Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/82

 

 

                                2023/ШЦТ/82

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгч: А.Ү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цовогт Аийн Үад холбогдох 2312000000005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хурд” авто угаалгын газарт ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. газрын хашаанд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан ялыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан Цовогт Аийн Ү /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах скалад буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 6 шуудай сонгиныг хулгайлж, хохирогч М.Ад 396.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Үын мэдүүлсэн: Би гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирлыг төлнө. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000005 дугаартай эрүүгийн хэргээс:   

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Аы мэдүүлсэн: ...Би энэ оны хавар Эрдэнэбулган сумын 06 дугаар багийн нутаг Хоршоолол гэх газар сонгино тарьж 09 дүгээр сар гаргаад сонгиноо хураагаад аймгийн төв рүү хуучнаар цагаан идээний дэлгүүрийн хажуу талын авто угаалгын газрын складан дотор нийт 124 шуудай сонгино хураасан байсан. 10 дугаар сарын дундуур би хүнд 20 шуудай сонгино зараад үлдсэн шуудайтай сонгиноо тоолоход 14 шуудай сонгино дутсан юм. Манай хүү хүнсний зах дээр очоод ногоо зардаг хүмүүсээс сонгино худалдан авсан эсэхийг асуухад Ц гэх хүний лангуун дээр ажиллаж байсан залуу манай сонгино хураасан байсан складны авто угаалгын газарт ажилладаг хүнээс сонгино авсан талаар ярьсан байсан учраас Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргасан юм. Манайх ногоо шуудайлдаг торон улаан өнгийн шуудайнд 30 кг-аар хийсэн байсан. Би өөрийнхөө тарьж ургуулсан сонгиноо том, жижгээр нь багцаа мэдэж байна. Манайх сонгиноо том, жижгээр нь ялгалт хийгээгүй байсан. Одоо нэг кг сонгино бөөний үнээр 2500 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Би 14 шуудай 420 кг сонгиныг 1.050.000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийнхөө сонгиныг хураасан байсан. Авто угаалгын газарт ажилладаг залууг шалгуулах хүсэлттэй байна. Тухайн иргэн зах дээр сонгино зарсан байсан. Тухайн авто угаалгын газарт ажилладаг залуугийн нэрийг мэдэхгүй, би гомдолтой байна. Хулгайд алдсан сонгиноо олж авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Аы дахин мэдүүлсэн: ...Би өөрийн алдсан 6 шуудай сонгиноо нэхэмжилмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Цгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн “Хасу” худалдааны төвд ногооны худалдагч хийгээд 20 гаруй жил болж байна. Би хүнсний ногоогоо ихэвчлэн Улаанбаатар хотын “Барс” захаас худалдан авдаг, заримдаа Архангай аймагт хүнсний ногоо тарьдаг иргэдийн гар дээрээс худалдан авдаг. Би аймгийн төвийн иргэдээс төмс, манжин голчлон авдаг. Би “Хасу” зах дээр төмс, лууван, манжин, байцаа, сонгино, сармис, нарийн ногоо зарж борлуулдаг. Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа эрхэлдэг “Хубу хаус” зоогийн газрын эзнээс 10 шуудай сонгиныг 10 дугаар сарын 05-наас 06-ны үед худалдан авсан. 09 дүгээр сарын сүүлээр танихгүй 2 залуу ажил дээр орж ирээд 5 шуудай монгол сонгино байна, авах уу гэж надаас асуухаар нь тийм олноор нь авахгүй үзэж байгаад 2 шуудайг нь авъя гэж хэлээд сонгиныг үзэхэд жижигхэн сонгино байсан. Би 2 шуудай 60 кг сонгино худалдан авсан. Би тухайн 2 залуугаас та нар сонгиноо аймагт тарьсан юм уу гэхэд тиймээ эгч, аймагт тарьсан сонгино гэж байсан. Би тухайн 2 залуугаас 2 шуудай сонгиныг 1 кг сонгиныг 1500 төгрөгөөр бодож авсан. Нийт 60 кг сонгино худалдан авсан. Саарал өнгийн “Приус-20” машинтай байсан. Би номерыг нь мэдэхгүй байна. Би тухайн 2 залуугийн царай, зүсийг сайн анзаарч хараагүй. Танихгүй байх. Би тухайн хоёр залуугаас худалдан авсан сонгиноо худалдан борлуулаад дууссан. Би мэдэхгүй байна. Би дүүгийн хүү болох Сын Огэх залууг ажиллуулж байсан. Дүү С.Охот руу ажил хийнэ гээд явсан, байхгүй байгаа. Утсыг нь мэдэхгүй байна. Тухайн 2 залууг С.Оийг таньдаг эсэхийг мэдэхгүй байна. Надад сонгино зарсан 2 залуу өөрсдөө сонгиноо оруулж өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Оийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн төвийн “Хасу” худалдааны зах дээр авга эгч В.Цгийн ногооны лангуун дээр хүнсний ногоо зардаг байсан. В.Ц эгч Улаанбаатар хотоос хүнсний ногоогоо татан авч худалдан борлуулдаг. Ногоо зардаг хүмүүсээсээ заримдаа ногоо худалдан авч зардаг. 09 дүгээр сүүлээр Архангай аймгийн төвийн “Хурд” машин угаалгын газрын залуу нэг хүнтэй В.Ц эгч бид хоёрыг ажил дээр байхад ирээд сонгино авах уу гэж надаас асуухад би эгчээс та сонгино авах юм уу, энэ хүн сонгино зарна гэнэ гэж хэлэхэд эгч сонгиныг нь үзье гэж хэлээд тухайн хоёр залуутай хамт гарсан. Эгч 4 шуудай сонгино авсан байсан. Тухайн хоёр залуу 4 шуудай сонгиныг оруулж ирээд манай лангууны урд хурааж тавиад би сонгиныг жинлэхэд 4 шуудай сонгино 80 гаруй кг болж байсан. Тухайн хоёр залуу сонгинын кг хараад эгчээс мөнгөө аваад явсан. Би 2 шуудай сонгиныг ногоо зөөдөг машиндаа гаргаж ачаад 2 шуудай сонгиныг лангууны араар оруулсан. Би эгчийг хэдэн төгрөгөөр худалдан авсныг мэдэхгүй байна. Би тухайн хоёр залуугийн нэрийг мэдэхгүй. Нэг нь залуу нь “Хурд” машин угаалгын газарт ажилладаг. Нөгөө залуугийн хаана ажилладаг эсэхийг мэдэхгүй байна. Өндөр залуу нь би өөрөө тарьсан, тал сонгиноо Улаанбаатар хот руу ачсан гэж байсан. Би гарч хараагүй байсан учраас ямар машинтай ирснийг мэдэхгүй байна. Би тухайн хоёр залууг харвал танина. Нэг залуу нь 170 см гаруй өндөр, эрүү, омог, шанаа хэсгээр ширвээ сахалтай, нэг залуу нь намхан нуруутай туранхай залуу байсан. Өөр лангууны хүмүүс сонгино худалдан авсан эсэхийг би мэдэхгүй байна. Манайд сонгино зарж байсан “Хурд” машин угаалгын газарт ажилладаг залуу надтай захын урд таксины зогсоол дээр таараад дахиад сонгино авах уу гэж асууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн төвд хувиараа таксинд явдаг юм. 09 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн төвд “Хурд” машин угаалгын газарт ажилладаг А.Ү гэх залуу над руу утсаар залгаад таксинд явж байна уу, такси хэрэг байна гэхээр нь би явж байгаа гээд А.Үын ажилладаг машин угаалгын газарт очиход А.Ү улаан өнгийн торон шуудайтай сонгино тэвэрч гарч ирээд зах оръё гээд зах дээр өөрийнхөө машин дээр хүргүүлээд сонгиноо машиныхаа багажид хийх гэснээ энд багтахгүй юм байна, ногоо зардаг эгчид оруулж өгнө гэснээ намайг сонгиноо оруулаад өгөөч гэж гуйхаар нь би 1 шуудай сонгиныг мөрлөөд А.Ү өөрийнхөө машины багаажаас 1 шуудай сонгино аваад ногоо зардаг эгчид оруулж өгсөн. Дахин А.Үын машинаас би 1 шуудай, А.Ү 1 шуудай сонгино оруулж өгөхөд ногоо зардаг эгч надад май мөнгөө ав гэхээр нь би наад мөнгө чинь минийх биш гэж хэлээд А.Үад мөнгийг нь өгчихөөд захаас гараад такси үйлчилгээндээ явсан. Би А.Үын сонгиныг үүрээд хүнсний ногоо зардаг газрын баруун хойд талын булангийн лангуунд хүргэж өгсөн. А.Ү надад сонгино зарах гэж байгаа гэж байсан. А.Үынх угаалгын газрын хашаанд байдаг. Надад манайх энд буусан байгаа гэж ярьж байсан. Би таксинд явж байхдаа А.Үтай танилцсан. А.Ү машин аваагүй байхдаа намайг дуудаж таксинд явдаг байсан. А.Үын машины багажид улаан өнгийн 3 шуудай сонгино байсан. А.Ү машинаа захын урд урагшаа явган хүний зам руу харуулаад тавьсан байсан. А.Ү намайг таксинд явахаар дуудаад 1 удаа 1 шуудай сонгино зах руу хүргүүлсэн. А.Ү сонгино зарах гэж байгаа гээд 1 шуудай сонгино миний машинд ачаад зах руу хүргүүлсэн. Би хулгайн сонгино болохыг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Үын мэдүүлсэн: ...Би гагнуур хийж байгаад нүдээ гэмтээгээд тэгээд гэртээ гарах боломжгүйгээр хэвтэж байгаад одоо ирж байна. Надад ямар нэгэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан асуудал байхгүй. Одоо мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирэх болно. Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Харин миний бие тухайн үед дээрх газраас 6 шуудай сонгино авсан нь үнэн. Надад 14 шуудай сонгино авсан асуудал байхгүй. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

 

Шинжээч А.Бямбажавын 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 143 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 134 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохирогчийн хүсэлт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах агуулахаас хохирогч М.Аы 6 шуудай сонгино хулгайд алдагдаж, түүнд 396.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Ү нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах скалад буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 6 шуудай сонгиныг хулгайлж, хохирогч М.Ад 396.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч М.Аы мэдүүлсэн “Би энэ оны хавар Эрдэнэбулган сумын 06 дугаар багийн нутаг Хоршоолол гэх газарт сонгино тарьж 09 дүгээр сар гаргаад сонгиноо хураагаад аймгийн төв рүү хуучнаар цагаан идээний дэлгүүрийн хажуу талын авто угаалгын газрын складан дотор нийт 124 шуудай сонгино хураасан байсан. 10 дугаар сарын дундуур би хүнд 20 шуудай сонгино зараад үлдсэн шуудайтай сонгиноо тоолоход 14 шуудай сонгино дутсан юм. Манай хүү хүнсний зах дээр очоод ногоо зардаг хүмүүсээс сонгино худалдан авсан эсэхийг асуухад Ц гэх хүний лангуун дээр ажиллаж байсан залуу манай сонгино хураасан байсан складны авто угаалгын газарт ажилладаг хүнээс сонгино авсан талаар ярьсан байсан учраас Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07, 137-138/,

 

гэрч В.Цгийн мэдүүлсэн “09 дүгээр сарын сүүлээр танихгүй 2 залуу ажил дээр орж ирээд 5 шуудай монгол сонгино байна, авах уу гэж надаас асуухаар нь тийм олноор нь авахгүй, үзэж байгаад 2 шуудайг нь авъя гэж хэлээд сонгиныг үзэхэд жижигхэн сонгино байсан. Би 2 шуудай 60 кг сонгино худалдан авсан. Би тухайн 2 залуугаас та нар сонгиноо аймагт тарьсан юм уу гэхэд тиймээ эгч аймагт тарьсан сонгино гэж байсан. Би тухайн 2 залуугаас 2 шуудай сонгиныг 1 кг сонгиныг 1500 төгрөгөөр бодож авсан. Нийт 60 кг сонгино худалдан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,  

 

гэрч С.Оийн мэдүүлсэн “09 дүгээр сүүлээр Архангай аймгийн төвийн “Хурд” машин угаалгын газрын залуу нэг хүнтэй В.Ц эгч бид хоёрыг ажил дээр байхад ирээд сонгино авах уу гэж надаас асуухад би эгчээс та сонгино авах юм уу, энэ хүн сонгино зарна гэнэ гэж хэлэхэд эгч сонгиныг нь үзье гэж хэлээд тухайн хоёр залуутай хамт гарсан. Тухайн хоёр залуу 4 шуудай сонгиныг оруулж ирээд манай лангууны урд хурааж тавиад би сонгиныг жинлэхэд 4 шуудай сонгино 80 гаруй кг болж байсан. Тухайн хоёр залуу сонгинын кг хараад эгчээс мөнгөө аваад явсан. Би 2 шуудай сонгиныг ногоо зөөдөг машиндаа гаргаж ачаад 2 шуудай сонгиныг лангууны араар оруулсан. Нэг залуу нь “Хурд” машин угаалгын газарт ажилладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,

 

гэрч Н.Гийн мэдүүлсэн “09 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн төвд “Хурд” машин угаалгын газарт ажилладаг А.Ү гэх залуу над руу утсаар залгаад таксинд явж байна уу, такси хэрэг байна гэхээр нь би явж байгаа гээд А.Үын ажилладаг машин угаалгын газарт очиход А.Ү улаан өнгийн торон шуудайтай сонгино тэвэрч гарч ирээд зах оръё гээд зах дээр өөрийнхөө машин дээр хүргүүлээд сонгиноо машиныхаа багаажид хийх гэснээ энд багтахгүй юм байна, ногоо зардаг эгчид оруулж өгнө гэснээ намайг сонгиноо оруулаад өгөөч гэж гуйхаар нь би 1 шуудай сонгиныг мөрлөөд А.Ү өөрийнхөө машины багаажаас 1 шуудай сонгино аваад ногоо зардаг эгчид оруулж өгсөн. Дахин А.Үын машинаас би 1 шуудай, А.Ү 1 шуудай сонгино оруулж өгөхөд ногоо зардаг эгч надад май мөнгөө ав гэхээр нь би наад мөнгө чинь минийх биш гэж хэлээд А.Үад мөнгийг нь өгчихөөд захаас гараад такси үйлчилгээндээ явсан. Би А.Үын сонгиныг үүрээд хүнсний ногоо зардаг газрын баруун хойд талын булангийн лангуунд хүргэж өгсөн. А.Ү надад сонгино зарах гэж байгаа гэж байсан. А.Үынх угаалгын газрын хашаанд байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт А.Үын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээч А.Бямбажавын 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 143/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч А.Ү нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч А.Үыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Ү нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч А.Ү нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутагт байрлах скалад буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хохирогч М.Аы 6 шуудай сонгиныг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч А.Үад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч А.Ү нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж,  шүүгдэгч А.Үын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч А.Үад хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч М.Ад 396.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч А.Ү нь хохирогч М.Ад учирсан хохирлыг шүүх хуралдаанаас завсарлага авч төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Цовогт Аийн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Үыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Үад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Шүүгдэгч А.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Үад авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ