| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2018/0158/И |
| Дугаар | 155/ШШ2019/00632 |
| Огноо | 2019-07-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2019/00632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2018/00158/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 10-03 тоотод оршин суух, РУ 78060317 регистрийн дугаартай, Бөөчүүд овогт Төмөрбаатарын Батболдын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 03-09 тоотод оршин суух, РЗ87101914 регистрийн дугаартай, Бумбат овогт Одончимэгийн Анхбаатарт холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Халтар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П .Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Батболд нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... 2018 оны 1 сард О.Анхбаатар нь миний эзэмшлийн ХӨВ 89-84 улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авъя, та хэдээр надад худалдах вэ гэсэн санал тавьсан. Би уг машины мотор янзлах шаардлагатай гэхэд Анхбаатар би уг эвдрэлийг чинь өөрөө засуулъя. Харин та засварын хөлс, мотор янзлуулахад шинээр авч тавих эд ангийн үнийг өөрөөсөө гаргачих, надад мотор янзалдаг сайн засварчин байгаа уг засварчнаар засуулаад би таны машиныг 5.000.000 төгрөгөөр худалдаж авъя, машины үнийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 500.000 төгрөгийг сар бүр танд төлж байна гэж гуйсан. Би түүний саналын талаар эхнэртэйгээ ярилцаад саналыг нь хүлээн зөвшөөрч бидний хооронд тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ амаар байгуулсан. Анхбаатар машины моторыг засварчнаар янзлуулж, би шинээр тавих бүх эд ангийн үнэ, засварчны хөлс болох нийт 1.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж янзлуулаад машиныг Анхбаатар нь өөрөө шалгаж унаж үзээд хүлээж авсан бөгөөд ингэж хүлээж авахад машины эд анги бүрэн, бүтэн ямар нэгэн доголдолгүй, гаднах арьс ямар ч сэвгүй, замаскгүй бүрэн бүтэн машин Анхбаатарт хүлээлгэж өгсөн. Тэрээр манайхаас худалдаж авсан машинаар хот хоорондын хүн тээврийн үйлчилгээ эрхэлж байхад нь олон удаа тааралдаж байсан бөгөөд Орос улс руу байнга явж машины арилжаа наймаа хийдэг гэж хүмүүсээс сонсч байсан. Мөн би машины үнийг нэхэж Анхбаатартай уулзахад машины буруу талын хаалгаар мөргөлдсөн, хаалга нь дахин ашиглах боломжгүй болгочихсон янзлуулах гэж явна гэж таарсан. Гэвч тэрээр ярилцаж тохиролцсон хугацаандаа машины үнийг сар бүр 500.000 төгрөгөөр төлж байхаар тохиролцсон үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. 2018 оны 10 сард би машиныхаа үнийг нэхэхэд таны машин эвдэрсэн. Ханх суманд айлын хашаанд байгаа. Тэр машинаа очиж аваарай, би танд мөнгө өгч чадахгүй гэх болсон. Тэрээр манайхаас худалдаж авсан машинаар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хот хоорондын хүн тээврийн үйлчилгээ эрхэлж байхдаа 4 удаа зөрчил гарган торгуулж байсан байгаа бөгөөд уг торгуулиа огт төлөөгүй, торгуулийн төлбөр төлөх шаардлага манайд ирэх болсон. Мөн манай машиныг Ханх суманд айлын хашаанд хаясан байгаа бөгөөд машин маань тоногдсон үрэгдсэн байдалтай байна гэж нутгийн хүмүүс ярьж хэлж байна.
Иймд О.Анхбаатараас машины үнэ болох 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Халтар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч О.Анхбаатар нь 2018 оны 1 дүгээр сард манай гэрт ирээд автомашинаа худалдах уу гэсэн саналыг тавьж тухайн саналыг нөхөр бид хоёр ярилцаад 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж сар бүр 500.000 төгрөгийг төлөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 5.000.000 төгрөгийг өгч дуусгах болзолтой амаар гэрээ хийсэн. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болж эхний 500.000 төгрөгийн төлөлт болох гэтэл хариуцагч О.Анхбаатар нь ноос, ноолууранд мөнгөө оруулсан, удахгүй мөнгөө өгнө дансныхаа дугаарыг өгчих гэж хэлсэн. Тэгээд мөнгө хийхийг харсан боловч О.Анхбаатар нь маргааш өгнө, нөгөөдөр өгнө гээд 2018 оны 10 дугаар сар хүртэл худлаа хэлж явсан. Манай нөхөр 2018 оны 10 дугаар сар хүртэл мөнгөө өгөхгүй болохоор машинаа буцаан авах гэтэл О.Анхбаатар нь тухайн тээврийн хэрэгслээр Орос яваад Хөвсгөл аймгийн Ханх суманд машиныг маань орхисон байсан. Тэгээд очиж авах гэтэл дөрвөн дугуй байхгүй, машины дор мод эвээд айлын хашаанд орхисон байсан. Тэгээд машинаа авч ирж чадаагүй. Ийм эвдрэлтэй машиныг буцаан авах боломжгүй гэж үзсэн. Хариуцагч нь автомашины үнийг 5.000.000 төгрөгөөс 4.500.000 төгрөг буулгаж өгнө үү гэж хүсэлт гаргахаар нь хүсэлтийг нь хүлээн авч 4.500.000 төгрөгийн үнийн санал дээр тохиролцсон юм. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч О.Анхбаатараас машины үнэ болох 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэжээ.
Хариуцагч О.Анхбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Одончимэг овогтой Анхбаатар нь 2018 оны 01 дүгээр сарын үед санагдаад байна. Танил Батболдоос 89-84 ХӨВ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг 4 сая 500 мянган төгрөгөнд тооцож авахаар аман гэрээ хийсэн. Би уг тээврийн хэрэгслийг авахад мотор нь эвдэрхий хөдөлгөөнд оролцох боломжгүй, урд талын купер нь хагарсан, хойд талын хаалга тээврийн хэрэгслээс өөр өнгөтэй буюу ногоон өнгөтэй байсан. Надад зарсан гэх Истана маркийн тээврийн хэрэгсэл нь шар өнгөтэй байсан. Мотор нь эвдэрхий байсан тул эхлээд танил Болдоогийн хашаанд тээврийн хэрэгслийг чирж аваачсан ба Болдоо машины моторыг 10-аад хоног засаж янзлаад хүчрээгүй тул 13 дугаар багт тээврийн хэрэгсэл засдаг /Батболд бид 2-ын танил/ Нарангаравынд аваачсан. Нарангаравынд тээврийн хэрэгсэл засуулахаар 7 хонуулсан мотор нь зүгээр гээд хөдөлгөөнд ороход машин дахин эвдэрсэн. Би Нарангаравт машиныг засуулахаар 80.000 төгрөг өгсөн. Машин дахин засагдах болсон тул Дамдиндорж одоо нэрийг мэдэхгүй ахад 100.000 төгрөг машин засуулна гэж өгөөд мөн 180.000 төгрөгний грешк авч тавьсан. Ингээд засуулаад Улаанбаатар хот руу зорчигч тээвэрлээд явсан ба замдаа машин дахин эвдэрсэн. Ингээд Улаанбаатар хот руу очин 45.000 төгрөгөөр термистат, 50.000 төгрөгөөр сэнсний мэдрэгч 80.000 төгрөгөөр 2 ширхэг амаржин аваад Улаанбаатар хотоос машиныг чирж Мөрөн оруулж ирээд бүтэн нэрийг нь мэдэхгүй Даймаагаар машинаа засуулахаар болж Мөрөн сумын 1 дүгээр багт байдаг моторчин Чингээ гэдэг айлд аваачин машиныг задлуулсан. Ингээд моторыг засуулахад 130.000 төгрөг, кроп засуулахад 70.000 төгрөг, машины шал ханзарч, няцарсан байсан тул түүнийг засуулахад 120.000 төгрөг өгсөн. Даймаад 50.000 төгрөг өгсөн. Мөн машины эд анги болох 3 дугаар арааг 80.000 төгрөгөөр авч мөн таап 20.000 төгрөгөөр авсан. Машины мотор засвар хийлгэсний дараа 7 дугаар хороонд байдаг Оёкод /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ машин засварчин дээр очин машиы хормойг эргэн тойрон болон хаалгыг будуулсан мөн дунд хаалганы булангийн төмрийг сольсон. Энэ засвар үйлчилгээнд нийт 400.000 төгрөг орсон. Батболдоос авсан тээврийн хэрэгсэлд маш их засвар үйлчилгээ орсон мөн их мөнгө орсон. Машин бүрэн засагдсаны дараа би уг тээврийн хэрэгслээр цөөн удаа хөдөлгөөнд оролцож явсан. Уг тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд ороогүй 2 жил болсон байсан тул үзлэг оношлогоонд оруулсан. Би энэ машин надад ээлээ өгсөнгүй, хэн хэндээ түвэгтэй бизээ. Би энэ машиныг засах гэж их мөнгө орууллаа гээд 2018 оны 8 дугаар сарын сүүлчээр Батболд манайд ирэхээр нь хэлэхэд Батболд надад ямар нэгэн хариу хэлээгүй дуугүй гараад явсан. 2018 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх сумын Мунаа гэдэг залуу Батболдоос 600.000 төгрөгний авлагатай байхдаа Истана маркийн машин авсан байгаад энэ нь эвдэрхий байна гээд Батболдын надад зарна гэсэн 89-84 ХӨВ дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан. Мунаа надаас авч явсан тээврийн хэрэгслээр 1 удаа Орос явсан. Энэ үед нь би хамт явсан ба машин бүрэн бүтэн Ханх суманд Мунын хашаанд аваачиж тавьсан. Муна, Батболд 2 найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Би Батболдод машины өртөг төлөх шаардлагагүй. Учир нь би машинд бусдаар маш их үйлчилгээ хийлгэсэн мөн их мөнгө оруулсан. Би энэ машинаа аваа гэж Батболдод хэлж байхад машинаа аваагүй дуугараагүй манайхаас гарч явсан. Батболд нэхэмжлэлдээ худлаа бичсэн байна. Уг тээврийн хэрэгсэл Мунын хашаанд бүрэн бүтэн байгаа. Муна, Батболд 2 хоорондоо байнга холбоотой байдаг. Батболд Мунынхаар байнга очдог юм. Батболд өөрөө уг тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байгааг мэдэж байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын сүүлчээр Батболд манай гэрт буюу Мөрөн сумын 9-3-9 тоотоос Буян-Очирын хажууд машинаа очиж авъя гээд надаас түлшний мөнгө гэж 130.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Иймд 500.000 төгрөгийг төлөх ёсгүй...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анх наймаа хийсэн гэж ярьж байна. Үүнээс хойш нэхэмжлэгч Т.Батболд нь 2018 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 3-09 тоотод О.Анхбаатарын гэрт нь ирээд Буян-Очирын хажууд автомашинаа очиж авъя түлшний мөнгө өгчих гэж О.Анхбаатарт хэлсэн байдаг. О.Анхбаатар нь 130.000 төгрөгийг бэлнээр өгч машинаа буцаан ав гэж явуулсан байдаг. Хариуцагч нь надад хэлэхдээ тухайн тээврийн хэрэгслийг 4.500.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Би энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Яагаад гэвэл уг тээврийн хэрэгслийг асдаггүй, явдаггүй байхад нь асааж авсан. Түрүүн 1.000.000 төгрөгийн моторын эд анги авч өгсөн гэж шүүгч нэхэмжлэл уншиж байхад дурьдаж байсан. О.Анхбаатар нь тухайн тээврийн хэрэгслийг анх асаахдаа 1.405.000 төгрөгийн сэлбэг худалдан авч үйлчилгээ хийж байсан гэж хэлдэг. Нэхэмжлэгч Т.Батболд нь машинаа буцаан авна гэсэн болохоор энэ талаараа анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэсэн тайлбарыг өгдөг. Энэ байдлаас харахад нэхэмжлэгч, хариуцагч нар нь худалдах худалдан авах гэрээ хийгээгүй гэж үзэж байна. Худалдах худалдан авах гэрээний үндсэн шаардлага нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрээ байгуулаагүй байна. Өмнөх шүүхийн шийдвэрт процессын алдаа гаргасан болохоос биш шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байна гэж харж байсан. Нэгдүгээрт нь: Нэхэмжлэгч, хариуцагч нар худалдах худалдан авах гэрээг байгуулаагүй. Хоёрдугаарт нь: Зээлээр худалдах худалдан авах гэрээг мөн байгуулаагүй. Тухайн гэрээ нь заавал бичгээр хийгднэ гэсэн байдаг. Энэ хоёр хүн бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй байна. Энэ хоёр хүн маань амаараа хэлэлцэж, ярилцаж, тохиролцож итгэлцсэний үндсэн дээр наймаа хийсэн байдаг. Хариуцагчийн эхнэр нь төрөөд 7 хонож байгаа учраас явах шаардлагатай боллоо. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлчилгээнд гарахад бэлэн хашаанд байгаа гэж хэлээд итгэмжлэл хийлгээд явсан. Үнийн дүн дээр маргаагүй. Ер нь Стана маркийн машин буюу 4.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргасан гэж шийдвэр гарсан байхад нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр тухайн тээврийн хэрэгслийг авахгүй. Харин 4.500.000 төгрөгөө авна гэж хэлэхэд эрх нь нээлттэй байна. Өмнөх шүүхийн шийдвэр нь процессын алдаа гаргаснаараа унасан байсан. Тэрнээс биш шийдвэр нь үндэслэлтэй байсан. Би нэхэмжлэгч, хариуцагч нарыг аймар маргасан гэж харахгүй байна. Нэхэмжлэгч тал хууль мэдэхгүй учраас амаар гэрээ хийсэн гэж бодож явж байна. Хариуцагч бол нэхэмжлэгчийг машинаа авна гэж ирэхээр нь та машинаа буцаан аваа гэж хэлээд 130.000 төгрөгийг өгсөн байдаг. Энэ нь гэрчтэй байдаг. 4.500.000 төгрөг буюу Истана маркийн автомашиныг нэхэмжлэгч талд өгөх шийдвэр гаргахад хариуцагч талаас татгалзах зүйлгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Батболд нь О.Анхбаатарт холбогдуулан Istana маркийн автомашины үнэ 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Халтар нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Зохигч Istana маркийн ХӨВ 89-84 улсын дугаартай автомашиныг 4.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Халтар уг автомашиныг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж, төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 500.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулна гэж тохиролцсон боловч мөнгийг нь өгөөгүй учир гаргуулж авна,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд нь нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй итгэлцлийн үндсэн дээр уг автомашиныг О.Анхбаатар нь эзэмшиж байсан одоо ашиглахад ямар нэгэн саад байхгүй тул уг автомашиныг буцаан өгнө гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь:
Зохигч нь ХӨВ 89-84 улсын дугаартай, Istana маркийн автомашиныг 4.500.000 төгрөгөөр худалдах-худалдан авах, төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 500.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцож амаар гэрээ байгуулсан нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт: “...эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно...” гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ нь энэ төрлийн гэрээнд хамаарагдаж байна.
Гэрээний зүйл болох автомашины үнийг талууд 4.500.000 төгрөгөөр тогтоож, үнийг хэсэгчлэн төлөхөөр гэрээний гол нөхцлөө тохиролцсон байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэж тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх бөгөөд хариуцагч О.Анхбаатар нь худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлж, харин худалдагч буюу нэхэмжлэгч Т.Батболдод хэлэлцэж тохиролцсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч О.Анхбаатарын шүүхэд гаргасан: “... Би уг тээврийн хэрэгслийг авахад мотор нь эвдэрхий хөдөлгөөнд оролцох боломжгүй, урд талын гупер хагарсан, хойд талын хаалга тээврийн хэрэгслээс өөр өнгөтэй буюу ногоон өнгөтэй байсан. ... Батболдоос авсан тээврийн хэрэгсэлд маш их засвар үйлчилгээ орсон мөнгө их орсон. Маш бүрэн засагдсаны дараа би уг тээврийн хэрэгслээр цөөн удаа хөдөлгөөнд оролцож явсан... ” гэх тайлбараас дүгнэхэд уг тээврийн хэрэгслийг
доголдолтой гэдгийг хариуцагч О.Анхбаатар нь мэдэж байжээ.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт: “ Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага эрхээ алдана .
255.1.1 эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан ...” гэж заасан байх тул О.Анхбаатар нь эд хөрөнгийн доголдлын талаар гаргах шаардах эрхээ алдсан байна.
Иймд хариуцагч О.Анхбаатараас Istana маркийн ХӨВ 89-84 улсын дугаартай автомашины үнэ 4.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Батболдод олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Анхбаатараас 4.500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Батболдод олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: