| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0043/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б-д холбогдох 231600055044 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******** ХХК-нд галч ажилтай, ам бүл 4, эх, эгч, ахын хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын ****** багийн ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДО******* регистрийн дугаартай, Х овогт С-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Б Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** тоотод 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгч С.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөж зодон хамрын нуруунд нь шарх гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч С.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** тоотод 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Б-тэй маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөж зодон хамрын нуруунд нь шарх буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
1. Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Болсон үйл явдлыг мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн орчимд сэрсэн. Би сэрсэн чинь миний хамар дээр маарал тавиад боочихсон байсан. Намайг сэрээгээд “...гэртээ очоод хувцсаа сольчихоод, бичиг баримтаа аваад ир...” гэхээр нь гэртээ очиж хувцсаа сольчихоод буцаад эмнэлэг дээр ирсэн чинь миний хамрын рентген зургийг аваад хамар язарсан байсан тул 4 оёдол тавилаа гэж эмч нь надад хэлсэн. Тэндээсээ би гэртээ харьсан... Маргааш нь Б-н охин Б надад танай дүү Б таны хамар хэсэгт өшиглөсөн гэж, мөн манай дүү Б миний хамарт өшиглөсөн гэж өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 61-63 дугаар тал/
2. Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би босоод ор засъя гэсэн чинь Б намайг гарах гэж байгаа гэж ойлгосон юм уу бүү мэд галын дөрвөлж аваад шидсэн. Тэгээд бас манай ширээг аваад над руу шидсэн. Тэгээд “...М З-н охиныг шаамаар байна гэж хэлж байсан энэ үнэн шүү...” гэж хэлэхээр нь би М-с асуусан чинь “...юу гэж тэгж байдаг юм гээд энэ балай балайрч байгаа юм...” гээд Б-н нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн, гуравдахаа өшиглөх гээд байхаар нь би болохгүй гээд татаж авсан. Тэгсэн дүү нь “...энэ янхан дандаа ингэж гай болох юм зайлаач...” гэж хэлсэн. Тэгээд гаднаас охин орж ирээд Б эгч боль гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/
3. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2023 оны 02 дугаар сарын 27-ны 11 цагийн үед гэртээ байж байсан чинь аавынд Б том том орилоод байхаар нь аавынхаа гэр лүү ороход Б аавын ширээг аваад аав руу шидээд тэгээд аавыг дарж унагаасан. Тэгсэн чинь Б-н дүү Б “...энэ гичий ингэдэг юм...” гээд нүүр лүү нь одоо өмсөж байгаа гуталтай хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Б-г барьж аваад босгосон. Тэгсэн чинь миний гар цус болсон. Тэгээд би цагдаа дуудсан...Б төрсөн дүүтэйгээ хэрүүл хийгээд бас аав руу чи Б-тэй хуйвалдсан гээд орилоод байсан. Бас “...З-н охиныг шааж байж санаа нь амарна гээд байсан шүү...” гэж надад болон манай аав дүү нарт хэлсэн. Тэгсэн дүү Б нь эгч Б-гээ зодсон...манай аавыг манай ****-хан найз нөхдүүд нь З гэж хочилдог тэгэхээр намайг хэлж байгаа юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
4. Гэрч А.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Б-нд байсан залуу Б бид 4 нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уугаад дууссан. Тэгсэн Б агсам тавиад Б-г гэр лүүгээ авч явна гээд ширээ авч шидсэн. Тэгсэн дүү нь гээд байгаа залуу Б нь Б-н нүүр лүү өшиглөсөн. Тэгсэн Б салгаад Б гаднаас орж ирээд цагдаа дуудсан ...Б-н дүү хэрүүл маргаан хийгээгүй. Шууд эгчийгээ энэ гичий ингэдэг юм гээд нүүр лүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15 дугаар тал/
5. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 59 дугаартай “...1. 2. С.Б-н биед баруун хөмсөг, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. С.Б-н биед учирсан хамрын нуруунд байх шарх гэмтэл нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун хөмсгөнд байх шарх гэмтэл нь хуучин гэмтэл байна.
5. С.Б-н биед учирсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/
6. Шүүгдэгч С.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...Зүгээр сууж байхад манай эгч Заяагийн охинтой холбож яриад байхаар нь та юу яриад байгаа юм. Миний охинтой ялгаа байхгүй гэж хэлээд нүүрэнд нь өшиглөсөн ... Миний буруу...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Б-н дээрх үйлдэл нь хүний биед санаатай халдаж, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэдийгээр шүүгдэгч, хохирогч нар эгч дүүс буюу төрөл садангийн харилцаатай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн боловч уг гэмт хэрэг нь байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтанд суурилсан харилцаанаас үүдэлтэй бус ахуйн хүрээний архидалт түүнээс улбаатай таарамжгүй харилцаанаас шалтгаалан гарсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх шинжгүй гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дугаар тал/, хохирогч С.Б-н Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...С овогтой Б миний бие өөрийн төрсөн дүү С.Б-д ... зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан бөгөөд одоо миний бие эдгэж, надад ямар нэгэн өвчин зовуурь байхгүй байгаа тул С.Б-д ... ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байгаа болно...” гэх хүсэлт. /хавтаст хэргийн 96 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокурор “...500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ...” санал гарган яллагдагч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА