Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

   2023          04           04                                       2023/ШЦТ/219

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогч ***,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303000510096 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ** -ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, *** тоотод оршин суух хаягтай боловч, одоо *** тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй *** (РД:*** ).

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний баруун замд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим “Тоёота Приус-11” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас *** жолоочтой “Лексус-570” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч ***гийн эрүүл мэндэд хүнд хохирол, “Лексус-570” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 44,880,000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн,

            Хохирогч *** мэдүүлэхдээ: Манай гэр Нисэхэд байдаг. Тухайн өдөр шүдний эмнэлэг орсон. Дараа нь Шангрилла орж юм авчхаад зүүн талаас нь такси барьж явсан. Тухайн үед цас орж байсан тул зам нэлээн халтиргаатай жолооч хурдтай яваад байсан. Уулын зам дээр явж байхад шарваж байгаад мөргөлдсөн. Босоход амьсгалж чадахгүй байсан. Тэгээд түргэн ирсэн. гэсэн мэдүүлгийг гаргасан болно.

 

Хоёр. Эрүүгийн 2303000510096 дугаартай хэргээс:

1.Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газар, жижүүрийн удирдлагын хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “*** ,0032 ***” зам тээврийн осол гэсэн утгаар бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хэргийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршаллын гүүрний баруун урд уулын замд Тоёота приус маркийн *** улсын дугаартай авто машин Lexus-570 маркийн машинтай мөргөлдсөн байдалтай, Тоёота приус маркийн машин ертөнцийн зүгээр урагшаа харсан, байдалтай, Тоёота приус машин жолооч талаар буюу баруун талаараа Lexus-570 маркийн машины урд хэсгийг мөргөж зогссон байдалтай байв. гэсэн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 4- 7 дахь тал), хэргийн газрын гэрэл зураг (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

 

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Приус-11 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Наранхүү овогтой ***г драйгер багаж ашиглан шалгахад 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

4. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой 15 цагийн үед Шангрилла худалдааны төвийн зүүн талын таксины зогсоол дээрээс ганцаараа такси барьсан. Тухайн такси нь Тоёота приус-11 маркийн автомашин байсан. Таксины жолоочид Хан-Уул дүүрэг Яармагт байдаг “Хүннү Молл” дэлгүүр явна гэж хэлээд таксины баруун талын хойд сандал дээр суугаад явсан. Тэндээсээ хөдлөөд чигээрээ Маршалын гүүр даваад баруун эргээд уулын замаар зүүнээс баруун чиглэлд явж байсан. Тухайн өдөр гадаа цас ороод зам халтиргаатай байсан. Тэр жолооч нэлээн хурдлаад байсан. Уулын замд ороод явж байхдаа машины хойд хэсгээр шарваад халтиргаатай байгаа нь мэдэгдэж байсан. Уулын замд ороод явж байтал такси гулгаад хоёр тийш бөгсөө хаяад байсан. Тэнцвэржээд ирсэн чинь жолооч гэнэт хажуу тийш буюу зүүн тийш жолооны хүрдээ дарчихсан. Машин ертөнцийн зүгээр урагшаагаа эргээд баруун талаараа эсрэг урсгалаас ирж явсан автомашины урд хэсгээр мөргүүлээд зогссон. Би машины жолоочийн ард буюу баруун гар талын хойд суудал дээр сууж явсан. Миний сууж явсан хэсгээр машин мөргөсөн. Осол болсны дараа би арай гэж өндийгөөд өөрөө түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэний машинтай эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Очоод үзүүлэхэд нуруу хугарсан байсан. Хагалгааны заалттай гээд шууд хэвтүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт нуруу нугасны тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд нурууны нугас чөлөөлөх, үе тэгшлэх хагалгаанд орсон. Одоо эмнэлгээс гарсан. Удахгүй сувилалд явж эмчилгээ хийлгэнэ. Цаашид эмчилгээнд гарах зардлыг буруутай жолоочоор гаргуулах хүсэлтэй байна. Такси барьж байгаад нуруу нугасандаа гэмтэл авсандаа маш их гомдолтой байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

- мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн: Миний биеийн байдал хэвийн, баруун талын чих дүнгэнээд, толгой өвдөлттэй, нуруу арай гайгүй байгаа. Натур Мед хувийн эмнэлэгт 15 хоног хэвтэж эмчлүүлсэн. Хоногийн хугацаанд 40,000 төгрөг 15 хоногт 600,000 төгрөг, сахиураар хүн байсан учир 600,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг гаргасан. Эмчилгээнд гаргасан зардлыг хохирлын тооцоон дээр дэлгэрэнгүй гаргасан. Нийт 4,854,780 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгийг буруутай этгээд болох Тоёота Приус маркийн автомашины жолооч ***гээс нэхэмжилж байна. Надад нэг төгрөгийн ч хохирол барагдуулаагүй. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нэг удаа ирж дүүтэй уулзсан. Өөр огт уулзаагүй, ирээгүй, утсаар ч хүний бие асуугаагүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

5. Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний баруун урд замд LX-570 маркийн *** улсын дугаартай автомашинтай баруунаас зүүн тийш чиглэлтэй ганцаараа явж байтал зүүнээс баруун чиглэлд явж байсан Тоёота приус маркийн саарал өнгийн жижиг суудлын автомашин хөндөлдөж гулгаж ирээд эсрэг урсгалд ороод миний машины урд хэсгийг баруун талын хажуу талаараа мөргөсөн. Уг мөргөсөн автомашин дотор хоёр хүн байсан. Жолоочоос гадна хойд суудал дээр баруун талын хаалганы ойролцоо 20 орчим насны эмэгтэй сууж явж байсан. Приус машины жолооч түргэн дуудаад удалгүй түргэний машин ирж хойно сууж явсан эмэгтэйг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн байх. Осол гарсны улмаас миний унаж явсан тээврийн хэрэгсэлд 51,600,000 төгрөгийн хохирол учирсан. Дээрх мөнгөн дүнг буруутай этгээд буюу приус машины жолоочоос нэхэмжилж байна. Уг машины жолооч нь зам орчны байдалд хурдаа тохируулж яваагүй. Эсрэг урсгалд орж ирж хүний эрүүл мэндэд болон эд хөрөнгөд хохирол учруулсан. Тээвэрлэж явсан хүний биед хүнд гэмтэл учруулсан гэж байсан. Миний тухайд гэмтэж бэртсэн зүйл байхгүй ч эд хөрөнгөд хохирол учруулсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

6. Иргэний хариуцагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “Тоёота приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч ***гийн автомашин юм. Жолооны эрхийн үнэмлэхтэй, миний хаяг Улаанбаатар хотод байдаг болохоор нэр дээр машинаа авхуулсан. Өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

-мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: Миний зүгээс ***гээс нэхэмжлээд байх зүйл байхгүй, өөрийнх нь машин байгаа юм. 2020 онд байх жолооны курст суралцаж байгаад жолоо барих эрхийн үнэмлэхтэй болсон. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

7. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:  2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 17 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний баруун урд замд “Toyota prius” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Lexus 570 маркийн *** улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зорчигч ***гийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***д эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд “Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,708,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Наранхүү овогтой ***гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

            8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүний биед хийсэн №1040 дугаартай:

- ***гийн биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан бяцарсан хугарал, хоёр талын ламин, арын сэртэн рүү үргэлжилсэн зөрөөгүй хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын зүүн, 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нугалмын арын холбоосны урагдал, булчингийн няцрал, нугас дарагдал, доод мөчдийн саажилт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэсэн  дүгнэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал),

 

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүний биед хийсэн №1044 дугаартай:

- ***гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

 

10. Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 700 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр Toyota Prius 11 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 1,820,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

11. Арвижих Эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №21938/ ДД№25495501 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр Lexus-570 маркийн 0032 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан шууд зардал (бодит хохирол) 44,880,000 төгрөг, шууд бус зардал 6,720,000 төгрөг нийт 51,600,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

 

12. Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 205 дугаартай:

Toyota Prius маркийн *** улсын дугаартай авто машины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэж заасныг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл тогтоогдож байна.

- Lexus 570 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

 

13. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: Би үйлдсэн хэргийн талаар анх мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь тодорхой мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Тухайн цаг хугацаанд цас орсон халтиргаатай зам байсан. Би хурдаа тохируулж яваагүйн улмаас ийм осол гаргачихлаа. Миний хувьд үйлдсэн гэмт хэргээ ойлгож мэдэж байгаа. Бусдад учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дахь тал),

 

14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувь, хугацаа тогтоосон актын хуулбар (хавтаст хэргийн 87-90 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 107-108 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

            Улсын яллагчаас гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч *** нь “Тоёота Приус-11” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас *** жолоочтой “Лексус-570” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч ***гийн эрүүл мэндэд хүнд хохирол, “Лексус-570” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 44,880,000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч Энххүслэн 4,854,780 төгрөг нэхэмжилснээс 2,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 2,854,780 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа тул энэ хэмжээний мөнгийг гаргуулж хохирогч Энххүслэнд олгуулах, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, иргэний нэхэмжлэгч, эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг гаргуулах саналтай. гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгээс: Үйлчлүүлэгчийн хувьд осол гарсан өдөр буюу гэрчийн мэдүүлэг өгөхөөс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. ***гийн мэдүүлгийн дагуу мөрдөгчийн магадалгаа хийгдсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 буюу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэдэг заалт нь жолооч бүрийн үүрэг юм. Тухайн үед Лексус маркийн тээврийн хэрэгслийн жолоочид энэ заалт яригдах байсан байх. Тухайн үед үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөгчийн магадалгаа гарсан. Ийм гэмтэл авсан байхад ийм хэмжээний зардал гарах нь ойлгомжтой төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Иргэний нэхэмжлэгчийн төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Өөрийнх нь машин зарагдвал тодорхой хэмжээний төлбөр төлнө гэдгээ илэрхийлж байгаа гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Зайсангийн гүүрний баруун замд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим “Тоёота Приус-11” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.,

-мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас *** жолоочтой “Лексус-570” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 44,880,000 төгрөгийн шууд хохирол, өөрийн тээврийн хэрэгсэлд үйлчлүүлж явсан зорчигч ***гийн бие, эрүүл мэндэд сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан бяцарсан хугарал, хоёр талын ламин, арын сэртэн рүү үргэлжилсэн зөрөөгүй хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын зүүн, 2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нугалмын арын холбоосны урагдал, булчингийн няцрал, нугас дарагдал, доод мөчдийн саажилт гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт нь:

 

- Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газар, жижүүрийн удирдлагын хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

- Хэргийн газарт буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршаллын гүүрний баруун урд уулын замд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 4- 7 дахь тал), хэргийн газрын гэрэл зураг (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

 

- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болон 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 17-18, 19 дэх тал),

 

- Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

- Иргэний хариуцагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

- Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

            - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүний биед хийсэн №1040 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал),

- Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 700 дугаартай үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

- Арвижих Эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №21938/ ДД№25495501 дугаартай үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

- Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 205 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

 

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.

Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хүндрүүлэх шинжээр тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-д заасан заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.   Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч *** нь Тоёота Приус-11” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Lexus-570 маркийн 0032 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ***ын эд хөрөнгөд хохирол учруулсан байх ба Арвижих Эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №21938/ ДД№25495501 дугаартай үнэлгээгээр тухайн тээврийн хэрэгсэлд учирсан шууд хохирлыг 44,880,000 төгрөгөөр тогтоожээ. (хх59-60).

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно,

 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд үүгээр 50,000,000 төгрөгөөс дээш хэмжээг их хэмжээнд хамааруулж үзэхээр, мөн эд хөрөнгөд шууд учирсан хохирлыг бодит хохиролд тооцох зохицуулалттай байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч ***ын тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирол нь 44,800,000 төгрөгөөр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ***гийн үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хэргийн бодит байдал, хуульд нийцсэн  тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд  хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал нь хор уршигт тооцно.” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх” гэж тус тус заажээ.

 

Нөгөө талаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх тус тус хуульчилсан.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.

 

 Шүүгдэгч ***гийн жолоодон явсан “Тоёота Приус-11” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр *** бүртгэлтэй талаар лавлагаа авагдсаныг үндэслэн эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээр буюу иргэний хариуцагчаар тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

 Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогдсон *** нь  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “Улаанбаатарын хаягтай тул миний нэр дээр авсан, ***гийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл” гэж мэдүүлсэн, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн гэдгийг хүлээн зөвшөөрч” мэдүүлсэн зэргээс дүгнэхэд “Тоёота Приус-11” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь *** болох нь тогтоогдож байх тул бусдад учруулсан хор уршгийн зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй байна. Харин *** нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хор уршгийг хариуцвал зохих этгээд буюу хамтран хариуцах үүрэг хүлээхээргүй байна гэж үзэв.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчоос дараах нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

1. Хохирогч ***гээс мөрдөн шалгах ажиллагаанд баримтгүйгээр жагсаалтаар гараар бичсэн хохирлын талаар:

- 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн нурууны төмөртэй бүс 1 ширхэг 120,000 төгрөг, нурууны уян бүс 1 ширхэг 80,000 төгрөг, мэс заслын багц 50,000 төгрөг, өвчин намдаах лаа 10 ширхэг 50,000 төгрөг, хагалгаанд орсон зардалд 1,000,000 төгрөг,

- 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өвчин намдаах дусал 240,000 төгрөг, өдрийн таяг /2 суга/ 50,000 төгрөг, дэвсдэг памперс 3 ширхэг 110,000 төгрөг, памперс 10 ширхэг 30,000 төгрөг, хөтөвч 1 ширхэг 30,000 төгрөг,

- 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хагалгааны дараах морфин тариа 3 ширхэг 40,000 төгрөг,

- 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дексирен 40 ширхэг, тебантин 100 ширхэг 52,800 төгрөг, остекальци 50 ширхэг 153,500 төгрөг, амаксинлав 14 ширхэг, лактофит 5 ширхэг, 28,480 төгрөг, фунглон 10 ширхэг 15,000 төгрөг,

- 2023 оны оны 01 дүгээр сарын 20-ноос 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ор хоног, тээврийн зардал, эмчилгээ дусал тариа 1,500,000 төгрөг,

- 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн бариа засал эмчилгээ 2 курс 800,000 төгрөг,

- 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тархины өвчин намдаах эм 5000 төгрөг,

- 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдрийн унааны зардал, бензинд 500,000 төгрөгийн, нийт 4,854,780 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилсэн байна.

 

Шүүгдэгч ***гээс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг дансаар эмчилгээтэй холбоотой хохирогчид шилжүүлсэн талаар баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

Хохирогч нь эрүүл мэндтэй холбоотой гарсан хохирлын зардлыг баримтгүй нэхэмжилсэн хэдий боловч өмнө гарсан болон цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

2. Шүүгдэгч ***гийн жолоодон явсан “Toyota Prius-11” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний байгууллага гаргасан байх боловч түүний буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол хэрэг гарсан нь тогтоогдсон тул өөрийн автомашинд учирсан хохирлыг өөрөө хариуцна.

 

3. ***ын жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь Хаан банк ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх боловч 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 29/718 дугаартай албан бичгээр төлөөлж оролцох итгэмжлэлийг ***од олгосон байна. 

Арвижих Эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №21938/ ДД№25495501 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр Lexus-570 маркийн 0032 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 44,880,000 төгрөгийн шууд хохирол учирсан болохыг тогтоожээ. (хх59-60). Иймд шүүгдэгч ***гээс 44,880,000 төгрөг, мөн тээврийн хэрэгсэлд учирсан шууд бус зардал 6,720,000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч ***од олгох нь зүйтэй байна.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай хуульчилсан ба тус зүйлийн 12.1 дэх хэсэгт дараах зардлыг доор дурдсан этгээдээр: 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. гэж заасан.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, түүний хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хохирогч ***д даатгалын сангаас төлөгдсөн 5,708,000 төгрөгийн зардал нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/1328 дугаартай албан бичиг, зарцуулсан зардлын талаарх мөнгөн дүнгийн хүснэгт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяа байгууллагыг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцож өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч ***гээс 5,708,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даатгалын дансанд олгохоор шийдвэрлэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. гэсэн,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгээс: Шүүгдэгчийн хувьд анх удаа, болгоомжгүй, хайхрамжгүй байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай. Тиймээс улсын яллагчаас гаргасан саналыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр гарахыг хязгаарлаж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж хуульчилсан.

Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй гэж үзсэн.

Иймд шүүгдэгч ***г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, хууль дүрмийг мөрдлөг болгон хэрэгжүүлээгүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүл мэндийн болон хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан, гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүгдэгч *** нь замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн эрүүл мэндийн  хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон байхад  үйлчлүүлэгч, зорчигчийн амь нас эрүүл мэндийг хариуцан хөдөлгөөнд оролцохдоо хууль дүрэм журмыг биелүүлээгүй, хөнгөмсгөөр, хайхрамжгүй хандсан, түүнчлэн тус хэргийн хохирогч ***гийн эрүүл мэндэд амь насанд нь аюултай хүнд хохирол учирсан байхад хохирол, хор уршгийг бүрэн арилгаагүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын болон иргэний нэхэмжлэгч ***ын эд хөрөнгөд учирсан хохирлыг тус тус төлж барагдуулаагүй байх тул  улсын яллагчийн гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг хүлээн аваагүй болно.

 

   3. Бусад асуудлын талаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

           

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн, эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч ***д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гээс 57,308,000 төгрөг (тавин долоон сая гурван зуун найман мянга) төгрөгийг гаргуулж:  

            - иргэний нэхэмжлэгч ***од шууд зардал 44,880,000 (дөчин дөрвөн сая найман зуун наян мянга) төгрөг, шууд бус зардал 6,720,000 (зургаан сая долоон зуун хорин мянга) төгрөгийг,

            - мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгийг баримтлан 5,708,000 (таван сая долоон зуун найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх  ялыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН