| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2019/00349/И |
| Дугаар | 138/ШШ2019/00465 |
| Огноо | 2019-06-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2019/00465
2019 06 17 138/ШШ2019/00465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 62 дугаар байрны 02 тоотод байрлах, 9917861 регистрийн дугаартай, Баянтүмэн сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 61 дүгээр байрны 19 тоотод оршин суух, ЛЙ91102036 регистрийн дугаартай, Мөнх овогт Ганбатын Мөнхтүвшинд холбогдох,
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 387000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхбаяр, хариуцагч Г.Мөнхтүвшин, нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Баянтүмэн сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянтүмэн сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний хураамжийг 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нэг метр квадратыг 200 төгрөгөөр тогтоосон. Үүний дагуу Г.Мөнхтүвшин нь сард 21500 төгрөг төлөх ёстой. Х.Мөнхтүвшин нь 2017 оны 7-12 сарын 129000 төгрөг, 2018 оны 1-12 сарын 258000 төгрөг, нийт 387000 төлөөгүй байна. Иймд Г.Мөнхтүвшингээс 387000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал ажилтай Д.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 61 дүгээр байрны 19 тоотод өмнө нь Тунгалагтамир гэдэг хүн оршин суудаг байсан. Тэгээд Мөнхтүвшинд байраа зарсан юм билээ. Тунгалагтамир нь байраа зарах үедээ манай нягтлан бодогчтой таараад сууц өмчлөгчдийн холбооны үлдэгдэл төлбөрийг шинээр орсон айлаас аваарай гэж хэлсэн байсан. Үүний дагуу бид Мөнхтүвшингөөс сууц өмчлөгчдийн холбооны үлдэгдэл төлбөрийг нэмж нэхэмжилсэн. Баянтүмэн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл нь 61 дүгээр байрны 19 тоот болон бусад өр төлбөрийн асуудалтай айлуудын талаар хуралдсан. Удирдах зөвлөлөөс өмнөх айлын өр 129000 төгрөгийг Мөнхтүвшингийн тооцооноос хасаж тооцох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Тунгалагтамиртай утсаар ярьж сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн асуудлаа шийдвэрлэх талаар нь хэлсэн. Мөнхтүвшин нь Тунгалагтамиртай ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Мөнхтүвшингийнх сард засвар үйлчилгээний хураамж 10800 төгрөг, орцны халаалтанд 1000 төгрөг, орцны цахилгаанд 500 төгрөг, жижүүрийн мөнгө 7000 төгрөг, бичиг хэргийн зардалд 200 төгрөг, автогражийн цэвэрлэгээнд 2000 төгрөг, нийт 21500 төгрөг төлөх ёстой. Энэ бүх зардлыг хэрхэн тооцож авах талаар оршин суугч нар өөрсдөө хуралдаад шийдсэн. Граж хувьчилж авсан айлууд жижүүртэй тохирч цэвэрлэгээ хийлгэсний хөлсөнд 2000 төгрөг өгдөг. Автогражийн цэвэрлэгээтэй холбоотой хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоход татгалзах зүйл байхгүй, бусад төлбөрөө нэхэмжилнэ гэв.
Хариуцагч Г.Мөнхтүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ч.Тунгалагтамираас Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 61-р байрны 19 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч 2 сард хурим найраа хийж албан ёсоор орсон. Энэ өдрөөс эхлэн байрны ус, цахилгаан, дулаан зэрэг төлбөрүүдийг төлж эхэлсэн. Баянтүмэн сууц өмчлөгчдийн холбоо хэмээх энэхүү байгууллага нь төлбөр авч үйл ажиллагаа явуулдаг болохыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирж нэхэмжлэл авахдаа мэдсэн. Энэхүү сууц өмчлөгчдийн холбоо нь надтай уулзаж төлбөр хураамж авдаг талаар мэдээлэл өгөөгүй, намайг оршин сууж байх хугацаанд нэг ч удаа СӨХ-ны хурал хийгээгүй, надаар нэг ч удаа гарын үсэг зуруулж байгаагүй. Зарлалын самбар дээр Тунгалагтамир гэдэг хүн өр төлбөртэй гэсэн бичиг л хадагдсан байсан. Энхбаяр гэж хүнтэй уулзах гээд очихоор ажил дээрээ байдаггүй байсан. ...Сууц өмчлөгчдийн холбоо нь ямар ч ажил хийгээгүй. Бид ямар орчинд амьдарч байгаагаа мэдэхээ болих үе байсан. Мөн сууц өмчлөгчдийн холбооны хураасан мөнгө юунд хэрхэн зарцуулагддаг талаар зарлалын самбараас харахад дусаал гоожихоос хамгаалдаг материал /шинээр ашиглалтанд орсон барилга дээврийн засвар хийдэг нь ойлгогддоггүй/, халуун хүйтэн усны төлбөр /нийтийн аж ахуйд халуун, хүйтэн усны төлбөр, гражийн төлбөр болох 8000 төгрөг нэмж төлдөг/, үр хүүхэд тань тоглох гаднах сайхан талбай, гадаа суух сүүдрэвч /61-р байрны гадаа ямар ч тоглоом, сүүдрэвч байхгүй/, явган хүн болон машины зогсоол /одоо болтол 5-р байрны Мандал бэл авто жолооны 2 машин, төрийн банкны үйлчлүүлэгчдийн машинууд өдөр бүр зогсож байгаагаас болж цагдаа дуудаж хүртэл гарцыг чөлөөлүүлж байсан/, лифтний үйлчилгээ /61-р байр нь лифтгүй байр/ зэрэг дундын эзэмшлийн төлбөрт зарцуулагддаг гэсэн байна. Энэ бүгдэд төлбөр төлөх нь утгагүй боловч миний бие 2018 оны 2 сараас буюу амьдарч эхэлсэн цагаасаа хойш гарсан төлбөрийг төлж барагдуулна. Өмнөх айлын төлбөр 129000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Баянтүмэн сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.Мөнхтүвшингээс нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2017 оны 07 сараас 2018 оныг дуусталх хугацааны нийт 387000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 36000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан 351000 төгрөг нэхэмжилсэн болно.
Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцны 61, 62 дугаар байрны сууц өмчлөгчдийн холбоог байгуулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлээр орон суугчид засвар үйлчилгээний хураамжийг нэг метр квадратыг 200 төгрөг байна, бусад зардлыг хэдэн төгрөгөөр тооцож авахыг тогтоосон, энэ дагуу нэхэмжилсэн... гэж тайлбарладаг.
Хариуцагч Г.Мөнхтүвшин нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй, татгалзаж буй үндэслэлээ ... тус сууц өмчлөгчдийн холбоо нь надтай гэрээ байгуулаагүй, төлбөр хураамж авдаг талаар мэдээлэл өгөөгүй, ажил, засвар үйлчилгээ огт хийгээгүй, хийсэн ажлаа тайлагнаагүй, ...мөн өмнөх айлын төлбөр 129000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна... гэж маргадаг.
Баянтүмэн сууц өмчлөгчдийн холбоо нь 2017 оны 7 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хариуцагч Г.Мөнхтүвшин нь уг орон сууцны өмчлөгч болох талаар маргаагүй болно. Иймд сууц өмчлөгч нь хуульд зааснаар заавал тухайн холбооны гишүүн байна.
Хариуцагч Г.Мөнхтүвшин нь Баянтүмэн сууц өмчлөгчдийн холбооны харъяа 61 дүгээр байрны 19 тоот орон сууцны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2017 оны 7 сараас 2018 оны 12 сарыг дуусталх хугацааны нийт 351000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-тус тус зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.
Түүнчлэн сууц өмчлөгч нь холбооны бүх гишүүдийн хуралд аливаа асуудлаар саналын эрхтэй оролцож, хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах, засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх, улмаар Сууц өмчлөгчдийн холбоо хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуульд заасан үүргээ биелүүлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгч хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээ биелүүлсний эцэст сууц өмчлөгчдийн холбоо, улмаар холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлүүдэд тус тус холбогдох асуудлаар шаардлага гаргах эрхийг эдэлнэ.
Баянтүмэн сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгч Г.Мөнхтүвшинтэй гэрээ байгуулаагүй нь буруу боловч сууц өмчлөгчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Мөн хариуцагч нь өмнөх айлын амьдарч байсан үеийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцдэг.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг орон сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан байх тул хариуцагч Г.Мөнхтүвшин нь өмнөх өмчлөгчийн уг орон сууцтай холбоотой биелэгдээгүй үүргийг хариуцах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Г.Мөнхтүвшингээс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 351000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баянтүмэн сууц өмчлөгчдийн холбоонд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 12260 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Г.Мөнхтүвшингээс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 351000 /гурван зуун тавин нэгэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баянтүмэн" сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12260 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнхтүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 11180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Баянтүмэн" сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ