Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0489

 

С

 

 

 

2021 07 22 128/ШШ2021/0489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар АХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: АХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. нарийн бичгийн дарга У.Пүд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын орлого хяналтын газраас АХХК-ийн 2014 оноос 2017 оныг дуусах хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иж бүрэн шалгалт хийж, 210297770 дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 1,285,361,788.70 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэх акт тавьсан. АХХК нь 931,267,198.80 төгрөгийг зөвшөөрч шууд барагдуулсан. Харин зээлийн хүүгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаагүй гэх үндэслэлээр 354,094,589.90 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэл муутай, эргэлзээтэй байсан тул энэ талаар байр сууриа илэрхийлэхэд Улсын байцаагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Хөрөнгө оруулалтын зээлийн хүүд төлсөн төлбөрт акт тавьсан,_бусад компанид ч мөн акт тавьж байгаа гэж тайлбарласан. Иймд АХХК-ийн ажилтан тус актын холбогдох хэсгийг хуульд нийцэж гаргасан гэж төөрөгдөж, зохих нөхөн төлбөр, торгуулийг бүрэн барагдуулсан.

Гэтэл Татварын маргаан таслах зөвлөлөөс Арева Монгол ХХК-д ногдуулсан зээлийн хүүд нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэх Татварын актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн болохыг Татварын ерөнхий газрын албан ёсны цахим хуудаснаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр олж мэдсэнээр АХХК-д ногдуулсан татварын акт нь хууль зүйн үндэслэлгүй, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн болохыг олж мэдсэн. Бусад гомдол гаргасан компаниуд ч гэсэн Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор зээлийн хүүд төлсөн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй байхаар шийдвэр гарсаар байна.

Манай компани дээрх тогтоолыг олж мэдсэн даруйдаа Татварын маргаан таслах зөвлөлд хүсэлт гаргасан. Татварын маргаан таслах зөвлөл нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолоор АХХК-ийн хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд нийцэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Татварын маргаан таслах зөвлөл нь маргааныг хянан шийдвэрлэхдээ Сангийн яамны хоёр албан тоот, татварын байцаагч хуульд заасан эрх үүргээ зөрчиж, татвар төлөгчид худал, үндэслэлгүй мэдээлэл өгч төөрөгдүүлэн тавьсан акт, компанийн ажил хариуцсан нягтлан бодогчийн тайлбар болон Арева Монгол ХХК-ийн Татварын маргааны талаар гаргасан тогтоол зэрэг хангалттай нотлох баримт байхад хэт нэг талыг барьж, нотлох баримт байхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-76.1.3-д заасан зарчмыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, төлөх ёсгүй төлбөрийг төлөөд байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох харилцааг зохицуулсан. Татварын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210297770 дугаар шийтгэлийн хуулсаар төлбөр ногдуулж, тавьсан акт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд хууль зөрчиж, ногдуулах ёсгүй төлбөрийг ногдуулсан, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн акт мөн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заасан. гэтэл Татварын маргаан таслах зөвлөл нь хэрэглэх ёстой хуулийн энэхүү заалтыг хэрэглээгүй, актыг хүчингүй болгох тухай гомдлыг гаргахад хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэ гэсэн үндэслэлээр хүлээн авахгүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүй байгаа нь илт хууль зөрчиж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.8-д заасны дагуу Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргааж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, Х.Эт нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газраас АХХК-ийн 2014 оноос 2017 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210297770 дугаар шийтгэлийн хуудсаар 9,359,791,458.25 төгрөгийн зөрчилд 1,285,361,788.74 төгрөгийн төлбөр тогтоосон бөгөөд холбогдогч АХХК нь зөрчлөө хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулсан.

Гэтэл АХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийтгэлийн хуудаст гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд ирүүлснийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 08 дугаар тогтоолоор хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь:

1. АХХК нь шийтгэлийн хуудаст гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг 12 сарын дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т ..хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гарга гэж заасантай нийцээгүй.

2. АХХК нь шийтгэлийн хуудсыг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шууд шүүхэд хандах зохицуулалттай байхад гомдол гаргаагүй, зөрчлөө хүлээн зөвшөөрч сайн дураараа төлбөрийг төлж барагдуулсан атлаа гомдол гаргах хугацааг ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн, түүнийг нотлох үндэслэл бүхий тайлбар, баримтыг Маргаан таслах зөвлөлд ирүүлээгүй.

Гагцхүү гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийн үндэслэлээ Арева Монгол ХХК, Хүннү алтай ХХК-ийн гомдлыг шийдвэрлэсэн маргаан таслах зөвлөлийн тогтоолыг дурдаж, ирүүлсэн байдаг бөгөөд энэ нь шийтгэлийн хуудаст гомдол гаргах хугацааг сэргээх, хүндэтгэн үзэх шалтгаан, нотлох баримт болохгүй.

Өөрөөр хэлбэл өөр компанийн асуудлыг шийдвэрлэсэн маргаан таслах зөвлөлийн тогтоол нь АХХК-ийн гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх, түүнийг сэргээх бүхий баримт болохгүй.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, Татварын ерөнхий хуулийн 46, 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор баталсан Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам-д заасны дагуу АХХК-ийн хүсэлтийг хэлэлцээд хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тогтоолыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.

Иймд АХХК-ийн Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамны хоёр албан тоотыг үндэслэн, бусад аж ахуйн нэгжүүдэд энэ байдлаар акт тавьж байгаа гэсэн тайлбарласан учир хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Арева Монгол ХХК-ийн асуудлыг шийдвэрлэсэн талаар Татварын ерөнхий газрын цахим хуудаснаас мэдсэн даруй гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүндэтгэн үзэх шалтгаангүй гэсэн үндэслэлээр Татварын маргаан таслах зөвлөл нь хэлэлцээгүй. АХХК-ийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж байна. Татварын улсын байцаагчийн мэргэжлийн мэдлэгт итгэж, актыг хүлээн зөвшөөрч төлбөр төлсөн. Төлбөр төлсний дараа цахим хуудсанд нийтлэгдэхэд мэдэж, мэдсэн даруй гомдол гаргаад явсан. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүндэтгэн үзэх шалтгааныг хуульд хэд хэдэн үндэслэл заагаад, зэрэг гэж тодорхойлсон байдаг. Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл нь Арева Монгол ХХК болон Хүннү Алтай ХХК-д холбогдох маргааныг шийдвэрлэсэн Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг нотлох баримт гэж үзэж байна. АХХК нь 200,000,000,000 төгрөгийн татвар төлсөн, шударга татвар төлөгч байгууллага. Татварын ерөнхий газраас шударга татвар төлөгчийг төөрөгдүүлсэн гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан. Татварын ерөнхий хууль болон Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын дагуу Маргаан таслах зөвлөл нь хуралдаад, асуудлыг шийдвэрлэдэг. Маргаан таслах зөвлөлөөр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлэлцээд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр 08 тоот тогтоол гаргасан. Тогтоол яагаад хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс тайлбарладаггүй. Тайлбарлаж байгаа үндэслэл нь төлбөр тогтоосон акттай холбоотой тайлбарладаг. Маргаан таслах зөвлөл нь хууль, журмын дагуу тогтоол гаргасан учир хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэхүү маргаан нь үндсэн акттай холбоогүй. Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан, хүсэлтийг хэлэлцээд шийдвэрлэсэн тогтоолыг хууль бус гэж маргаж байгаа. Акттай маргах эрх нь байсан боловч маргаагүй, хүлээн зөвшөөрөөд төлбөрийг төлсөн. Өөр асуудлыг шийдвэрлэсэн тогтоолыг харсан нь гомдол гаргах хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц: Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан бүрийг тодорхой заасан байгаа. Татвар төлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр маргадаг боловч нотлох баримтаа ирүүлдэггүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлээд нэхэмжлэгч АХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газраас АХХК-ийн 2014 оноос 2017 он дуусах хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иж бүрэн хяналт шалгалт хийж, 210297770 дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 943,464,494.32 төгрөгийн нөхөн татвар, 205,138,376.65 төгрөгийн торгууль, 136,758,917.76 төгрөгийн алданги, нийт 1,285,361,788.70 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

АХХК-аас татварын улсын байцаагчийн акт гарснаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрөө бүрэн гүйцэт төлж барагдуулсан байна. Үүний дараа тус компанийн нягтлан бодогч 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Татварын ерөнхий газрын албан ёсны цахим хуудаснаас Хүннү алтай ХХК, Арева Монгол ХХК нарын гомдлыг шийдвэрлэсэн Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг олж мэдсэн гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч тогтоолыг мэдсэний дараа АХХК-д ногдуулсан татварын акт нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэх үндэслэлээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/196 дугаар хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан байна.

Дээрх хүсэлтийг хэлэлцээд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210297770 дугаар шийтгэлийн хуудсанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгааны нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд 18 хоногоор хэтрүүлсэн нь тогтоогдож байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль болон журамд нийцсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно гэж заасан байх бөгөөд АХХК нь 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Татварын ерөнхий газрын цахим хуудаснаас Арева Монгол ХХК-ийн зээлийн хүүд төлсөн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх актыг хүчингүй болгосон тогтоолыг олж мэдэн, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасан гэж тайлбарладаг хэдий ч цахим хуудаснаас тогтоол гарсан тухай мэдсэнийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан үзэхгүй болно.

Хэрэв нэхэмжлэгч Татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу гомдол гаргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан байна.

Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2.8.1-д гомдлыг харьяаллын дагуу хүлээн авах, татгалзах, буцаах, хянан шийдвэрлэх, түдгэлзүүлэх, тогтоол гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд, уг журмын 7.11-д Нарийн бичгийн дарга нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.13-т заасны дагуу маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг цахим хуудсаар мэдээлнэ гэж заасан. Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Арева Монгол ХХК-ийн гомдлыг шийдвэрлэсэн талаарх тогтоолыг Татварын ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн АХХК нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус албан ёсны цахим хуудаснаас Арева Монгол ХХК-тай холбоотой шийдвэрийг мэдсэн талаар тайлбарладаг боловч АХХК-ийн нягтлан бодогч С.Пүрэвсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдохгүй гэж үзэв. Учир нь анхнаасаа актыг хүлээн зөвшөөрөөгүй бол гомдол гаргах боломжтой байжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу ..акт ногдуулахдаа хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, хууль бус арга хэрэглэсэн... гэж тайлбарлан маргадаг боловч хариуцагч нэхэмжлэгчийг хуурсан, төөрөгдүүлсэн гэх үйлдэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч АХХК-ийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 94 дугаар зүйлийн 94.1, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2.8.1, 7.11-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч АХХК-ийн гаргасан Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ