Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 389

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: х банкны нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Б-ын О-д холбогдох,

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Нэхэмжлэгч х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н, О нар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр х банкны Увс салбарын Төв тооцооны төвд ЗГ201743310986 тоот зээлийн гэрээ байгуулан 14.390.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, сар бүр тэгш 442.000 төгрөг төлөх нөхцөлтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 821.925,40 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 546.035,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 139,33 төгрөг, нийт 1.368.100 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч Н 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч О-с зээлийн төлбөрийг нэхэмжилж өгнө үү. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж тус тус заасан байдаг. Иймд зээлдэгч О-с нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 16.504.860,82 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад орлогоор хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Миний эгч Н нь 2017 оны 12 сарын 11-ний өдөр х банкны Увс салбарын Төв тооцооны төвөөс 14.390.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед эгч маань надруу холбогдож х банкнаас цалингийн зээл авч байна, чи ирээд гарын усэг зураад өгөөч банкныхан ийм шаардлага тавиад байна гэсний дагуу би банкин дээр очсон. Намайг х банкин дээр явж очиход зээлийн гэрээ бэлэн болсон байсан бөгөөд намайг гарын үсэг зур гэж заасан хэсгүүдэд би гарын үсгээ зураад явсан. Надад зээлийн гэрээний нэг хувийг ч өгөөгүй ба тухайн зээлээс би өөртөө авч ашигласан зүйл байхгүй, би банкнаас зээл авах талаар хүсэл зоригоо илэрхийлж очоогүй, банк миний нэр бүхий дансанд зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй болно. Тухайн зээлийг олгохдоо хамтран үүрэг гүйцэтгэгч гэж надаар гарын үсэг зуруулсан хэдий ч миний орлого болон үүрэг гүйцэтгэх чадвартай эсэхийг судлаагүй, надаас ямар нэгэн баримт материал шаардаагүй ба би өөрийн орлогоор зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй юм. Өөрөөр хэлбэл би өөрийн цалин орлогоо барьцаалаагүй юм. х банкны зүгээс “Зээл хүссэн өргөдөл”, “Цалингийн орлоготой иргэдийн зээлийн өргөдлийн маягт” гэсэн нотлох баримтуудыг шинээр гаргаж өгсөн байх ба тухайн баримтуудын хамтран үүрэг гүйцэтгэгч хэсэгт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Би 2017 оны 12 сарын 11-ний өдөр х банкнаас 14.390.000 төгрөгний цалингийн зээл авах талаар ямар нэгэн өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй юм. Иймд х банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч х банк нь хариуцагч О-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Хариуцагч О нь “...Надад тухайн зээлээс авч ашигласан зүйл байхгүй. Зөвхөн зээлийн гэрээнд гарын үсэг л зурсан. Банкнаас зээл авах талаар хүсэл зоригоо илэрхийлж очоогүй, банк миний нэр бүхий дансанд зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

   Иргэн Н, О нар х банктай 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ2017743310986 дугаартай “Зээлийн гэрээ”, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-т “зээлийг хэрэглээ зориулалтаар ашиглана. Энэ нь банкны “Цалингийн зээл” төрлийн бүтээгдэхүүн болно” гэж заажээ. Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БГҮ201743310986 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” тус тус байгуулж, 14.390.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд иргэн Н-ийн эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалжээ.

     Зээлдэгч Н нь х өдөр нас барсан болох нь х тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.  

    Харин нэхэмжлэгч х банк нь хариуцагч О-с Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ.

    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

   Дээрх гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, орлогоор төлөх, банк Н-ийн цалин, түүний эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж төлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, банк, зөвхөн Н-ийн цалин орлогын хэмжээ, түүний хүсэлт зэргийг үндэслэн зээл олгосон нь тогтоогдож байна.

    Мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.2-т “Цалингийн зээлийн хувьд банк гэрээний 2.4.1-т заасан хуваарийг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгана” заажээ.

    Харин хамтран зээлдэгч О нь өөрийн цалин, орлогоо барьцаалаагүй байх тул зээлийн үүргийг хамааруулах боломжгүй байна.

     Мөн “Цалингийн орлоготой иргэдийн өргөдлийн маягт”, “х банкны Увс тооцооны төвд зээл хүссэн өргөдөл гаргах нь” гэх баримтуудад зурсан хариуцагч О-ийн гарын үсэг нь түүний гарын үсэг биш болох нь шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 19/68 тоот “2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “х банкны Увс тооцооны төвд зээл хүссэн өргөдөл гаргах нь”, “Цалингийн орлоготой иргэдийн зээлийн өргөдлийн маягт” гэх баримтуудын үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг хэсэгт зурагдсан гарын үсэг нь О-ийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэх дүгнэлтээр нотлогджээ. 

    Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” тохиолдолд түүний үүрэг дуусгавар болохоор заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаар зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч Н нас барснаар дуусгавар болох тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.  

     Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хаан банкны хариуцагч О-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч х банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч х банкны хариуцагч О-д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч х банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР