Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/242

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,  

шүүгдэгч Б.*******,  түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн,

гэрч Д.*******, Ж. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000002160 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 16-нд Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, Улсын ******* ******* тамгын газарт ******* туслах ажилтай, ам бүл ганцаараа Баянгол дүүргийн ******* хороо, Орхоны ******* гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УК/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ******* хороо Мандах дээд сургуулийн байрны хойд талын зогсоол дээр “зам таглаж зогслоо” гэх шалтгааны улмаас маргалдан, хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Г.ын гарыг хазаж, нүүр рүү нь алгадах зэргээр биед нь халдаж түүний эрүүл мэндэд “баруун сарвууны долоовор хуруунд хазагдсан шарх, баруун чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд хохирогч Ш.ын толгой, нуруу хэсэгт алхаар цохих зэргээр биед нь халдаж түүний эрүүл мэндэд “дагзны хуйханд няцарсан шарх, зүүн даланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ “2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр би машинаа жолоодоод хашаа руугаа орох гэхэд хоёр том оврын тээврийн хэрэгсэл гэр рүү ордог  машин замыг  хааж зогссон байсан. Цаана нь цемент болон барилгын хог тавьсан байсан. Тухайн үеийн зураг хавтаст хэрэгт байгаа. Би тухайн үед гэр рүүгээ орох гээд цаад талын хаалга нь манай гэр юм аа гэхэд намайг оруулахгүй “чи наанаа машинаа үлдээгээд яв эсхүл чи чаддаг юм бол тойроод яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “машинтайгаа гэр рүүгээ орноо” гэсэн чинь “чи наад ямбий сэгээ аваад эндээс зайл” гэж хэлсэн. Тэгээд мэдүүлэг өгсөн байсан залуу нь миний машины шил рүү цохиод чи чаддаг юм бол наад машинаасаа гараад ир гэхээр нь би олон хүн байсан учраас эхлээд гараагүй. Тэгээд учраа олох гээд машинаасаа гарахад инженер гэх нь миний цамцнаас боож заамдаад зогсоход цаанаас нь жолооч гэх залуу нь миний давсаг хэсэг рүү хөлөөрөө жийсэн. Тэгээд миний гэдэс, толгой, цээж рүү 2-3  удаа цохисон. Би тэндээс арай хийж мултрахад хамаг хувцас урагдаж, үс сэгсийж, амнаас цус гарсан. Машинаа онгорхой орхиод гүйж очиж аав, ээждээ хэлчихээд гарч ирэхэд тэд намайг дахин зодсон. Манай аав, ээж тэдгээр хүмүүсээс намайг арайхийж  салгасан. Намайг хоёулаа нийж газар унагааж миний гарыг барьж байгаад нэг нь миний нүүр рүү цохиж байхад миний ам руу ын хуруу нь орчихсон, би сандарсандаа балмагдаад хазсан. Яг үнэндээ миний шүд цохиулснаас болж хөдөлсөн. Амнаас цус гарчихсан байсан. Манай ээж цагдаа, түргэн дуудсан. Надад алх, төмөр барьж явах цаг байгаагүй. Би ороод аав, ээждээ хэлээд машинаа авах гээд буцаж гарсан. Би ыг алгадаагүй, намайг боохоор нь хүрэх төдий түлхсэн. Миний нүүр рүү цохисон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.******* мэдүүлэхдээ “2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр орой 19 цагийн үед өөрийн оффистоо ажлаа хийгээд сууж таарсан. Гэнэт гадаа байдаг төмөр хаалгыг маш хүчтэй цохисон. Бид нар сандраад цонхоор харахад манай хүү ******* онгойлгоод орж ирж харагдсан. Гүйгээд ороод ирэхдээ би хүнд зодуулчихлаа гэхээр нь харахад үс нь сэгсийгээд, футболк нь урагдаж, шүднээс нь цус гарсан байдалтай орж ирсэн. Юу болсон бэ гэсэн хүнд зодуулчихжээ гээд орж ирчихээд буцаад гүйгээд гарсан. Би араас нь гарч гүйгээд очсон. Намайг араас нь гүйгээд очиход хоёр залуутай барьцалдаад авчихсан ноцолдоод зогсож байсан. Би нэг залууг нь барьж аваад салгасан. Манайх руу ордог үүд хэсэгт  хоёр том ачааны машин хаагаад зогссон байсан. Машины хойно манай хүүг хоёр залуу бариад авчихсан зодолдоод зогсож байхаар нь нэгийг нь салгаж аваад болиоч чи гээд зогсож байхад ард ээж нь орилсон. Тэгэхээр нь юу болж байна гээд эргээд харахад манай хүү доор нь орчихсон дээр нь инженер гэх залуу дээр нь гарчихсан цохиж байсан. Хоёр талд нь хоёр залуу гарчихсан, нэг нэгээр нь гарыг нь барьчихсан байдалтай байсан. Тэгээд ээж нь гэх залууг татаж чангааж байсан. Би тухайн үед тийм зүйл болж байна гэж мэдээгүй. Маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Хэдэн талаас нь татаж чангааж зодооныг болиулсан. Оффис учраас төмөр, алх байх боломж байхгүй. Наашаа буюу гэр рүү орж ирдэг гудамж 18 метр зайтай өргөн гудамж юм. Нэг том ачааны машин хөндлөнгөөр нь тавьж, портер тавьсан байсан. Замыг нь хаасан байсан. Машинаар тойроод гарах боломжгүй байсан. Авто зогсоолын зориулалттай зогсоол байхгүй.” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж. мэдүүлэхдээ “19 цаг өнгөрөөд нөхөр бид хоёр ажил дээрээ сууж байхад манай хүү ******* бусдад зодуулсан байдалтай, цус гарсан, хамаг хувцас нь урагдсан гүйгээд ороод ирсэн. Би 3-4 залуучуудад зодуулчихлаа, миний шүдийг цохичихлоо, машин гадаа байгаа оруулахгүй байна гээд буцаад гүйсэн. Тэгээд аав нь араас нь гүйгээд явсан. Оффис дотор орж ирээд гүйгээд гарсан. Оффис дотор ямар нэгэн төмөр, алх байх боломжгүй. Хүүгийнхээ араас гараад очиход дөрвөн залуу байсан. Нэг нь дээр нь суусан байсан. Аав нь нэгийг нь татахад дахиад хоёр залуу хоёр гараас нь татаад нэг нь багалзуурдчихсан байсан. Тэгэхээр нь би орилоод яаж байгаа юм бэ гэсэн. Тэгэхэд элс рүү *******ыг унагаасан. Тэд нарыг болиулах гээд нэлээн ноцолдсон. Гадаа нийт 6-7 залуу байсан.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2205000002160  дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Г.аас Баянгол дүүргийн ******* хороо Мандах дээд сургуулийн байрны хойд талын зогсоол дээр бусдад зодууллаа...” гэх гомдол мэдээллийг 21.00 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэжээ. (хавтаст хэргийн 01 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.ын хохирогчоор өгсөн: “Манай “Golden Dream” ХХК нь Баянгол дүүргийн ******* хорооны нутагт авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж байгаа юм. Баянгол дүүргийн ******* хороо Мандах дээд сургуулийн хойд талын авто зогсоол дээр зам хааж авто засварын ажил хийж байхад 19 цаг 40 минутын орчим Sonata-5 маркийн машинтай залуу ирж гэртээ оръё гэсэн. Би ажлын машинтай юм ачих гэж зогсож байсан. Тэгээд түр хоёулаа зөрж оръё гэж хэлтэл чи өөрөө энэ талаараа яв гэж надад хэлж тэрнээс болж маргалдсан. Тэгтэл тэр залуу намайг эхэлж нүүрэнд алгадсан. Би цааш нь түлхэж холдуулсан. Энэ үед жолооч тэр залууг боль гэж хэлээд барьж авахад ын толгой орчим нөгөө залуу гараараа цохиж тэр залуутай барилцаж аваад зам руу гарсан. Би тэр хоёрыг болиулж салгаж холдуулахад цаана байх байшин руу явж ороод удалгүй эргэж гарч ирэхдээ гартаа алх, нарийн урт төмөр барьж ирээд гартаа барьсан алахаараа миний баруун гар руу цохиж, дараа нь ын толгой руу цохиж хагалаад нуруу руу нь цохиж газар унагасан. Энэ үед би очиж алахыг нь авч холдуулсан. Тэгтэл миний гараас хазаж хуруунаас цус гарч шүдээрээ зуучихаад тавихгүй байхаар нь гараа шувталж татаж гаргасан тэгээд цагдаа дуудсан. Тэр залуугийн гартаа барьсан байсан алх нарийн төмрийг аав нь авч нуугаад гаргаж ирээгүй. Дуудлагаар очсон цагдаа алх хаана байгаа талаар асуухад нууж гаргаж өгөхгүй байсан тэгээд цагдаа дээр ирсэн. Хоёр машин зөрөхөөс болж маргалдсан. Тэгтэл тэр залуу уурлаж жолооч бид хоёрыг цохиж зодсон. Би тэр залууд гар хүрээгүй тэр залуугийн хоёр шүд хөдөлсөн гэж хэлээд байгаа миний хуруунаас хазаад тавихгүй байхаар нь би хуруугаа татаж авсан тэрнээс болсон болов уу гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй миний бие зүгээр болсон.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.ын хохирогчоор өгсөн: “Манай “Golden Dream” ХХК нь Баянгол дүүргийн ******* хорооны нутагт авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж байгаа юм. Баянгол дүүргийн ******* хороо Мандах дээд сургуулийн хойд талын авто зогсоол дээр илүү гарсан замын хашлага бетоныг ачиж хог хаягдлыг цэвэрлэж крантай “Isuzu Forward” маркийн машинтай зогсож зогсоолоос гарах гэж байхад машины урдаас саарал өнгийн Sonata-5 маркийн машин тулж ирээд зогссон. Би “машинтай ажил хийж байна та тойрох юм уу зөрчих үү” гэж асуухад “та нарын ажил надад хамаагүй би гэртээ ормоор байна наад ямбий сэгээ аваад зайл лалрууд аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи яасан сүртэй юм бэ том машинтай болохоор болохгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн “чи наад ямбий сэгээ аваад зайл” гэж хэлээд миний машины өөдөөс тулж зогсоод хөдлөхгүй байсан. Би ардуур нь тойроод жолооч талын хаалган дээр очиж цонхыг нь нүдсэн. Цонхоо онгойлгохоор нь би “чи яасан шалчигнасан сонин банди вэ тойроод гарчих юман дээр” гэж хэлсэн. Тэгтэл “чи намайг бандиар дууддаг хэн бэ” гэж хэлээд бууж ирсэн. Энэ үед манай инженер хүрч ирээд “бид нар энд зам засвар ажил явуулж байна зөрөөд явж болдоггүй юм уу “гэхэд ыг тэр залуу барьж аваад эхлээд алгадсан. Би нөгөө залууг цааш түлхэж барьж аваад бид хоёр зууралдаж төв зам руу дөхтөл намайг тэр залуу алгадсан би зөрүүлж алгадсан. Миний араас инженер нэг ажилтантай ирж тэр залуу бид хоёрыг салгасан. Нөгөө залуу “та нар нийлж бүлэглэж зодох гэлээ хэн гэдгийг минь мэднэ ээ бүгдийг чинь ална” гэж хэлээд гэртээ гүйж орсон. Инженер намайг “хоёрын хооронд ийм зүйл дээр яах гэж хэрүүл маргаан болдог юм” гэж хэлээд загнаад зогсож байхад тэр залуу аав, ээж хоёрыгоо дагуулж гарч ирээд баруун гартаа шар өнгийн алх зүүн гартаа нарийн үзүүртэй төмөр барьж гарч ирээд шууд над руу дайрч алхаараа цохих гэсэн би бултаж нуугдсан. Нөгөө залуу алхаар толгой руу цохисон би газар унасан. Дээрээс ахиж цохих гэж дайрах үед би толгойгоо хамгаалж эвхэрч хэвтсэн. Тэгтэл миний толгой руу ахин нэг удаа нуруу орчим нэг удаа алхаар цохисон. Би эргэж харахад манай ажилчид тэр залуугаас алахыг нь авчихсан байгаа харагдсан. Намайг босож ирэхэд манай инженер залуугийн гараас хазсан гэж хэлээд нэлээд их цус гарч байсан. Аав ээж хоёрт нь танай хүү чинь мэдрэл муутай юм уу хүн алах нь гэж хэлсэн. Эрүүл хүн хүний толгой руу алахаар цохихгүй гэж хэлсэн. Манай ажилтан аавд нь нөгөө алх нарийн төмөр хоёрыг өгсөн байсан. Аав нь гэртээ алх төмөр хоёрыг авч орсон байсан. Удалгүй цагдаа ирэхэд алх төмөр хоёрыг гаргаж өгөөгүй. Тэр залуугийн аав нь регистрийн дугаар мэдээллээ хэлэхгүй байсан. Мөн аав нь алх нарийн төмөр хоёрыг гаргаж өгөөгүй удалгүй түргэн ирж надад боолт хийж өгсөн. Толгой руу хоёр удаа алхаар цохиж толгой хагарсан. Мөн нуруу орчим цохисон юугаар цохисон талаар мэдээгүй. Толгой нуруу орчим хөндүүрлэн өвдөж байна. Би тэр залууг нэг удаа нүүрэнд нь алгадсан. Зам руу гүйх гэхээр нь араас нь татах үед өмсөж явсан цамц нь урагдсан өөр зүйл болоогүй. Тэр залуу манай Г.ын гарыг хазсан гараа татаж авах үед тэр залуугийн амнаас цус гарч байсан. Тэр залуу намайг харах үед зүгээр харагдаж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.ын гэрчээр өгсөн: “Манай “Golden Dream” ХХК нь Баянгол дүүргийн ******* хорооны нутагт байх Мандах дээд сургуулийн хойд талд авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж байсан юм. Барилгын ажил ерөнхийдөө дуусаж барилга илүү гарсан түүхий эд материалаа авч байхад манай крантай машин, кантер маркийн хоёр машин юм ачих гэж зогсож байхад машинуудын өөдөөс Sonata-5 маркийн машинтай залуу ирж гэртээ оръё гэсэн. Бид нар “юм ачиж байна тойроод гарчих” гэж хэлэхэд “халтар гөлөгнүүд минь та нарт ямар хамаатай юм” гэж өөдөөс хэрүүл хийж манай ажлын гэх залуутай хэрүүл хийсэн. Манай инженер тэр хоёрыг харж хүрч очоод боль гэж хэлээд дундуур нь ороход тэр залуу ыг алгадсан. Тэгээд тэр гурав барилцаж авахад тэр залуугийн малгайтай цамц урагдсан. Цамцаа тайлчихаад шууд гэртээ гүйгээд орчихсон удалгүй гартаа шар алх, жижиг турбо төмөр барьж гарч ирээд ын хажуу руу цохиж унагаж толгой руу нь алхаараа цохисон. Инженер алхыг авах үед гарыг нь тэр залуу хазсан. Хазуулангуутаа гараа шувт татаад авчихсан. Энэ үед би ын хажууд явж очиход надад алх турбо төмөр хоёрыг өгч би гартаа барьцан зогсож байх үед тэр залуугийн аав гэх хүн надад наад алхаа өгчих гэхээр нь алхыг нь өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн тэр үед миний өгсөн алх турбо төмөр хоёрыг аав нь гаргаж өгөөгүй хаана тавьснаа олохгүй байна санахгүй байна гэж хэлээд зогсож байсан. тэр залуутай зууралцаж барилцаж байгаа харагдсан. Цохиж байхыг би анзаарч хараагүй. Сүүлд тэр залуу алх төмөр хоёр барьж гарч ирэх үед би хажууд нь байсан. Энэ үед бол цохисон зүйл байхгүй. ******* гэх залуу алхаараа ыг цохиж, ын хуруунаас хазсан хуруугаа шувт татаж авсан хуруунаас цус гарч тогтохгүй байсан. Тэр залуугийн ам нь нил цус болчихсон харагдаж байсан. толгой хагарсан хүзүүг дагаад цус гарч шилэн хүзүү рүү нь урсаж байхыг би харсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12280 дугаартай Г.ын биед баруун сарвууны долоовор хуруунд хазагдсан шарх, баруун чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн *******-34 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12279 дугаартай “Ш.ын биед дагзны хуйханд няцарсан шарх, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12284 дугаартай “Б.*******ы биед үүдэн баруун дээд 2, доод 1,2 дугаар шүдний сулрал, уруул, баруун сарвуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шүдний сулрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Ц.ын өгсөн: “Шүдний сулрал гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтэл нь хүний хуруу хазсан үед хуруугаа татах үед үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******ын гэрчээр өгсөн: “Тэр өдөр 18-19 цагийн орчим Баянгол дүүргийн ******* хороо Мандах дээд сургуулийн ард байх ажил дээрээ сууж байсан. Ажлын хойно манай хувийн сууц байдаг юм. Оффис дээрээ сууж байхад ажлын гадна үүдний хашааны төмөр хаалга хүчтэй цохих чимээ гарсан. Удалгүй миний том хүү ******* орж ирсэн яарч сандарсан байдалтай орж ирсэн. Амнаас нь цус гарч хувцас урагдаж үс толгой нь арзайсан байдалтай харагдаж байсан. Өмсөж явсан малгайтай юүдэнтэй цамц урагдаж салгасан юм шиг ард нь унжсан байдалтай байсан. Юу болсон хэнтэй зодолдсон талаар би асуусан чинь  гэрт орох гудамжийг хэдэн залуучууд хааж зогсож машинтай орох гэхэд оруулахгүй бүлэг залууст зодуулчихлаа гэж амьсгаадчихсан байдалтай хэлсэн. Удалгүй буцаж гүйгээд гарч явчихаар нь хөөе юу болов наадах чинь хаачих нь бэ гэж эхнэр хэлэхээр нь би хүүгийн араас эхнэрийн хамт гарсан. Ажлын оффисоос гарч хүү ******* дээр очиход 2-3 залуутай барьцалдаж барьж авчихсан зодолдож байсан. Би нэг залууг нь араас татаж салгасан тэр нь хойшоо савж шороон дээр унасан. Тэр  зодуулсан гэх залуу нь байсан байна лээ. Ямар учраас олуулаа байж нэг хүнийг зодож байгаа юм бэ болиоч та нар гэж хэлж загнаж хэлээд эргэж хартал өндөр инженер гэх залуу миний хүүгийн дээр гарчихсан цохиж байсан хажууд нь хоёр залуу хүүгийн гараас барьчихсан байдалтай байсан. Энэ үед ыг эхнэр татаж салгах гэж оролдож байсан. Би өөрөө дээр очиж одоо боль гэж хэлээд салгаж босгосон. Энэ үед зодоон больж зодоон хийж байсан хүмүүс босож ирсэн. Инженер гэх залуутай юу болоод байгаа талаар асуусан ыг өмнөх 2-3 хоногт хоорондоо харилцан ярьж байсан учраас зүс таних болсон. Тухайн хүмүүсийн хариуцаж байгаа хүн гэдгийг мэдэж байсан. надад танай банди машинтайгаа ирж зогсоод оръё гэж хэлсэн тэрнээс болоод жолооч тай маргалдаж зодолдсон гэж надад тайлбарласан. Гэрээсээ ахиж гарч ирээд зодооны асуудал үүссэн гэж хэлсэн. Би зам дээр ажил хийх дүрмээрээ бол та тухайн хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тэгтэл та өөрөө зодоонд орж байгаа нь ямар учиртай юм бэ гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн 102 дугаарын утас руу залгаж гомдол, мэдээлэл гаргасан. 103 дугаар руу залгаж яаралтай түргэн тусламж дуудсан. Манай хүү *******ыг яаралтай эмнэлэгт явж үзүүл гэж зөвлөгөө өгсөн.  Энэ зодооныг урьд өмнө нь манай компанийн хашаанд машин тэргээ тавьж авах хугацаандаа авахгүй байснаас болж бид нарын дунд үйл ойлголцох зүйл үүсэж төлбөр тооцоогоо өг гэхэд өгөөгүй, компанийн эзэмшлийн хашаанд цемент буулгаж зуурмаг зуурч орчныг бохирдуулсан тул талбайг цэвэрлэж тооцоо хийж дуусгасны дараа машин тэргээ аваарай гэж хэлээд компанийн хаалгаа түгжиж байсан. Энэ үед хариуцсан инженер нь Баяраа гэх залуу байсан. Гэтэл төлбөр тооцоо хийлгүй зам талбай цэвэрлэж өгөлгүй манай хаалга эвдэж машин тэргээ аваад явсан асуудал гарсан. Энэ талаар манай нягтлан Баянгол дүүргийн цагдаагийн ******* хэлтэст гомдол гаргаж Баянгол дүүргийн ******* хорооны хэсгийн байцаагч залуу ирж шалгаж жолоочийг 200.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байсан. Манай хашаанд бараа хураадаг модон подон 2 ширхэг замын хаалтын босоо тэмдэг эд нар алга болсон байсан. Хариуцсан хүмүүстэй уулзаж хаалга эвдсэн цоож эвдсэн асуудлыг засаж янзалж өг энэ асуудлыг шийдэж өг гэхэд инженер гэх залуутай 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр уулзаж байсан юм. Би асууж тодруулаад эргээд хариу өгье гэж хэлсэн. Маргааш буюу 9 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярьж очиж уулзах гэхэд манай машин дээр тэмдэг байгаа тэр тэмдгээс авчих гэж хэлээд нэг тэмдэг буулгаж өгсөн. Тэрийг гэх жолооч залуу надад нэг тэмдэг байна гэж хэлээд буулгаж өгсөн. Би энэ үйл явдлаас дүгнэж харахад энэ зам янзалж байсан “Golden Dream” ХХК-ийн ажилчид нь маш балмад танхай ийм залуучууд байна гэж ойлгосон юм. Урьд өмнө үүссэн маргаан үйл ойлголцлын улмаас өш хонзон санаж миний хүүг бүлэглэж зодсон асуудал байна гэж би үзэж байгаа юм. Тухайн үед хэсгийн байцаагч зөрчлийн хэрэг дээр хэнийг торгосон талаар би хавтаст хэрэг дээр тусгуулах хүсэлтэй байна. Хэрэв жолооч байвал санаатай өс хонзонгийн сэдлээр миний хүүг зодсон байна гэж би үзэж байгаа юм. ******* яллагдагчаар татсан тогтоолыг надад ирж үзүүлж танилцуулсан. Тэр тогтоолд *******д учирсан хөнгөн гэмтэл, 2-3 шүд хөдөлсөн асуудал нь хүний гар хазсанаас болж үүссэн мэтээр бичсэн байна лээ. Би дахин хэлье гаднаас миний хүү орж ирэхдээ зодуулсан ам шүднээс цус гарчихсан хувцас урагдсан байдалтай орж ирсэн. Намайг хүүгийнхээ араас гүйж очиход хоёроос гурван залуутай зодолдож зодуулж хохирсон байсан. Гэтэл прокурорын тогтоол дээр 2-3 залууг барьж авч зодсон мэтээр бичиж яллагдагч болгож тогтоол үйлдсэн явдалд маш гомдолтой байна. Иймд хэргийн бодит байдлыг тогтоож үнэн мөнийг олж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 120-122 дахь тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.ийн гэрчээр өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 05-ны орой ажил дээрээ сууж байхад манай хүү гаднаас хүнд зодуулсан байдалтай хамар амнаас нь цус гарчихсан өмсөж явсан хувцас нь урагдсан байдалтай орж ирсэн. Юу болсон талаар асууж аав ******* нь хүүг дагуулж гарсан. Би араас нь хамт гадаа гараад манай ажил болон гэр рүү  ордог гудамжийг хааж том оврын тээврийн хэрэгсэл зогссон байдалтай байсан. ******* дээр явж очиход хоёр залуу миний хүүг барьж аваад нэг нь хүүгийн хоолойноос шахаж багалзуурдсан элсэн дээр унагасан харагдаж байсан. Би очоод болиоч гэж орилж нэгийг нь холдуулж нөгөө залуугийн гарыг *******ы хүзүүнээс авч салгасан. Тухайн үед бужигнасан юм болсон. Би хүүхдээ арай гэж тэр хүмүүсээс салгасан. Тухайн үед тэнд 7-8 залуу байсан. Миний хүү надад хэлэхдээ гурван залуу намайг ирж зодлоо гэж хэлсэн. *******ы өмсөж явсан юүдэнтэй цамцыг урсан байсан. Хүү тэр цамцаа тайлчихсан байсан. Мөн өмсөж явсан дотуур фудволк урагдаж зодуулсан байдалтай байсан. Би ямар учраас малгайтай цамцаа тайлсан талаар асуухад хүүгийн малгайг өмсгөж байгаад зодсон байсан. Амнаас нь цус гарч юу болсон талаар асуухад шүд рүү цохилоо гэж хэлсэн. Бүх шүд хөдөлсөн шүд уналаа гэж байсан. Би цагдаа болон яаралтай түргэн тусламж дуудсан. Түргэний эмч ирээд гэмтэл дээр очоод шүдний эмнэлэг дээр оч гэж хэлж зөвлөгөө өгсний дагуу шүдний эмнэлэг явсан. Тухайн үед цагдаа дээр ирж цагдаатай уулзсаны дараа эмнэлэг явсан. Тухайн үед би тэр залуучуудад та нар ямар учраас манай гэрийн хаалга үүд хааж зогсоод байгаа талаар хэлж байсан. Ажил хийж байна л гэж хэлдэг байсан. Хоёроос гурван удаа надтай манай гэрийн үүдийг хаасан байдалтай таарч байсан. Манай байгууллагын хашааг эвдэж хэмхэлж хулгай хийсэн. Бид нар тэр хүмүүстэй уулзаж цагдаад хүртэл хэлж ярьсан. Энэ бүхнээс бид нарт өш хонзон санасан гэж бодож байна. Миний хүү ******* энэ талаар юу ч мэдэхгүй. Тухайн үед хөдөөнөөс ирээд удаагүй байсан.   Манай хүү хоёр хүн зодсон мэт хэрэг гарсанд их гомдолтой байна. Тэнд 7-8 хүн байсан, хүүг минь малгайтай цамц өмсгөж байгаад зодсон. Тэгж зодоод шүүх эмнэлэгт үзүүлэхэд энэ тэнд хөхөрсөн зүйл харагдаагүй. Гэхдээ миний хүүгийн хавирга болон биеийн хэсэг дээр эмч дарж үзэх үед өвчтэй ёолж байсан. Томограф хий гэж хэлсэн, мөн шүд 2-3 сарын дараа хөхөрч өнгө нь хувирдаг ер нь унадаг юм гэж шүүх шинжилгээний эмч хэлж байсан. Тухайн үед миний хүү *******г зодуулж байхыг манай хажуу талын айлын эмэгтэй харсан байсан. Ажил хэргийн шугамаар би тэр эмэгтэйн аавтай уулзаж ярилцахад тэр эмэгтэй *******г ганцаараа зодуулж байхыг харсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 146-147 дахь тал)

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ы яллагдагчаар өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ******* хорооны нутагт байх гэртээ орох гэж байхад хоёр том оврын тээврийн хэрэгсэл машин зам хааж зогссон байсан. Гэртээ орох гэхэд намайг тойроод яв гэж хэл амаар доромжилж миний унаж явсан тээврийн хэрэгслийн салхины шил рүү цохиж наад ямбий машинаа авч яв гэж хэлсэн. Намайг машинаасаа бууж ир гэж хэлээд машинаас буухад хоёр залуугийн нэг нь намайг заамдаж авах үед би гарыг нь тавиулах гэж нүүрэнд нь алгадсан чинь намайг хоёулаа нийлж зодож эхэлсэн. Миний өмсөж явсан малгайтай цамцыг доош дарж цохиж болох бүхий л газар цохиж зодсон. Тэгээд би гэртээ орж аав ээжид хүнд зодуулсан талаар хэлж буцаж гарч ирээд тэд нар дээр очиход дахиж зодуулсан. Нэгийг нь манай аав салгасан. Намайг газар хэвтүүлээд хоёулаа зодож байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал)

12.  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

2022 оны 9 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчимд шүүгдэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон гэртээ харихаар Баянгол дүүргийн ******* хороо Мандах дээд сургуулийн байрны хойд талын зогсоолын замаар замын хөдөлгөөнд оролцохдоо “том оврын машинаар зам таглаж зогслоо” гэх шалтгаанаар Ш., Г. нартай маргалдаж, тэдгээрийн бие махбодид хууль бусаар халдаж зодсоны улмаас Ш., Г. нарын эрүүл мэндэд тус тус  хөнгөн гэмтэл  учруулсан болох нь:

Г.аас “Баянгол дүүргийн ******* хороо Мандах дээд сургуулийн байрны хойд талын зогсоол дээр бусдад зодууллаа...” гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Г.ын хохирогчоор өгсөн: “...Тэгтэл тэр залуу намайг эхэлж нүүрэнд алгадсан. Би цааш нь түлхэж холдуулсан. Энэ үед жолооч тэр залууг боль гэж хэлээд барьж авахад ын толгой орчим нөгөө залуу гараараа цохиж тэр залуутай барилцаж аваад зам руу гарсан. Би тэр хоёрыг болиулж салгаж холдуулахад цаана байх байшин руу явж ороод удалгүй эргэж гарч ирэхдээ гартаа алх, нарийн урт төмөр барьж ирээд гартаа барьсан алхаараа миний баруун гар руу цохиж, дараа нь ын толгой руу цохиж хагалаад нуруу руу нь цохиж газар унагасан. Энэ үед би очиж алхыг авч холдуулсан. Тэгтэл миний гараас хазаж хуруунаас цус гарч шүдээрээ зуучхаад тавихгүй байхаар нь гараа шувталж татаж гаргасан тэгээд цагдаа дуудсан. Тэр залуугийн гартаа барьсан байсан алх нарийн төмрийг аав нь авч нуугаад гаргаж ирээгүй. Дуудлагаар очсон цагдаа алх хаана байгаа талаар асуухад нууж гаргаж өгөхгүй байсан...Би тэр залууд гар хүрээгүй тэр залуугийн хоёр шүд хөдөлсөн гэж хэлээд байгаа миний хуруунаас хазаад тавихгүй байхаар нь би хуруугаа татаж авсан тэрнээс болсон болов уу гэж бодож байна...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал), Ш.ын хохирогчоор өгсөн: “...Би нөгөө залууг цааш түлхэж барьж аваад бид хоёр зууралдаж төв зам руу дөхтөл намайг тэр залуу алгадсан би зөрүүлж алгадсан. Миний араас инженер нэг ажилтантай ирж тэр залуу бид хоёрыг салгасан. Нөгөө залуу та нар нийлж бүлэглэж зодох гэлээ хэн гэдгийг минь мэднэ ээ бүгдийг чинь ална гэж хэлээд гэртээ гүйж орсон...тэр залуу аав, ээж хоёрыгоо дагуулж гарч ирээд баруун гартаа шар өнгийн алх зүүн гартаа нарийн үзүүртэй төмөр барьж гарч ирээд шууд над руу дайрч алхаараа цохих гэсэн би бултаж нуугдсан. Нөгөө залуу алхаар толгой руу цохисон би газар унасан. Дээрээс ахиж цохих гэж дайрах үед би толгойгоо хамгаалж эвхэрч хэвтсэн. Тэгтэл миний толгой руу ахин нэг удаа нуруу орчим нэг удаа алхаар цохисон. Би эргэж харахад манай ажилчид тэр залуугаас алхыг нь авчихсан байгаа харагдсан. Намайг босож ирэхэд манай инженер залуугийн гараас хазсан гэж хэлээд нэлээд их цус гарч байсан. Аав ээж хоёрт нь танай хүү чинь мэдрэл муутай юм уу хүн алах нь гэж хэлсэн. Эрүүл хүн хүний толгой руу алхаар цохихгүй гэж хэлсэн. Манай ажилтан аавд нь нөгөө алх нарийн төмөр хоёрыг өгсөн байсан. Аав нь гэртээ алх төмөр хоёрыг авч орсон байсан. Удалгүй цагдаа ирэхэд алх төмөр хоёрыг гаргаж өгөөгүй. Тэр залуугийн аав нь регистрийн дугаар мэдээллээ хэлэхгүй байсан. Мөн аав нь алх нарийн төмөр хоёрыг гаргаж өгөөгүй удалгүй түргэн ирж надад боолт хийж өгсөн. Толгой руу хоёр удаа алхаар цохиж толгой хагарсан. Мөн нуруу орчим цохисон юугаар цохисон талаар мэдээгүй...Тэр залуу манай Г.ын гарыг хазсан гараа татаж авах үед тэр залуугийн амнаас цус гарч байсан. Тэр залуу намайг харах үед зүгээр харагдаж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), Г.ын гэрчээр өгсөн: “...машинуудын өөдөөс Sonata-5 маркийн машинтай залуу ирж гэртээ оръё гэсэн. Бид нар юм ачиж байна тойроод гарчих гэж хэлэхэд халтар гөлөгнүүд минь та нарт ямар хамаатай юм гэж өөдөөс хэрүүл хийж манай ажлын гэх залуутай хэрүүл хийсэн. Манай инженер тэр хоёрыг харж хүрч очоод боль гэж хэлээд дундуур нь ороход тэр залуу ыг алгадсан. Тэгээд тэр гурав барилцаж авахад тэр залуугийн малгайтай цамц урагдсан. Цамцаа тайлчхаад шууд гэртээ гүйгээд орчихсон удалгүй гартаа шар алх, жижиг турбо төмөр барьж гарч ирээд ын хажуу руу цохиж унагаж толгой руу нь алхаараа цохисон. Инженер алхыг авах үед гарыг нь тэр залуу хазсан. Хазуулангуутаа гараа шувт татаад авчихсан. Энэ үед би ын хажууд явж очиход надад алх турбо төмөр хоёрыг өгч би гартаа барьцан зогсож байх үед тэр залуугийн аав гэх хүн надад наад алхаа өгчих гэхээр нь алхыг нь өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн тэр үед миний өгсөн алх турбо төмөр хоёрыг аав нь гаргаж өгөөгүй хаана тавьснаа олохгүй байна санахгүй байна гэж хэлээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12280 дугаартай  гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн *******-34 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12279 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг, 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна. Мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг хангаж яллагдагч шүүгдэгчийн яллах цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлно. Дээрх хэрэгт авагдсан баримтууд нь эргэлзээтэй байна. Нотолбол зохих байдлыг хангаж чадаагүй учир нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлт тус тус гаргаж оролцлоо.

Дээрхи үйл баримт болсон цаг хугацаанд Б.*******ы биед үүдэн баруун дээд 2, доод 1,2 дугаар шүдний сулрал, уруул, баруун сарвуунд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12284 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.  (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

Шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан Б.*******ы биед учирсан хөнгөн гэмтлийг шинжээч эмч Ц. мөрдөн байцаалтанд “Шүдний сулрал гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтэл нь хүний хуруу хазсан үед хуруугаа татах үед үүсэх боломжтой.” гэж мэдүүлжээ. (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

Энэ талаар хяналтын прокурор яллах дүгнэлтдээ “Б.*******ы эрүүл мэндэд “үүдэн баруун дээд 2, доод 1,2 дугаар шүдний сулрал нь Г.ын баруун сарвууны долоовор хурууг шүдээрээ хазах үед хохирогч өөрийгөө хамгаалах зорилгоор гараа татах хүчний үйлчлэлээр учирсан гэмтэл болох нь тогтоогдож байх тул энэ үйлдлийг гэмт хэргийн шинжгүй” гэж эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт гэрчээр тогтоогдсон шүүгдэгч Б.*******ы төрсөн эцэг Д.*******, төрсөн эх Ж. нар нь “миний хүү бусдад зодуулсан гэж” мэдүүлэх боловч Б.*******ыг хохирогч Г., Ш. нар бүлэглэн зодож гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл Б.******* Ш. нарын хоорондоо маргалдсан шалтгаан нөхцөл, Б.******* нь Ш. болон Г. нарын эрх чөлөөнд халдсан үйл явдлын бодит дүр төрх, дэс дараалал, маргаанд оролцсон этгээдүүдийн оролцоо, үйлдэл зэргийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч Ш., Г., гэрч Г. нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүх  гэрч Д.*******, Ж. нарын мэдүүлгийг хэргийн бодит байдлыг илэрхийлсэн гэж үзээгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн хохирогч Ш., Г. нарын эрүүл мэндэд учирсан тус тусын гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******ы гэм буруутай үйлдлээс үүссэн ба, түүний үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Харин гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий байна. 

Иймд хяналтын прокуророос Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа. Мөн миний үйлчлүүлэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал байгаа. Иймд торгох ялын хамгийн бага нэгж болох дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” тухай ойлголт нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд хохирогч Ш. болон Г. нар нь Б.*******ыг санаа сэтгэлийн болон бие махбодын хувьд түүнд гэмтэл учруулахаар хэмжээнд хүргэх хууль бус үйлдэл гаргаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Хэргийн хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгчийн урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах” гэсэн 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож, уг гэмт хэрэгт нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг анхааруулав.

Тав: Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

Хэргийн хохирогч Ш., Г. нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтийг гаргажээ. (хавтаст хэргийн 84-85, 199-200 дахь тал) Иймд шүүгдэгч Б.*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Мөн шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдэхэд тэдгээр нь “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэж мэдэгдсэн болохыг дурдаж байна.

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт Б.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                

ТОГТООХ нь:           

1. ******* овогт *******ын *******ыг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ