Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 137

 

 Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

 Улсын яллагч С.Алтай

 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан

 Шүүгдэгч Б.Пүрэвцог нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Монгол овогт Бат-Очирын Пүрэвцогт холбогдох эрүүгийн 201611000389 дугаартай  хэргийг  2016 оны 12 сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1994 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖМ94033111 регистрийн дугаартай, Монгол овогт Батбаярын Пүрэвцог,

Шүүгдэгч Б.Пүрэвцог нь Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 73-р байрны гаднаас 2016 оны 08 сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн О.Ганболдын улаан өнгийн YAMAHA 125 маркийн мотоцикл хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Пүрэвцог шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч О.Ганболд хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэгтээ: …Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 73 дугаар байрны 60 тоотод амьдардаг. 2016.08.30-ны 22 цагийн орчим YAMAHA  125 маркийн улсын дугааргүй мотоциклийг 73 дугаар байрны урд талын зогсоол ,дээр тавьсан юм. Тэгээд 2016.08.31-ний шөнө 3 цагийн үед цонхоор харахад мотоцикл харагдахгүй байсан. …Уг мотоциклийг 2016.05 сард 3000000 төгрөгөөр худалдан авч байсан. Намайг байхгүй хөдөө явж байхад эхнэрт мотоциклийг хүлээлгэж өгсөн байсан. Би алдагдсан мотоциклийн эрэлд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн урд болон хойд сумдаар явсан зардал, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ, засварын үнэ зэрэг зардлыг нэмж 500000 төгрөг нэхэмжилж байна гэжээ /хх-ийн 58-59/

Бичгийн баримтад:

-    Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/

-    Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/

-    Гэрч Б.Бат-Энхийг байцаасан тэмдэглэл/ хх-ийн 10/

-    YAMAHA маркийн мотоциклийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 43/

-    Хохирогч О.Ганболдыг дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 58/

-    Гэрч Х.Ундармааг байцаасан тэмдэглэл /хх-ийн 62/

-    Сэжигтэн Б.Пүрэвцогийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 58-59/

-    Гэрч Б.Өлзийсайханыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 60-61/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Шүүгдэгч Б.Пүрэвцог нь Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 73-р байрны гаднаас 2016 оны 08 сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч О.Ганболдын "YAMAHA" 125 маркийн улаан өнгийн мотоцикл хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Б.Пүрэвцогийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч О.Ганболд, гэрч Б.Өлзийсайхан, Х.Ундармаа нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлгүүд,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, хураан авах тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Пүрэвцогт холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Пүрэвцогийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Б.Пүрэвцогийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах ба шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь урьд ял шийтгэгдсэн байдлыг шалгах хуудас, шүүгдэгч, хохирогч нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлгүүд, хэрэг бүртгэлт дуусгаж хохирогчид хэргийн материал танилцуулахад бичгээр гаргасан хүсэлт зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан "…согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…" гэсэн заалт болон мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан "хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр"  хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдаж, бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс "Sky" маркийн 50000 төгрөгийн үнэ бүхий гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болговол зохино.

 Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ                       

1. Шүүгдэгч Монгол овогт Батбаярын Пүрэвцогийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Пүрэвцогт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан "хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр " хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Б.Пүрэвцогийн ЖМ94033111 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс "Sky" маркийн 50000 төгрөгийн үнэ бүхий гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  299  дүгээр  зүйлийн  299.3-т  зааснаар  энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэхүү тогтоолыг   эс   зөвшөөрвөл   шүүгдэгч,   түүний өмгөөлөгч,   хохирогч  нар  шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                       Ж.ДОЛГОРМАА