Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2019/00772

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1972 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ******************** оршин суух, **********  дугаар регистртэй, Х  овогт Д.С

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1970 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, монтёр мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ************ оршин суух, ***************** дугаар регистртэй, О  овогт П.Ш  холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2019/00846/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Д.С , хариуцагч П.Ш  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ш  бид хоёр 2003 онд танилцан үерхэж байгаад, 2004 оноос хамтран амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас 2006 оны 2 дугаар сарын 28-ны өдөр охин Ш.А  төрж, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч өөрсдийн хүсэлтээр охиноо эцэг П.Ш гээр овоглон төрсний гэрчилгээ авсан. Бид хоёр өмнө нь гэр бүлтэй байсан болохоор гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй юм. Хамт амьдарч байх хугацаанд П.Ш  архи ууж, агсам тавьж, хэл амаар доромжлох болж, амар тайван байхаа больсон тул 2019 оны 6 дугаар сараас хойш охин Ш.А  бид хоёр тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд охиндоо ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй, бид цаашид хамт амьдрах боломжгүй тул охин Ш.А д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна гэв.

Хариуцагч П.Ш  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2003 онд танилцаж, хамт амьдрах хугацаанд 2006 онд охин Ш.А  төрсөн. Одоо 13 настай. Бид өмнө нь гэр бүлтэй байсан ба бичиг баримтаа цэгцэлж гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Охин Ш.А  нь миний хүүхэд мөн, ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Бидний хамтран амьдарсан хугацаанд бий болсон эд хөрөнгө болох хашаа байшингаа Д.С  болон охин Ш.А  нарт шилжүүлж өгнө. Би өөрөө машинаа авч таксинд явах боломжтой болсон тул цаашид охиндоо тусламж, дэмжлэг үзүүлнэ. Иймд охин Ш.А д хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С  нь хариуцагч П.Ш д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Д.С П.Ш  нар 2003 онд танилцан, хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2006 оны 2 дугаар сарын 28-ны өдөр охин Ш.А  төрж, гэрлэлтээ батлуулаагүй боловч эцэг П.Ш гээр овоглон бүртгүүлж эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын улсын бүртгэлийн ажилтаны олгосон О  овогт Ш гийн А  2006 оны 2 дугаар сарын 28-нд Мөрөн төрөх газар төрснийг Мөрөн-ИБМ төрсний бүртгэлд 2006 оны 04 сарын 05-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эцгийн РД: ***************** овог: О , эцэг /эх/-ийн нэр: Пүүшка, нэр: Ш , Эхийн: РД: ********** , овог: Х , эцэг /эх/-ийн нэр: Давааням, нэр: С  гэх бичилттэй №0234068/169 дугаар бүртгэлтэй хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Далайн элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн Овог: Ш , нэр: А , нас: 13, хүйс: эм, эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдлоо.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Ш.А  гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг П.Ш гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Ш.А г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч П.Ш гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Ш.А г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2006 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ш.А  13 нас 6 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр буюу 194.300 төгрөгийг охин Ш.А д сар бүр хариуцагч П.Ш  төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Ш.А д сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.331.600 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 52.256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52.256 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ш.А г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О  овогт П-ийн  Ш гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ш гээс улсын тэмдэгтийн хураамж 52.256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА