Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01472

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03544 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,441,036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй 2015.01.29-ний өдөр №ЗЭ14012201 тоот зээлийн гэрээг байгуулж, тус гэрээний дагуу 2,210,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. 2019.04.20-ны өдөр зээлдэгчид үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 4,584,622 төгрөг барагдуулах тухай №19/04 тоот албан бичиг хүргүүлсэн. Иймд хариуцагчийн гаргаж өгсөн зээл, зээлийн хүү төлөх хуваарийг хүлээн зөвшөөрөхгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс зээл, зээлийн хүүнд нийт 4,584,622 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 88,304 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Зээлийн төлөлт эхэлснээс хойш хариуцагч зээлийн хүүгээс 585,300 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 2015.03.29-ний өдрөөс 2019.09.09-ний өдрийг хүртэлх 1675 хоногийн зээл ашигласан хоногийн хүү  4,187,563 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,473 төгрөг, үндсэн зээл 2,210,000 төгрөг, нийт 6,441,036 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015.01.29-ний өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-той зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч бодитойгоор гэрээний дагуу мөнгө гардаж аваагүй. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хоршооны гишүүнээр 2011 онд элссэнээс хойш хэд хэдэн удаа уг хоршооноос зээл авч, төлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2013.11.18-ны өдөр 1,800,000 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Үүнээс зарим хэсгийг төлж чадаагүй үлдэгдэлтэй байтал 2015.01.29-ний өдөр тус хоршооны ажилтан гэрээгээ шинэчлэхийг шаардаж, зээл, хүүгээ төлөөгүй хугацаа хэтэрснээр 2,210,000 төгрөгийн өр үүсээд байгаа учир энэ үлдэгдэл зээл, хүүгийн өрөө нэмж хүү тооцож  шинээр зээлийн гэрээ хийж гарын үсэг зуруулсан. Энэ гэрээгээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т ямар нэгэн мөнгө өгөөгүй. Харин 2013.11.18-ны өдөр авсан үндсэн зээл болон хүүг нэмж хүүнээс хүү авахаар хууль зөрчиж хийсэн дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд зээлдүүлэгчид мөнгө шилжүүлж өгөх үүргээ бодитоор биелүүлээгүй учир бодитоор барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ гэрээгээр зээлдүүлэгч бодит байдлаар мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул зээлдэгчид энэ гэрээгээр бусдад мөнгө төлөх үүрэг үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03544 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,, овогт ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, (РД:ЕП66,,,,,,,,,,,,)-ээс 2,500,928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ (РД:23,,,,,,,,)-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,940,108 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 54,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03544 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,965 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 378 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.  Манай байгууллага нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй 2015.01.29-ний өдөр №ЗЭ14012201 тоот зээлийн гэрээний дагуу 2,210,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тус гэрээний гүйцэтгэлд үндсэн зээл 2,210,000 төгрөг, зээлийн хүү, зээл ашигласан хоногийн хүү, нийт 4,187,563 төгрөг, нийт 6,441,036 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг шаардлага гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэлийг хариуцагч тал гардан авч  хариу тайлбараа 2019.10.28-ны өдөр гаргасан, мөн 2019.11.10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2019.11.14-ний өдөр гардан авч, 2019.12.02-ны өдөр хариу тайлбар гаргасан байдаг. Нэхэмжлэгч талаас хариуцагчид  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан ажиллагаа хийгдсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан ажиллагааг анхан шатны шүүх хангалттай хийгээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс 2012.08.13-ны өдөр 2,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас нэмж нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна хэмээн дүгнэсэн нь буруу. Учир нь манай байгууллагаас хариуцагчтай байгуулсан 2015.01.29-ний өдрийн зээлийн гэрээний гүйцэтгэлийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь 2012.08.13-ны өдөр 2,500,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2013.11.18-ны өдөр 1,800,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай гэрээ байгуулан шинэчилсэн боловч мөн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас дахин шинэчилж хийсэн, уг зээлийн гэрээг хариуцагчийн шинэчилж хийе гэсэн хүсэлтийн дагуу 2015.01.29-ний өдөр хийж, хариуцагч өөрөө гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргадаггүй тул анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагчаас 2,500,928 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-оос хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,441,036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,928 төгрөгийг хангаж, үлдэх 3,940,108 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Давж заалдах шатны шүүхээс “... анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан ажиллагааг шүүгч хангалттай хийсэн гэж үзэхгүй, уг ажиллагааг явуулаагүйгээс хариуцагч хариу тайлбар болон нотлох баримт гаргах, талууд мэтгэлцэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 25, 72 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, өмнөх зээлийн гэрээний харилцаа үргэлжилсэн гэдэгт талууд маргаагүй боловч хэзээ, хэдэн төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, ямар тооцоолол, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжилж байгааг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой...” гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэл бүхий байна.

Хэдийгээр нэхэмжлэгч 2019.11.10-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, түүнийг шүүхээс 2019.11.12-ны өдөр хариуцагчид гардуулсан, уг шаардлагатай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019.12.02-ны өдөр хариу тайлбар өгсөн байх боловч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь үндсэн нэхэмжлэлд заасан талуудын хооронд байгуулагдсан 2015.01.29-ний өдрийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор гаргасан шаардлага дээрээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардсан агуулгатай. Харин 2019.12.11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь манай байгууллагаас өмнө нь удаа дараа зээл авч байсан, хариуцагчийн 4 дэх зээлийг 2013.11.18-ны өдөр авсан, уг зээлийн төлбөрийг төлөөгүй тул 2015.01.29-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 2,210,000 төгрөг болсон...” гэх зэргээр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмнө нь байгуулж байсан хэд хэдэн гэрээний үүрэгтэй холбож тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн бичгээр гаргасан /үндсэн болон нэмэгдүүлсэн/ шаардлагатай танилцаж, гарын үсэг зурсан боловч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр үндэслэлээ өөрөөр тайлбарласан байна.

Иймд, “анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар авсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөөгүй, хариуцагч өөрөө гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр буцаасан” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын эрх зүйн статус, үйл ажиллагааны зорилго, хариуцагчийн гишүүнчлэл, зээлийн харилцаатай холбоотойгоор талуудын өгсөн баримт, тайлбарын хүрээнд гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 54,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ