Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

 

                                       2023/ШЦТ/81

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгч: П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пын Бд холбогдох 2312000000048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Н С дүүргийн .. хороо .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 201 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Пын Б /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гост трейд” ХХК-ний супермаркетаас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 44 минутын үед мөнгөн хундага 4 ширхэг, мөнгөн дотортой шаазан аяга 2 ширхэг, виски 4 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.402.360 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2312000000048 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Аын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гост трейд” ХХК-нд гүйцэтгэх захирлын ажил хийдэг юм. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай “Гост” супермаркет дэлгүүрээс үл таних хүмүүс 4 ширхэг мөнгөн хундага, 2 ширхэг мөнгөн дотортой шаазан аяга, Ballantines виски 1 литртэй 1 ширхэг, Нennesssy vsop виски 1 литртэй 1 ширхэг, Нennesssy cognas виски 0.7 мл 1 ширхэг, Jagermeirter виски 1 литртэй 1 ширхгийг хулгайд алдсан. Манай бараа Улаанбаатар хотоос “Мөнгөн завъяа" нэртэй мөнгөн эдлэлийн дэлгүүрээс ирдэг болохоор харладаггүй, сайн мөнгөтэй 4 ширхэг мөнгөн хундага, 2 ширхэг мөнгөн дотортой шаазан аяганууд байсан. Мөн Нennesssy vsop виски 1 литртэй 1 ширхэг, Нennesssy cognas виски 0.7 мл 1 ширхэг, Нennesssy виски 1 литртэй 1 ширхэг байсан. Би хулгайд алдсан 4 ширхэг мөнгөн хундага 400.480 төгрөг, 2 ширхэг мөнгөн дотортой шаазан аяга 673.200 төгрөг, Ballantines виски 1 литртэй 1 ширхэг 92.600 төгрөг, Нennesssy vsop виски 1 литртэй 1 ширхэг 350.200 төгрөг, Нennesssy cognas виски 0.7 мл 1 ширхэг 238.200 төгрөг, Нennesssy виски 1 литртэй 1 ширхэг 97.350 төгрөг, нийтдээ манай дэлгүүрт 1.851.980 төгрөгийн хохирол учруулсан байна. Надад нэхэмжлэх зүйл байна. Надад учирсан хохирол байгаа. Би өөрийн эзэмшлийн эд зүйлсээ олж авч хохиролгүй болмоор байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр би “Гост Трейд” ХХК-ний камерын бичлэгийг шүүхэд 19 цаг 44 минутын үед үл таних залуу манай дэлгүүрээс мөнгөн хундага 4 ширхэг, мөнгөн дотортой шаазан аяга 2 ширхэг, виски 4 ширхэг зэргийг хулгайлан авч гарсан байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Нын мэдүүлсэн: ...Тухайн өдөр би Завхан аймгаас Архангай аймгийн чиглэлд П.Б, Б.Б, Э.Б нартай хамт замд гарсан. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн орой 19 цагийн орчимд Архангай аймгийн төвд ирж “Ундрам” нэртэй буудалд байрласан. Надад архи согтууруулах ундаа авч өгсөн асуудал байхгүй. Б.Б бид хоёр “Ундрам” буудлын 201 тоот өрөөнд байрласан байсан. “Ундрам” буудлын 202 тоот өрөөнд Э.Б, П.Б нар Архангай аймгийн төвд ирээд авсан архиа уугаад үлдсэн. Би Б.Бтай хамт 201 тоот өрөөнд амарч байтал цагдаа нар ороод ирсэн байсан. 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн орчимд надтай хамт явсан П.Б “Гост супермаркет” дэлгүүрээс архи, виски, аяга зөвшөөрөлгүй авсан талаар цагдаа нараас мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн:...Тухайн өдөр би Завхан аймгаас Архангай аймгийн чиглэлд П.Б, Ц.Н, Э.Б нартай хамт замд гарсан. Миний машиныг Ц.Н ах барьж явсан болохоор би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр замд явж байхдаа архи уугаад тасраад унтсан байсан. Нэг мэдсэн чинь Архангай аймгийн төвд ирж “Ундрам” нэртэй буудалд байрлаад 201 тоот өрөөнд орсон байсан. Надтай хамт явсан хүмүүс намайг буудлын өрөөнд оруулсан байсан. Надад архи согтууруулах ундаа авч өгсөн асуудал байхгүй. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө “Ундрам” нэртэй буудлын 201 тоот өрөөнд унтаж байтал 11 цагийн орчимд цагдаа нар манай өрөөнд орж ирээд надтай хамт явсан П.Бг “Гост” супермаркет дэлгүүрээс архи, виски, аяга зөвшөөрөлгүй авсан талаар мэдсэн. Тухайн үед би унтаад архи гараад гайгүй болсон байсан болохоор цагдаа нарыг дагаад Цагдаагийн газарт ирж юу болсон талаар мэдээлэл авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Бгийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуу/

“Дамно” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн АЦ-23-18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-20 хуу/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24 хуу/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26 хуу

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуу/ зэрэг

нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гост трейд” ХХК-ний супермаркетаас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 44 минутын үед мөнгөн хундага 4 ширхэг, мөнгөн дотортой шаазан аяга 2 ширхэг, виски 4 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж, 1.402.360 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гост трейд” ХХК-ний супермаркетаас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 44 минутын үед мөнгөн хундага 4 ширхэг, мөнгөн дотортой шаазан аяга 2 ширхэг, виски 4 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.402.360 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Л.Аын мэдүүлсэн “2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай “Гост” супермаркет дэлгүүрээс үл таних хүмүүс 4 ширхэг мөнгөн хундага, 2 ширхэг мөнгө дотортой шаазан аяга, Ballantines виски 1 литртэй 1 ширхэг, Нennesssy vsop виски 1 литртэй 1 ширхэг, Нennesssy cognas виски 0.7 мл 1 ширхэг, Jagermeirter виски 1 литртэй 1 ширхгийг хулгайд алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чийн мэдүүлсэн “Тухайн өдөр би “Гост Трейд” ХХК-ний камерын бичлэгийг шүүхэд 19 цаг 44 минутын үед үл таних залуу манай дэлгүүрээс мөнгөн хундага 4 ширхэг, мөнгөн дотортой шаазан аяга 2 ширхэг, виски 4 ширхэг зэргийг хулгайлан авч гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

гэрч Ц.Нын мэдүүлсэн ““Ундрам” буудлын 202 тоот өрөөнд Э.Б, П.Б нар Архангай аймгийн төвд ирээд авсан архиа уугаад үлдсэн. Би Б.Бтай хамт 201 тоот өрөөнд амарч байтал цагдаа нар ороод ирсэн байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн орчимд надтай хамт явсан П.Б “Гост супермаркет” дэлгүүрээс архи, виски, аяга зөвшөөрөлгүй авсан талаар цагдаа нараас мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,  

гэрч Б.Бын мэдүүлсэн “Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны шөнө “Ундрам” нэртэй буудлын 201 тоот өрөөнд унтаж байтал 11 цагийн орчимд цагдаа нар манай өрөөнд орж ирээд надтай хамт явсан П.Бг “Гост” супермаркет дэлгүүрээс архи, виски, аяга зөвшөөрөлгүй авсан талаар мэдсэн. Тухайн үед би унтаад архи гараад гайгүй болсон байсан болохоор цагдаа нарыг дагаад Цагдаагийн газарт ирж юу болсон талаар мэдээлэл авсангэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,  

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд П.Бн яллагдагчаар мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байнагэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05/, “Дамно” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн АЦ-23-18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч П.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч П.Бг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч П.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гост трейд” ХХК-ний супермаркетаас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 44 минутын үед мөнгөн хундага 4 ширхэг, мөнгөн дотортой шаазан аяга 2 ширхэг, виски 4 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч П.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч П.Бд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурорын түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг П.Б нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Бд ял оногдуулахгүй тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Чт 1.402.360 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч П.Б нь хулгайд алдсан эд зүйлсээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26/-ээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Пын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч П.Бгийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй,  хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ