Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0312

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “М” ХХК

Хариуцагч  Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1019 дүгээр шийдвэр

Давж заалдах шүүх хуралдааны оролцогчид

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 128/2024/0909/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “М” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-т холбогдуулж “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ********* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1019 дүгээ шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18, Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-иас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ********* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар давж заалдах гомдолдоо:

...Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/**** дугаар албан бичгээр “М” ХХК-д “...даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаарх мэдээллийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус хороонд болон даатгуулагчид мэдэгдэх”-ийг тус тус үүрэг болгосон.

Дээрх албан бичгээр даатгагч Хорооны шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Аливаа этгээд даатгалын үйч ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж заасан ба “М” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандан шийдвэрлүүлээгүй байгаа нь даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн байсан тул Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т “даатгуулагч болон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус заасныг үндэслэл болгон даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хохирлыг барагдуулах талаар хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 15 хэсгийн 15.18 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, дээрх үйл баримт нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны зүгээс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ********* дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж шийдвэрлэсэн.            

Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, уул уурхайн биржийн арилжаа эрхлэгч, мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, хяналт тавин ажилладаг.

Тухайлбал Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль зэрэг нийт 30 гаруй санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, түүний биелэлтэд нь хяналт тавих, эдгээр хуульд нийцүүлэн захиргааны хэм, хэмжээний акт, дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох байдлаар санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулж, түүнд хяналт тавьдаг. Мөн тус Хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж, өнөөгийн байдлаар нийт 11 салбарт хамаарах 6370 зохицуулалттай этгээдэд (иргэн, хуулийн этгээд) хяналт, зохицуулалт тавьж ажиллаж байна.           

Өөрөөр хэлбэл тус Хороо дээрх хууль тогтоомжийн дагуу өөрийн бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд зохицуулалттай этгээд буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчид “М” ХХК холбогдох үүрэг даалгаврыг албан бичгээр өгч нэхэмжлэгчийн холбогдох үйл ажиллагаанд нь хяналт тавьж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байтал энэхүү үйл баримтыг шүүхээс “...улсын байцаагч нь өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан шийтгэлийн хуудас хууль зөрчсөн үндэслэлгүй” гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль зэрэг нийт 30 хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох түүнийг зөрчсөн этгээдэд шийтгэл оногдуулах замаар Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүнд гомдол гаргагчийн эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг аливаа хэлбэрээр зөрчөөгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хариуцагчаас “...Санхүүгийн зохицуулах хороо хууль тогтоомжийн дагуу өөрийн бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд зохицуулалттай этгээд буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-д холбогдох үүрэг даалгаврыг албан бичгээр өгч нэхэмжлэгчийн холбогдох үйл ажиллагаанд нь хяналт тавьж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй” хэмээн маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “М” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл”-д[1] “...**** УНА тээврийн хэрэгслийн дуудлагын дагуу холбогдоход буруутай тал буюу холбогдогч хохирлоо шууд барагдуулах болсон гэж дуудлага цуцалж хаав... урд шил цуурсан шинэ эвдрэлтэй” гэх шуурхай албаны мэргэжилтний дүгнэлтийг гаргасан байна.

4. “М” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01/**-****дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[2] “...даатгуулагч **** УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2024 оны 3 дугаар сарын 25-ны өглөө Х дүүрэгт араасаа мөргүүлсэн гэх дуудлагаар даатгагчид хандсаны дагуу шуурхай албаны ажилтан ослын шалтгаан нөхцөлийг баталгаажуулахаар үзлэг хийх явцад “миний салхины шил цуурсан байна” гэж хэлсний дагуу дахин тээврийн хэрэгслийн даатгалаар ослын дуудлага өгөөрэй гэсэн зөвлөгөөг өгөхөд “сая салхины шил хагарчихлаа” гэх худал дуудлага өгсөн, даатгуулагч тухайн тохиолдлыг нотлох аливаа фото зураг, дүрс бичлэг ирүүлээгүй тул хэзээ хаана юуны улмаас хагарсан нь нотлогдохгүй, одоо тогтоох боломжгүй нөхцөл байдал бий болсон байсан. Иймд гэрээний 8.2.3-т заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн” болохыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад хүргүүлжээ.

5. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/**** дугаар “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” албан бичгээр[3] “...Дээрх тохиолдол нь зам тээврийн осолд хамааралгүй зөвхөн тээврийн хэрэгслийн салхины шилэнд учирсан хохирол бөгөөд тухайн тохиолдолд даатгуулагч даатгалын зүйлд учирсан гэмтлийг мэдсэн даруйдаа даатгагчийн шуурхайн албаны утсанд мэдэгдсэн байна... Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн тус тус үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаарх мэдээллийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус Хороонд болон даатгуулагчид эргэж хариу мэдэгдэнэ үү” хэмээн “М” ХХК-д мэдэгдсэн байна.

6. “М” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 01/**-**** дугаар албан бичгээр[4] “...нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрээ хэвээр үлдээж байгаа” талаар мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.

7. 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн хэрэг нээх тухай” *********** дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг нээж[5], иргэн Б.З-аас Санхүүгийн зохицуулах хороонд 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан “М” ХХК нь Хорооны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/**** тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэхээр мэдэгдсэн гэвч дээрх даатгалын компани нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлээгүй тухай 2024 оны 01/**-**** тоот албан бичгээр мэдэгдсэн гомдлыг шалгаад зөрчлийн хэрэг нээсэн байна.

8. Улмаар Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ** дүгээр Прокурорын тогтоолоор “...М ХХК Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй эсэх, эрх бүхий байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй эсэхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар бүрэн шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж дүгнээд “М” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

9. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т иргэн Б.З-аас Санхүүгийн зохицуулах хороонд 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гаргасан “М” ХХК нь Хорооны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/**** тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэхээр мэдэгдсэн гэвч тус компани нь шийдвэрийг биелүүлээгүй гэх асуудлыг шалгаж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ********* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18 дахь хэсгийг баримтлан “М” ХХК-ийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

10. Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18-д “эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй”, 11.13 дугаар зүйлийн 15.22-т “…хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Зохицуулах хороо дараах үндэслэлээр даатгагчид албадлагын арга хэмжээ авч болно”, 67.1.4-т “Зохицуулах хорооноос энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгаврыг биелүүлээгүй”, 73 дугаар зүйлийн 73.1-д “Зохицуулах хороо даатгагчид албадлагын арга хэмжээ авахдаа дараах агуулга бүхий даалгаврыг өгч болно”, 73.3-т “Энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу Зохицуулах хорооноос өгч буй аливаа даалгаврыг даатгагч биелүүлэх үүрэгтэй”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж тус тус заасан.

11. Санхүүгийн зохицуулах хорооноос гомдол гаргагч “М” ХХК-ийг даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх талаар 3/**** дугаар албан бичиг буюу даалгавар хүргүүлсэн ба гомдол гаргагч “М” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны дээрх шийдвэрийг биелүүлээгүй, мөн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх тул Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ********* дугаар шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан байна.

12. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд “шударга ёсны зарчим” гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон зөрчилд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.

13. Хариуцагчийн “...“М” ХХК-д холбогдох үүрэг даалгаврыг албан бичгээр өгч нэхэмжлэгчийн холбогдох үйл ажиллагаанд нь хяналт тавьж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

14. Түүнчлэн гомдол гаргагч “М” ХХК нь “...дээрх Санхүүгийн зохицуулах хорооны 3/**** дугаар албан бичиг нь даалгавар биш, хороог Ажлын албаны дарга төлөөлөхгүй” хэмээн маргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн”, 18 дугаар зүйлийн 18.3-т “Ажлын албаны дарга нь Хорооны ерөнхий менежер байх бөгөөд Хорооны ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, Хорооноос өгсөн үүргийн биелэлтийг хангана” гэж зааснаас үзвэл 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/**** дугаар Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга өөрийн хуулиар олгосон бүрэн эрх хэмжээний хүрээнд албан бичгээр “М” ХХК-д даалгавар хүргүүлсэн байна.  

15. Өөрөөр хэлбэл Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т “Энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу Зохицуулах хорооноос өгч буй аливаа даалгаврыг даатгагч биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл ийнхүү даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр зөрчилд тооцож шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасантай нийцжээ.  

16. Мөн тухайн даалгаврыг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг тусгасан байх бөгөөд гомдол гаргаагүй атлаа ийнхүү шүүхэд маргасныг хүлээн авах үндэслэлгүй, энэхүү зөрчлийн хэргийн шүүхэд хянагдаж байгаа акт биш бөгөөд даатгалын тохиолдол гарсан эсэх, даатгалын гэрээний эрх, үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18, 11.13 дугаар зүйлийн 15.22 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч “М” ХХК-ийн гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ********* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] Хавтаст хэргийн 53-54 хуудас

[2] Хавтаст хэргийн 15 хуудас

[3] Хавтаст хэргийн 17 хуудас

[4] Хавтаст хэргийн 16 хуудас

[5] Зөрчлийн хэргийн материал-1 дүгээр хуудас