Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0295

 

 

 

 

 

 

 

 

“М-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “М-Э” ХХК

Хариуцагч УБЕГ

Гуравдагч этгээд “М э Э Э” ХХК, “Б э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Б э” ХХК /РД:*****/-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “М э Э Э” ХХК /РД:*****/-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0170 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээд “М э Э Э” ХХК-ийн захирал Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Б

Гуравдагч этгээд “Б э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 128/2024/1000/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М-Э” ХХК нь УБЕГ-т холбогдуулж “2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Б э” ХХК /РД:*****/-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “М э Э Э” ХХК /РД:*****/-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0170 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 16 дугаар зүйлийн 16.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27.3 дахь хэсэг, заалтыг баримтлан, нэхэмжлэгч “М-Э” ХХК-ийн гаргасан “2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Б э” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “М э Э Э” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

“...Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд: Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 2.11-т “Б э” ХХК-ийн эрхлэх үйл ажиллагаагаа автомашинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдааны чиглэл байхаар улсын бүртгэлд бүртгүүлжээ”, 2.12-д “Гуравдагч тэгээд “Б э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд манай компани “караоке”-н үйлчилгээ эрхэлдэг, өөр үйл ажиллагаа явуулдаггүй гэж тайлбарласан”, 2.13-т “Нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, няцаагүй болно” гэх дүгнэлтүүдийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал, гуравдагч этгээд “Б э” ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэн автомашинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн атлаа гуравдагч этгээдийн “манай компани караокены үйлчилгээ эрхэлдэг, өөр үйл ажиллагаа явуулдаггүй” гэх нотлогдоогүй тайлбарыг үндэслэн дүгнэлт хийсэн нь нотлох зарчимд нийцэхгүй байна.

Тухайлбал, гуравдагч этгээд “Б э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй ба одоо бодитоор хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдүүд бодит байдалд ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг талаарх баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээдүүдээс эдгээр баримтуудыг шаардаагүй нь шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн энэ талаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад маргаж байсан болохыг нэхэмжлэл, түүнд гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс харж болно. Гэтэл шүүхээс тус асуудлаар нэхэмжлэгч маргаагүй гэх үндэслэлгүй тайлбарыг хийж, гуравдагч этгээдийн нотлогдоогүй тайлбарыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй тухайд: Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй болно. Тодруулбал, Хуулийн этгээдийн нэр давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй тухайд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хуулийн этгээдийн нэр гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг” гэж, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл, хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуульд заасан ерөнхий шаардлага болох өөр хуулийн этгээдийн нэртэй давхардаагүй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд хуулийн этгээдийн нэр нь хуулийн этгээдийг өөр бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэгдэхээр зохицуулжээ.

Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардаагүй байх шаардлагын тухайд: Давхардах гэдэг нь хэл зүйн утгаараа үг давхардах санааг илэрхийлж байгаа бол хуулийн агуулга ч мөн энэ утгаар илэрхийлэгдэж байна. Тухайлбал, Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1 дэх хэсэгт “Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан” гэдэгт Хуулийн этгээдийн өөрийн үйл ажиллагааг явуулахад ашиглах оноосон нэр нь бичвэр, хэлбэр авайн дуудлагын хувьд Улсын татварын Ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны Хуулийн этгээдийн нэрийн нэгдсэн жагсаалтад бүртгэгдсэн бусад хуулийн этгээдийн нэртэй ижил байхыг ойлгоно” гэжээ.

Улсын бүртгэлийн газраас хуулийн этгээдэд нэр олгохдоо хуулийн этгээдийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бусад хуулийн этгээдийн нэртэй ижил нэрийг баталгаажуулах нь нэр давхардаж буйг илэрхийлэхээр байна. Гэтэл УБЕГ тухайн хоёр компанид нэр олгохдоо хуулийн этгээдийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн “М-Э” ХХК-ийн нэрийг бүтэн агуулсан нэрийг олгож, баталгаажуулсан нь хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардахгүй байх шаардлагыг хангахгүй байна.

Хуулийн этгээдийн нэр улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй шаардлагын тухайд: Ижил гэдэг нь хэл зүйн утгаараа аливаа хүн, юмны хэлбэр, өнгө, үйлдэл, утга, тоо зэрэг нь адил, нэг төрлийн байхыг ойлгох бол төсөөтэй гэдэг нь хэл зүйн утгаараа адил, ижил гэсэн санааг илэрхийлнэ. Хуулийн бичвэр, агуулга ч уг санааг бүхэлд нь илэрхийлжээ. Тодруулбал, дээрх хоёр компанийг улсын бүртгэлд бүртгэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан УБЕГ-ын даргын 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 391 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох журам”-ын 3.10-т “Хуулийн этгээдийн нэр нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байвал хуулийн этгээдийн нэр олгохгүй. Жишээлбэл: “М даатгал”, “М даатгал” гэх мэт” гэж заасан.

Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10-т “... дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй” гэсний 3.10.4-т “баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Баян гео”, “Эко систем” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Баян геологи”, “Экологи систем” гэжээ.

Дээрхээс үзвэл, “Б э”, “М э Э Э” гэх нэрсийн гол цөмийг “М э” гэх ерөнхий нэршил бүрдүүлж байх бөгөөд “М э” гэсэн хоёр үг давхардаж байгаа тул төсөөтэй, ижил гэж үзэхээр байна. Энэ талаар 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шинжлэх Ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Б э” гэх нэр нь “М э” гэх утгыг хадгалахын сацуу “Б” хэмээх төлөөний үг өмнө нь хэрэглэж “М э” гэх үгийг тодотгосон шинжтэй байна. “М э Э Э” гэх үгийн “Эм Эн” гэх үг нь өчүүхэн ялгаатай боловч ерөнхий нэршил “М э” нь төстэй байна. “Эм Эн” олон улсын жишгээр “М” (MN) гэсэн товчлол байдлаар ашиглагдах бөгөөд цахим орчны домейн (mn) рүү хандуулж буй шинжтэй байж мэднэ гэх дүгнэлтийг ирүүлсэн.

Түүнчлэн хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Дүүрэг болон нэг цонхны үйлчилгээ дээр нэр авах гэж ирэхэд нэрийн сангаас шүүж үзэж яг ижил байгаа тохиолдолд давхардаж байна. Иргэдэд хэлж өгдөг. Иргэд хүнд суртал гаргаж байна. Миний хүссэн нэрийг олгохгүй байна. Хүссэн нэрээ авмаар байна гэж хэл ам гаргадаг. Бидний зүгээс та авах гэж байгаа нэрийнхээ урд талд нь нэр үг нэмээд өөр байдлаар болгоод нэрээ авч болно гэж зөвлөж байгаа... иргэдэд аль болох таатай нөхцөл байдлыг бүрдүүлэх үүднээс өөрчлөх байдлаар хэлж өгдөг. Иргэд үүн дээр төөрөлдөхгүй гэж үзэж байгаа...” гэжээ.

Эндээс үзвэл, бодит байдалд улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахдаа хууль, журам, Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолыг өөрөөр ойлгон хэрэглэж, хууль бусаар бүртгэлийн ажиллагааг явуулсаар байна. Улсын бүртгэлийн байгууллагын уг хууль бус үйлдлийн улмаас хуулийн этгээдийн нэр давхардсан, ижил төсөөтэй байгаагаас үүдэн үүссэн эрх зүйн маргаануудыг шүүхээс хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн тохиолдол цөөнгүй. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага энэ хууль бус үйл ажиллагаагаа иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлж байна гэх тайлбараар аргацааж, хуулийн этгээдүүдийн нэрийг давхардуулан баталгаажуулж буй нь хуульд нийцэхгүй юм.

Хуулийн этгээдийн нэр хамгаалагдах тухайд: Иргэний хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээд өөрийн гэсэн нэртэй байх бөгөөд энэ нь өөр бусад хуулийн этгээдээс ялгагдах зорилгоор хэрэглэгдэхээр байна. Аливаа хуулийн этгээд нь өөрийн нэрийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг тул хуулийн этгээдийн нэр нь хуулиар хамгаалагддаг эрх юм. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид Монгол Улс нэгдэн орж, 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр соёрхон баталснаар Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөгдөж байна. Тус конвенцын 8 дугаар зүйлд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаалахаар зохицуулсан. Гэтэл бодит нөхцөл байдалд “М э” гэх нэршлийг бүтэн агуулсан нэрийг гуравдагч этгээдээр оролцож буй 2 хуулийн этгээдэд давхардуулан олгосон нь дээрх хууль, олон улсын конвенц, холбогдох журам, Улсын дээд шүүхийн тогтоолд заасныг зөрчихийн зэрэгцээ хуулийн этгээдийн нэрийн эрхийг зөрчиж байна. Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн нэрийн эрхийг зөрчиж манай компанийн нэрийг өөр хуулийн этгээдүүдэд давхардуулан олгож буй хууль бус үйлдлийн улмаас хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд зөрчигдөж байна.

Анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн тухайд: Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 3.6-д “Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д заасан болон журмын 3.1-д заасан зохицуулалт нь “нэр давхцахгүй байх” тухай зохицуулалт байгаа бөгөөд харин хуулийн этгээдийн оноосон нэрийн аль нэг үг ижил байхыг хориглосон агуулгатай зохицуулалт байхгүй байна/ 3.7-д “Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-д хуулийн этгээдийн нэрд төстэй үг хэрэглэхийг хориглоогүй, зөвхөн давхцахыг хориглосон болох нь тогтоогдлоо/ 3.8-д “Харин 2015 оноос хүчин төгөлдөр мөрдсөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэх хориглосон заалт оруулсан...” гэх хууль хэрэглээний алдаатай дүгнэлтийг шүүх хийжээ. Тодруулбал:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 16 дугаар зүйлд улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг тодорхойлсон ба 16.1.6-0 “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт гэж байсныг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон. Ийнхүү 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар 16.8-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна” гэх заалтыг нэмсэн.

Эндээс үзвэл, тухайн үед буюу “Б э” ХХК /2011.06.17/, “М э Э Э” ХХК /2011.11.16/ нарыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхэд хуулийн этгээдийн нэр нь өөр бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан тухай баримтыг баримт бичгийн бүрдэлд хавсаргасан байхыг хуулиар шаарджээ. Гэтэл анхан шатны шүүх хуулийн агуулгыг өөрөөр тайлбарлан, хуулийг буруу хэрэглэж “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-д хуулийн этгээдийн нэрд төстэй үг хэрэглэхийг хориглоогүй, зөвхөн давхцахыг хориглосон болох нь тогтоогдлоо гэх хууль хэрэглээний хувьд алдаатай хийгээд хэт нэг талыг барьсан хүчин төгөлдөр гэж үзэхэд учир дутагдал бүхий тулгасан дүгнэлтийг хийсэн байна.

Мөн Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 3.13-д “...эдгээр хуулийн этгээдүүдийн нэрийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27.3-т заасан бусдыг төөрөгдүүлэхээр ижил, эсхүл төстэй” гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэв” гэх дүгнэлт нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт байна. Тухайлбал: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-д 4 дүгээр зүйлийн 4.1.2 болон 27 дугаар зүйлийн 27.3 гэх заалт тус тус байхгүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс хуульд байхгүй заалтыг баримтлан хэрэглэсэн нь аль хуулийн зүйл, заалт болох нь тодорхойгүй байдалд хүргэж байна. Түүнчлэн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хууль хэрэглээний ноцтой алдааг гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээгүй тухайд: Анхан шатны шүүх УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн, “э гэх үг орсон хуулийн этгээдүүдийн жагсаалтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй болно. Тухайлбал: “М-Э” ХХК-ийн оноосон нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй “Б э” ХХК, “М э Э Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлд холбогдолтойгоор “экспресс” гэх үг орсон хуулийн этгээдүүдийн жагсаалтыг хариуцагчаас шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгсөн. Тус жагсаалтаар “э” гэх үг орсон нийт 361 хуулийн этгээдүүдийн мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс “М э” гэх үгийг бүтэн агуулсан “Б э” ХХК, “М э Э Э” ХХК болон “М-Э” ХХК нарын мэдээлэл харагдаж байгаа болно.

Тодруулбал, тус жагсаалтаар нэхэмжлэгч компанийн “М э” гэх ерөнхий нэршлийг бүхэлд нь агуулсан нэрийг гуравдагч этгээдүүдэд хууль бусаар олгосон болох нь тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 2.5-д “Уг шүүлтээр “М э” гэх хавсарсан үгнүүдтэй өөр үг нийлж бүтээсэн “О э м” гэх, “М э ” гэх, “Н к э м” гэх, “М с б  төв” гэх, “М л э” гэх, “М э п” гэх, “М э” гэх, “М э Э Э” гэх, “Б э” гэх зэрэг нэртэй хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэжээ” гэсэн дүгнэлтийг хийхдээ тус жагсаалт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх, үүнийг хэрхэн үнэлж буй талаарх тайлбарыг огтоос хийгээгүй байна.

Тус маргаан нь “М-Э” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн эрхийг зөрчиж, “М э” гэх нэрийг бүхэлд нь агуулсан нэрийг хууль бусаар “Б э” ХХК, “М э Э Э” ХХК нарт олгосноос болж үүссэн хэрэг байхад анхан шатны шүүх тус жагсаалт дахь мэдээллийг хэрхэн үнэлж буй талаарх дүгнэлтийг хийлгүй орхисон нь хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй болохыг харуулж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн “компанийн веб хуудас болох https://******* ***** чат ботод сүлжээгээр бараа захиалга явуулахаар хандах байдлыг харуулсан” баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй болно. Тухайлбал: “М э” гэх ерөнхий нэршлийг бүхэлд нь агуулсан нэрийг “Б э” ХХК болон “М э Э Э” ХХК нарт олгосон нөхцөл байдлаас шалтгаалан манай веб хуудасны чат ботод Taobao сүлжээгээр бараа захиалга явуулахаар хандах байдал бий болсоор байгаа бөгөөд цаашид энэ байдал үргэлжилбэл манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, манай компанийн ажил хэргийн нэр хүндийг ашиглах, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, ажил хэргийн нэр хүндэд ноцтой хохирол учрахуйц бодит эрсдэл байгааг шүүхээс харгалзан үзсэнгүй.

Энэ нөхцөл байдлыг хангалттай нотолж буй компанийн веб хуудас болох https:************ чат ботод үйлчлүүлэгчдээс T***** сүлжээгээр бараа захиалга явуулахаар 2024 оны 10 болон 11 дүгээр сард хандсан хандалтын мэдээллийг харуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаанд “М э” ХХК-ийн ажилтан Э.Ө-ийг гэрчээр оролцуулсан. Гэрч Э.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш T***** интернэт дэлгүүрээс болж маш их дуудлага ирж байгаа. Түүнээс өмнө өдөрт 2-3 удаа Америк руу шуудан илгээх, авах ачаа хаана яваа гэх мэт дуудлага өдөр болгон ирдэг”, “Америкаас бараа захиалдаггүй харин Америкаас бараа оруулж ирж, Америк руу бараа гаргадаг”, “T***** интернэт дэлгүүртэй ямар нэгэн холбоо байхгүй” гэжээ.

Ийнхүү “М э” гэх нэрийг бүхэлд нь агуулсан нэрийг “Б э” ХХК болон “М э Э Э” ХХК нарт хууль бусаар олгосон нөхцөл байдал байгаа болох нь тодорхой бөгөөд компанид сөрөг үр дагаврууд бодитоор үүсэн бий болсоор байна. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэх хэсгийн 2.6-д “..., тэдгээр нь манай ачаа хаана явж байна”, “ачаа удаж байна” гэж ярьж ажил хэргийн нэр хүндийг унагааж, ачаа захиалгын үйл ажиллагаанд нөлөөлөх байдал бий болсон гэж маргасан ч нэхэмжлэгчийн маргасан “тус компанийн ачаа захиалгын үйл ажиллагаанд нөлөөлсөн” гэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй ийм баримт байхгүй байна” гэсэн дүгнэлтийг хийхдээ дээрх баримтуудыг хэрхэн үнэлж, дүгнэж буй болохоо огтоос тайлбарлаагүй болно. Ийнхүү “М э” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн эрхийг зөрчиж, гуравдагч этгээдүүдэд хууль бусаар олгосон нэрийг үндэслэн хийгдсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд “М э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0170 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          2. Хэргийн үйл баримтын тухайд:

          2.1 Нэхэмжлэгч “М-Э” ХХК анх 1999 онд үүсгэн байгуулагдаж, эрхийн улсын бүртгэлийн *************** дугаарт бүртгүүлж, 2006 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гадаад худалдаа чиглэлээр, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төмөр замын тээвэр зуучлал, улс хоорондын шуудангийн логистик үйлчилгээ, гаалийн зуучлал, гаалийн баталгаат агуулах, улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр онлайн худалдаа үйл ажиллагаа, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[1]-г олгож, Оюуны өмчийн газарт *************** гэх барааны тэмдгийг бүртгүүлж, улсын бүртгэлийн **************** дугаар барааны тэмдгийн гэрчилгээ[2]-г авч, https:************** вэб хуудсыг ажиллуулж, үйл ажиллагаа явуулдаг болох нь,

2.2 Гуравдагч этгээд “М э Э Э” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэж, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр худалдааны зуучлал, хүнс барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа, газар тариалан эрхлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал чиглэлээр, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа үйл ажиллагаа, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ашигт малтмал ашиглах /2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2037 оны 02 дугаар сарын 09-ний өдөр/ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[3] олгож,

2.3 Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр С аймаг, Осум, Ц нэртэй газарт орших 232 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 23/** тоот гэрчилгээтэй “Х” ХХК-д 30 жилийн хугацаатай ****** дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл[4] олгож, улмаар 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрлийг “М э Э Э” ХХК-д шилжүүлсэн болох нь, 

2.4 Гуравдагч этгээд “Б э” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэж, 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[5] олгож, гуравдагч этгээдээс “2017 оноос 2025 он хүртэл караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг” гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн, мөн шүүхээс ******.mn, .................online.mn, ..........., ...............mn сайтуудад үзлэг[6] хийж, М э карго гэх ............. дугаарын утас руу залгаж лавлахад “Манайх Б М и ХХК-ийн утас” гэх тэмдэглэлээс үзэхэд “Б э” ХХК-ийн цахим хуудас биш болох нь тус тус хэрэгт авагдсан байна.

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл гаргагч хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичиг бүрдүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Цахим хэлбэрээр лавлагаа олгох, улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдох нарийвчилсан журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална гэж, УБЕГ-ын даргын 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 391 дүгээр “Журам батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан “Хуулийн этгээдийн нэр олгох журам”-ын 3.1-д “Хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй улсын хэмжээнд давхардаагүй байна”, 3.6-д “Хуулийн этгээдийн нэр нь хоёр ба түүнээс дээш холбоо үгээр илэрхийлэгдэх бол дараах байдлаар бичсэн байх шаардлагатай” гэж тус тус заажээ.

4. Өөрөөр хэлбэл, Хуулийн этгээдийн оноосон нэр нь түүнийг бусдаас ялган танихын агуулга, ач холбогдлыг илэрхийлэх ба улсын бүртгэлийн байгууллагаас түүнийг баталгаажуулахдаа “нэр давхцахгүй байх” холбогдох хууль, журмаар тогтоосон шаардлагад нийцсэн эсэхийг хянасны дүнд бүртгэл хийх, үүсгэн байгуулагдаж буй хуулийн этгээдээс бүртгүүлэхээр мэдүүлсэн “оноосон нэр” нь улсын бүртгэлийн байгууллагын санд бүртгэгдсэн нэртэй давхацсан эсэхийг шалгах нь дээрх хуулиар зохицуулсан байна.

5. Тиймээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-д хуулийн этгээдийн нэр давхцаагүй байх зохицуулалтыг баримталж хариуцагч захиргааны байгууллага нь гуравдагч этгээд нар буюу хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцжээ.

6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хуулийн этгээдийн нэр гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг”, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж заасан.

7. Гуравдагч этгээд “М э Э Э” ХХК-ийг 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, “Б э” ХХК-ийг 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж авсан ба цаг хугацааны хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/ үйлчилж байсан. Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Иргэний хуулийн 27.3 дахь заалтыг тусгайлан зохицуулсан буюу “бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэх заалт тухайн үед үйлчлээгүй байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.   

8. Нэхэмжлэгчээс “…“Б э” ХХК болон “М э Э Э” ХХК нараас шалтгаалан манай веб хуудасны чат ботод T******* сүлжээгээр бараа захиалга явуулахаар хандах байдал бий болсоор байгаа... компанийн веб хуудас болох https:****************** чат ботод үйлчлүүлэгчдээс ********** сүлжээгээр бараа захиалга явуулахаар 2024 оны 10 болон 11 дүгээр сард хандсан хандалтыг шүүхэд баримтаар өгсөн” гэж маргасан.

9. Гуравдагч этгээд “М э Э Э” ХХК-ийн хувьд ашигт малтмалын чиглэлээр, “Б э” ХХК-ийн хувьд караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мөн хэрэгт авагдсан баримтаар ямар нэгэн сайтаар барааны захиалга авдаггүй болох нь тогтоогддог. Харин нэхэмжлэгчийн хувьд олон улсын болон дотоодын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг ба гуравдагч этгээд болох “М э Э Э” ХХК, “Б э” ХХК нарыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс хойш буюу 2011 оноос хойш ******** сүлжээгээр бараа захиалга авч иргэдийг төөрөгдүүлсэн, нэхэмжлэгч байгууллагын нэр хүндийг алдагдуулсан гэх зүйл тогтоогдсонгүй.  

10. Монгол Улсын Шинжлэх ухааны академи Хэл зохиолын хүрээлэнгийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр[7] “...М э гэсэн нэр нь хэрэглэгчдийн дунд тодорхой түвшинд брэнд болж танигдсан бол бусад төстэй нэрс нь андуурал, төөрөгдөл үүсэх магадлалтай гэж дүгнэж байна” гэснийг анхан шатны шүүх “...хэл зүйн үүднээс төстэй байж болох ч хууль зүйн үүднээс адил гэж үзэхгүй, учир нь хүний амаар дуудах авианы хувьд “Бид” гэсэн үгийн авиа, “Эм Эн” гэсэн авианууд дуудагдаж байхад адил төстэй, төөрөгдөнө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж” дүгнэсэн нь үндэслэлтэй.

11. Маргааны үйл баримтаас дүгнэхэд, “М э Э Э” ХХК, “Б э” ХХК нарын хувьд хуулийн этгээдийн оноосон нэрийг баталгаажуулж, үүний дагуу үүсгэн байгуулах шийдвэрийг бүртгүүлсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/, УБЕГ-ын даргын 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **** дүгээр “Журам батлах тухай” тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн нэр олгох журам”-аар тогтоосон эрх зүйн зохицуулалтад нийцэж байх тул маргаан бүхий улсын бүртгэлийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

12. Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдийн “М-Э” болон гуравдагч этгээд “М э Э Э”, “Б э” гэх нэрийн аль алинд нь “...М э...” гэх үгсүүд орсон байх боловч “...Эм Эн, Бид...” гэх үг, үсэг нэмэгдсэнээр өөр утга санааг илтгэсэн, үгийн үндсэн утгаа хадгалж буй үгийн нийлэмж байх тул тэдгээрийг нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй, утга агуулга, дуудлагын хувьд давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэхээргүй, энэхүү бүртгэлийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд илт сөрөг нөлөөлсөн нөхцөл байдал үүсээгүй гэж үзэхээр байна.

13. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн боловч хууль хэрэглээ, бичиглэлийн алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0170 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 16 дугаар зүйлийн 16.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27.3...гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.2...” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 34-35 хуудас

[2] 3 дугаар хавтаст хэргийн 78-86 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 211-212 хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 118 хуудас

[5] 2 дугаар хавтаст хэргийн 74-75 хуудас

[6] 3 дугаар хавтаст хэргийн 188-189 хуудас

[7] 3 дугаар хавтаст хэргийн 159-160 хуудас