Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/404

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Э.Н****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Н******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2308008740529 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, дэлгүүрт худалдагч хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ******оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Ж****** овогт Э******ын Н****** (РД:******).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н****** нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******”-ын гадна зогсоолд Б.Ч******ийг “зүүж явсан нүдний шил цохиж унагаалаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 319 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой, бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Э.Н******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо мэдүүлэг өгөхгүй...500.000 төгрөгөөр торгоно гэсэн би хүлээн зөвшөөрч байгаа гэв...би ихэнхдээ цалингаа бэлнээр авчихдаг. Би 90 хоногийн хугацаанд төлнө...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

- Хохирогч Б.Ч******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” нэртэй паабад найз Б******ын хамраар орой 20 цагийн үед орж, 0,75 литрийн болон 0,5 литрийн архи уусан. Паабаас гараад тамхи татаж байсан залуучуудтай юм ярьж байгаад нэг залуугийн нүдний шилийг санаандгүй байдлаар унагаасан. Тэр асуудлаас болж тухайн залуутай маргалдсан. Нүдний шил унагаасан гэж хэлсэн залуу намайг газарт унагаагаад цохих шиг болсон. Тухайн үед хөлөөрөө өшиглөсөн үү, гараараа цохисон уу, санахгүй байна. Миний зүүн талын завжнаас цус гарсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн залуу надаас уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2722 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Б.Ч******-н биед уруулын зүүн булангийн гадна салстаас завж руу үргэлжилсэн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 5-8 дахь тал),

- Шүүгдэгч Э.Н******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр 23 цаг өнгөрч байхад Т******, А******, С******, Т****** нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” нэртэй паабад орсон. Тухайн газрын караокед ороод бид нар 0,75 литрийн архи 2 шилийг уусан. Караокеноос шөнө 02 цагийн үед гараад тамхи татаад зогсож байтал үл таних эрэгтэй хүн хоёр найзын хамтаар гарч ирээд миний шилийг цохиод унагаахаар нь би тухайн хүнийг нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед би баруун гараараа цохисон. Тэр үед Т****** ирж салгасан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Миний бие ээжийнхээ ажиллуулдаг дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг. Сардаа 1,000,000 төгрөгийн цалин авдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дахь тал),

Яллагдагч Э.Н******ын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 111 дэх тал),

Хохирогч Б.Ч****** хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 110 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал), хаан банкны 5747128573 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 90-110 дугаар тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд өмгөөлөх шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Н****** нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******”-ын гадна зогсоолд Б.Ч******ийг “зүүж явсан нүдний шил цохиж унагаалаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Ч******, шүүгдэгч Э.Н******ын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2722 дугаар дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудас болон мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Э.Н****** нь хохирогч Б.Ч******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Э.Н******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд улсын яллагч Яллах дүгнэлт үйлдэхдээ Прокурорын тогтоолын бланк андуурч, техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөх”, шүүгдэгч “Татгалзах зүйлгүй” гэсэн тус тус санал гаргасан бөгөөд шүүх гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын хүрээнд шүүх хуралдаанд хойшлуулсан хугацаанд дээрх зөрчлийг зөвтгүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэвэл зохино.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Ч******оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн залуу надаас уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)-ийг үндэслэн шүүгдэгч Э.Н******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Н****** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Э.Н******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н******ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”,

Шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналуудыг гаргасан.

Шүүгдэгч Э.Н******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (дэлгүүрт худалдагч хийдэг гэх), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

            Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Н******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Н****** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.Н****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 4, 5, дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж****** овогт Э******ын Н******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.Н******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н******ад оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Н******ад сануулсугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Н****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин т****** болтол шүүгдэгч Э.Н******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БУЛГАНТАМИР