| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2019/00228/и |
| Дугаар | 155/ШШ2019/00162 |
| Огноо | 2019-02-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2019/00162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Б овогтой Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, Х аймгийн Т сумын 6 дугаар багт /ээжийндээ/, У хот С дүүрэг 13 дугаар хороо 5-ын 40-ын А тоот /нийтийн байранд/ түр оршин суух, Х овогт Ч.Н -т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ч.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б миний бие нөхөр Ч.Н-тэй 2000 танилцаж 2006 оны 03 дугаар сарын 31-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас охин Н.У 2005 оны 10 дугаар сарын 24-нд төрсөн, одоо 14 настай, /ЕБС-ын 8 дугаар ангид сурдаг/, охин Н.А 2007 оны 06 дугаар сарын 03-нд төрсөн, одоо 12 настай,/ ЕБС-ийн 6 дугаар ангид сурдаг / нар төрсөн. Бид хоёр 2010 оныг хүртэл хамт амьдарч байгаад нөхөр архи ууж, гэр бүлээ тэжээн тэтгэхгүй байдаг байдлаас болж хоорондоо таарамжгүй харилцаатай болж үүнээс хойш нөхөр гэрээсээ яваад Т суманд ээжийндээ амьдрах болсон. Одоо би гэр бүлтэй болж 2016 онд охин Мөрөнсайхан, 2018 онд охин Мөрөнзаяа нарыг төрүүлсэн. Сүүлд гаргасан хүүхдүүдийнхээ аавтай гэрлэлтээ батлуулж нэг гэрт ороогүй ч цаашид гэр бүл болох хүсэлтэй. Харин Н мөн өөр хүнтэй сууж гэр бүлтэй болсон гэсэн. Бид цаашид нэг гэр бүл болж хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Эд хөрөнгийн талаар маргаангүй.
Иймд Г.Буяндалай миний нөхөр Ч.Н-тэй гэр бүл болсон гэрлэлтийг цуцалж, охин Н.У, охин Н.Анарыг өөрийн асрамжинд авч, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Н нь архи дарс хэрэглээд үүнээс болоод бид хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг болсон. Тэгээд ээжийн рүүгээ очих гэж яваад ирээгүй. Би Ундрах гэдэг хүнтэй одоо хамт амьдарч байгаа бөгөөд түүний хоёр хүүхдийг төрүүлсэн. Ч.Н нь мөн хамтран амьдардаг хүнтэй болсон. Бид тусдаа амьдраад бараг 10 жил болж байна. Эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй. Хүүхдүүдээ би өөрийн асрамжинд авна. Ч.Н-ээс охин У, А нартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ч.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч.Н нь Г.Б-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Г.Б-тай 2000 онд танилцаад, үерхэж байгаад 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас охин Н.У, Н.А нар төрсөн нь үнэн. Бидний амьдралын эхний жилүүдэд гэр бүлийн харилцаа сайн байсан бөгөөд сүүлийн жилүүдэд зан байдлын улмаас таарамжгүй болж улмаар би 2010 онд гэрээсээ явж Т суманд ээж Цэрэндуламындаа амьдрах болсон. Бид хоёр тус тус амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй.
Иймд миний бие Г.Б-аас гэрлэлтээ цуцлуулж, охин Н.У, Н.А нарыг эх Г.Б-ийн асрамжид өгч, хүүхдүүддээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг өгөхөөр нэхэмжлэийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч Ч.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би Б-аас салаад ээжийндээ хэдэн жил байж байгаад хот руу орсон. Барилгын туслах ажилчин хийгээд амтдардаг. Нэг эмэгтэйтэй 2017 оноос танилцаж хамтран амьдарч байгаа. Түүний нэг хүүхдийн хамт амьдардаг. Бид нийтийн байранд амьдарч байгаа. Би сургууль соёл орох дөхөхөөр өөрийн ээжийн данс руу охиддоо өгөхөөөр мөнгө шилжүүлдэг. Ноднин том охинтойгоо уулзсан. Б ээжийн хамт амьдарч байгаад ээж нь нас барж жаахан дүүтэйгээ үлдсэн байхад нь би тэднийд орж суусан юм. Эд хөрөнгийн талаар бидний дунд маргаангүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ч.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ч.Н нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Н.У, охин Н.А нар нь төрсөн болох нь. Тухайлбал;
................... төрсөн, Ховогт Ч.Н,.........................төрсөн, Б овогт Г.Б нар 2005 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 08-рт бүртгэж олгосон 0028752 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ,
Х овогт Ч.Н, Б овогт Г.Б нарын гэр бүлд 2005 оны 10 дугаар сарын 25-нд төрүүлсэн охин Х овогт Н.У -г 2006 оны 03 дугаар сарын 31-нд бүртгэж Х аймгийн Б сумаас олгосон 0234664/30 дугаартай, төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х овогт Ч.Н, Б овогт Г.Б нарын гэр бүлд 2007 оны 06 дугаар сарын 03-нд төрүүлсэн охин Х овогт Н.А -г 2006 оны 06 дугаар сарын 06-нд бүртгэж Х аймгийн Б сумаас олгосон 0044632/38 дугаартай, төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер П.Агаарын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Н.У нь Х аймаг Б сумын МУАБагш Ж.Нямсүрэнгийн нэрэмжит ЕБСийн Б.Цэрэнлхам багштай 8-б ангид суралцдаг нь үнэн болно. гэх ,
Х аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер П.Агаарын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Н.А нь Х аймаг Б сумын МУАБагш Ж.Нямсүрэнгийн нэрэмжит ЕБСийн Б.Долгормаа багштай 6-б ангид суралцдаг нь үнэн болно. гэх,
Х аймгийн Б сумын Б багийн засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Х аймгийн Б сумын Б багийн Г овогтой Б нь эмэгтэй, ам бүл 5, хаяг Чулуун хаш-д оршин суудаг нь үнэн болно. Г.Б нь нөхөргүй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 4-н хүүхдийн хамт амьдардаг нь үнэн болно. гэх,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Д.Номингийн Баянзүрх сумын 5 дугаар багийн Н овогтой У нь 14 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно. гэх,
Х аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Д.Н-ийн Баянзүрх сумын 5 дугаар багийн Н овогтой А нь 12 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно. гэх албан бичгүүд, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь 2010 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшилцсөн, хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй мөн нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ч.Н нар нь тусдаа амьдрал зохиож, гэр бүлтэй болсон байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Г.Б, Ч.Н нарын гэрлэлтийг цуцлаж охин Н.У, Н.А нарыг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ч.Н-ээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 104.088 төгрөг, нийт 174.288 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Х овогт Ч.Н, Б овогтой Г.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 10 дугаар сарын 25-нд төрүүлсэн охин Х овогт Н.У, 2007 оны 06 дугаар сарын 03-нд төрүүлсэн охин Х овогт Н.А нарыг эх Б овогтой Г.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2005 оны 10 дугаар сарын 25-нд төрүүлсэн охин Х овогт Н.У, 2007 оны 06 дугаар сарын 03-нд төрүүлсэн охин Х овогт Н.А нарт 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт хариуцагч Х овогт Ч.Н-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ч.Н-ээс 174.288 /нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун наян найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА