зарын дагуу холбогдсон Н.Н гэх залуу хүргэн ах Б.Ганхүүтэй уулзаж, үхрийн ферм ажиллуулах сонирхолтой, фермийг чинь худалдаж авъя гэж ярилцсан. Ингээд 14 хоног сураг чимээгүй байж байгаад хүргэн ах Б.Ганхүүтэй ирж уулзахдаа фермийг чиинь бэлэн мөнгөөр авъя, үнээ буулгаач гэсэн байдаг. Тухайн үед хүргэн ах Б.Ганхүүгийн бие их муудаж, өвчин нь хүндэрсээр байсан тул яаралтай мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан. Мөн Н.Н бэлэн мөнгөөр худалдаж авна гэсэн үгэнд итгэн 800 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Н.Н нь хүргэн ах Б.Ганхүү, эгч Ц.О нартай ярихдаа фермийг худалдаж авах төлбөрийг богино хугацаанд 14-30 хоногийн хугацаанд төлнө, банкнаас зээл авахаар материалаа өгчихсөн, эхнэр бид хоёрт зээл авах боломж байгаа, манай эхнэрийн эгч нь банкны зээл хариуцсан хүн байгаа юм гэх зэргээр хуурч, мэхлэн итгүүлсэн байдаг. Улмаар Н.Н нь “Бидний хөөцөлдөж байгаа зээлийн хэмжээ их байгаа болохоор үл хөдлөхийн гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлж өгвөл банкинд барьцаалах гээд байна.”  гэж хэлсэн байдаг. Тухайн үед хүргэн ах Б.Ганхүү нь “үл хөдлөх хөрөнгүүд дээр гэрчилгээ хараахан гараагүй байгаа чи нэгэнт худалдаж авах гэж байгаа юм чинь эхний ээлжинд 30 сая төгрөг өгчих, ах нь бүх бичиг баримтыг нь хөөцөлдөөд аваад өгч чадна” гэж хэлэхэд Н.Н нь хүргэн ах Б.Ганхүү рүү утсаар залган “үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг та хөөцөлдсөнөөс би өөрөө хөөцөлдөж гаргуулсан нь арай хурдан гарах юм байна. Мөн ферм байгаа 2 га газраа миний нэр дээр шилжүүлэх шаардлагатай байна” гэж ярихаар нь үнэхээр худалдаж авах гэж байгаа юм байна гэж итгэн хүргэн ах Б.Ганхүү, эгч Ц.О нар зөвшилцөөд нягтлан Б.Өлзийбуянд итгэмжлэл хийж өгөхөөр болсон. Удалгүй хүргэн ах Б.Ганхүү бие муудаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байхад Н.Н нь яаралтай газраа шилжүүлж авах хэрэгтэй байна гэсээр эмнэлэг дээр нотариатч дагуулж ирсэн. Ингээд одоо л газраа шилжүүлж авахгүй бол зээл бүтэхгүй болоод байна гэх зэргээр хүргэн ах Б.Ганхүүг шавдуулж, хүчээр шахуу гарын үсэг зуруулж аваад явсан байдаг. Үүний дараахан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нягтлан үхрийн фермерийн эд хөрөнгө, байшин, үхэр мал, техник хэрэгсэл, трактор, комбайн, ковш зэрэг хөрөнгүүдийг Н.Нын эхнэр Болормаад хүлээлгэн өгсөн. Гэтэл эд хөрөнгө хүлээж авахаасаа өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр газрын гэрчилгээ, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээг гаргуулан авсан. Н.Н нь хүргэн ах Б.Ганхүү, эгч Ц.О нараас үхрийн фермийг нь авах үедээ “манай эхнэрийн эгч банкинд зээлийн ахлах хийдэг, банкинд танил тал ихтэй зээл авахад ямар ч асуудал байхгүй, маш хурдан бүтнэ” гэх зэргээр худал ярьж төөрөгдүүлдэг байсан бөгөөд үхрийн фермийг шилжүүлж авсных нь дараа холбогдож мөнгөө хэзээ өгөх талаар нь асуухаар “би уул, уурхайн компанитай, хятадтай худалдаа наймаа хийдэг түнштэй удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ, таньд өгөх мөнгө ердөө 300 000 ам доллар шдээ” гэх зэргээр худал ярьж одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Н.Над хууртаж түүнд залилуулсны улмаас манай эгч Ц.О маш хүнд байдалтай болсон. Тухайн үед хүргэн ах Б.Ганхүү хүнд өвчтэй, гадаадын улс орон руу эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул яаралтай их мөнгөний хэрэгцээ шаардлага байсан. Хэрэв Н.Н нь хуурч мэхэлж, залилаагүй байсан бол эмчилгээгээ хийлгээд өдийд эрүүл саруул байх байсан. Гэтэл Н.Н хууран мэхэлж, эд хөрөнгийг нь аваад нэг ч төгрөг төлөөгүйн улмаас хүргэх ах Б.Ганхүү эмчилгээ хийлгэж чадаагүй нас барсан. Мөн эгч Ц.О сэтгэл санааны хүнд байдалд орж, хань ижилээ алдаад одоо өөрөө эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон боловч Н.Н одоог хүртэл мөнгө өгөхгүй, хуурч мэхэлсэн хэвээрээ байгаа.” гэх мэдүүлэг /3 хх 69-70 дугаар хуудас/,  

Гэрч Ц.Анхбаярын өгсөн: “2022 оны 5 дугаар сард Хаан банкны Зүүн дөрвөн зам тооцооны төвийн захирал А.Ганзориг нь хууль эрх зүйн газарт П.Өсөхбаяр гэх хүн миний нэрээр 2021 оны 4 дүгээр сар, 2021 оны 8 дугаар сар, 2022 оны 5 дугаар саруудад харилцагчид хуурамч баримт үйлдэж зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолт гаргаж өгөөд байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагад хандаж холбогдох арга хэмжээ авч өгөөч гэсний дагуу Хууль эрх зүйн газраас миний бие Хаан банкийг төлөөлж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 6 дугаар сард гомдол гаргаж шалгуулсан. Шалгалтын явцад болон түүнээс өмнөх харилцагчаас ирүүлсэн мэдээллээр П.Өсөхбаяр гэх хүн дээрх хуурамч бичиг баримтыг үйлдэж гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдсэн.” гэх мэдүүлэг /4 хх-ийн 153 дугаар хуудас/,

Гэрч Д.Болормаагийн өгсөн: "Фермийн аж ахуй зарна гэсэн зарын дагуу тус хүмүүстэй холбогдож очиж уулзаад обьектийг нь нөхөр бид хоёр газар дээр нь очиж үзээд хэсэг хугацааны дараа манай нөхөр Ганхүү гэх хүнтэй утсаар холбогдоод фермээ зарах хэвээрээ юу хэрэв зарвал бид банкнаас зээл хөөцөлдөж авах гэж байгаа талаараа хэлэхэд бодож байгаад эргэж хариу хэлнэ гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа Ганхүү өөрөө залгаад та хоёрын саналыг хүлээж авлаа банкны мөнгөө хөөцөлдөөд болохоос нь болохгүй хүртэлээ яваад мөнгө төгрөгөө зохицуулаад өгөөрэй гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа Ганхүү ах дахин манай нөхөр лүү залгаад манай фермийг хариуцаж байгаа дүү маань бие нь өвдөөд Улаанбаатар хотод иржээ ферм маань хариуцах эзэнгүй байгаа юм байна. Та хоёр очоод эд хөрөнгүүдийг маань хүлээгээд аваадах гэж хэлсний дагуу 2020.8.27-ны өдөр тус Ганхүү гэх хүний "Хүрээ такси" ХХК-ийн нягтлан Өлзийбуянгийн хамт манай нөхөр намайг яваад эд хөрөнгүүдийг нь хүлээгээд авчих гэсний дагуу би өөрийн биеэр очиж Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг “Мянган хурган” гэх газарт байх үнээний фермд очиж нягтлан Өлзийбуянгаас эд зүйлсийг нь хүлээн авсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-12/, 2022.9.01-ний өдөр мөрдөгчийн битүүмжилсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх 157-239/, Итгэлт эстимэйт ХХК-ны Ферм дахь барилга, мал амьтан, техник хэрэгсэл, эд хогшилд нийт 2 454 312 405 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /5 хх 200-250, 6 хх 1-66/, Y-1426000654 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 142 м.кв талбайтай, Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Y-1426000653 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 738 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Талийгаач Б.Ганхүү нь элэгний хорт хавдар, сахарын өвчний хүндрэлийн улмаас Төв аймгийн Баянчандмань сумын нутаг "Мянган хурганд” гэх газар байрлах өөрийн эзэмшлийн ферм болох тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га хэмжээтэй 0320943 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн зориулалттай 2 га хэмжээтэй 0320944 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг зарахаар зар тавьж улмаар зарын дагуу шүүгдэгч Н.Н холбогдон уг обьектыг 800 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь хохирогч Ц.О, тухайн үед компанийн нягтлан байсан гэх Б.Өлзийбуян нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд уг обьектыг шүүгдэгч Н.Нын эхнэр Д.Болормаа, Б.Өлзийбуянгаас 2020 оны 8-9 дүгээр сарын үед хүлээн  авсан болох нь эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.

 

Уг обьектууд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байхад нь шүүгдэгч Н.Н "Хөөцөлдөж байгаа зээлийн хэмжээ их байгаа юм  чинь үл хөдлөхийн гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлж өгвөл банкинд барьцаалах гээд байна." гэхэд нь талийгаач Б.Ганхүү "чи нэгэнт авах гэж байгаа юм чинь эхний ээлжинд 30 сая төгрөг өгчих тэгвэл ах нь бүх бичиг баримтыг нь хөөцөлдөөд аваад өгч чадна гэж" хэлэхэд тодорхой хариу өгөлгүй яваад хэд хоногийн дараа дахин талийгаач руу утсаар ярьж газрын татвараа төлсөн үү, тогны мөнгөө өгсөн үү, өр зээл байгаа юу гэх зэргээр худалдаж авах гэж байгаа мэт итгэл төрүүлэн төлбөр төлсөн баримтуудыг мэйл хаягаар авсны дараа дахин хэд хоногийн дараа утасдаж "үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг та хөөцөлдсөнөөс би өөрөө хөөцөлдөж гаргуулсан нь арай хурдан гарах юм байна. Мөн ферм байгаа 2 га газраа миний нэр дээр шилжүүлэх шаардлагатай байна." гэж талийгаачийн хэвтэн эмчлүүлж байсан Гэмтэл согог судлалын үндэсний төвд нотариатч авч очин талийгаач Б.Ганхүү болон түүний эхнэр Ц.О нараар гэрээнд гарын үсэг зуруулан улмаар 2020.5.21-нд Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 142 м.кв талбайтай, Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 738 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийг гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан.   

 

   Шүүгдэгч Н.Н ямар ч зээл гаргуулах боломжгүй байсан атлаа хохирогч нарт "Би Монгол улсыг төлөөлж дэлхийд хөөмийгөөр нэрээ гаргасан хүн байгаа юм. Надад фермийн аж ахуй эрхлэх ажил санаанд багтаад байгаа. Бидэнд банкнаас зээл авах боломж байгаа манай эхнэрийн эгч нь банкны зээл хариуцсан хүн байгаа. Зээл бүтэх л юм бол 14-30 хоногийн дотор шууд мөнгөө бэлэн шилжүүлнэ." гэж хуурч, хохирогч Б.Ганхүүг нас барсны дараа түүний эхнэр Ц.Од "Энэ асуудал танд хамаагүй шүү, тантай бол ярихгүй, танай талийгаач нөхөр надад амьд байхдаа наймаа буцахгүй шүү гэж хэлж байсан. Би энэ фермийг чинь чамд өгөхгүй." гэж маргаж,  мөн шүүгдэгч Н.Н нь Хаан банк, Хөгжлийн банкнаас тус тус зээл хүссэн Хаан банкнаас 1,5 тэрбум төгрөгийн зээлийг олгох боломжтой гэсэн албан бичиг ирүүлсэн тухай мэдүүлж, Хөгжлийн банкинд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, Хаан банкинд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зээл авах төсөл бичиж, хүсэлт гаргасан тухай “Мөнххүнхэр Уул” ХХК-ийн албан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан хэдий ч энэ нь;

 “Монгол Улсын Хөгжлийн банк”-наас 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 43/022-472 дугаартай албан бичгээр “Мөнх Хүнхэр Уул” ХХК нь 2020 оны 7 дугаар сараас хойш танай банкинд хэдэн удаа зээл хүссэн талаарх лавлагааг авахад 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/220 дугаартай албан бичгээр “Монгол Улсын Хөгжлийн банк нь зөвхөн хуулийн этгээдэд зээл олгодог бөгөөд “Мөнх Хүнхэр Уул” ХХК /РД:ЕП82048399/ нь зээлийн хүсэлт гаргаж байгаагүй болно." гэх,

 Хаан банкны Улаанбаатар хотын Зүүн 4 зам салбарын захирал А.Ганзоригийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Мөнх Хүнхэр Уул” ХХК-нд 1 500 000 000 /нэг тэр бум таван зуун сая/ төгрөгийн зээл гаргаж өгөх боломжтой гэх албан бичгийн дагуу Хаан банкны хуулийн зөвлөх Ц.Анхбаяраас тодруулахад “2022 оны 5 дугаар сард Хаан банкны Зүүн дөрвөн зам тооцооны төвийн захирал А.Ганзориг нь хууль эрх зүйн газарт П.Өсөхбаяр гэх хүн миний нэрээр 2021 оны 4 дүгээр сар, 2021 оны 8 дугаар сар, 2022 оны 5 дугаар саруудад харилцагчид хуурамч баримт үйлдэж зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолт гаргаж өгөөд байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагад хандаж холбогдох арга хэмжээ авч өгөөч гэсний дагуу Хууль эрх зүйн газраас миний бие Хаан банкийг төлөөлж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сард гомдол гаргаж шалгуулсан. Шалгалтын явцад болон түүнээс өмнөх харилцагчаас ирүүлсэн мэдээллээр П.Өсөхбаяр гэх хүн дээрх хуурамч бичиг баримтыг үйлдэж гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдсэн.” гэх мэдүүлэг, Хаан банкны 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 5721/22/285 дугаартай “Н.Н, Д.Болормаа, “Мөнх Хүнхэр Уул” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 01-нээс хойш зээлд хамрагдаагүй байна.” гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн.

 

   Шүүгдэгч тухайн обьектын үнийг төлөөгүй атлаа байгаа эд хөрөнгийг захиран зарцуулсан /3 хх 114-116/, Богд банкнаас Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Мянган хураг тоот хаягт байршилтай 22.525 м.кв, ХАА-н зориулалттай газар Э-1423001217, НТД:4116040125 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2021.02.23-ны өдөр 200 000 000 төгрөгийн зээл авсан /5 хх 190-198/ болох нь тус тус тогтоогдсон.  

 

   Залилан мэхлэх гэмт хэргийг өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

 

   Иргэний эрх зүйн харилцааны зээлийн гэрээнээс залилангийн гэмт хэргийн ялгагдах шинж нь өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт харагдавч хууль бусаар дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, бусдаас авсан эд зүйлийг буцааж өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл байна.

 

   Залилан мэхлэх гэмт хэргийн объектив тал нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг гэмт этгээд залилан мэхэлж өөрийн мэдэлд шилжүүлдгээс гадна тэдгээрийн ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авдаг.

 

   Залилан гэмт хэргийн субъектив тал нь шунахай сэдэлттэй, шууд санаатай буюу хүсэж үйлдсэн байдаг.

 

   Энэхүү гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсгөл болдог.    

 

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч Н.Н "Ганхүү ах над руу залгаад ферм харах хүнгүй болчихлоо, та хоёр гэр бүлийн хүмүүс тул итгэж байна. Очоод хүлээгээд авчих гэсний дагуу хүлээж авсан. Очиж үзэхэд үнээнүүдийн 80 хувь нь тураалтай, саалтуурууд нь эвдэрчихсэн ер нь бүтэн зүйл байхгүй байна гэхэд битгий шантар, бие сайжирвал ах нь зөвлөх болж зөвлөнө, буцаана гэсэн ойлголт байхгүй гээд буцааж аваагүй." гэж, тэдгээрийн өмгөөлөгч нар "Н.Над холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй түүний үйлдэл иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдана." гэж маргасныг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар мэтгэлцээнээс хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Ныг Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”, “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоох байгууллагаас “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан.” байна гэж тодорхойлсон.

 

Шүүгдэгч Н.Нын 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын нутаг "Мянган хурганд” гэх газар байрлах иргэн Ц.Огийн эзэмшлийн ферм болох тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га хэмжээтэй 0320943 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн зориулалттай 2 га хэмжээтэй 0320944 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг худалдаж авна гэж хуурч, бодит байдлыг нyyх замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, улмаар бусдад их хэмжээний хохирол буюу 2 435 773 587 /хоёр тэрбум дөрвөн зуун гучин таван сая долоон зуун далан гурван мянга таван зуун наян долоо/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь "Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан залилан мэхлэх." гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Улсын яллагчийн зүгээс "Шүүгдэгч Н.Над эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жил 6 сарын хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.",

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас "Банкны зээл олдоогүйн улмаас ийм нөхцөл байдал болсон. Хохирол төлөх талаар удаа дараа илэрхийлсэн. Байр, машин өгье гэсэн. Обьектоо буцааж авах санал тавьсан. Өөрийн бүх зүйлээ тухайн фермд зарцуулсан. Эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах. Эрүүл мэндийн хувьд хорих ял эдэлж болохгүй өвчний заалттай байгаа.",

Хохирогчийн өмгөөлөгч нараас "Хохирогчийн эрүүл мэндээ хамгаалахад хэрэглэх хөрөнгийг булааж хөрөнгө мөнгөгүйн улмаас ертөнцийн мөнх бусыг үзсэн. Хохирогчид хүнлэг бус хандсан. Өндөр хөгжилтэй оронд очиж эмчлүүлэх боломжийг хаасан. Амьдралын эх үүсвэрээс нь салгасан. Гэр бүлээр нь хохироосон. 7 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх." саналыг тус тус гаргав.

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            Шүүгдэгч Н.Н нь 1982 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, хөөмийч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Нүхтийн ам 1210-4 тоотод оршин суух хаягтай, урьд нь Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 4391 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн эрүүгийн 2014260004500 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон  /ял шалгах хуудас 1 хх 181, хяналтын прокурорын тогтоол 4 хх 250/ талаархи баримтууд авагджээ.

 

Шүүгдэгчийн урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан талаархи баримт нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Иймд шүүгдэгч Н.Нын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

  Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

  Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Од 2 435 773 587 /хоёр тэрбум дөрвөн зуун гучин таван сая долоон зуун далан гурван мянга таван зуун наян долоо/ төгрөгийн хохирол учирсан байх тул энэ хохирлын шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг,

 

  шүүгдэгч Н.Н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авч 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд дээрх хохирлоос 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг нөхөн төлсөн байх тул,

шүүгдэгчээс төлөгдөөгүй үлдсэн 2 442 312 405 /хоёр тэрбум дөрвөн зуун дөчин хоёр сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Од олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /битүүмжлэгдсэн эд хөрөнгөд үзлэг хийсэн/ 1 ширхэг СД хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр үлдээж,

Мөрдөгчийн 2022.12.20-ны өдрийн тогтоолоор /5 хх 175/ эд мөрийн баримтаар тооцсон Н.Нын нэр дээрхи Y-1426000654 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 142 м.кв талбайтай, Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Y-1426000653 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 738 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргах,  

Хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор /3 хх 237/ Ц.Огийн эзэмшлийн “Мянган хурганд” гэх газарт байрлах үнээний ферм, тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, гурван айлын орон сууц, 380 вольтын трансформатор, худгийн цементэн кольцоо 8 ширхэг, худгийн цементэн таг 2 ширхэг, ногоон амбаар 1 ширхэг, цагаан амбаар 1 ширхэг, шар өнгийн 30 ковш, трактор 1 ширхэг, төмөр амбаар 1 ширхэг, улаан өнгийн үрлэгч 1 ширхэг, тариалангийн талбайн худгийн цахилгаан утас 2 ороомог, чиргүүлийн рам 1 ширхэг, чиргүүл 1 ширхэг, худаг, худгийн турбо 200 метр, улаан тоосгон тугалын байр 1 ширхэг, тугалын клетка 41 ширхэг, тугалын байрны зуух, тугалын байрны усны шланк, тугалын байрны ус шаарны сав, усан сан 800 литр, 1 тонны усан сан 1 ширхэг, усны төмөр онгоц 2 ширхэг, шавар зуурдаг ванн 1 ширхэг, тэжээлийн онгоц урт, богино 2 ширхэг, шавар зуурагч 2 ширхэг, усны шланк 200 метр, 1 тонны юмкос, 16 үнээний автомат саалтуур, хөргүүр танк, сүү хөргүүр, утас далдлагч 2 боодол, 40 литрийн бидон 4 ширхэг, мотоцикль /мустанг-5 цагаан өнгийн/, сүү зөөдөг тэрэг, тугалын тэжээлийн онгоц 4 ширхэг, төмөр торон тугалын наралгааны хашаа, тэжээлийн терм,тэжээл хэрчигч, баас зөөдөг тэрэг, шар вогончик, тонны юмкос 1 ширхэг, 2475 м2 220 үхрийн резинен хэвтэртэй үхрийн байр, турк саалтуур 1 ширхэг, хятад саалтуур 1 ширхэг, саалийн хувин 2 ширхэг, 200 литрийн усны сав 1 ширхэг, хүрз 2 ширхэг, өвсний сэрээ 2 ширхэг, усны онгоц 2 ширхэг, пад трактор, чиргүүл , модон хашаа, услалтын систем, 60-39 УНЧ цэнхэр өнгийн портер машин, 850 литрийн сүүний юмкос, 2 га фермийн газар, 1 га фермийн газар, 70 га тариалангийн хашаалсан талбай,  гагнуурын аппарат, камер, камерын дэлгэц зэргийг битүүмжилснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх,

Шүүгдэгчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шинжээчид төлөх зардал орох бөгөөд шүүгдэгч гэм буруутай болохыг шүүхээс тогтоовол түүнээс уг зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж заасан тул "Итгэлт эстимэйт" ХХК-ны нэхэмжлэлийн баримт /5 хх 199/, "Эй Жэй Жэй Эм" ХХК-ны бэлэн мөнгөний орлогын баримт /1 хх 195/-ыг тус тус үндэслэн шүүгдэгч Н.Наас шинжээчийн нийт хөлс 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Од 3 000 000 /гурван сая/ төгрөг, "Итгэлт эстимэйт" ХХК-нд 5 000 000 /таван сая/ төгрөг тус тус олгох,

шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Н-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад 2 435 773 587 /хоёр тэрбум дөрвөн зуун гучин таван сая долоон зуун далан гурван мянга таван зуун наян долоо/ төгрөгийн хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Н-д 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-аас 2 442 312 405 /хоёр тэрбум дөрвөн зуун дөчин хоёр сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15-р хороо Нархан хотхоны 51В-1 тоотод оршин суух хохирогч Ц.О /РД:/-д олгосугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Наас шинжээчийн нийт хөлс 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.О-д 3 000 000 /гурван сая/ төгрөг, "Итгэлт эстимэйт" ХХК-нд 5 000 000 /таван сая/ төгрөг тус тус олгосугай.

 

7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /битүүмжлэгдсэн эд хөрөнгөд үзлэг хийсэн/ 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

мөрдөгчийн 2022.12.20-ны өдрийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон Н.Нын нэр дээрхи Y-1426000654 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 142 м.кв талбайтай, Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Y-1426000653 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 738 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргах,  

хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ц.Огийн эзэмшлийн “Мянган хурган” гэх газарт байх үнээний ферм, тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, гурван айлын орон сууц, 380 вольтын трансформатор, худгийн цементэн кольцоо 8 ширхэг, худгийн цементэн таг 2 ширхэг, ногоон амбаар 1 ширхэг, цагаан амбаар 1 ширхэг, шар өнгийн 30 ковш, трактор 1 ширхэг, төмөр амбаар 1 ширхэг, улаан өнгийн үрлэгч 1 ширхэг, тариалангийн талбайн худгийн цахилгаан утас 2 ороомог, чиргүүлийн рам 1 ширхэг, чиргүүл 1 ширхэг, худаг, худгийн турбо 200 метр, улаан тоосгон тугалын байр 1 ширхэг, тугалын клетка 41 ширхэг, тугалын байрны зуух, тугалын байрны усны шланк, тугалын байрны ус шаарны сав, усан сан 800 литр, 1 тонны усан сан 1 ширхэг, усны төмөр онгоц 2 ширхэг, шавар зуурдаг ванн 1 ширхэг, тэжээлийн онгоц урт, богино 2 ширхэг, шавар зуурагч 2 ширхэг, усны шланк 200 метр, 1 тонны юмкос, 16 үнээний автомат саалтуур, хөргүүр танк, сүү хөргүүр, утас далдлагч 2 боодол, 40 литрийн бидон 4 ширхэг, мотоцикль /мустанг-5 цагаан өнгийн/, сүү зөөдөг тэрэг, тугалын тэжээлийн онгоц 4 ширхэг, төмөр торон тугалын наралгааны хашаа, тэжээлийн терм,тэжээл хэрчигч, баас зөөдөг тэрэг, шар вогончик, тонны юмкос 1 ширхэг, 2475 м2 220 үхрийн резинен хэвтэртэй үхрийн байр, турк саалтуур 1 ширхэг, хятад саалтуур 1 ширхэг, саалийн хувин 2 ширхэг, 200 литрийн усны сав 1 ширхэг, хүрз 2 ширхэг, өвсний сэрээ 2 ширхэг, усны онгоц 2 ширхэг, пад трактор, чиргүүл , модон хашаа, услалтын систем, 60-39 УНЧ цэнхэр өнгийн портер машин, 850 литрийн сүүний юмкос, 2 га фермийн газар, 1 га фермийн газар, 70 га тариалангийн хашаалсан талбай,  гагнуурын аппарат, камер, камерын дэлгэц зэргийг битүүмжилснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

            9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.БАТЖАРГАЛ