Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Э-д холбогдох 2316000120015 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1**** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн **** сумын 12 жилийн сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Говь-Алтай аймгийн ******* сумын ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДС********* регистрийн дугаартай, Ж овогт З-н Э.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Э-н 2022 оны 12 дугаар сарын           27-ны өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ******** буудал дотор Д.Ц-н эзэмшлийн Самсунг-А52 / Samsung A52/ загварын гар утсыг халааснаас нь нууцаар авч, 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч З.Э нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ****** буудал дотор Д.Ц-н эзэмшлийн Самсунг-А52 / Samsung A52/  загварын гар утсыг халааснаас нь нууцаар авч, 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Э гэгч 2022 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд манай буудалд 2 хоносон. 2022 оны 12 сарын 26-ны өдөр З.Э-д буудлын мөнгө байхгүй барьцаанд өөрийн гар утсаа тавьчихаад орой 17 цагийн үед З.Э мөнгө олж ирээд тооцоогоо хийж дуусчихаад гарахдаа намайг тэвэрч шахаад цамцны халаасанд байсан А52 загварын гар утсыг сугалж аваад явсныг гарсных нь дараа мэдсэн... Samsung A52 загварын гар утсаа 2022 оны 04 дүгээр сард авч байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26 дугаар тал/

2. Хохирогч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би Э-г гараад явсны дараа  хэсэг хугацаа өнгөрсөн хойно утсаа алга болсныг мэдсэн...Би дараа нь коридорын камерыг шүүж байгаад З.Э утас авсан талаар мэдсэн... 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Samsung A52  утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Утсанд эвдрэл гэмтэл байгаагүй ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 28 дугаар тал/

3. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “...З овогтой Э-с ... Samsung Galaxy А52 маркын цагаан өнгийн, цэнхэр кейстэй гар утсыг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 00 минутад хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/

4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын   19-ний өдрийн “...камерын цаг 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 17 цаг 32 минут... Хохирогч Д.Ц-н гарч ирсэн газраас З.Э гарч ирээд хохирогч Д.Ц-г ардаас нь тэврээд гартаа эд зүйл бариад гарч байгаа харагдав...” гэх тэмдэглэл.  /хавтаст хэргийн 19 дүгээр тал/

5. “Ашид Билгүүн” ХХК-н 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-921/4325 дугаартай хулгайд алдсан гэх хохирогчийн Samsung Galaxy А52 загварын гар утсыг 600,000(зургаан зуун мянга) төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 37-39 дүгээр тал/ 

6. Шүүгдэгч З.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би тухайн үед Э буюу Э-д утсаа зарах гэж байсан ба би утасгүй болчихсон байсан. Д.Ц эгчийг баярлалаа гэх утгаар тэврэхэд халаасанд нь утас байхаар нь сэм авчихсан юм ... Д.Ц-с авсан гар утсыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч Л.Жаргалцэцэгт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Хохирогч Д.Ц-н халаасанд байсан гар утсыг нууцаар авч, 600,000(зургаан зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч З.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дүгээр тал/, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай “З-н Э нь тус сургуульд 2017 оноос тасралтгүй биеийн тамирын багшаар ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт/ хавтаст хэргийн 73 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч З.Э-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч З.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр  1(нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт З-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Э-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  1(нэг) жил 6 (зургаа)  сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч З.Э-д хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч З.Э-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА