Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2019/00431

 

 

 

 

 

 

 

 

 

2019 06 03 138/ШШ2019/00431

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг 49б-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* байрны ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 20 680 076 төгрөг 22 мөнгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Б., нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.тай 2018 оны ******* дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан ******* сумын ******* дугаар баг, 49б байрны ******* тоот 3 өрөө байрыг 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний заалтын дагуу урьдчилгаа 20 000 000 төгрөгийг Б.д төлсөн. Үлдсэн мөнгийг Б.гийн Голомт банктай байгуулсан лизингийн зээлийг төлөх гэрээ, хуваарийн дагуу төлж 2023 оны 11 дүгээр сард бүрэн төлж дуусгахаар тохирсон. Тухайн үед Б. нь дээрээсээ ус гоожсон, засваргүй байр учраас зах зээлийн ханшаас хямд зарж байгаа гэж хэлсэн. Өвөлдөө дулаахан уу гэхэд дулаахан, манай байр ямар нэгэн асуудалгүй гэсэн. Нялх хүүхэдтэй учир дулаан эсэхийг сайн лавлаж асууж орсон. Манайх байрандаа 2018 оны ******* дугаар сарын 28-ны өдөр орсон бөгөөд тэр үед цаг агаар хүйтрээгүй байсан тул орон сууцны доторх хүйтэн мэдэгдээгүй. 12 дугаар сар гаргаад байр хүйтэн болох нь мэдэгдсэн. Манай гэр дотор 8-15 градусын дулаантай, хойд талын хана нь цан цохисон их хүйтэн байх болсон. 2 сартай нялх хүүхдээ байнга зузаан хөнжилд манцуйлж халаагуур тен залгасан өрөөнд хананаас сийгэх хүйтнийг том дэр, диваны матрас зэргээр хааж тав тухгүй амьдарч эхэлсэн. Энэ байр нь орон сууцны төвлөрсөн халаалттай учир өрөөний температур 20-22 градус байж хэвийн байх байтал манайх дөнгөж 15 градус хүрдэг. Б. нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө өгсөн. Өвөл манай гэрийн өрөөнүүд хэдэн градус хүрч байгааг тусгай багажаар хэмжсэн. Энэ талаарх фото зураг, сиди бичлэгийг шүүхэд өгсөн. Б. нь надад доголдолтой эд хөрөнгө худалдсан учир үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээ цуцлаад, урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөг, 2018 оны 11, 12 сарын зээлэнд төлсөн 680 076 төгрөг 22 мөнгө, нийт 20 680 076 төгрөг 22 мөнгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Х.*******тай 2018 оны ******* дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 75 м.кв /хуучнаар 49 м.кв/ 3 өрөө байрыг зах зээлийн үнээс хямд 40 000 000 төгрөгөөр худалдсан. Анх энэ байрыг 2013 онд 63 000 000 төгрөгөөр Голомт банкны ипотекийн зээлэнд хамрагдан авсан. Х.******* байрандаа орохын өмнө 20 000 000 төгрөг өгсөн. 3 000 000 төгрөгийг мах хөлдөх үеэр буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Голомт банканд ипотекийн зээлэнд төлдөг 340 000 төгрөгийг сар бүрийн 04-ний дотор шилжүүлж байхаар тохирсон. Бид 2 хэн нэгний дарамтгүйгээр аль алиныхаа саналыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Х.*******ын нэхэмжлэлдээ бичээд байгаа шиг хүйтэн, цан цохисон, хананаас сийдэг, өөр хүмүүст зараад буцаагдсан, эрхийн доголдолтой байр биш юм. Миний бие ямар нэгэн доголдолтой байрыг худалдсан гэж үзэхгүй байна. Би Х.*******т байраа зарахдаа хуучин байр, засвар хийх шаардлагатай, баруун хойд талын өрөөний цонх дулаан алддаг, Голомт банкны барьцаанд ипотекийн зээлтэй байр гэдгийг үнэнээр нь хэлсэн. Х.******* нь яг хүйтэн байсан 1, 2 дугаар сард надад хэлээд мэргэжлийн хүмүүсийг аваачиж, гэрийн дулаанаа хэмжүүлэх боломжтой байсан. Х.*******ын гэрийн дулаанаа хэмжсэн гэх багаж нь хэрхэн хэмждэг нь тодорхойгүй, баталгаатай үнэн зөв хэмжсэн гэх боломжгүй байна. Х.*******ыг гэрээгээ цуцлах тухай хэлэхэд нь би хэд хэдэн хүнд байраа зарахаар үзүүлсэн. Тухайн үед намайг гэр лүү нь ороход ярьж байгаа шиг нь хүйтэн байгаагүй. Х.******* нь надад өгсөн мөнгөө бүтэн нэхэмжилж байна. Би байранд минь амьдарч байсан хугацааны хөлсийг жич нэхэмжлэх хүсэлтэй байна. Миний хувьд байраа буцаахад нь татгалзаад байх зүйл байхгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг хэрхэн яаж бүрдүүлж өгөхөө мэдэхгүй болчихоод байна. Х.******* нь хүсэлт гаргаад байрыг битүүмжлүүлсэн, одоо би өөрийн дураар зарах боломжгүй болоод байна.

...Манай байр хаалга болон цонхноосоо дулаан алддаг нь үнэн боловч Х.*******ын хэлж байгаа шиг хананаасаа цан цохидоггүй. Нэхэмжлэгч нь доголдлоо албан ёсны баримтаар нотлоогүй гэж үзэж байна. Мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгээгүй тул нэхэмжлэгчийн хийсэн хэмжилтийг бодиттой гэж үзэхгүй байна. ...2018 оны 11, 12 сарын зээл төлсөн нь үнэн гэв.

 

Эд мөрийн баримтаар: Нэхэмжлэгч Х.*******ын шүүхэд ирүүлсэн маргаж буй орон сууцны дулааныг хэмжсэн талаар бичлэг хийсэн CD-ийг шинжлэн үзэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 20 680 076 төгрөг 22 мөнгийг буцааан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.

 

Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн учир гэрээгээ цуцалж байрны урьдчилгаанд шилжүүлсэн 20 000 000 төгрөг, 2018 оны 11, 12 сарын Б.гийн зээлийг төлсөн 680 076 төгрөг 22 мөнгө, нийт 20 680 076 төгрөг 22 мөнгийг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэдгийг албан ёсны баримтаар нотолж чадаагүй... гэж маргадаг.

 

Талууд 2018 оны ******* дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж худалдагч Б. нь Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг 49б байрны ******* тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Х.******* нь хэлэлцэн тохиролцсон үнэ болох 40 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг 2018 оны ******* дугаар сарын 05-ны өдөр, 15 000 000 төгрөгийг 2018 оны ******* дугаар сарын 26-ны өдөр, 3 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр, мөн үлдэгдэл 17 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл сар бүрийн 04-ний өдөр 340 038 төгрөг 11 мөнгөөр тооцон хэсэгчлэн төлөхөөр тус тус тохиролцжээ. /хэргийн 5 дахь тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд зааснаар хариуцагч Б. нь Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг 49б байрны ******* тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үндсэн үүрэгтэй.

Дээрх гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө учир Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэсэн заалт хамаарах юм. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний бусад нөхцлийн 3.3-д энэ талаар заажээ.

Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа болон талуудын тайлбараас үзэхэд Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг 49б байрны ******* тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б. бүртгэлтэй байх бөгөөд Голомт банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч Х.*******т хуульд заасны дагуу шилжээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгч тал нь худалдах-худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаа болон банкны зээлэнд төлсөн 20 680 076 төгрөг 22 мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул гэрээг цуцлах тухай болон худалдсан эд хөрөнгө доголдолтой байсан эсэх талаар шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Х.******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.д шилжүүлсэн 20 680 076 төгрөг 22 мөнгийг буцаан шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 396 дугаар шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан бөгөөд дээрх захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.гаас 20 680 076 /хорин сая зургаан зуун наян мянга далан зургаан/ төгрөг 22 /хорин хоёр/ мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 261350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

3. Тус шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 396 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ