| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
2023 03 29 2023/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,
Хохирогч: Б.Л /цахимаар/,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.А /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгч: Б.Ё нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Паас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Бын Ёд холбогдох эрүүгийн 2235000450028 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны 12 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн .......... суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, гутлын цехэд исгүүрчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын .... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Г овогт Бын Ё /РД:.................../,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Ё нь харилцаа холбооны хэрэгсэл болох олон нийтийн цахим facebook сүлжээн дэх өөрийн “Ё”, “Ё Б” нэртэй цахим хаягийг ашиглан хохирогч Д.Лд сайн үүлдэрийн бух, 5 тугалтай үнээ, 3 унагатай гүү өгнө гэж 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 37 удаагийн гүйлгээгээр 14.410.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Ёийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Ё нь харилцаа холбооны хэрэгсэл болох олон нийтийн цахим facebook сүлжээн дэх өөрийн “Ё”, “Ё Балжинням” нэртэй цахим хаягийг ашиглан хохирогч Д.Лд сайн үүлдэрийн бух, 5 тугалтай үнээ, 3 унагатай гүү өгнө гэж Д.Лгээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 37 удаагийн гүйлгээгээр 14.410.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн III-р хавтасны 12-26 дахь тал),
Хохирлын тооцоо гаргасан хүснэгт (хавтаст хэргийн III-р хавтасны 211-212 дахь),
Банк санхүүгийн байгууллагаас гаргуулан авсан мэдээлэл баримт бичгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн I-р хавтасны 34-45, 63, 65-67, 89, 99-100, 168-172, 180, 185-187, 192, 200, 235-239, 250, хавтаст хэргийн II-р хавтасны 13, 109, 188-192, 196-198, хавтаст хэргийн III-р хавтасны 2-3, 5-11, 104 дэх тал),
Хохирогч Д.Лгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үзмэрч хүн. Хүмүүс надаар юм үзүүлж аргалуулдаг юм. 2021 оны 08 дугаар сард Б.Ё гэх хүн надтай утсаар холбогдож нөхрөөсөө салчихсан та манай нөхрийг буцаагаад авч ирүүлж өгөх ном уншиж өгөөч гэж хэлж байсан. Тухайн үед би нөхрийг нь буцаах ном, тарни уншиж өгсөн юм. Ном уншиж өгсөний дараа тухайн хүний ах дүү нараас нөхөр нь буцаад ирчихлээ баярлалаа гэж хэлж байсан. Тэгээд надад сайн үйлдвэрийн бух өгнө гэж хэлж байсан. Би Б.Ё гэх хүнтэй утсаар харьцаж эхэлсэн. Б.Ё гэх хүн надаас элдэв шалтгаан хэлж мөнгө зээлж авдаг байсан. Би мөнгөө дансаар шилжүүлдэг байсан. Б.Ё гэх хүн өөр, өөр хүний дансаар гүйлгээ хийлгэж мөнгө авч байсан. Шилжүүлсэн баримт нь одоо надад байгаа. Хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэж санагдаж байна Б.Ё гэх хүн утсаар ярьж Архангай аймагт явж байхдаа осолд орсон гэж хэлээд тэгээд чимээгүй алга болсон. Надаас зээлсэн мөнгөнийхөө оронд 5 ширхэг тугалтай үнээ, 3 ширхэг унагатай гүү, 2 ширхэг морь, хуц, ухна, сайн үүлдрийн бух өгнө гэж хэлж байсан. Тэгээд утсаа авахгүй болсон. Надтай утсаар ярихдаа осолд орчихлоо, ээж өнгөрчихлөө, аав өнгөрчихлөө гэх зэрэг өөрт нь зовлон тоочсон асуудал ярьдаг байсан. Зээлсэн мөнгөнийхөө оронд мал өгнө гэдэг байсан. Би зээлүүлсэн мөнгөө нэхэх үед мал өгнө гэж байснаа, сүүлдээ байр зарна мөнгөө авахаар өгнө гэж хэлж байсан. Хамгийн сүүлд хамаатны хүн нь гээд нэг эмэгтэй хүн утсаар яриад Б.Ё нас барчихсан гэж хэлээд худлаа ярьцгааж байсан. Би бичиг үсэг мэдэхгүй тухайн үеийг санахгүй байна. Б.Ётой утсаар ярьж байхад тэр надад 200 гаад үхэртэй 50 гаруй үнээ саадаг гэж хэлж байсан. Тэгээд би нэг бух авахаар болоод 7 сард өөрөө авч ирж өгнө гэж хэлсэн. Б.Ё фейсбүүк хаягаар надад өгнө гээд байсан бухны зургаа явуулсан байгаа. Гомдолтой байна. Би тэтгэвэрийн зээл авч мөнгө шилжүүлж байсан. Хохирлын 12.000.000 гаруй орчим төгрөгөө гаргуулж авмаар байна. Сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б.Ё надруу залгаад таны бүх хохирлыг барагдуулна. Та над руу 650.000 төгрөг шилжүүлээч би өөрийн хадгаламжийнхаа зээлийг дарж дуусгаад дахиад зээл аваал таны бүх мөнгийг 30 минутын дараа өгнө” гэхээр нь би 2 удаагийн шилжүүлэлтээр 650.000 төгрөгийг Ц гэх хүний данс руу шилжүүлсэн. Би одоо хэдний өдөр, хэд дугаартай данс руу шилжүүлж байснаа санахгүй байна. Ямартайч эхнэр бид хамтдаа Хархорин сумын Хаан банкны үүдэнд байх АТМ дээр зогсож байгаад л 2 хүн рүү 500.000, 800.000 төгрөгөөр нь шилжүүлж байсан. Уг 2 хүн рүү шилжүүлсэн шалтгаан Б.Ё гэгч мөнгөний хэрэг гарлаа шилжүүлээч мал өгнө гэх мэт зүйлс ярьсан болохоор итгээд шилжүүлсэн. Би бичиг үсэг мэдэхгүй учир өргөдлөө Хархорин суманд байхдаа Д гэдэг хүнээр бичүүлж байсан юм. Уг нь өргөдлөө бичүүлэхдээ би Д гэх хүнд болсон үйл явдлыг бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн чинь буруугаар ойлгоод биччихсэн юм шиг байна. Би өөрийн төрсөн охин Л.Бний ............... дугаарын хаан банкны данснаас Бын Ёийн ........... дугаарын данс руу 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 700.000 төгрөг шилжүүлсэн. Б.Ё нь ямар нэгэн хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй. Одоо 2 жилийн хугацаа өнгөрч байна. Б.Ё мөнгө авах болохоор өдөр шөнөгүй залгаж ярьдаг байсан. Би ном уншиж, үзэж хараад 30 жил орчим болж байна. Тийм ч учраас над руу таньж мэдэхгүй хүмүүс ч утсаар холбогдож, мөн ирээд үзэж харуулаад, ном уншуулаад явдаг байсан. Тэгсэн тухайн үед над руу үл таних эмэгтэй утсаар залгаж яриад “би нөхрөөсөө салчихлаа, эргэж нийлүүлээд өгөх ном уншаад өгөөч” гээд хэсэг зуур ярилцсан. Түүнээс хойш 7 хоног орчмын дараа тухайн эмэгтэй над руу дахиж утсаар залгаад "би их олон малтай хүн байгаа юм, боломжтой бол та надад мөнгө зээлээч, өвс тэжээл, хадлан бордоо татах гэсэн юм. Би таны өрийг мал болгоод өгнө” гэж хэлэхээр нь итгээд мөнгө шилжүүлчихсэн юм. Ер нь бол түүнээс хойш Б.Ё гэгч над руу залгаж мөнгө авсан шалтгаанууд нь гэвэл "аав үхчихлээ, ээж үхчихлээ, ах эгч нар маань аваарт ороод нас барчихлаа, малын тэжээл татна" гэх мэтээр л надаас мөнгө авч, удахгүй буцаагаад өтө гэж хэлдэг байсан. Би гомдол саналтай байна. Хамгийн сүүлд Б.Ё миний хүүхдийн хадгаламж цуцлах гээд 500.000 төгрөг дутаж байна та энийг төлөөд өгвөл би дахин зээл аваад таны бүх мөнгийг өгнө гэж хэлээд ор сураггүй алга болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 23-24, хавтаст хэргийн II-р хавтасны 249-250, хавтаст хэргийн III-р хавтасны 29-31, 36, 40, 46-47, 54-55 дахь тал),
Гэрч Я.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Ё над руу анх 2021 оны 9 дүгээр сард залгаж та дансаа өгчих би таны данс руу мөнгө шилжүүлж бараа авна гэж хэлж байсан юм. Түүнээс хойш миний данс руу 3 удаагийн үйлдлээр 301.000 мянган төгрөг шилжүүлж бараа авсан тухайн барааг Улиастай багийн иргэн Жавын Батдорж гэх хүн ирж авдаг байсан. Б.Ё нь 2021 оны 10 дугар сард ирж карт уншуулж миний данснаас өөрийн төрсөн ах Б.Бийн данс руу 350.000 төгрөг шилжүүлж авч байсан. Б.Ё надад өөрийн Төрийн банкны карт үлдээчихээд надаас бараа авдг байсан юм” (хавтаст хэргийн III-р хавтасны 57 дахь тал),
Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний санаж байгаагаар өнгөрсөн жилийн хавар миний дүү болох Б.Ё миний дансыг асууж аваад миний Хаан банкны ..... гэсэн дансанд 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг "Шардай" гэсэн утгаар хийлгэсэн байсан. Би он сар өдрийн сайн санахгүй байна. Манай дүү Б.Ё хөдөө Өмнөговь сумын 2 дугаар багт манай ах Бгийн гэрт бид хэд хамт амьдардаг. Тэгээд миний дансанд хийсэн мөнгийг бараа, материал болон нэгж хувцас хунар гэх мэт хэрэгтэй юмсыг авхуулж байсан. Миний санаж байгаагаар өнгөрсөн жилийн 5, 6 дугаар сард болсон байх. Хамгийн сүүлд 6 сард миний дансанд үлдэгдэл 50,000 төгрөг үлдсэн байсаныг та ав гэж надаа өгсөн. Тухайн үед Б.Ё надруу залгаж данс асуухад би ямар учиртай данс авч байгаа талаар асуухад миний хүүхдийн аав Шардаа /Б/ мөнгө өгнө гэсэн таны данс руу хийж хэрэгтэй үед авна гэсэн. Тэгээд нагаа дансыг интернэт банкинд хийж үзэхэд Д.Л гэх хүний нэр гарсан ба би дүүгээсээ Д.Л нь ямар учиртай хүн болох талаар асуухад Б хүнээр хийлгэнэ гэж байсан гээд надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 61-62 дахь тал),
Гэрч Т.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байх миний ........ дугар луу Өмнөговь сумаас яриад оюутан дүүгээ үзүүлэх гэсэн юм, би өөрөө нялх хүүхэдтэй гэж хэлсэн. Дүүг нь Б гэдэг бөгөөд та үзээд өг гээд үзүүлсэн. Дахиад надад хэлэхдээ би нөхөртэй, нөхрөөсөө салаад ирчихсэн байгаа, өөрийгөө болон нөхрөө үзүүлмээр байна гэж хэлээд үзүүлсэн. Надад үзүүлэхээс өмнө надруу 35000 төгрөгийн нэгж хийсэн. Тэгээд би лам хүн учраас Б.Ё гэгчийн асуусан асуултын дагуу үзмэрчлээд буцаад хэлсэн. Б.Ё миний дансны дугаарыг аваад тан руу нэгжний мөнгө хийчихье гэж хэлсэн ба би яах гэсэн юм бэ? нэгж хийчихсэн байж гэхэд их зүйл үзмэрлүүлсэн юм чинь танд өгнө гэж хэлсэн. Миний данс руу мөнгө орж ирсэн бөгөөд утга хэсэг Б.Ё гэсэн утгатай 1 сая төгрөг орж ирсэн. Уг мөнгө орж ирсний дараа Б.Ёын ээж байна ямааны ченжээс мөнгө хийлгэчихлээ гэж хэлсэн, эхлээд Б.Ё байна гээд, дараа нь Б.Ёын ээж байна гээд 2 төрлийн хоолойгоор яриад байсан бөгөөд 500.000 төгрөгийг Б гэх хүн рүү явуулмаар байна гэж хэлсэн. Тэгээд би Б гэх хүн рүү уг мөнгийг утсаар ярьж өгсөн мөнгөөр шилжүүлсэн. Түүний дараа гар утсаар яриад сууж нэгж явуулчих гэж хэлээд Б.Ёын өөрийн нь дугаар луу 35000 төгрөгөөр 1 удаа, 40000 төгрөгөөр 1 удаа нэгж явуулсан. Уг нэгжүүдийг би өөрийнхөө данснаас биш өөрт байгаа бэлэн мөнгөөр хийсэн юм. Мөн хүмүүс рүү мөнгө явуулсан байх, надад ном уншуулж тариндуулсны дараа надад мөнгөө ав гэж хэлсэн. Би 3 удаа нэгж шилжүүлсэн. Түүний дараагаар би тус аймгийн Ховд сумын Өмнөговь сумын 2 дугаар багийн нутагт Б.Ё гэх хүн байдаг ба ээж, аав нь нас барчихсан байсан талаар сонссон. Би Б.Ё гэх хүнийг танихгүй, гар утсаар үзмэр хийлгэнэ гэж хэлэхээр нь таньж мэддэг болсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 64, 95 дахь тал),
Гэрч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 08, 09 дүгээр сард байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, тус аймгийн Өмнөговь сумын нутагт байхад сумын төвд Б.Ё миний хаан банкны виза картыг аваад мөнгө авчихаад өгнө гээд нэг удаа авсан. Хичнээн төгрөг миний дансаар шилжүүлж авсан талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй. Мөн хэнээс мөнгө шилжүүлж авсан болохыг мэдэхгүй байна. Би нэг л удаа виза картаа Б.Ёод ашиглуулсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 66 дахь тал),
Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хувиараа цагаан ултай гутал оёдог бөгөөд тус аймгийн Өмнөговь сум руу зарж борлуулсан. Түүний дараагаар зүс царайг нь танихгүй уулзаж байгаагүй Б.Ё гэх эмэгтэй утсаар яриад 2021 оны 04 дүгээр сард эмэгтэй гутал захиалж оёулж авсан. Тэрнээс хойш гутал бөөнөөр нь авна гэж ярьдаг байсан. Дархан-Уул аймагт Д.Л гэх хүн байдаг тэр нь эгч нь. Ё гэдэг нь тус аймгийн Ховд суманд байдаг, хүүхэд гаргадаггүй гээд нөхөр салаад явчихсан байна гэж хэлсэн. Өөрсдөө их баян гэж яридаг Д.Л гэх эгч нь прокурорын байгууллагад ажилладаг гэж хэлсэн. Миний данс руу Д.Л гэх утгатай удаа дараа мөнгө шилжин орж ирсэн бөгөөд Д.Л гэх эмэгтэй яриад Б.Ё нь манай дүү байгаа юмаа гэж хэлдэг, мөн миний мобайль болохгүй байна би шүүх, цагдаагийн байгууллагад ажилладаг, завгүй, би тань руу АТМ-ээс мөнгө шилжүүлчихэе та шилжүүлээд өгөөч гэж хэлдэг байсан. Би итгээд мөнгө орж ирэхээр түүний мессежээр явуулсан данс руу, утсаар хэлсэн данс руу, мөн нэгж хийлгэдэг байсан, тэгээд 10.000, 20.000 төгрөг хамаагүй үлдэг, таниар би зөндөө шилжүүлэг хийлгэж байгаа учраас гэж хэлсэн. Эхлээд Д.Л гэх утгатай 300.000 төгрөг, дараа нь 100.000, 800.000, 600.000, 500.000, 150.000 зэргээр 6 удаагийн үйлдлээр нийт 2.450.000 төгрөг шилжүүлэн миний дансаар дамжуулан гаргуулан авсан. Мөн Д.Лтэй утсаар холбогдрод мөнгө зээлэх боломжтой байна уу? Гутал оёх материал авах гэсэн юмаа 2 сая төгрөг хэрэгтэй байна гэхэд манай дүү Б.Ёод мөнгө байгаа би аваад өгье гэж хэлсэн. Тэгээд миний данс руу 2.000.000 төгрөг шилжиж орж ирсэн, яг хэдний өдөр гүйлгээ хийсэн талаар санахгүй байна, тэр өдөр би материалын мөнгө 1.120.000 төгрөгийг шилжүүлээд, мөн тэр өдөр Д.Л нь 700.000 төгрөгийг дансаар шилжүүлүүлээд, мөн нэгж шилжүүлүүлж авсан. Д.Л нь 2 сая төгрөгийг ирэхээс өмнө надаас 245.000 төгрөгийг шилжүүлүүлж авсан ба 35.000 төгрөг нь Д.Лгийн мөнгө, үлдэгдэл 210,000 төгрөг нь миний мөнгө байсан. Би 210.000 төгрөгийн авлагатай байсан Д.Лгээс би ойлгохдоо Д.Лгийн авсан 700.000 төгрөг, дээр нь надад өгөх 210.000 төгрөгийг өөрийн төрсөн дүү Б.Ёод өгөх ёстой, би Б.Ёод 1.190.000 төгрөг өгнө гэж бодсон. Түүний дараагаар он сар өдрийг би мэдэхгүй байна 2021 оны 12 дугаар сард 320.000 шилжүүлүүлж авсан, нэг удаа шилжүүлж аваагүй, удаа дараа шилжүүлж 320.000 төгрөг авсан. Мөн тус аймгийн Өмнөговь сум руу 4-5 гутал худалдаж авсан бөгөөд одоо үлдэгдэл 545.000 төгрөгийг Б.Ёод өгөх ёстой, харин 910,000 Д.Л Б.Ёод өгөх юм байна гэж хэлсэн. Гэхдээ Д.Л. Б.Ё хоёр маш адилхан дуутай, нэг хүн юм шиг эгч дүүс гэж яридаг, би дуу хоолойг нь ялгахгүй учраас хэн бэ гэдгийг асууж байгаад яридаг байсан. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр над руу Д.Лгийн ............. дугаараас залгаад нэг эмэгтэй, хоёр настай хүүхдийн гутал нийт 2 гутал оёод өгөөч гэхэд би дөнгөж материал авчихсан байна, 2022 оны 04 сарын 20-ны өдөр гэхэд оёод өгч болох болов уу? гэхэд болно гэж хэлсэн. 2022 оны 04 сарын 12-ны өглөө над руу ......... дугаараас залгаад эгчээ нөгөө 2 гутлынхаа мөнгийг танаас авах мөнгөнөөс суутгачихаж болох уу? гэхээр нь би болно болно гэхэд би таниас мөнгө авахгүй би гутлын хэмжээ хэлнэ та оёод өгчих гутлаар тооцоогоо хийгээд дуусгачихая гэж хэлсэн. Би ч мөн зөвшөөрсөн. Би Д.Лгийн гар утасны дугаараас Б.Ё байна гээд ярихаар нь Д.Л нь буцаад Дархан луу явсан гэж ярисан Б.Ё яагаад Д.Лгийн дугаараас ярьсан юм бол гээд гайхаад бодож байсан. Б.Ё ярихдаа байхгүй юу гэх үгийг байхуу юу гэж хэлдэг, Д.Л гэх эгч нь мөн тэгж ярьдаг байсан болохоор нь би ямар адилхан яриатай юм бэ гэж боддог байсан. Миний тооцолсноор Б.Ёод 545.000 төгрөгийн өглөгтэй. Б.Ё бид хоёр ярилцаад 500.000 төгрөгт тааруулаад тооцоо хийчихье гутал авчихая гэж ярьсан. Би Б.Ётой хамтарч бусдыг залилж мөнгө авч, бусдад тараасан зүйл байхгүй. Би тэр Б.Ё гэх хүнийг ч танихгүй. 545.000 төгрөгийн өглөгийн асуудлыг аль болох богино хугацаанд төлж барагдуулна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 68-69 дэх тал),
Гэрч Л.Цний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хувиараа чулуу ховлог татаж үздэг болохоор над руу ярьж миний хүүхэд үзээд өг, манай нөхөр намайг хаяад явчихлаа та над руу эргүүлээд өг гэж ярьдаг байсан нэг өдөр 2021 оны 08 дугаар сард надаас данс авч байсан удалгүй нууцалсан дугаараас танд их баярлаа би тан руу 100.000 төгрөг хийлээ гэж хэлсэн Би Б.Ё гэх хүнд чамаас мөнгө төгрөг гэж хэлээгүй гэхэд тасалсан юм. Над руу мөн адил хоолойтой нэг охиноос мэнд ус болж залгаж байгаад та ........... Б овогтой У гэх хүний данс руу 80,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн би тухайн мөнгийг Сургуулийн багш М гэх хүний данснаас шилжүүлж өгсөн юм түүнээс хойш надад ямар нэгэн холбоо барьсан зүйл байхгүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 71 дэх тал),
Гэрч Ш.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Өмнөговь сумын 5 дугаар баг Өгөөж цайны газарт тогооч хийж байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Б.Ё гэх охин ирж бэлэн мөнгөөр 2-3 өдөр дараалан орж ирж хоол авч байсан юм нэг өдөр над руу хараад та намайг таньж байна уу би Балжинням гэх хүний отгон охин байна гэж хэлсэн би танай аавыг танин манай аав танай аав төрөл садан юм гэж хэлсэн над руу 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 80755225 дугаараас Би А овогтой Э гэж хүн байна манай бэр болж явсан Б.Ёоо гэдэг хүн Увсын Өмнөговь суманд очсон байгаа би өөрийн хүүгээ араас нь явуулах гэж ноосс ноолуур гараагүй мөнгөний хэрэг гарсан тул та мөнгө зээлээч гэж хэлээд 80,000 төгрөг дансаар шилжүүлж авсан юм дахиад над руу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Э байна нөгөө хүүхдээ явуулах гэсэн мөнгө дутаад байна та 120,000 төгрөг зээлээч гэж хэлээд мөн адил дансаар авсан юм. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ........ дугаараас Би А овогтой Б байна та надад ноолуур гартал 200.000 төгрөг зээлээч гэж хэлээд данс өгсөн тухайн данс руу нь би 200,000 төгрөг шилжүүлсэн юм. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А нь Б байна би Дархан аймаг явж байна та ноолуур гартал хэдэн төгрөг зээлчих гэж хэлээд 100.000 төгрөг авсан 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А нь Б байна гэж хэлээд 50,000 төгрөг шилжүүлж авсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Ё над руу залгаж Гийн эхнэр М гэх хүнд 15 хуушуур өгчих гэж хэлээд авч байсан юм над руу тус бүр өдрүүдэд залгадаг байхдаа 5-10 удаа залгаж мөнгө асууж эзэлчих та шилжүүлэв үү гэж асууж байсан би сүүлд бодоод байхад над руу нууцалсан дугаар,........, ........., 3 өөр дугаараас нэг өнгийн хоолойгоор ярьж байхаар би гайхаж Дарханд байдаг А.Б ......, А.Э ............. тус тус дугаар авч залгаж ярихад тухайн хүмүүс над руу гайхаж би таньтай 10 жил харьцаагүй байж юу гэж мөнгө асуух билээ та наадах Б.Ё гэх хүнийг цагдаагийн байгууллагад мэдэгд наадах Б.Ё аюултай хөдөлгөөнтэй хүүхэд шүү та мөнгө яаж салгаж авна та аргалаад салгаж ав гэж хэлсэн би маргааш ажил дээр байж байхад үд дунд над руу мөн ............. дугаараас залгаад А.Э байна гэж хэлэхээр би уурлаж чи яагаад 3 өөр дугаараас 3 өөр хүн болж яриад байна яагаад хүний нэр барьж мөнгө зээлдэж байгаа юм би Дархан байгаа А.Э, А.Б хоёрын утасны дугаар олж аваад ярьсан ямар нэгэн тийм зүйл байхгүй гэж хэлсэн чи яах гэж хүний нэр барьж мөнгө зээлсэн юм үнэнээ хэлж авахгүйдээ гэж хэлэхэд уучлаарай та манай ах дүү нарт битгий хэлээрэй би таны мөнгө хийлгэнэ гэж хэлээд данс авсан над руу эхлээд 500,000 төгрөг хийсэн маргааш 150,000 төгрөг хийсэн түүний дараа над руу залгаж би таны мөнгө хийлээ би таны данс руу 4,000,000 төгрөг хийнэ гээд дараа авъя гэж хэлсэн би яахын бэ хэрэггүй ёстой тэгж болохгүй гэж хэлэхэд за за би өөр хүний данс руу хийж хадгалахаас гэж хэлээд тасалсан. Б.Ё нь 3 өөр гар утасны дугаараас надруу 3 өөр хүн болж залгаж орж ирээд нийт 650.000 төгрөг зээлж аваад би тухайн 3 өөр хүн болж залгаж байгаа талаар мэдэж хэлэхэд надад эргүүлж 500.000 төгрөг дахиад 150.000 төгрөгөөр төлсөн юм. Тухайн гүйлгээ орж ирсэн данс би мэдэхгүй утга дээр гар утасны дугаар байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 73-74 дэх тал),
Гэрч П.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би сум оронд нутагтаа лам хийдэг надад хол ойрын хүмүүс янз бүрийн зүйлс уншуулдаг зарим хүмүүс ирж авдагч үе байдаг байсан надаас гар утсаар тодруулсан хүн над руу залгаж данс авч баярлалаа гэж өгдөг байсан Б.Ё гэх охин над руу залгаж нөхөр болон үр хүүхдийн талаар асуудаг байсан манай эхнэр бид хоёр дундаа нэг дугаар барьдаг Б.Ё гар утсаар дандаа харьцдаг утсаар залгаж би тэр айлын охин байна гэж танилцуулдаг Б.Ё над руу залгаж та хүрч ирээд миний толгой бариад өгөх үү миний бие муу байна би таны бинзен мөнгө өгнө гэж хэлсэн би сумаас яваад очиход Б.Ё ганцаараа байсан манай ах эгч хоёр аймаг явсан ирээгүй байна би өнөөдөр хүнээс мөнгө авах гэсэн надад өгсөнгүй та надад дансаа өгчих би танд өгнө гэж хэлсэн тухайн үед надаар юм үзүүлж толгой бариулчихаад би танд Ховд сумын голоос эр үхэр өгнө мөн хар цээхээ гэх газраас тугалтай үхэр өгнө гэж хэлсэн би суманд ирээд байж байхад нэг өдөр мөнгө хийсэн гэж ярьж байсан юм. Б.Ё маш их худал хэлдэг зальтай хүүхэд байсан би бинзений мөнгө гэж залгахад утсаа аваад таслаад дараа нь Б.Ё байхгүй гэж хэлдэг юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 79-80 дахь тал),
Гэрч М.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “........... дугаартай данс нь миний өөрийн эзэмшлийн данс мөн. Уг данс руу дээрх гүйлгээнүүд хийгдсэн. Тухайн мөнгийг манай хадам дүү Б.Ё буюу Х над руу явуулсан бөгөөд надад интернет банк байхгүй, хаан банкны данс байхгүй та уг мөнгөөр миний хүүхдэд болон манай төрсөн ах Барсүрэнгийн хүүхдүүдэд хувцас аваад өг гэж хэлсэн. Би эхний мөнгийг шилжүүлж байхад хэн шилжүүлж байгааг мэдээгүй бөгөөд Б.Ё гар утсаар ярихаар нь би мэдсэн юмаа. Түүний дараагаар хүүхдүүдээ гараад гарч хувцас авч чадахгүй байсан ба тэр хугацаанд мөн мөнгө миний данс руу шилжүүлсэн байсан. Б.Ё нь миний хаан банкны дансны дугаарыг мэддэг, Улаанбаатар хотод манай гэрт байхдаа миний дансыг ашигладаг байсан. Б.Ё нь ой тогтоолт их сайтай юм шиг байна лээ гар утасны дугаар, дансны хурдан цээжилчихдэг. Над руу шилжүүлсэн мөнгөнөөс хүмүүс рүү 5 миний санаж байгаагаар 50.000 төгрөгөөр 1 удаа, 150.000 төгрөгөөр 1 удаа шилжүүлжбайсан. Үлдэгдэл мөнгөөр нь би Б.Ёын хүүхдэд, болон Б хүүхдэд Б.Ёын хэлснээр Хархорин захаас хувцас худалдаж аваад Улаангом руу явуулсан. Тухайн хувцсыг худалдаж аваад манай гэрт хэсэг хугацаанд байлгаж байгаад явуулсан. Би тухайн үед гэртээ хүүхдээ харж байсан учраас явуулж чадахгүй хэсэг хугацаанд байсан юмаа. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Д.Л гэгчийг танигүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 92-93 дахь тал),
Шүүгдэгч Б.Ёийн мөрдөн байцаалтын шатанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би анх Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Д.Л гэх хүнд урьд өмнө хүүхэд үзүүлэхээр Улаанбаатар хотод биечлэн 2019 онд уулзаж байсан. Түүнээс хойш 2021 оны 6 дугаар сард байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Гар утсаар яриад нөхөр Батсайхан бид хоёр хоорондоо маргалдаад салчихсан байсан тул тэр талын асуудлаа ла Д.Лд үзүүлсэн Д.Л гэх хүнд үзүүлсний шан харамжинд 300.000 төгрөг шилжүүлсэн. Д.Л гэх хүнд худал хэлээд мөнгө авч өөртөө ашигладаг байсан. Эхлээд би өөрийнхөө төрийн банкны ................ дансаар эхлээд 2.500.000 түүний дараагаар 700.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг шилжүүлж авсан. Түүнээс хошй хүмүүсийн дансаар дамжуулан мөнгө шилжүүлж авдаг байсан. Миний санаж байгаагаар тус аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн иргэн Н, мөн Ц, Улаанбаатар хотод амьдардаг О, гутал оёдог Г, Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын Б, Улаангом сумын харьяат Т.Д лам, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Ц, бэр эгч М.З, Өмнөговь сумын харьяат Б гэх хүмүүс рүү шилжүүлээд дахиад тэдний даснаас өр хэн нэгний данс руу шилжүүлээд авдаг байсан. Д.Лгээс авсан мөнгийг би М.О зээлсэн, Гд мөнгөө зээлээд мөнгөний оронд олон тооны цагаан ултай гутал авч зарж борлуулаад мөнгийг өөртөө хэрэглэчихсэн. Өөр зээлсэн хүн байхгүй. Бусад хүмүүсээс мөнгөө авчихсан, зарим хүмүүсээр өөрийнхөө гар утсан болон бусад хүмүүсийн гар утсанд нэгж хийлгүүлдэг байсан. Миний мөнгө зээлсэн хүмүүсээс М.О миний мөнгийг буцааж өгөөгүй бусад нь өгчихсөн. Би хохирогч Д.Лд учирсан хохирлоо одоо хүртэл төлөөгүй, мөнгийг яаж олох вэ гэж бодоод байгаа цаашид ажил хөдөлмөр хийгээд төлж барагдуулна, манай төрсөн ах дүү нар мөн надад туслана гэж хэлсэн. Би Д.Лд ямар нэгэн мөнгө буцааж өгсөн зүйл байхгүй. Яагаад гэвэл би мөнгөгүй болоод өгөөгүй. Өөрөө үхэр малын зураг харуул, явуул гээд байхаар нь би хөдөө айлын бухын зураг дараад явуулчихсан. Надад 2 тооны үхэр байдаг, уг үхэр нь манай төрсөн ах Бд байдаг. Ах Б.Б мал малладаг юм. Би хэн нэгэнд хэлээгүй. Гэр бүлийнхнээсээ нуудаг байсан юм. Би Д.Л гэх хүн миний фейсбүүк хаягаар чаталдаг байсан. Тэр хүн бичиг үсэг мэддэггүй байсан. Бид хоёр видеокалл хийж дүрсээ харж яридаг байсан. Тэр хүн настай эрэгтэй, махлагдуу хүн байсан. Сүүлдээ би тухайн хүний хаягийг блоклочихсон. Уг нь байдаг байсан одоо байгаа эсэхийг мэдэхгүй. 3-4 жилийн өмнө 2 тооны үхэр байсан. Би Д.Лгээс 14.410.000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 186-188 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэдэг нь бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд итгэлийг нь олох тодорхой үг хэллэг, үйлдлээр зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг зориуд төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь авах үйлдэл юм.
Энэ гэмт хэрэг нь гэмт этгээд нь авсан эд хөрөнгөө буцаан өгөхгүй байх зорилгоор эсхүл буцаан өгөх боломжгүй гэдгээ мэдсээр байж төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг авч байгаагаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдана.
Шүүгдэгч Б.Ё нь харилцаа холбооны хэрэгсэл болох олон нийтийн цахим facebook сүлжээн дэх өөрийн “Ё”, “Ё Б” нэртэй цахим хаягийг ашиглан хохирогч Д.Лд сайн үүлдэрийн бух, 5 тугалтай үнээ, 3 унагатай гүү өгнө гэх зэргээр хуурч, өөрөө малтай мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон, итгэлийг нь төрүүлж, төөрөгдөлд оруулж хохирогч Д.Лгээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 37 удаагийн гүйлгээгээр 14.410.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Б.Ё нь гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг шухайн сэдэлттэйгээр гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ё нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Лгээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 37 удаагийн гүйлгээгээр 14.410.000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд буцаан өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас 14.410.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх бөгөөд хохирол төлөгдөөгүй байна.
Шүүгдэгч Б.Ё нь шүүхийн хэлэлцүүлэгт “Миний бие хувийн гутлын цехэд исгүүрчинээр ажилладаг, сард 1.000.000 төгрөгний цалин авдаг. Хохирогч Д.Лд төлөх 14.410.000 төгрөгийн хохирлыг 5 сараас эхлэн 2023 онд багтаан төлж дуусгана гэх тайлбар, мэдүүлгийг гаргасан боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул түүнийг хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй болно.
2021 оны 4 дүгээр сарын 26-нд шүүгдэгч Б.Ёоос хохирогч Д.Лгийн дансанд 300.000 шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн I хавтасны 233 дахь тал)-д авагдсан байна.
Энэ талаар “ Д.Лтэй утсаар ярьж мэргэ төлөг тавиулж, засал ном хийлгэсэний өргөл барьц болгож шилжүүлсэн мөнгө” гэж шүүгдэгч, хохирогч нар мэдүүлсэн нь уламжлалт шашин зан үйлийн харилцааны хэлбэртэй байхаас гадна шүүгдэгчийн гэмт үйлдэл эхлэхээс өмнө болж өнгөрсөн үйл явдал тул түүнийг хохирол нөхөн төлөхөд зориулсан гэж үзэхгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Шүүгдэгч Б.Ё нь хохирогч Д.Лд 300.000 төгрөгийг шилжүүлсэн баримт хавтаст хэрэг авагдсан тул 14.410.000 төгрөгийн хохирлоос 300.000 төгрөгийг хасаж 14.110.000 төгрөгийг хохирогч Д.Лд олгуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ё нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө уламжлалт харилцаа, сүсэг бишрэлээр өргөл барьц болгож өгсөн байж болох ч нөгөө талаасаа хохирогчийн итгэлийг олох зорилгоор гэмт хэрэгтээ бэлтгэж байгаа арга хэлбэр гэж үзэж болно.
Иймд хохирогч Д.Лд учирсан хохирол болох 14.410.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ёоос гаргуулж олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Б.Ёод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Ё урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн III-р хавтасны 204 дэх тал)–аар нотлогдож байна.
Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн III-р хавтасны 208 дахь тал)-гаар шүүгдэгч Б.Ё нь 2020 оны 8 сарын 22-нд хүү Ё.ийг төрүүлсэн, 2 настай хүүхэдтэй, гэрлэлт бүртгүүлээгүй ганц бие эх болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Увс аймаг Өмнөговь сумын засаг даргын “Б.Ёын төрсөн хүү Ё.Мд асран хамгаалагч тогтоох боломжгүй” гэх албан бичгийг шинээр гаргаж өгсөн байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч С.Пын “Би үеэл эгч Б.Ёийг тус аймгийн Өмнөговь суманд байхаас нь мэднэ. Б.Ё нь тус аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцсан, суралцахдаа манай доод ангид элссэн суралцаж байсан ба тухайн үед цовоо сэргэлэн зантай, эелдэг болоьсон харилцаатай, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, тусархуу, сурах ур чадварын хувьд дундаж сурлагатай хүүхэд байсан юм. Ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу, хүнлэг энэрэнгүй, нийтэч зантай юм. АРхи согтууруулх ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, өөр ямар нэгэн муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 141-142 дахь тал), гэрч Ж.Бгийн “Миний төрсөн дүү Б.Ё нь 1998 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн бөгөөд өөрийн аав ээжийн хамт өссөн. Б.Ёын том ах би дараагийн ах Б, Т нар нь Улаанбаатар хотод хувираа хөдөлмөр эрхэлдэг.Том эгч А Улаанбаатар хотод БЗД-ийн цагдаагийн бичиг хэргийн ажилтан юм. Б.Ё нь сургуулиа төгсөөд мал маллаж байгаа Улаанбаатар хот руу ажил хийхээр 2019 онд явсан юм. Тэгээд эргээд 2020 оны 12 сард ирсэн. Б.Ё одоогоор Улаангом суманд өөрийн хүүхдийн хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн III-р хавтасны 97 дахь тал)-үүд тус тус хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ёод 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Ёод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ёод хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Ёоос 14.410.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун арван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Л /Өвөрхангай аймаг, Хархорин сум, Шанх баг. ЙГ............/-д олгох нь зүйтэй
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэч Б.Ёод 1 жилийн хугацаанд 14.410.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн хохирол төлөх үүргээ биелүүлээгүй, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтанд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв
Шүүгдэгч Б.Ё нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ёод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Бын Ёийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ёод 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Ёод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Ёоос 14.410.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун арван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Л /Өвөрхангай аймаг, Хархорин сум, Шанх баг. ЙГ........../-д олгосугай.
5. Шүүгдэгч Б.Ё нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Ёод хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэч Б.Ёод 1 /нэг/ жилийн хугацаанд 14.410.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн хохирол төлөх үүргээ биелүүлээгүй, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтанд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ёод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ