Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  Н.Номинчимэг,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Энхтүвшин ҮД:06-11, 

шүүгдэгч Б.Оюун-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  хотод   1966 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, хүү, бэр, ач хүүгийн  хамт Баянзүрх  дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1-р гудамжны 47 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: 1. Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 1-р шүүхийн 1980 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109 /б/-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялаас чөлөөлж суллагдсан. 2. Дархан хотын 2-р хэсгийн ардын шүүхийн 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1990 оны 07 дугаар саоын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. 3. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн  1989 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 532 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жил 06 сарын хорих ялаар , мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан. 4. Нийслэлийн  Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 284 дүгээр шүүгчийн захирамжаар эрүүгийн хуулийн тэгштгэлд хамруулж эдлээгүй үлдсэн 6 жил 8 сар 24 хоногийн хорих ялаас чөлөөлсөн. 5. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 6. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 180.000 төгрөгөөр торгох ялаар, 7. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн   145.2, 155.1-т зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдэж  2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан 8.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6-н сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа  бүрэн  Боржигон овогт Батсүхийн Оюун-Ундраад /РД:ТИ66053001/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2624 дугаартай 105/2015/0262/Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр  2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт дугаарлан зогсож байхдаа иргэн Ж.Галдангийн гар цүнхнээс ”Самсунг-Эс-7“ загварын гар утас хулгайлж 900,000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюун-Ундраа мэдүүлэхдээ: Би энэ хэрг ийг үйлдээгүй тул  хүлээн зөвшөөрөхгүй.  Надад энэ хэргийг тулгасан юм. Намайг   цагдан  хорино гэж айлгаад байхаар нь  би хүүхдийнхээ  машиныг  ломбарданд    тавиад  хохирлыг төлсөн. Намайг муу нэртэй болохоор  хэрэг л гарвал  над руу тулгадаг. Үнэн зөвийг нь олж өгнө үү  гэв.

 Талуудын хүсэлтээр  хавтас  хэргээс:

             Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Галдангийн: ... 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүрэг дотор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт дугаарлан зогсож байгаад өөрийн гар цүнхнээсээ “Самсунг- Галакси- Эс -7”  маркийн гар утас хулгайд алдсан... гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-р тал/

Яллагдагч Б.Оюун-Ундраагийн:... Мөнгөний хэрэгцээ гараад хулгай хийсэн юм. Би тэтгэвэрт гарах гээд юм хөөцөлдөх гэтэл 78000 төгрөг тушаах хэрэгтэй болсон мөнгөний хэрэгцээ гараад тийшээ орсон юм тэгээд хулгай хийсэн юм. Тэр эмэгтэйн цүнх нь цахилгаантай цүнх байсан ба цахилгаан нь онгорхой дотор нь түрийвч, гар утас хоёр нь харагдаж байсан. Утас нь бараг ил гарчихсан байсан тэгэхээр нь авчихсан юм. Хоёр талаас оочир ихтэй байсан болохоор цаанаас нь нэг эмэгтэй чихэлдээд надад боломж нь гарч ирсэн юм. Би тэр эмэгтэйг танихгүй хамаагүй эмэгтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/

  1. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11-р тал/,
  2. Ял шийтгэлийн хуудас /хх-ийн 44-р тал /,
  3. Шийтгэх тогтоолууд /хх-ийн 64-98-р тал/,
  4. Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 51-52-р тал/,

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр  2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт дугаарлан зогсож байхдаа иргэн Ж.Галдангийн гар цүнхнээс ”Самсунг-Эс-7“ загварын гар утас хулгайлж 900.000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэн   шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  80 дугаар зүйлийн 80.2... яллагдагч өөрийн гэм буруугаа хүлээсэн  нь  гагцхүү хэрэгт  байгаа бусад нотлох  баримтаар  батлагдвал  яллах  үндэслэл болно.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч  Б.Оюун-Ундраа хэргээ  хүлээн мэдүүлсэн байх  боловч хэрэгт бичгийн бусад баримтаар  нотлогдоогүй  байна. Өөрөөр  хэлбэл  хэрэг учрал болсон газрын камерын бичлэг болон   гүйцэтгэх  ажиллагааны  журмаар  илрүүлсэн  бичгийн баримт   зэрэг нь хэрэгт авагдаагүй  тул   шүүгдэгчийг гэм буруутайд тооцох  үндэслэлгүй байна.

Мөн хавтаст хэрэгт хохирогч Ж.Галданд учирсан хохирлыг 900.000 төгрөгөөр  үнэлэгдсэн байхад  хохиролд 1.400.000 төгрөгийг хохирогчид  хүлээлгэн  өгснийг   прокурор анхаарах нь зүйтэй  байна ./ хх-н 11,52-р тал/

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн  248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ  НЬ:

1.Монгол  улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  208 дугаар  зүйлийн 208.1.2-т зааснаар Боржигон  овогт Батсүхийн Оюун-Ундраад холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож  цагаатгасугай

2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

3.Цагаатгах  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Оюун-Ундраад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй  болгосугай.

4.Цагаатгах  тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  5.Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ