Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/248

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч С.Бичинхүү

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205020600367 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 27-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* тоотод сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/, ******* овогт *******гийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч М.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ “Тухайн хэрэг гарах үед хохирогч эхлээд намайг боож байсан. Миний бие үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 235.000 төгрөг нөхөн төлсөн.” гэв.

Гурав: Эрүүгийн 2205020600367 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “*******өөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байхдаа үл таних хүнд зодуулсан.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)

2. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд “М.******* нь би хашаа налсан байсан. Харин Төгөлдөр намайг заамдаад хойшоо гэдийсэн байсан. Харин  миний хоолой боолтонд ороод би Төгөлдөрийг заамдсан байсан. Би зүүн гарынхаа тохойгоор Төгөлдөрийн нэг гарыг дараад өөр рүүгээ татаж нүүрийг нь ойртуулж байгаад толгойгоороо Төгөлдөрийн нүүрийг нэг мөргөсөн. Харин Төгөлдөрийн хамраас цус гарч миний гадуур өмсөж байсан хувцсыг цус болгосон.” гэснийг тэмдэглэлд тусгав.  Төгөлдөр нь “би 2 пиво уусан байсан. Би *******ыг 2 гараараа боогоод хашаар уу түлхсэн байж байгаад мөргүүлсэн.” гэснийг  тэмдэглэлд тусгав гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-16 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнийн 2 цагт би гэртээ харьж байтал замд согтуу хүн хэвтэж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд хүлээгээд байж байтал цаанаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байгаад над дээр ирээд чи Чойжоогийн найз уу гэж надаас асуугаад шууд миний хамар руу нэг удаа мөргөсөн. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн. Би тухайн үед 2 шил пиво уусан байсан. Биеэ удирдан жолоодох чадвартай болсон зүйлсийг тодорхой санаж байна. Би тухайн үед тэр хүний биед огт халдаагүй. Миний хамрын хянганы яс цөмөрсөн өөр гэмтэл байхгүй. Би тэр хүнээс 215.000 төгрөг авсан ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн дахин өгсөн: “Би Номун эмнэлэгт хамраа үзүүлэхэд миний хамрыг цөмөрсөн байна хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Би хамрын хагалгаанд ороогүй байгаа, Номун эмнэлэг надаас төлбөр гэж 2.364.000 төгрөг надаас нэхэмжилсэн, би уг мөнгийг нэхэмжилсэн баримтаа авчирч өгсөн байгаа. Би 200.000 орчим төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Баримтуудаа авчирч өгсөн байгаа. Харин ******* 235.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *******ийн өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 31-ний шөнийн 04 цагийн үед манай нөхөр ******* найзуудтайгаа гадуур уулзаж байгаад гэртээ ирж байсан. Тэгээд би тосож авах гээд өөдөөс нь гэрээсээ гараад очтол манай нөхөр нэг үл таних эрэгтэй хүнтэй маргалдаад байж байсан. Ингээд би *******ыг гэр рүүгээ авч орох гээд явж байтал нөгөө хүн нь манай нөхрийг хэл амаар доромжлоод байсан би нөхрөө аваад цаашаа явж байтал тухайн залуу бид хоёрын ардаас дагаж ирээд дахиад хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь манай нөхөр уурлаж тухайн хүнтэй маргалдтал тухайн хүн манай нөхөр *******ын хоолойг боож хананд шахсан. Тэгээд манай нөхрийн нүүр нь улайгаад боолгоод байсан учир би тухайн залуугаас гуйж байгаад гарыг нь тавиулсан манай нөхөр ч бас тухайн залуугийн гарыг тавиулах гээд толгойгоороо урагш зүтгэж байтал тухайн залуу гэнэт гараа тавиад манай нөхөр урагшилж байхдаа тухайн залуугийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөхөд тухайн залуугийн хамраас цус гарч байсан. Ингээд тухайн залуу манай нөхрийг цагдаа дуудаж өгнө гээд үлдсэн би тухайн үед нь хүүхдүүдээ харахаар түр гэр рүүгээ ороод гараад иртэл цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан байсан. Би гэртээ байсан учир эрүүл байсан. Манай нөхөр их хэмжээний согтолттой байсан бөгөөд нөхөртэй маргалдсан хүн бас эрүүл байсан. Би тухайн хүнээс та согтуу хүний үгээр үг хийж яах гээд байгаа юм бэ та яваад өгөөч гэж зөндөө гуйсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан: “*******ийн хариулт: Би тухайн өдөр гудамжинд хэвтэж байсан согтуу залууг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх гээд зогсож байхад. Үл таних эрэгтэй хүрч ирээд надад агсам согтуу тавиад байсан. Би тэр хүнд газар хүн хэвтэж байна цагдаа дуудаад өгөх гэж байна гэж учир байдлаа тайлбарласан. Тэгэхэд тэр залуу буцаад явсан ба удалгүй буцаж ирээд чи Цойжоогийн найз уу гэж надаас асуугаад миний нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн ба миний хамраас цус гараад удаагүй байтал цагдаа нар ирсэн. *******ийн хариулт: Би тухайн өдөр гэртээ байж байгаад шөнийн 04 цагийн орчимд манай нөхөр гадаа ирчихлээ гэж хэлэхээр нь нөхрөө тосож авах гээд ******* хорооллын орчимд очсон. Тэгэхэд хохирогч гэх хүн ******* хорооллын хогийн бункерийн орчимд зогсож байсан. Гэтэл манай нөхөр надтай маргалдаад гэр рүү орохгүй гээд зогсож байтал хохирогч гэх хүн чи ямар арчаагүй пизда вэ гэсээр бид хоёр дээр ирсэн. Тэгэхээр нь та яваарай би нөхрөө аваад явлаа гэж хэлсэн. Ингээд манай нөхөр М.*******, хохирогч хоёр хоорондоо маргалдсан. Намайг гэрээс гарч ирэхээс өмнө манай нөхөр М.******* нь хохирогч гэх хүнтэй маргалдсан юм шиг байсан. Тэрнээсээ болоод хоорондоо маргалдсан байх. Гэтэл хохирогч гэх залуу нь манай нөхөр М.*******ыг гэнэт боож хашаа руу шахаж хоолойг нь боосон. Би хохирогч гэх залуугийн хажууд очоод болиулах гэсэн боловч болиулж чадаагүй. Тэр хооронд манай нөхөр эсэргүүцэл үзүүлээд гарыг тавиулж байхдаа санамсаргүй байдлаар мөргөсөн. *******ийн хариулт: Би тухайн үед М.******* гэх хүний биед нь халдсан зүйл байхгүй. Энгэрээс нь барьсан ба биед нь ямар нэг байдлаар халдаагүй. *******ийн хариулт: Харилцан бие биеэ цохисон асуудал байхгүй. Манай нөхөр М.*******ын хоолойг хохирогч гэх хүн боосноос болж манай нөхөр М.******* нь хохирогчийн гарыг тавиулж байх явцдаа санаандгүй мөргөсөн асуудал байгаа.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би Бугт-112 чиглэлд автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугт-10-аас 2023 оны 5 дугаар сарын 31-ний шөнө 03 цаг 40 минутад Баянгол дүүргийн ******* хороо ******* хотхоны баруун талын гудамжны үзүүрт хүн зодуулчихлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу а/а Т.Ууганбаярын хамт очиход нэг залуугийн хамраас нь цус гарсан зодуулсан байдалтай байсан. Мөн зодсон гэх нэг залуу, эхнэр нь болтой нэг эмэгтэй байсан. Зодуулсан залууг авч яваагүй, харин зодсон гэх ******* гэх залууг цагдаагийн газарт авчирч Бэгэр-120 эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал)

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7929 дугаартай “*******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.*******ын өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ найз нартайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 31-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороо ******* хотхон руу эргэдэг гудмын уулзвар дээр таксинаас буугаад гэр рүүгээ явж байгаад тамхи татах санаатай эрэгтэй хүн байхаар манай найз юм байх гэж бодоод нэг тамхи өгчих гээд мөрөн дээр нь дарсан чинь үл таних эрэгтэй болох Төгөлдөр намайг чи зайлаажээ гээд намайг мангасдаад түлхсэн, би тэр залууг ямар сүртэй юм, найзтайгаа андуурсан байна гэж хэлээд гэр рүүгээ алхсан чинь араас тэр залуу намайг зайлаа архи чинь минь чамайг энд мэдэхгүй юм байна гээд янз бүрээр хэлээд байсан. Манай эхнэр Нямцэцэг цонхоор сонссон бололтой гарч ирсэн. Намайг ямар хүмүүстэй хаана архи уусан талаар асуугаад байж байсан чинь Төгөлдөр хажуугаас чи наад охин шиг юмаа аваад зайл гэж хэлсэн. Нямцэцэг Төгөлдөрт хандаж та одоо юу яриад байгаа юм гэж хэсэн чинь Төгөлдөр чи наад юмаа аваад зайл алаад хаячихна шүү гээд байсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг юу гээд байгаа юм гэсэн чинь Төгөлдөр чамайг бол ална шүү гэж хэлэхээр нь би очсон. Төгөлдөр намайг нэг алгадаад авахаар нь би Төгөлдөрийг заамдаад авсан. Төгөлдөр намайг заамдаад хашаар уу шахсан. Харин Нямцэцэг Төгөлдөрийг та одоо эрүүл байж согтуу хүнийг орхичих гэж хэлсэн. Харин Төгөлдөр намайг боогоод боолт нь чангараад байсан, Нямцэцэг Төгөлдөрийн баруун гарыг тавиулах гээд байх шиг байсан. Миний хоолой боогдоод хахаж цацаад боль гэж хэлэх гэсэн хоолой гарахгүй байхаар би Төгөлдөрийг түлхээд би зүүн гараараа Төгөлдөрийн баруун гарыг нь тохойгоороо дарж байгаад толгойгоороо Төгөлдөрийн нүүрэн тус газар нэг мөргөсөн чинь Төгөлдөр намайг тавьсан. Харин Төгөлдөрийн хамраас цус гарч байсан. Төгөлдөр цагдаа дуудсан байсан цагдаа нар ирсэн. Би Төгөлдөрт 200.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал)

10. Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 62-63 дах тал)

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэг зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

2022 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хотхоны баруун талын гудамжны үзүүрт ******* нь М.*******тай үл ялих зүйлээр шалтаглаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М.*******ыг хашаа руу шахаж боох үйлдэл хийхэд М.******* нь *******ийн нүүрэн тушаа газарт мөргөж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт авагджээ.

Шүүгдэгч М.******* нь хохирогч *******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал), Мөрдөн шалгах туршилт хийсэн “М.******* нь би..Төгөлдөрийн нүүрийг нэг мөргөсөн...Би *******ыг 2 гараараа боогоод хашаа руу түлхсэн байж байгаад мөргүүлсэн.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-16 дахь тал), хохирогч *******ийн өгсөн: “...миний хамар руу нэг удаа мөргөсөн. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), гэрч *******ийн өгсөн: “...тухайн хүн манай нөхөр *******ын хоолойг боож хананд шахсан. Тэгээд манай нөхрийн нүүр нь улайгаад боолгоод байсан учир би тухайн залуугаас гуйж байгаад гарыг нь тавиулсан манай нөхөр ч бас тухайн залуугийн гарыг тавиулах гээд толгойгоороо урагш зүтгэж байтал тухайн залуу гэнэт гараа тавиад манай нөхөр урагшилж байхдаа тухайн залуугийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөхөд тухайн залуугийн хамраас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал), Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал), гэрч Д.Юнрэндоржийн өгсөн: “...нэг залуугийн хамраас нь цус гарсан зодуулсан байдалтай байсан. Мөн зодсон гэх нэг залуу, эхнэр нь болтой нэг эмэгтэй байсан. Зодуулсан залууг авч яваагүй, харин зодсон гэх ******* гэх залууг цагдаагийн газарт авчирч Бэгэр-120 эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 7929 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал), яллагдагч М.*******ын өгсөн: “...би зүүн гараараа Төгөлдөрийн баруун гарыг нь тохойгоороо дарж байгаад толгойгоороо Төгөлдөрийн нүүрэн тус газар нэг мөргөсөн чинь Төгөлдөр намайг тавьсан. Харин Төгөлдөрийн хамраас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч М.******* нь хохирогчийн нүүрэн тушаа газарт мөргөсөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос М.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирлын талаарх шүүхийн дүгнэлт 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч *******ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* “Би хамрын хагалгаанд ороогүй байгаа, Номун эмнэлэг надаас төлбөр гэж 2.364.000 төгрөг надаас нэхэмжилсэн, би уг мөнгийг нэхэмжилсэн баримтаа авчирч өгсөн байгаа. Би 200.000 төгрөг орчим эмчилгээ хийлгэсэн. Баримтуудаа авчирч өгсөн байгаа. Харин ******* 235.000 төгрөг өгсөн.” гэж мэдүүлжээ.

Хохирогчийн гаргаж өгсөн хавтаст хэргийн 62-63 дахь талуудад авагдсан хохиролтой холбоотойгоор “Номун” клиник гэх 25.000 төгрөгийн баримт, “Ариун Ганга” гэх 35.050 төгрөгийн баримт, “Med Trauma” эмнэлгийн дүрс оношилгоо хийлгэсэн 130.000 төгрөгийн баримт,  “Ариун Ганга” гэх 5.600 төгрөгийн баримт, “Ариун Ганга” гэх 1.000 төгрөгийн баримт, “Маргад-Оньс” ХХК гэх хагалгааны төлбөр 2.364.000 төгрөг гэсэн нэхэмжлэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан 8.000 төгрөгийн баримтууд авагджээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтуудын хүрээнд шүүгдэгч М.******* 235.000 төгрөг, хохирогч *******т төлсөн байна.  Иймд шүүгдэгч М.*******ыг энэ тогтоолоор төлөх төлбөргүйд тооцов. 

Харин хохирогч ******* цаашид хагалгаанд ороход шаардагдах зардалд 2.364.000 төгрөг нэхэмжилсэн нь ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь энэ хэрэгт хамааралтай холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй цаашид хагалгаанд орох нөхцөл  байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял” гэсэн 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч М.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг түүнд анхааруулав.

Хэрэгт М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                   

        ТОГТООХ нь:  

1. ******* овогт *******гийн *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч ******* энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ