Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

  Улсын яллагч Э.*******,

  Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох 2323000000044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1951 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.ийг  машин унтраалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний зүүн гарын бугалаг, сарвууны хэсэгт тус тус хутгалж эрүүл мэндэд нь зүүн гарын бугалгын урд дотор хэсэгт шарх, баруун гарын сарвууны эрхий хурууны ард шарх, шөрмөс тасрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл:

 Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.ийг  машин унтраалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний зүүн гарын бугалаг, сарвууны хэсэгт тус тус хутгалж эрүүл мэндэд нь зүүн гарын бугалгын урд дотор хэсэгт шарх, баруун гарын сарвууны эрхий хурууны ард шарх, шөрмөс тасрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:

- Хохирогч Н.ийн “...2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр аймгийн төвөөс ******* суманд ирсэн. Тэгээд хөдөө гэрийн тийшээ явах унаа сураад байж байтал манай гэртээ ойрхон өвөлжиж байгаа Г.******* гэдэг хүн ирсэн гэхээр нь хамт явна шүү гээд орой 19 цаг өнгөрч байхад хөдөө гэр рүүгээ явсан. Г.******* гэдэг хүн архи уусан бололтой машинаа сайн жолоодож чадахгүй, замаас гарч яваад байхаар нь би машиныг нь унаад 22 цагийн үед хөдөө гэртээ ирээд, ачаагаа буулгаад Г.******* гэдэг хүнийг гэрт нь хүргэж өгөх санаатай машинд нь суугаад хөдлөх гэж байгаад 2 удаа ухасчуулаад машиныг нь унтраасан юм. Тэгтэл Г.******* гэдэг хүн ямар ч үгийн зөрүүгүй миний баруун гарын эрхий хурууны дээд хэсэг рүү хутгаар хатгаж, мөн машины араан дээр байсан зүүн гарын булчингийн хэсэг рүү хутгаар хутгалсан. Тэгэхээр нь буугаад зугтаасан чинь Г.******* гэдэг хүн өөрөө машинаа унаад гэр рүүгээ яваад өгсөн. ...Миний зүүн гарын булчингийн хэсэгт их гүн хутгалсан байна гэсэн. Баруун гарын эрхий хурууны дээд хэсэгт хутгалсан нь шөрмөс тасарсан байна гэж эмч хэлсэн. ...Ямар нэг хэрүүл маргаан, зодоон болоогүй намайг ямар ч үгийн зөрүүгүй шууд хутгалахаар нь би буугаад зугтаасан. ...Миний баруун гарын эрхий хурууны шөрмөс хутгалснаас болж тасраад залгуулсан, мөн зүүн гарын булчингийн хэсэгт 6 см хэмжээтэй хутга орсон байна гэж эмч хэлсэн, одоо миний биеийн байдал гайгүй, шархнууд эдгэсэн. Сэтгэл санаа, эд материалын хохирол учраагүй. ...Надад учирсан эмчилгээний хохирлыг Г.******* гэдэг хүн бүрэн барагдуулсан учир гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 5-7-р хуудас/

- Гэрч Д.ийн “...2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 23 цагийн үед ******* сумын ******* багийн “Пялгар” гэдэг газар гэртээ ганцаараа байж байтал гэрийн гадаа машин ирэх чимээ гарсан. Тэгтэл гаднаас Н. ах орж ирээд ах нь сумаас хүрээд ирлээ гэхээр нь та ямар унаатай ирсэн юм гэхэд Г.******* гэдэг хүнтэй ирсэн. Машинаас ачаагаа аваад буцаж орж ирээд амарна гээд гараад явсан. Тэгтэл 5 орчим минутын дараа гаднаас Н. ах намайг дуудах чимээ гарсан. Тэгээд гэрээсээ гартал Н. ахын гэрийн үүдэн дээр Г.******* гэдэг хүний машин зогсож байсан. Н. ах манай гэрийн үүдэн дээр хутгалуулсан бололтой 2 гараас нь цус гарсан байдалтай зогсож байхаар нь гэртээ оруулчхаад гэрээсээ гартал Г.******* гэдэг хүн машинаа асаагаад унаад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 9-10-р хуудас/,

            - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.ын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай “...Иргэн Н.ийн биед зүүн гарын бугалгын урд дотор хэсэгт шарх, баруун гарын сарвууны эрхий хурууны ард шарх, шөрмөс тасрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь иртэй ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр үүссэн байх боломжтой. Иргэн Н.ийн биед зүүн гарын бугалгын урд дотор хэсэгт шарх, баруун гарын сарвууны эрхий хурууны ард шарх, шөрмөс тасрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.ийн биед учирсан дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 12-13-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.******* нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж түүнийг хутгалсан үйлдлийн улмаас хохирогч Н.ийн эрүүл мэндэд зүүн гарын бугалгын урд дотор хэсэгт шарх, баруун гарын сарвууны эрхий хурууны ард шарх, шөрмөс тасрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, бусадтай зөв боловсон харилцааны асуудал, асуудлыг эв зүйгээр ярилцаж шийдвэрлэх, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Г.******* өөрийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Н.ийн эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

          Шүүх шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Г.******* урьд нь Завхан аймгийн шүүхийн 40 дугаартай таслан шийтгэх тогтоолоор 1982 оны Эрүүгийн хуулийн 169.В дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Завхан аймгийн Сум дундын I-р шүүхийн 26 дугаартай таслан шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсгүүдэд зааснаар 200.000  төгрөгийн торгох ялаар, 

Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2018 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 68-*******-р хуудас/

Прокуророос шүүгдэгч Г.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Г.*******гийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.ДОРЖБАЛ