Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

   

 

    2022         01          18                                    2022/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,      

Шүүгдэгч Ж.Э, Д.Ж, тэдгээрийн өмгөөлөгч А.Намдаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Д.О, Ж.Э, Д.Ж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн тоотод оршин сууж байгаа, урьд : 

1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн б, 76 дугаар зүйлийн а-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж 02 жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзсан, 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 1, 174 дүгээр зүйлийн 1, 276 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 07 дугаар сарын 01-ны өдөр суллагдсан,

1992 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 төгрөгөөр торгох ялаар, 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2/5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90.1 дүгээр зүйл, 239.3 дугаар зүйлд зааснаар 5 жил 5 сар 08 хоног хорих ял шийтгүүлсэн, 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90.1 дүгээр зүйлд зааснаар 06 жил 06 сар 22 хоногийн хорих ялаар, 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн сум дундын шүүхийн 51/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар 16 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 126 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 02 сарын хугацаатай хорих ялаар, 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5 дахь Хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоосон, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, ийн хорих ялаар шийтгүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 10 хоногийн хорих ялаар тогтоож 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тэгшитгэлээр суллагдсан, Ж.Э   

2. Монгол Улсын иргэн, Ховд аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-2-01-10 тоотод оршин сууж байгаа, Урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 320 дугаар шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт нийцүүлж эдлэх ялыг 7 жил 9 сар 7 хоногоор тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 118 дугаар магадлалаар 320 дугаар захирамжид өөрчлөлт оруулан холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилж 4 жил 4 сар 26 хоног болгон өөрчилж сулласан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Д.Ж

3. Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүрэг 2 дугаар хороо, Урьд: Булган аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98.1 дүгээр зүйл, 123.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, С.А

4. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, өвөө, эх, эгч, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, Д.О

5. Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Бумбат зүрх харуул хамгаалалтын газрын харуул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосго 20-20 тоотод оршин сууж байгаа, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Э.Э

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч Ж.Э, Д.Ж, С.А, Д.О нар бүлэглэж Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэрэг бүртгэлтийн 213400246 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон байсан уг хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 68.7 кг жинтэй шороо, чулуунд шинжилгээ хийлгэхээр мөрдөгчийн шинжээч томилох тогтоол үйлдэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Геологийн төв лабораторид 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн байхад 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тус төвийн харуул Э.Эд 2 сая төгрөгийн шан харамж өгч уг 68.7 кг жинтэй шороо, чулууг 60.6 кг жинтэй шороо, чулуугаар сольж өөрчилсөн,    

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдэхэд 2 сая төгрөгийн шан харамж авч хаалга онгойлгох, эд мөрийн баримт байгаа газрыг зааж өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь :    

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :     

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч Ж.Э, Д.Ж, С.А, Д.О нар бүлэглэж Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэрэг бүртгэлтийн 213400246 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон, уг хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 68.7 кг жинтэй шороо, чулуунд шинжилгээ хийлгэхээр мөрдөгчийн шинжээч томилох тогтоол үйлдэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Геологийн төв лабораторид 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн байхад 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тус төвийн харуул Э.Эд 2 сая төгрөгийн шан харамж өгч уг 68.7 кг жинтэй шороо, чулууг 60.6 кг жинтэй шороо, чулуугаар сольж өөрчилсөн,      

Шүүгдэгч Э.Э нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд 2 сая төгрөгийн шан харамж авч хаалга онгойлгох, эд мөрийн баримт байгаа газрыг зааж өгөх зэргээр дэмжлэг үзүүлсэн болох нь :    

- мөрдөгчийн шинжээч томилох тухай тогтоол /2-р хавтас, хх-6/,

- шинжилгээ хийлгүүлэх захиалгын хуудас /2 дахь хавтаст хэргийн 04-05 дугаар тал/, Геологийн төв лаборатори, Шинжилгээний дүн /2 дахь хавтаст хэргийн 08-11 дүгээр тал/, 

- эд зүйлд үзлэг хийж хураан авсан...Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Геологийн төв лабораторийн хоёр давхарт...хяналтын камер хариуцсан инженер 2021 оны 09-р сарын 22-ны шөнийн хяналтын камерын дүрс бичлэгийг шүүлгэж хэрэгт ач холбогдол бүх үйл явдлыг харуулсан дүрс бичлэгийг тэмдэглэлд тусгав...гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 20-24 дүгээр тал/, 

- жижүүрийн рапорт /1 дэх хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,п

- камерын бичлэгт үзлэг хийсэн...Сонгинохайрхан дүүрэг 18-р хороо Цахилгаан холбооны төвийн байранд байрлах Монгол шуудан 37-р салбар төвийн гадна талын хяналтын камерт үзлэг хийв. 2021.09.22 04 цаг 56 минут 32 секунтад баруунаас зүүн зүгт ногоон өнгийн шуудайтай эд зүйл үүрсэн бараан өнгийн хувцастай 2 хүн явж өнгөрсөн байна. 2021.09.22-ны 05 цаг 03 минут 41 секунтад зүүнээс баруун зүг рүү ногоон өнгийн шуудайнд эд зүйл өргөсөн бараан өнгийн хувцастай хүн явж өнгөрөв. 2021.09.22-ны 05 цаг 04 минутад бараан өнгийн хувцастай хүн зүүнээс баруун зүгт явж өнгөрсөн...гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,   

- эд зүйл хураан авсан...Э.Э нь өөрийн өмсөж явсан цэнхэр өнгийн куртикний дотор талын зүүн энгэрийн халааснаас улаан өнгийн хэтэвч гаргаж ирээд хэтэвчнээс нийт 10.000 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 95 ширхэг нийт 2.000.000 төгрөг гаргаж ирснийг серийн дугаараар тэмдэглэн хураан авав...гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 37-38 дугаар тал/, 

- гэрч Г.Ц гийн... 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 68.7 кг дээж буюу шороо чулууг харилцагчийн үйлчилгээний ажилтан Э.М  19 цагт хүлээн авч, энэ оны 09 дүгээр сарын 22-ны өдөр захиалгаар химийн шинжилгээний ажилд оруулсан байна. Захиалгын хуудас гарснаас хойш 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шинжилгээний ажлын төлбөр төлөгдөж, шинжилгээг эхлүүлж сорьц боловсруулалтын инженер Б.Одгэрэлд захиалгын хуудасны хамтаар дээжийг М  нь хүлээлгэж өгсөн. Тэгээд энэ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 68.7 кг дээж буюу шороо чулууг химийн шинжилгээнд оруулж 09 дүгээр сарын 27-ны өдөр шинжилгээний үр дүн гарсан байна. Энэ өдрийн 14-17 цагийн хугацаанд Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, Т  гэх хүн ирж шинжилгээний үр дүн болон үлдэгдэл дээжийг авах үед дээж 60.6 кг болсон байсан, дээжийн үлдэгдэл хэт зөрүүтэй байсан...Тухайн асуудлыг тордуулахаар шалгахад дээж сольсон асуудал үүссэн, хяналтын камерт бичигдсэн байсан....гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 43-45 дугаар тал/,   

- гэрч Э.М гийн...Тэр үед тухайн шороо чулууг мөрдөгч Т  өөрөө жин дээр тавьж жинлэсэн, нийт 68,7 кг болж байсан. Ингээд ажлын цаг тарсан байсан учраас ирүүлсэн шороо чулууг Хөгжлийн хэлтсийн өрөөнд жингийн хажууд үлдээгээд хэлтсийн өрөөг цоожлоод өөрийнхөө машины түлхүүрээр лац дараад түлхүүрээ тухайн өдөр гарч байсан 55-60 орчим насны өндөр, дунд зэргийн махлаг ахад үлдээгээд гарын үсэг зурж тэмдэглэгээ хийгээд явсан. Маргааш нь ажил дээрээ ирээд Төв аймгийн Заамар сумаас ирүүлсэн 68.7 кг шороо чулууг сорьц буталгааны цэх рүү шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Т  мөрдөгч Төв аймгийн Заамар сумаас өөр мөрдөгчийн тогтоолтой шинжилгээний дээж авч ирсэн тэр үед мөрдөгч Т гийн захиалгын хариу гарсан учир шинжилгээний хариуг дээжийн хамтаар баримт үйлдэж хүлээлгэн өгөх үед жинлэхэд 60.6 кг болж дутсан байсан...Хөгжлийн хэлтсийн хяналтын камерыг инженер Зоригоогийн хамтаар шүүж үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 03-04 цагийн хооронд гаднаас битүү хувцас өмссөн, маск зүүсэн 2 эрэгтэй хүн орж ирээд хөгжлийн хэлтэст байсан шуудайтай дээжийг дамнаж авч гараад хэсэг хугацааны дараа удалгүй шуудайтай зүйл оруулж ирээд тухайн дээж байсан газарт ижил шуудайтай ижил хэмжээтэй зүйл үлдээгээд гараад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-54 дүгээр тал/,    

- гэрч Ч.Зоригоогийн...Э.М  бид 2 зөвхөн Хөгжлийн хэлтсийн хяналтын камерыг шүүж үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 19-20 цагийн хугацаанд дээж ирж тухайн дээжийг харилцагчийн үйлчилгээний ажилтан Э.М  хүлээн авч байгаа дүрс бичлэг байсан ба түүнээс хойш болсон үйл явдлыг Э.М  үргэлжлүүлэн шүүсэн...Хамгийн анх эхлээд гэрээт харуул эрэгтэй Хөгжлийн хэлтсийн үүд рүү харсан хяналтын камерыг бага зэрэг хажуу тийш  хөдөлгөн хаалгыг харагдах боломжгүй болгож байсан ба үйл явдал дууссаны дараа буцаагаад хэвийн байрлалд нь оруулж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан....гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,   

- гэрч Б.М ын...2021 оны 09 сарын 20-ны үед Намайг гэртээ байж байхад Маамуу буюу Ж.Э миний 90072222 дугаарын утас руу 9811-тэй юнителийн дугаараас шөнийн 12 цаг өнгөрч байхад залгасан ба “Улаанбаатар хотод Таван шар дээр байна, нөгөө зарсан машин чинь болохгүй байна чи ирж машин янзалж өг” гэсэн...Уулзахад эхнэр нь /машин авахад цуг байсан/ болон нэг залуугийн хамт байсан, түүнд зарсан машиныхаа чекийг нь унтрааж өгсөн. Намайг машин засаж байх хооронд Эрдэнэбаатар эхнэртэйгээ хамт миний машинд орж ирээд суусан. Машин засаж дууссаны дараа Эрдэнэбаатарын машиныг цуг байсан залуу  унаад яваад өгсөн. Тэгсэн чинь Эрдэнэбаатар “чи, тэр хаалган дээр очоод манаачаас дугаарыг нь аваад өг” гэж Геологийн төв лаборатори луу заасан. Тэгээд би зам гарч Геологийн төв лаборатори дээр очиж, манаачийн дугаарыг нь олж өгсөн, миний утсаар нэг хүнтэй яриад байсан. Миний бодлоор тухайн үед манаачтай яриад байсан байх тэнд бараг цаг гаран болсон. Тэгж байгаад 21 дүгээр хорооллын тэнд очоод зогс гэхээр нь би тэнд очоод зогсож байхад ард ачаатай хар машинтай хоёр хүн ирсэн. Тэд нар хоорондоо юм яриад байсан ба намайг багажаа онгойлгочих гэхээр нь би багажаа онгойлгосон чинь миний машины ард нэг цагаан шуудайтай зүйл хийсэн.  Тэгээд Ж.Э эхнэртэйгээ машинд суугаад Хорооллын тэнд гэртээ хүргүүлсэн. Сүүлд нь нэг удаа над руу залгаад цагдаагийн байгууллагаас залгавал мэдэхгүй гэж хэлээрэй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86 дугаар тал/,  

- гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл:....Налайх дүүрэгт очиход Д.О нь “С.А ах намайг дагуулаад тайжийн 8-6 тоот энэ хашаанд ирж байшингаас сүх аваад байшингийн урд байсан том чулууг хаглаж жижиглээд шуудайнд хийгээд машиндаа ачаад авч явсан гэснийг дагуу байшин болон чулуу жижиглэж хагалсан гэх газрыг заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Д.О С.А ах бид 2 шуудайтай чулуугаа ачаад Налайх дүүргээс нэлээд явж байгаад замын баруун талд байх дугуй хэлбэртэй бетоны ойролцоох овоолсон шороо /замын далан хэсгээс/ болон жижиг чулуу түүгээд шуудайндаа хийгээд авч явсан гээд тухайн газрыг заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Би С.А ахын хамтаар Улаанбаатар хотод орж ирээд Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн цаана байх байрнууд дунд очиж зогсоод энд Д.Ж эгчтэй уулзахад “бүх яриаг хийсэн байгаа” гэж байсан...Д.Ж эгчтэй уулзчихаад Геологийн төв лабораторийн цаана дөхөж ирээд С.А ахын машинд хийсэн байсан шуудайтай шороо чулуугаа аваад Геологийн төв лабораторийн төмөр хайсан хашааг давж явсаар байгаад гадаах үүдэнд нь ирээд шуудайтай шороо чулуугаа үлдээсэн газраа зааж өгсөн...Налайх дүүргээс авч ирсэн шороо чулуугаа Геологийн төв лабораторийн гадаа үүдний баруун талд үлдээгээд орох хаалга дээр ирэхэд харуул ах хаалга онгойлгосон ба дотогш нэвтрээд дахиад нэг хаалгаар ороод Геологийн төв лаборатори дотор ороход харуул ах үүдний нэг шилэн хаалгыг онгойлгоод энэ дотор Төв аймгаас ирсэн шороо чулуу байгаа гэж зааж өгсний дагуу С.А ахын хамтаар орж шуудайтай шороо чулууг авсан газраас зааж өгсөн...шуудайтай шороо чулууг аваад орж ирсэн хаалгаараа буцаж гараад Геологийн төв лабораторийн гадаах үүдний баруун талд гарч ирээд Налайх дүүргээс авч ирсэн шуудайтай чулуугаа Геологийн төв лабораториос гаргаж ирсэн шуудайтай чулууны шуудайнд нь сольж хийсэн газар энд гээд заасан...шуудайтай шороо чулуугаа солиод тэгээд Геологийн төв лабораторийн төмөр хашааг дагаж анх ирсэн гараараа буцаж яваад Геологийн төв лабораториос гаргаж ирсэн шороо, чулууг С.А ахын машинд хийсэн...Ингээд С.А ах Д.Ж эгчтэй утсаар ярих үед Д.Ж эгч байгаа газраа зааж өгсөн ба бид 2 машиндаа сууж хөдлөөд ертөнцийн зүгээр хойд зүг рүү яваад Сүү ХХК болон “Депо”-ийн буудлын дунд байрлах “МТ” гэх нэртэй шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр урд талд байрлах зам дагуу цагаан өнгийн машины ард ирээд Д.Ж эгчтэй уулзаад цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэлд Геологийн төв лабораториос авч ирсэн чулуугаа хийж өгөөд явуулсан...гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 30-34 дүгээр тал/,

- шүүгдэгч С.Аийн...Өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138 дугаар тал/,

- шүүгдэгч Д.Оын...Тухайн гэмт хэрэгт оролцох болсон шалтгаан нь тухайн чулууг сольж алтны агууламжгүй чулуугаар солих л байсан. Төв аймгийн Заамар сумаас авч ирсэн шороо чулуунаас алтны агууламж илрэх юм бол манай эхнэр хэрэгт холбогдох гээд байсан...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 147-149 дүгээр тал/,

- шүүгдэгч Э.Эы...Өөрийн хийсэн хэргийн хүлээн зөвшөөрч байна. Тэр 2 гаднаас орж ирсэн, масктай 2 залуу Геологийн төв лабораторид байсан шуудайтай чулууг авч гараад гадаа үүдний баруун талд ирээд цагаан өнгийн өөр шуудай гаргаж ирээд шороо чулуугаа хийгээд, Геологийн төв лабораториос авч ирсэн шуудайндаа өөрсдийн авч ирсэн чулууг хийж солиод тэгээд буцаад явсан...2 залуугийн нэг нь 2.000.000 /хоёр сая төгрөг/ өгчихөөд явсан. Би тухайн хүмүүст гэмт хэрэг үйлдэх үед нь Геологийн төвийн орох хаалгыг онгойлгож өгч Хөгжлийн хэлтсийн өрөөнд нэвтрүүлж чулууг эд туслалцаа үзүүлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 168 дугаар тал/,

- Д.Оын 85719871 дугаарын лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 63-65/, 88527885, 89325585 88199007 дугааруудын лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 66-73/,

- шүүгдэгч Ж.Э, Д.Ж, С.А, Д.О,  нарын...”алтны шорооны хэрэгт хүүхдүүд, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс холбогдсон байсан учраас тухайн шуудайтай шороог солихоор ярилцаж, энэ хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :                    

 

Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :         

1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв. 

Шүүгдэгч, өмгөөлөгч нар тухайн нотлох баримтуудын хууль ёсны байдлыг үгүйсгэн няцаах талаар санал, дүгнэлт гаргаагүй бөгөөд тус шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд хооронд зөрүүтэй байдалгүй /2хх-118, 119, 120, 121-122, 123/, мөрдөн байцаалтын шатанд тэднээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарт эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.        

2. Шүүгдэгч Ж.Э, Д.Ж, С.А, Д.О, Э.Э тухайн гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн хамтран оролцогчид буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба гэмт хэргийн обьект, халдлагын зүйлс хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна.  

Яллах дүгнэлтээр хамтран оролцогч нарын хувьд зохион байгуулагч, хатгагч эсэхийг нарийвчлан тодорхойлж дүгнээгүй, харин Ж.Э, Д.Ж, С.А, Д.Оыг гэмт хэргийн гүйцэтгэгчид, харин Э.Э хамжигч гэж үзсэн байх тул тухайн гүйцэтгэгч нарын хэн нь зохион байгуулагч, хатгагч эсэх талаар дахин дүгнэх боломжгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Э, Д.Ж, С.А, Д.О нар тухайн гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь өөрсдийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг “алттай шороо хууль бусаар олж авсан” хэрэг зөрчилд  холбогдуулахгүй байх сэдэлт, зорилгын хүрээнд гэмт санаагаар нэгдсэн нь шүүгдэгч нарын мэдүүлгээр илэрхийлэгдсэн.    

Тухайн шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар тус гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар мэтгэлцээн өрнүүлээгүй буюу хүлээн зөвшөөрсөн байна. 

3. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий алтны хольцтой байж болох шороо, чулууг өөр шороо, чулуугаар орлуулан сольсон нь “өөрчилсөн” утга агуулга болохоос гадна нэгэн зэрэг тухайн алтны хольцтой байж болох шороо, чулууг авч яван алга болгосон нь мөн устгасан үндэслэл, үйл баримт болохыг дүгнээгүй орхигдуулсан байх боловч энэ нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул зөвтгүүлэх шаардлагагүй гэж үзсэн.          

4. Шүүгдэгч нар гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл, хэлбэр, гэм буруу, оролцоо зэргийг нарийвчлан тодорхойлоход хамаарах нотлох баримтуудыг яллах дүгнэлт, түүний хавсралтад агуулгаар тусгах, шинжлэн судлах хүрээнд зарим дутуу ажиллагаа гарсан байх боловч шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй тул тус хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ, хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн болно.    

Иймд шүүгдэгч Ж.Э, Д.Ж, С.А,  Д.О нарыг бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, харин шүүгдэгч Э.Эыг тус хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

 

3. Хохирол, хор уршиг :  

Тус хэргийн улмаас учирсан хохирол буюу шүүхийн зардалд хамаарах нотлох баримт цуглараагүй байх ба тус хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг учраас Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн газар тус гэмт хэргийн улмаас “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд учирсан зардал” нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.   

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт      

Шүүгдэгч Э.Э, Д.Ж, С.А, Ж.Э нар  урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /1хх-176, 183-184, 177, 185-194, 178, 2хх-108-114, 179-180, 198-248, 2хх-01-03/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тус шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.   

Шүүгдэгч нар өөрсдийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг “алттай шороо хууль бусаар олж авсан” хэрэг зөрчилд  холбогдуулахгүй зорилгоор гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, “бүлэглэсэн” нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарахгүй байх тул энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дүгээр зүйлийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзнэ.          

Шүүгдэгч Д.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 7, өвөө, эх, эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-147, 2хх-28, 31, 40, шүүх хуралдааны тэмдэглэл/,     

Шүүгдэгч Д.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, тэтгэвэрт гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-158, 2хх-12, 17, 31, 32, 38, 40, 44-45, 56-57, шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-137, 2хх-14-16, 31, 40, 43, 55, шүүх хуралдааны тэмдэглэл/,        

Шүүгдэгч Э.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, манаач ажилтай гэх болон газар, орон сууцтай, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-167, 2хх-21-24, 31, 36-38, 40, 46-48, 58, шүүх хуралдааны тэмдэглэл/,        

Шүүгдэгч Ж.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-76, 2хх-25, 31, 33-35, 40, 59, шүүх хуралдааны тэмдэглэл/ мөн тус тус судлагдсан болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 3.5, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан, талуудын тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Д.Ж нарыг тус бүр 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Э, Д.О, С.А нарыг тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,   уг торгох ялыг шүүгдэгч тус бүрт 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр    шийдвэрлэв.           

Харин шүүгдэгч Ж.Э, С.А нар 2021.10.02-ны өдрөөс 2021.10.04-ны өдрийг хүртэл тус бүр 2 хоног /1хх-93, 100/ баривчлагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг, торгох ялын 1 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож буюу нийт 30.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Эын эдлэх 3000.000 төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 2.970.000 төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч С.Аийн эдлэх 2.700.000 төгрөгөөр торгох ялаас 30.000 төгрөг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 2.670.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоов.   

 

2. Бусад асуудал              

Тус хэрэгт хураагдсан буюу шүүгдэгч нар тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төлбөрийн хэрэгсэл 2000.000 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамаарах тул улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.

Харин тус гэмт хэрэгт үйлдэх буюу шороо, чулууг солиход “тухайн солигдсон шороо, чулууг” ачиж авч ирэх, ачиж явах, устгах болон учрах саадыг арилгах сэдэлт,  зорилгын хүрээнд ашиглагдсан тээврийн хэрэгслийн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй орхигдсон байгааг тэмдэглэх нь зүйтэй.       

Тус хэрэгт хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн зүйлгүй, Э.Э, Д.Ж, Д.О нар баривчлагдсан буюу цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.               

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Д.О, Д.Ж, Ж.Э, С.А нарыг бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг  өөрчилсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Эыг тус хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.                      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, Д.Жг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, С.Аийг 2.700 тэнцэх хэмжээний буюу 2.700.000  төгрөгөөр торгох ялаар, Д.Оыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000  төгрөгөөр торгох ялаар,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Э.Эыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Д.Ж, С.А, Д.О,  Э.Э нарт тус бүр оногдуулсан торгох ялыг тус бүрт 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Д.Ж, С.А, Д.О,  Э.Э нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй  торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  тус тус мэдэгдсүгэй.                

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг, торгох ялын 1 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож буюу нийт 30.000 төгрөгийг түүний эдлэх 3.000.000 төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 2.970.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч С.Аийн баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг, торгох ялын 1 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож буюу нийт 30.000 төгрөгийг түүний эдлэх  2.700.000 төгрөгөөр торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 2.670.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох, тус хэрэгт хураагдаж ирсэн 2.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.     

7. Шүүгдэгч Д.Ж, Д.О, Э.Э нар баривчлагдсан буюу цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг  хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.  

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж.Э, Д.Ж, С.А, Д.О,  Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

  

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР