| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2019/00468/И |
| Дугаар | 155/ШШ2019/00604 |
| Огноо | 2019-07-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2019/00604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2019/00541/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, РЕ95052708 регистрийн дугаартай, Түмдүүд овогт Батцагааны Адъяажавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт орших Навчит тайжинс хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан цалин 3.300.000 төгрөг, эмийн бөөний төвөөс худалдан авсан эмний үнэ 3.860.000 төгрөг, нийт 7.160.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
дутаасан барааны үнэ 3.405.900 төгрөг, гэрээний хугацаанд шилжүүлэх байсан борлуулалтын орлого 2.270.000 төгрөг, нийт 5.675.900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нэхэмжлэгч Б.Адъяажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, хариуцагч С.Дарамбазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Адъяажав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 5 дугаар сард “Этүгэн” их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Би төгсөж ирээд 4 сартай жирэмсэн байхдаа Дарамбазар гэдэг хүний эмийн санд ажиллаж байсан. Дарамбазар гэдэг хүн Хөвсгөл Гэрэл эмийн сангийн эрхийг нь худалдаж авсан юм билээ. Би тэрийг нь мэдээгүй. Намайг ажиллаж байх хугацаанд, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болоод, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. Би энэ эмийн санд 4 сар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Тэгээд Хөвсгөл Гэрэл эмийн сангийн эрхийг хууль бусаар авсан гээд Эрүүл Мэндийн яамнаас эрхийг нь цуцалсан байсан. Эрх нь цуцлагдсанаас нь хойш дахин 2018 оны 4 дүгээр сард эхнэрийнхээ нэр дээр Навчит Тайжинс ХХК байгуулсан. Эрхлэгчээр нь эхнэр нь буюу Батцэцэг гэдэг хүн ажиллаж байсан. Жор баригчаар нь намайг авъя гэж гуйсан болохоор би 3 сартай нярай хүүхэдтэй, хөдөлмөрийн гэрээ байгуулан энэ хүний эмийн санд ажиллах болсон. Хөдөлмөрийн гэрээгээр би сард 2.000.000 төгрөг өгнө гэж тусгасан. Надад гэрээ байгуулж байхад чамд маш их ашигтай, хэрвээ чи 3 жил ажиллах юм бол эмийн сангаа салбарлуулж өгнө гэж янз бүрийн амлалт өгч байсан. Надад өөр ажлын байрны санал ирж байсан ч төрөөд 3 сар болж байсан ч энэ хүнд итгээд эмийн санд нь жор баригчаар ажиллах болсон. Энэ хүнийг хөдөлмөрийн хуулиа зөрчөөд, хөдөлмөрийн гэрээгээр халхавчилж намайг хохироосон гэж үзэж байна. Дараах үндэслэлээр хохироосон гэж үзэж байна. Энэ хүн сардаа 4-5 сая төгрөгийн ашиг олно, тиймээс чи өөрөө сард 1.000.000 төгрөгийн ашигтай ажиллана гэж худал хэлж төөрөгдүүлж гэрээ байгуулсан. Гэрээгээ нотариатаар батлуулсан гэдгийг нь мэдээгүй. Өөрөө гэрээнийхээ эх хувийг аваад явсан. Би хуулбар хувийг нь авч үлдсэн. Надад ажилд орсон тушаал байхгүй. Би 5 сарынхаа мөнгийг 6 сард нь тушаасан. Зуны сард хичээл сургууль амарсан, ханиад томуу муу үед орлого маш муу байсан. Тэгээд би эмийн сангаа ажиллуулах гэж янз бүрийн арга хайж байсан. Би хүнээр малчны зээл авахуулах гэсэн боловч бүтээгүй учир аавынхаа эмчилгээнд явах гэж байсан 3 сая төгрөгийг нь авсан. Мөн хүнээс 1.000.000 төгрөг зээлж аваад Улаанбаатар хот орж эмээ татаж авсан. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би ажил олгогчтойгоо маргалдсан. Намайг “чи сарын 300.000 төгрөгийн цалин ав, манай байгууллагад учруулсан хохирлоо төл” гэж надад хэлсэн. Би тэгээд ажилтай үлдэхийн тулд 300.000 төгрөгийн гэрээнд нь гарын үсэг зурсан. Намайг ажлаад 14 хонож байхад хүүхэд маань өвдөөд би хүүхдээ аваад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмнэлэгт хэвтсэн хойгуур эхнэртэйгээ ирээд эмийн сангийнхаа түлхүүрийг аваад явчихсан байсан. Би тэр үед нь мэдээгүй, эмнэлгээс гараад мэдсэн. Би энэ хүнээс болоод 1 жил гаруй хугацаанд сэтгэлийн шаналгаатай явж байна. Зүрх маань дэлсдэг болсон. Тэр эмийн сан нь буудлын нэг өрөөнд байдаг байсан. Буудал нь мөөгөнцөртэй байсан. Би тийм эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар ажиллаад бөөр маш их өвддөг болсон. Би охинтойгоо хоёулаа тэр өрөөнд нь өглөө 9 цагаас хойш орой 18,19 цаг болтол ажилладаг байсан. Би сард төлдөг 2.000.000 төгрөгөө өгөхийн тулд амралтын өдрөөр ч амрахгүй ажиллаж байсныхаа төлөө одоо өөрөө эрүүл мэндээрээ хохирч үлдээд байна. Миний аавын өвчин Монгол Улсад эмчлэгдэхгүй болсон. Би энэ хүний эмийн санд ажиллаад цалин аваагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учир холбогдох байгууллагуудад нь хандсан. Би мэргэжлийн хяналтын газарт хандсан. Одоо шүүхэд хандаад байна. Нийт нэхэмжилсэн 7.160.000 төгрөгний 3.300,000 төгрөг нь эм зүйч мэргэжилтэй биш дунд боловсролтой хүний цалингаар бодож, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан цалин юм. Хүнээс мөнгө зээлж эмийн сангийнхаа бараа авсан 3.860.000 төгрөг нийт 7.160.000 төгрөгийг Навчин Тайжинс ХХК-аас гаргуулж өгнө үү ...” гэжээ.
Хариуцагч С.Дарамбазар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын иргэн. Хүний их эмч мэргэжилтэй. Манай эхнэр эм зүйч мэргэжилтэй. Би Их-Уул суманд эмийн сан ажиллуулдаг. Би Хөвсгөл аймгийн Жаргалант суманд дуудлагаар ганц, нэг удаа ирж ажиллаж байсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд эмийн сан ажиллуулж болох юм байна гэж тооцоолсон. Би нэгдсэн эмнэлгийн эмч Амарбат гэдэг хүнээс эмийн сангийн үйл ажиллагаа явуулах 1 жилийн хугацаатай эрх байна гэхээр нь тэр эрхийг нь 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би бараагаа татаад эмийн сангийнхаа хаягийг хадаж байхад Адъяажав аавтайгаа ирээд, надтай танилцаад “та намайг ажилд аваач. Би дөнгөж сургуулиа төгсөж ирсэн” гэхээр нь би ажилд авсан. Хөвсгөл Гэрэл ХХК маань 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд Адъяажав нь Хөвсгөл Гэрэл ХХК-д 2018 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд ажилласан. Үндсэн цалин нь 518.510 төгрөг байсан. Эмийн сангийн орлогоосоо цалинжаарай, гээд сүлжээгээр цалинжуулсан. Энэ цалингаасаа эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлөөрэй гэж хэлсэн. Эмийн сан өөрөө эм ханган нийлүүлэх байгууллагаасаа 30 хувийн хөнгөлөлттэй эм авдаг. Дээрээс нь нэмэлт урамшуулал гээд 10 хувь авдаг. Нэг эмийг үндсэндээ 40 хувиар нэмж зардаг. Адъяжавыг 4 сар ажиллах хугацаанд 25,000,000 төгрөгийн ашиг олсон талаар баримтыг би өгсөн. Үүнийг 4 сард дундажлаад хуваахад сардаа 7.000.000 төгрөгийн ашиг олсон болж байгаа юм. 7.000.000 төгрөгийн 40 хувь нь 2.800.000 төгрөг болж байгаа юм. Үлдсэн 60 хувиар нь эм таталтаа хийгээд зарлагаа дараад цэвэр ашиг нь 2.800.000 төгрөг болж байна. Ингээд сардаа надад 2.000.000 төгрөгийн төлбөр өглөө гэж бодоход цаана нь энэ хүнд 800.000 төгрөг үлдэж байгаа. Энэ хүн 400.000 төгрөгийн цалинтай ажиллаж байхаар менежментээ маш сайн хийгээд явах юм бол үүнээс ч их ашиг орлого олох боломжтой. Хөвсгөл Гэрэл гэдэг эмийн сан маань тухайн сумын эмийн сангуудын хавчилгад орж Эрүүл Мэндийн газраас тусгай зөвшөөрлийг нь цуцлуулсан. Тэгээд би дахин шинээр эрх хөөцөлдөж Навчит Тайжинс ХХК байгуулаад эм бараагаа шинэчлээд байж байтал Адъяажав өөрөө ирж уулзаад “би ажиллая” гэхээр нь би “нялх хүүхэдтэй болж байгаа юм уу” гэхэд “би зохицуулаад ажиллая” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүнийг ажилд авч ажиллуулсан. Энэ хүн хөдөлмөрийн гэрээний заалт бүртэй танилцсан. Танилцсан гээд гарын үсгээ зурсан. Танилцаагүй гэж хэлж байгаа нь өөрийгөө өмгөөлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Би энэ хүнийг ажиллаж байх хугацаанд сар бүр очиж тооллого хийдэг байсан. Гэтэл Адъяажав “та ч наашаа цаашаа явж байх юм, би ч байнга хяналтад байгаа юм шиг байх юм. Тиймээс 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 10 сар хүртэлх тооцоог би хариуцъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулаад, тушаал дээр нь нөхөн төлбөрийг нь тусгачихъя гэж энэ хүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр тушаалыг нь гаргаад гэрээгээ байгуулсан. Тэгээд эм бараа материалаа хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэл дээрээ нэхэмжлэгч нь надаас болохоор жижиглэнгийн үнээр хүлээж авсан эргээд өөрөө хүлээлгэж өгөхдөө бөөний үнээр хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаад байна. Үүнтэй холбоотой баримт болох 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн бараа хүлээлгэж өгсөн жагсаалтыг би хэрэгт хавсаргаж өгсөн. Жишээ нь: Хүлээлгэж өгсөн эмийн жагсаалтийн №2, эм хүлээн авсан жагсаалтын №3 байгаа “пирацитам” гээд эмийн жагсаалтыг харахад нотлогдоно. Хүлээлгэж өгсөн эмийн жагсаалтын №11, хүлээж авсан эмийн жагсаалтын №10-т байгаа “декламон” гэдэг эмийн үнэ, хүлээж авсан эмийн №1, хүлээлгэж өгсөн эмийн №7-д байгаа “глютамины хүчил” гээд эмийг би 300 төгрөгөөр тооцож өгсөн байхад надад буцааж өгөхдөө 500 төгрөгөөр хүлээлгэж өгсөн байдаг. Энэ хүн эмээ буцааж өгөхдөө надад жижиглэнгийн үнээр хүлээлгэж өгсөн. Яг нарийвчлаад бодох юм бол миний нэхэмжилж байгаа мөнгөн дүн миний нэхэмжилж байгаа үнийн дүнгээс их гарна. Гэхдээ би энэ хүнийг бодоод аль болох боломжтой саналыг тавьж байсан. Энэ хүн өөрөө менежмент дээрээ алдсан юм шиг байгаа юм. Энэ хугацаанд өөрөө “Лак Лайф” сүлжээнд ороод 2.000.000 төгрөг зарсан, мөн хүнд 2.000.000 төгрөг зээлсэн юм шиг байсан. Ингээд бизнес нь доголдолд орсон. Ингээд эргээд надад мөнгө төлөх болоход энэ хүн эмээ нэмж зарсан учир үйлчлүүлэгчээ алдсан. Тэгээд 2018 оны 9,10 дугаар сарын төлбөрөө төлж чадаагүй. Би энэ хүнээс юмаа хүлээж авах гэтэл манай аавын мөнгөөр татаж авсан эм гэж хамаатныхаа ахтай ирээд дарамтлах маягтай хэлсэн. Тэгэхээр нь би “тамгаа авъя” гээд цагдаагийн байгууллагад хандаж байгаад тамгаа авсан. Би бөөний үнээрээ 7.232.450 төгрөгийн эм нийлүүлж, жижиглэнгийн үнээр хүлээж авахад 3.000.000 төгрөгийн эм болсон байсан. Нийтдээ 3.405.900 төгрөгийн эм дутуу авсан гэж ойлгож байна. Гэрээний заалтын дагуу энэ хүн 2018 оны 9 дүгээр сарын 2.000.000 төгрөг, мөн өмнөх саруудын мөнгөө дутуу өгсөн байгаа. Цаад компаниасаа авсан баримтуудаа гаргаж өгч байгаа юм. Энэ баримтаар бөөнөөр авах эмийн үнэ нь тодорхойлогдох байх гэж бодож байна. Хэрвээ энэ хүний бизнес муу байсан бол гэрээн дээр өөрөө гэрээгээ цуцлах заалт байж л байсан шүү дээ. Буцаагаад өгчихөж болох л байсан шүү дээ. Нутгийн ард иргэдийн амнаас сонсоход “би энэ эмийн санг яаж ийж байгаад өөрийн болгоно” гэж ярьдаг байсан гэсэн. Нэхэмжлэгчийг сайн ажиллаад явж байсан бол би эмийн сангаа өгч болох байсан. Энэ хүнтэй эвлэрээд, зохицож болох байсан. Одоо ч гэсэн эвлэрэн, хэлэлцэж болох юм. Хүн амьдралд алдаж болно, онож болно. Ер нь бол шударга амьдрах хэрэгтэй. Энэ байдлаараа яваад байх юм бол амьдрал чинь буруудна. Аль аль тал дээр надтай эвлэрэх боломжтой шүү ...” гэв.
Хариуцагч Навчит тайжинс ХХК-ы захирал С.Дарамбазар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч надтай харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа би эм, тавилга, техник тоног төхөөрөмжийг энэ хүнд хүлээлгэж өгсөн. Гэрээн дээр надад борлуулалтын орлогоосоо сард 2.000.000 төгрөг шилжүүлэх, энэ хүн өөрийн чадвараараа ашгаа өсгөөд хэдэн ч төгрөгийн ашигтай ажилласан үлдсэн ашгаа өөрөө авахаар заалтыг тусгаж өгөхөөр бид харилцан тохиролцсон. 9 дүгээр сар хүртэл надад сар бүр 2.000.000 төгрөгний ашгаа өгсөн. 8 сарынхаас 272,000 төгрөг дутуу өгсөн. 9 дүгээр сарын мөнгөө огт өгөөгүй. Тэгээд би бараагаа хүлээж авах гээд шаардлага тавихад энэ эмийн сан таных биш одоо минийх болсон гэж тайлбарлаж байсан. Яагаад чиний эмийн сан болчихвоо гэхэд би танд эмийг чинь зараад өгсөн. Танд мөнгө өгөхгүй, одоо байгаа мөнгө бол манай аав ээжийн мөнгө гэж хэлсэн. Тэгээд манай эмийн сангийн эмийг өгөхгүй гэхээр нь би “тамгаа авъя” дараа дараагийн арга хэмжээгээ авъя гэхэд манай эмийн сангийн тамгыг өгөхгүй байсан. Тэгээд би 2-3 хоног хүлээж байгаад бараагаа хүлээж авсан. Надад 3.826.800 төгрөгийн барааг хүлээлгэж өгсөн. Хүлээж авсан бараагаа би жижиглэнгийн үнээр хүлээж авсан. Барааг бөөний үнээр хүлээлгэж өгсөн. Энэ хоёрын зөрүү нь 3.405.900 төгрөг болж байгаа юм. Гэрээн дээр “гэрээний хугацаа дуусгавар болоход анх хүлээж авсан үнээрээ хүлээлгэж өгнө” гэсэн боловч энэ хүн гэрээний нөхцлөө зөрчсөн. Би энэ хүнийг аль болохоор ажилтай байлгаж, амьдрал ахуйг нь дээшлүүлчих юмсан гэж л бодож ирсэн. Одоо ч гэсэн би үнийнхээ дүн дээр ярилцаад зөвшилцөх боломжийг олгож байна. Надад энэ хүн 5.675.900 төгрөгийн хохирол учруулсан. Үүнийг эвлэрэх боломжгүй гэж үзэх юм бол барагдуулж өгнө үү гэсэн шаардлагыг тавьж байна. Энэ нь эм барааны дутуу болох 3.405.900 төгрөг гэрээгээр хүлээсэн үүрэг болох 9 дүгээр сарын борлуулалтын ашиг 2.000.000 төгрөг, түүнээс өмнөх сарын дутуу ашгийн орлого болох 227.500 төгрөг, нийт 5.675.900 төгрөгийн Адъяажаваас нэхэмжилж
байна...” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Адъяажав нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх худалдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг 9 дүгээр сард мөнгө хийгээгүй гэж байна. Би 9 дүгээр сард 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Би хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 670.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би 8.400.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 1.600.000 төгрөг байгаа. Уг үлдэгдлийг 2.270.000 төгрөг үлдсэн гэж хариуцагч тайлбарлаад байгаа юм. Би 9 дүгээр сард хийх борлуулалтын орлого болох 2.000.000 төгрөгөө гуйсаар байгаад 1.600.000 төгрөгөөр тооцож хийсэн. Эхлээд ах маань ирээд хариуцагчид хандан “чи хүүхдэд цалин өгөөгүй байна, мөнгийг нь өг” гэж хэлсэн. Гэтэл тохиролцоонд хүрээгүй. Бид 9 дүгээр сард борлуулалтын ашиг болох 2.000.000 төгрөгөө тохирохдоо 1.600.000 төгрөг болгоё гэж тохиролцчихсон байсан. Гэвч би 1.800.000 төгрөг дансанд нь хийсэн. Тамга тэмдгээ өөрөө надад хүлээлгэж өгсөн. Би тамга тэмдгийг нь булааж авсан юм байхгүй. Миний диплом лицензийг маань барьцаалчихсан байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө өгсөн. Яагаад миний диплом лицензийг барьцаалах болсон юм бэ гэж бас асуумаар байна. Дарамбазар гэдэг хүн орлого ороогүй байхад байнга мөнгөө нэхдэг байсан. Нийтдээ 1.800.000 төгрөг өгсөн байхад 9 дүгээр сард огт орлого шилжүүлээгүй гэж намайг гүтгэж байна. 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байнга мөнгөө нэхээд байхаар нь нэг дүүгээрээ 480.000 төгрөг дансанд нь хийлгэсэн. Надад орсон орлого байхгүй байхад л би өртэй юм шиг байнга мөнгө нэхдэг байсан. 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Бадамгарав гэдэг нэрээр Дарамбазарын данс руу 480.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр 670.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ би 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Адъяажав нь хариуцагч Навчит тайжинс хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан цалин 3.300.000 төгрөг, эмийн бөөний төвөөс худалдан авсан эмний үнэ 3.860.000 төгрөг, нийт 7.160.000 төгрөг гаргуулах,
хариуцагч Навчит тайжинс хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал С.Дарамбазар нь нэхэмжлэгч Б.Адъяажавт холбогдуулан дутаасан барааны үнэ 3.405.900 төгрөг, гэрээний хугацаанд шилжүүлэх байсан борлуулалтын орлого 2.270.000 төгрөг, нийт 5.675.900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Адъяажав, хариуцагч Навчит тайжинс хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал С.Дарамбазар нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “ ... Нэг талаас ажил олгогч Навчит тайжинс хязгаарлагдмал хариуцалагатай компаний захирал Самданцогтын Дарамбазар, нөгөө талаас ажилтан Батцагааны Адъяажав нар нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Вансэмбэрүү эмийн сангийн эм зүйчийн албан тушаалд, хэвийн нөхцөлд, тохиролцсоноор цалин хөлсөө авч, 3 сарын хугацаагаар ажиллах нөхцөлтэйгөөр, ажилтан нь сар бүр борлуулалтын орлогоос 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг Навчит тайжинс хязгаарлагдмал хариуцлагатай компаний дансанд тушаах, Нийгмийн даатгал, татварын тайлангаа гаргах хадгалах, Эрүүл мэндийн газарт холбогдох тайланг гаргах, хадгалах үүрэгтэйгээр, хүлээн авсан эм, бараа материалыг гэрээ дуусгавар болох үед 100% хариуцах эд хөрөнгийн хариуцлага тооцох нөхцөлтэйгээр” хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунган ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцлан мөн өдрөөс Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Вансэмбэрүү эмийн сангийн эм зүйчээр хэвийн нөхцөлд, ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хугацаанд ажиллаж, сарын үндсэн цалин 300.000 төгрөг, нийгмийн даатгалыг ажил олгогчоос төлж, борлуулалтын орлогын заагдсан хэмжээг давуулан биелүүлсэн тохиолдолд нэмэгдэл хөлс олгохоор тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан болох нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Навчит тайжинс ХХК-ий захирлын 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаар Б.Адъяажавыг тус компаний Вансэмбэрүү эмийн сангийн эм зүйчээр томилсон тушаал, мөн компаний захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар Б.Адъяжавыг тус компаний эм зүйчийн албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Адъяажавын 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан цалин 3.300.000 төгрөг, эмийн бөөний төвөөс худалдан авсан эмний үнэ 3.860.000 төгрөг, нийт 7.160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Навчит тайжинс ХХК-ий захирал С.Дарамбазар эс зөвшөөрч сар бүр төлөх ёстой борлуулалтын орлого 2.000.000 төгрөгийг дутуу төлсөн, хүлээлгэн өгсөн эмийг дутааж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт: “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.Адъяажав нь “... Би Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч Б.Сарантуяад өргөдөл гаргаж 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн боловч 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрөөсөө зайлуулаад Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байсан. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 05/537 тоот албан бичиг гаргаж шуудангаар явуулсныг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сумын холбооны газраас хүлээн авсан” гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан гэдгээ нотолж, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2. дахь хэсэгт: “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Навчит тайжинс ХХК-ий захирал С.Дарамбазарын “... 2018 оны 9 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн сар бүр ашиг болгон шилжүүлэх байсан 2.000.000 төгрөгөө Б.Адъяажав шилжүүлээгүй. Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эмийн сангийнхаа барааг тоолоход 3.405.900 төгрөгний бараа дутагдсан байсан. Ингээд Б.Адъяажавыг ажлаас нь чөлөөлж, төлбөрөө хэрхэн төлж дуусгах талаар харилцан тохиролцож, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажлаас нь чөлөөлж, амьдрал ахуйг нь харгалзан үзэж 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эм зүйчээр томилон хөдөлмөрийн гэрээ байгуулсан...” гэсэн тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Адъяажав нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар хариуцагч С.Дарамбазар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт:
“Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх ба С.Дарамбазар нь гэрээний үүрэг зөрчигдсөн гэж мэдсэн үеэс буюу 2018 оны 10 дугаар 08-ны өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргах эрхтэй байсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2. дахь хэсэгт: “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан цалин 3.300.000 төгрөг, эмийн бөөний төвөөс худалдан авсан эмний үнэ 3.860.000 төгрөг, нийт 7.160.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
Хариуцагчийн дутаасан барааны үнэ 3.405.900 төгрөг, гэрээний хугацаанд шилжүүлэх байсан борлуулалтын орлого 2.270.000 төгрөг, нийт 5.675.900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.500 төгрөг, хариуцагч Навчит тайжинс ХХК-ий захирал С.Дарамбазарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.764 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлдүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: