Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 00164

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Н.Бямбасүрэн, нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанд

Нэхэмжлэгч: Т даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын ....... тоотод оршин суух, Б овогт А.С-т холбогдох,

хохирол 3.533.800 / гурван сая таван зуун гучин гурван мянга найман зуу / төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч А.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Т даатгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Хас банк ХХК-тай 1991707070011 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулсан, даатгалын зүйл болох 72-95 УБЦ улсын дугаартай Nissan Teana маркийн автомашиныг зам тээврийн ослын эрсдэлээс хамгаалж даатгасан. Иргэн А.С нь 00-53 ХӨВ улсын дугаартай Тоуоtа Vitz маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр буюу даатгалын гэрээний хүчин төгөлдөр хугацаанд замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрмийн 2.7 болон 9.8 дахь хэсэгт заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж даатгалын зүйлд хохирол учруулсан. Даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1256 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд 9.642.846 /есөн сая зургаан зуун дөчин хоёр мянга найман зуун дөчин зургаа/ төгрөг гэж тогтоогдсон байна. Даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирлын хэмжээг Ашид билгүүн ХХК-ийн 1256 тоот тайланд авагдсанаар Хас банк ХХК-ийн тээврийн хэрэгслийн дараах эд ангид, доорх мөнгөн дүнгээр хохирол учруулжээ. Үүнд: Буфер /урд/-3.550.400 төгрөг, гэрэл /зүүн урд/-1.877.876 төгрөг, крыло-1.950.760 төгрөг, под крыло /зүүн/-1.464.050 төгрөг, буферын тогтоогч зам /урд/-12.250 төгрөг, нэмэлт гэрэл /зүүн урд/-321.510 төгрөг, цахилгааны утаснууд-21.000 төгрөг, гэрэл, крылоны доод суурь-55.000 төгрөг, эдгээр эд ангийг засах, солих зардал нийт 9.252.846 /есөн сая хоёр зуун тавин хоёр мянга найман зуун дөчин зургаа/ төгрөг, үүн дээр 250 гр будаг, лак, туслах материал -50.000 төгрөг, будах ажлын хөлсний зардал-300.000 төгрөг, эд анги солих ажлын хөлс- 40.000 төгрөг, нийт 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөг, ингээд даатгалын тохиолдлын улмаас үүссэн нийт хохирлын хэмжээг тооцоход 9.642.846 /есөн сая зургаан зуун дөчин хоёр мянга найман зуун дөчин зургаа/ төгрөг болсон байдаг. Энэхүү 1256 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирлын хэмжээг даатгуулагчтай харилцан зөвшилцөж Бодиз Автомотив ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн кузов засварын 1.000.000 төгрөгийн нэхэмжлэх, Есөн Мөнх Сүлд ХХК-ий 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн сэлбэгийн үнийн санал бүхий 7.533.800 төгрөгийн нэхэмжлэх зэргийг үндэслэн даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирлыг нийт 8.533.800 /найман сая таван зуун гучин гурван мянга найман зуу/ төгрөгөөр тогтоосон. Энэхүү хохирлын 5.000.000 төгрөгийг иргэн А.С-ын жолоочийн хариуцлагын албан журмын даатгуулагч болох Хаан даатгал ХХК-аас төлж барагдуулсан байдаг. Иргэн А.С-ын буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь Автосос ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад авагдсан тайлбар, иргэн А.С-ын гараар бичсэн өргөдөл, Сүхбаатарын дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тэмдэглэл, ослын үеийн гэрэл зургийн үзүүлэлт, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 306 дугаартай "Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны 310000618761378 дугаартай шийтгэлийн хуудас, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1256 дугаартай автомашин, техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Иргэн А.С нь зам тээврийн ослын улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд /даатгалын зүйлд/ учруулсан хохирлоо Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй. Т Даатгал ХХК нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, даатгуулагч Хас банк ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 18/02628 тоот тогтоолоор 3.533.800 /гурван сая таван зуун гучин гурван мянга найман зуу/ төгрөгийг бүрэн олгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын зүйлд учирсан бодит хохирлыг арилгах зардлыг гүйцэтгэгч компанийн үнийн санал /нэхэмжлэх/ дээр тулгуурлаж, даатгалын хохирол, үнэлгээний дүнд багтааж гарах зардлыг хэмнэж шийдвэрлэсэн болно. Ийнхүү даатгалын нөхөн төлбөрийг олгосноор Иргэний хүулийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэг болон даатгалын гэрээний 4.15 дахь хэсэгт тус тус заасны дагуу даатгалын тохиолдлын буруутай этгээд болох А.С-аас даатгалын нөхөн төлбөр болох 3.533.800 /гурван сая таван зуун гучин гурван мянга найман зуу/ төгрөгийг буцаан шаардах эрх манай компанид үүссэн байна. Түүнчлэн иргэн А.Содбаяртай 89278988 дугаартай утсаар удаа дараа холбогдоход төлбөрийг төлөхгүй байх талаас элдэв шалтаг хэлж үүсээд буй асуудлыг уулзаж ярилцахаас, зөвшилцөхөөс зайлсхийж, шүүхдээд авна биздээ гэдэг тайлбар өгсөн болно.

Иймд иргэн А.С нь замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн буруутай үйлдлийн улмаас Т Даатгал ХХК-ийн даатгуулагч болох Хас банк ХХК-ийн даатгуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан, тус хохирлыг даатгалын гэрээний дагуу даатгагч бүрэн барагдуулсан, ингэснээр Иргэний хуулийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэг, Даатгалын гэрээний 4.15 дахь хэсэгт заасны дагуу олгосон нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг, 510.1 дэх хэсгийг үндэслэн бүруутай этгээдээс буцаан шаардах нь хууль зүйн үндэслэлтэй байх тул манай компаний даатгалын нөхөн төлбөрт олгосон нийт 3.533.800 /гурван сая таван зуун гучин гурван мянга найман зуу / төгрөгийг, холбогдон гарсан бусад зардлын хамт даатгалын тохиолдолд буруутай этгээд болох А.С-аас гаргуулан бидэнд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.С нь 2018 оны 09 сард өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан. Үүнээс учруулсан хохирлын нөхөн төлбөрт манай даатгалын компаниас 3.533.800 төгрөгийг гаргаж өгсөн. Энэ мөнгийг иргэн А.С-аас нэхэмжилж байна. Энэхүү нэхэмжлэлийг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Эзэн холбогдогч нь байгаа эрсдэл учраас буруутай этгээдээс хохирлыг нэхэмжилдэг.Энэ хүн бусдын машиныг мөргөж гэмтээсэн учраас А.С-аас даатгалын нөхөн төлбөрийг буцааж нэхэх эрхтэй гэж үзэж байна. Тэнгэр даатгал ХХК-д даатгуулсан машин нь Мөнх-Эрдэнийн машин. Лизингийн зээлээр аваад удаагүй байхад нь А.С өөрийн буруутай үйлдлээс болж манай даатгуулагчийн машиныг мөргөсөн. Даатгуулагчид чирэгдэл учруулахгүйн тулд тухайн үед 3 хоногийн дотор даатгуулагчид учирсан хохирлыг манай даатгалын компаниас өгсөн. Энэ хүн даатгалд хамрагдаагүй байсан бол 9 сая гаруй төгрөгийг өөрөө төлөх үүрэгтэй. Даатгалын зүйл анги дээр байгалийн эрсдэл, гал, ус, салхи шуурга, бусдын болгоомжгүй байдлын эрсдэл гэж байгаа. Энэ хүний болгоомжгүй үйлдлээс болж Мөнх-Эрдэнэ хохирсон. Тэгээд манай даатгалын компани болон Хаан даатгал ХХК Мөнх-Эрдэнэд учирсан хохирлыг төлж байна. Тэгтэл энэ хүн ямарч хариуцлагагүй болчихоод байна. Энэ хүнээс нэхэмжлэх эрхийг Даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан байгаа гэв.

Хариуцагч А.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т даатгал ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод би өөрийн 00-53 ХӨВ улсын дугаартай Тоёото машинаар замын хөдөлгөөнд оролцож явахад Ниссан теана маркийн 72-95 УБЦ улсын дугаартай машин миний машины хажуу талаас мөргөж миний өөрийн машин болон хажуунаас ирж мөргөсөн, машинд гэмтэл учирсан нь үнэн. Уг УБ-ын дугаартай машины жолооч Д.Мөнх-Эрдэнэ нь ч гэсэн аюул тохиолдсон үед зогсоох арга хэмжээ аваагүй зогсох боломжгүй хурдтай явж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай гэж би үзэж байгаа бөгөөд энэ хүн цагдаад мэдүүлэг өгөхдөө 50-60км/цагийн хурдтай явсан гэж мэдүүлсэн байдаг, Мөнх-Эрдэнэ нь хотын хүн байсан учир тэр өдөртөө Ашид билгүүн ЖХК-аар машиндаа техникийн үнэлгээ хийлгэж 9.642.846 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргуулснаас миний жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан Хаан даатгал ХХК- аас 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ үед нөгөө жолооч Мөнх-Эрдэнэ нь намайг шоконд орсон байдлыг далимдуулан шахсаар байгаад надаар гарын үсэг зуруулсан. Миний хувьд тухайн үед би хотод хүүхдээ эмчлүүлж байсан би зөвшөөрсөн гэрлэн дохиогоор л хөдөлгөөн эхэлсэн, гэтэл замын байцаагч намайг гэрлэн дохио андуурч орсон байна гэж 100 хувь буруутгасан. Намайг өвчтэй нялх хүүхэдтэй гэж хэлсээр байтал олон цагаар буюу өглөөний 7 цагаас шөнийн 12 цаг хүртэл хүлээлгэж суулгасан, камер шүүлгэе, хурд хэмжүүлье гэхэд хүсэлтийг минь хүлээж аваагүй намайг хөдөөний, учир мэдэхгүй, өвчтэй хүүхэддээ санаа зовж яарсан байдлыг далимдуулан ганц талыг барьж шийдвэр гаргасанд би гомдолтой байгаа. Би тухайн үед тухайн ослын улмаас маш их сандарч шоконд орсон байсан, хот мэдэхгүй хөдөөний, эмэгтэй жолооч учраас учраа ч олохгүй сандарч замын акт, дүгнэлттэй маргаагүй болно. Гэхдээ тухайн үед би Тэнгэр даатгал ХХК-д төлж чадахгүй учир шалтгаанаа бичсэн өргөдөл гаргасан боловч надад ямар ч хариу өгөөгүй байж яагаад одоо бүх юмны хугацаа өнгөрсөн хойно шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм бол, над руу залгахад нь би бас л төлж чадахгүй учир байдлаа хэлснээс биш нэхэмжлэлд дурдсан шиг шүүхдээд ав гэж хэлээгүй юмаа. Тэнгэр даатгалын төлөөлөгч нь Мөнх-Эрдэнэтэй дотносоод л хоорондоо ярилцаад миний хэлснийг ер тоогоогүйгээр барахгүй Мөнх-Эрдэнийг явахад нь дараа утсаар ярья гээд гаргаж өгөөд надыг үл тоож санал хүсэлтийг минь хүлээж аваагүй. Эдгээр хүмүүсийн яриаг би бичлэг хийсэн боловч миний утсыг булааж авах гээд цагдаад хэлнэ, одоо наад бичлэгээ устга гэж дарамталсаар байгаад устгуулсанд гомдолтой байна. Ийм учраас би одоо энэ ослын талаар зохих газарт нь гомдлоо гаргана. Нэгэнт тухайн байдлыг өөрөө харсаар байж яахаа мэдэхгүй, хохирч үлдсэндээ би одоо харамсдаг, би төрөлхийн сонсголын бууралттай учраас дунд чих ба хөхлөг сэртэнгийн бусад өвчин гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар группэд байдгаас гадна би 1 настай төрөлхийн дауны өвчтэй хүүхэдтэй, хүүхэд маань дауны өвчтэй учраас 2017 оны 11 дүгээр сард 6 сартайдаа Бээжин хотод зүрхний хагалгаа хийлгэсэн, хагалгааны оёдолд өвчүү нь дотогш татагдсан үүнээс болж өвчүүндээ зүрх нь дарагдаж зүрхний хэм алдагдалтай байдаг бөгөөд дахин хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа боловч хагалгааны хоорондох хугацаа ойрхон гэсэн үндэслэлээр хагалгааны хугацаа хойшилж байгаа, мөн дараа нь уруул, шүдний наалдангийг салгах хагалгаа хийлгэх гэх мэт олон олон хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа, нөхөр маань улирлын чанартай ажил хийдэг ШУТИС-д сурдаг оюутан хүүхэдтэй зэргээр миний амьдралын ийм хүнд нөхцөл байдалтай байгаа учир нэхэмжпэгчийн нэхэмжилсэн 3.533.800 төгрөгийг төлж чадахгүй болно гэжээ.

Хариуцагч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т даатгал ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх чадвар надад байхгүй. Би өөрөө групптэй, хүүхэд маань өвчтэй учраас миний төлөх чадваргүй байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Тавь тавин хувийн буруутай гэж үзэж байна. Би үнэлгээний мөнгө 492.000 төгрөг тушааж, Цагдаагийн торгуульд 100.000 төгрөг төлж, Хаан даатгал ХХК-аас 5.000.000 төгрөгийг тухайн жолоочид гаргаж өгсөн. Миний өөрийн машин маш их эвдрэлтэй. Би мөргөөгүй, тэр машин намайг мөргөж бүтэн эргүүлсэн. Би хохирсон мөртлөө даатгалын мөнгө авч чадаагүй. Харин нөгөө машинд Хаан даатгал ХХК-аас 5.000.000 төгрөг гаргуулж өгсөн. Тэгээд болох байх гэж бодсон чинь мөнгөн дүн өндөр гараад нэхэмжлээд яваад байна. Би өөрөө ажилгүй, 70 хувийн групптэй, хүүхэд маань төрөлхийн зүрх хавсарсан дауны хам шинжтэй, нөхөр ажилгүй, манайх бас оюутан хүүхэдтэй. Тэнгэр даатгал ХХК машины хохирлыг маш өндөр өртөгөөр тогтоосон гэж бодож байна. Буцаад машин авах үнээр надаас төлбөр нэхээд байна. Тухайн өдөр би хүчтэй шоконд орсон. Тэр үед нь гомдол гаргах гэсэн чинь Мөнх-Эрдэнэ Хаан даатгал ХХК-аас 5.000.000 төгрөг гаргуулчихлаа. Үлдсэн 4.000.000 төгрөгийг манай Тэнгэр даатгал ХХК гаргах гэж байна та очоод гарын үсгээ зурчих гэсэн. Даатгалын компаниас мөнгө гаргуулаад болчих юм уу гэсэн чинь болно, болно танд ч асуудал үүсэхгүй, надад ч асуудал үүсэхгүй гэж хэлж байсан.Тэгээд Тэнгэр даатгал дээр очиход надаас мөнгө нэхэмжилнэ гэж яриагүй, бүх зүйл бэлэн болсны дараа намайг гарын үсгээ зур гэсэн. Тухайн үед миний сонсголын аппаратын зай дууссан байсан учраас би сонсохгүй байна бичлэг хийж авъя гэхэд бичлэг хийлгүүлээгүй. Би энэ хохирлыг төлж чадахгүй, надад гомдол байна гэсэн чинь манайх энэ хүний бүх хохирлыг гаргана. Та эхлээд гарын үсгээ зурчих, дараа нь бид танаас гаргуулах тухай ярилцана, та ямар учраас төлж чадахгүй тухай өргөдлөө бичээд өг гэсэн. Би өөрийнхөө болон хүүхдийнхээ нөхцөл байдалтай холбоотой бүх зүйлийг хуулбарлаад хавсаргаад өргөдөл гаргаж өгсөн. Хариу өгөхгүй бол таны асуудал шийдэгдсэн гэсэн үг гэж хэлсэн. Эргээд гомдол мэдүүлэх гэснээ би Тэнгэр даатгад ХХК-д итгээд асуудал дуусч байгаа юм байна гэж бодсон. Тэгээд Хөвсгөл аймагтаа ирсэн хойно 2018 оны 12 дугаар сард утасдаад танаас хохирлыг нэхэмжлэхээр боллоо гэсэн. Тэгээд эргээд гомдол гаргах гэсэн чинь хугацаа нь өнгөрсөн байсан. Надад 7, 14 хоногийн дараа хэлсэн бол би гомдолтой байснаа хэлэх байсан. Тухайн үед нь би хэлсэн. Миний машиныг журмын хашаанд хийсэн байсан. Тэгээд та улам өрөнд орох гээд байна. Та хурдхан Тэнгэр даатгалд очвол асуудал чинь хурдан шийдэгдэнэ гээд гарын үсэг зуруулсан. Энэ зүйл заалт биш байна гэсэн чинь энэ тийм асуудалтай зүйл биш, та машинаа авахгүй бол өдөр болгон 5000 төгрөг нэмэгдээд явна. Би таны талд танд үйлчилж байна гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Би жолооч болох үедээ энэ тухай хүсэлтийг тавьсан. Тэгээд сонсголын аппаратаа тааруулж зүүгээд бичлэг хийлгээд ир гэсэн. Тэгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан. Надаар гарын үсэг зуруулсны дараа тэрийгээ хэлсэн. Тэгэхээр нь би төлж чадахгүй шалтгаанаа хэлсэн. Тэгтэл та төлж чадахгүй шалтгаанаа бичээд баримт нотолгоо байвал хавсаргаад өг гэсэн. Тэгэхээр нь би өргөдөл бичиж өгөөд болчихлоо гэж бодсон. Тэгтэл бүтэн 3 сарын дараа над руу яриад манай даатгал таниас авахаар шийдлээ гэж хэлсэн гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т даатгал ХХК нь хариуцагч А.С-т холбогдуулан хохирол 3.533.800 / гурван сая таван зуун гучин гурван мянга найман зуу / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.С нь ...би өвчтэй хүүхдээ асарч хардаг, төлбөрийн чадвар байхгүй, мөн Тэнгэр даатгал нь үнэлгээг зөвшөөрөхгүй гэхэд та яагаад төлөх боломжгүй байгаагаа албан ёсоор бичгээр өг, бид шийднэ. ... гэхээр нь бичгээр хүсэлт өгсөн, тэгээд чимээгүй байхаар нь болчихсон юм байх гэж бодсон. Намайг шокын байдалтай байхад гарын үсэг зуруулж авсан учир би зөвшөөрөхгүй. ... гэж маргаж байна.

Хэрэгт нэхэмжлэгч Т даатгал ХХК-аас 9017001018 улсын бүртгэлийн дугаартай Т даатгал ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 189031300303609 дугаартай 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Тээврийн хэрэгслийн үндсэн даатгалын гэрээ, Замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон Тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа Шийтгэлийн хуудас фото зураг, Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл 2 хуудас, 72-95 УБЦ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооч Дашцэрэнгийн Мөнх-Эрдэнийн жолоочийн үнэмлэх, 00-53 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооч А.С-ын жолоочийн лавлагаа, Ашид билгүүн ХХК-аас хийгдсэн Автомашин техникийн үнэлгээний тайлан, үнэлгээ 2 хуудас, машины эвдрэлийн фото зураг, 0022360 дугаартай Бэлэн мөнгөний баримт, нэхэмжлэгч Есөнмөнх Сүлд ХХК, төлөгч Хас лизинг ХХК гэх бичилт бүхий Нэхэмжлэх, Бодиз автомотивын нэхэмжлэх, Эрсдлийн дэд хорооны тогтоол, төлбөр төлсөн шилжүүлгийн баримт, хариуцагч С-ын Т даатгалд гаргасан өргөдөл зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 24 хуудас баримтыг, хариуцагч А.С-аас байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, асаргаатай байдаг хүүхдийн зураг, зам тээврийн ослын хэрэг дээрхи фото зураг, Мөрөн сумын Эрхэл багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанд хэлцэгдсэн нотлох баримт болон талуудын гаргасан тайлбараар 72-95 УБЦ улсын дугаартай машины жолооч Д.Мөнх-Эрдэнэ, 00-53 ХӨВ улсын дугаартай машины жолооч А.С нар нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргасан, эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар Тоёото витз маркийн 00-53 ХӨВ улсын дугаартай авто машины жолооч А.С нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй гэж тогтоосон, жолооч А.С-т Зөрчлийн хуулийн 14.7.51 хэсэгт зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, Ашид Билгүүн ХХК-аар 72-95 УБЦ машинд учирсан хохирлын хэмжээг тогтоолгоход 9.642.846 төгрөгөөр тогтоогдсон, гэвч тухайн машиныг Есөнмөнх Сүлд ХХК-аас эвдэрсэн эд зүйл худалдаж авахад 7.533.800 төгрөгийг зарцуулсан, засварын хөлсөнд 1.000.000 төгрөгийн зардал гарсан, Хариуцагчийн даатгуулсан Хаан даатгал ХХК-аас жолоочийн хариуцлагын даатгалд 5.000.000 төгрөгийг гаргаж Есөнмөнх Сүлд ХХКомпанид 4.000.000 төгрөгийг Бодиз автоматив ХХКомпанид 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Т даатгал ХХК-ийн эрсдлийн хорооны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18/02628 дугаартай тогтоолоор Даатгуулагч Хас банкинд тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр 3.533.800 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, Тэнгэр даатгал ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3.533.800 төгрөгийг шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч А.С нь хохирлын үнэлгээний хувьд өндөр гарсан, мөн намайг шокын байдалтай байхад цагдаагийн хүн магадлагаан дээр гарын үсэг зуруулсан гэж маргасан ба бусад үйл баримтанд маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж,

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагад буруутай этгээд болох хариуцагч А.С-аас нөхөн төлбөрт олгогдсон 3.533.800 төгрөгийг гаргуулах шаардах эрх шилжжээ.

Хас банк, Т даатгал ХХК-ий хооронд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан №189031300303609 дугаартай даатгалын гэрээнд Даатгалын хугацаа эхлэх 2018.07.24, дуусах 2019.07.23, тээврийн хэрэгслийн улсын дугаар 72-95 УБЦ, гэрээний 4.15-д Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагч аливаа хохирлыг нөхөн барагдуулах хугацаанд буруутай этгээдээс төлбөрийг нэхэмжлэх Даатгуулагчийн эрхийг шилжүүлэн авах ба буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөх, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр Даатгагчид шилжинэ ... гэж тусгасан байгаа нь хуулийн тусгай зохицуулалт болох Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан даатгалын гэрээнд заасан бол ... гэсэн нөхцлийг хангасан байна.

Түүнчлэн даатгалын тохиолдол нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болсон нь даатгалын дээрхи хугацаанд хамаарч байгаа, даатгалын зүйл нь 72-95 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээгээр, хариуцагч А.С нь уг даатгалын зүйлд болгоомжгүйгээр буюу зам тээврийн ослын улмаас гэм хор учруулсан болох нь замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, нэхэмжлэгч байгууллагаас Есөнмөнх Сүлд ХХК-д сэлбэгийн үнийг шилжүүлсэн нь банкны шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байх тул хариуцагч А.С-аас гэм хорын хохирлыг нэхэмжлэгч Т даатгал ХХКомпанид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч А.С нь үнэлгээ өндөр тогтоогдсон, шокийн байдалтай байхад гарын үсэг зуруулсан гэж маргасан боловч эрх бүхий албан тушаалтны гаргасан магадлагаа, Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайлан зэрэгтэй танилцсан атлаа тухайн үедээ маргаагүй, Шийтгэлийн хуудасын Санамж хэсэгт ... 3. Та энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12, 7.6 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй. ... гэж заасан байхад энэ эрхээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн Т даатгал ХХКомпанид бичсэн ... үлдсэн 4.642.846 төгрөгийг Т даатгал гаргах болсон. Энэхүү Т даатгалаас гарч байгаа мөнгийг иргэн надаас гаргуулахгүйгээр шийдэж өгвөл сайн байна. ... гэх өргөдөл, мөн шүүх хуралдаанд гаргасан ... би өргөдөл бичиж өгөөд болчихлоо гэж бодсон. Тэгтэл бүтэн 3 сарын дараа над руу яриад манай даатгал таниас авахаар шийдлээ гэж хэлсэн. ... гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагч А.С нь гэм буруугийн талаар болон хохирлын үнэлгээний талаар тухайн үедээ өөрийн гэм бурууг, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнэлгээ зэргийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Харин хариуцагч А.С нь шүүх хуралдаанд гаргасан ... Би өөрөө ажилгүй, 70 хувийн групптэй. Хүүхэд төрөлхийн зүрх хавсарсан дауны хам шинжтэй. Манай нөхөр ажилгүй, манайх бас оюутан хүүхэдтэй амьдралын боломжгүй учир төлж чадахгүй ... гэх тайлбар,

Хэрэгт авагдсан Х аймгийн М сумын Эрхэл багийн засаг дарга Р.Элбэг-Очирын 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/05 дугаартай М сумын Э 12-р багийн 10 гудамжны 24 тоотод оршин суугч иргэн А овогтой С нь ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт оршин суудаг. А.С нь хөгжлийн бэрхшээлтэй хүү Г.Ш нь байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй юм. Энэ өрх нь мал тэжээвэр амьтангүй, амьжиргааны түвшин доогуур өрх болох нь үнэн болохыг тодорхойлов гэх албан бичиг зэргийг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т ...Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно. ... гэж заасныг үндэслэн гэм хорыг нөхөн төлөх хэмжээг 2.000.000 төгрөг болгож багасгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд хариуцагч А.С-аас гэм хорын даатгалын хохиролд 2.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т даатгал ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.533.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага Т даатгал ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.490 төгрөг 80 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох 46.950 төгрөгийг хариуцагч А.С-аас гаргуулж нэхэмжлэгч Т даатгал ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.6, 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7- д зааснаар хариуцагч Б овогт А.С-аас гэм хорын даатгалын хохиролд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т даатгал Хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.533.800 /нэг сая таван зуун гучин гурван мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.490.80 /далан нэгэн мянга дөрвөн зуун ерэн төгрөг наян мөнгө/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С-с 46.950 / дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т Хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА

Н.БЯМБАСҮРЭН