| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2017/00599/И |
| Дугаар | 212/МА2018/00012 |
| Огноо | 2018-02-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 212/МА2018/00012
Ж.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 693 дугаар шийдвэртэй, Ж.Б-ы нэхэмжлэлтэй, Өлгий сумын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 8 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 2920900 төгрөг, ажилгүй байсан хугацааны 8 сарын цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлд 312300 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож өгөх” тухай.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Ж.Б-ы нэхэмжилж буй 3242199 төгрөгөөс түүнд илүү олгосон 492996 /дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: “Монгол Улсын иргэн Ж.Б намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 128 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Өлгий сумын бүрэн дунд сургуульд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Ажил олгогч 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр "Ажилд томилох тухай" 74 тоот тушаалаар намайг тус сургуульд англи хэлний цагийн түр багшаар томилсон. Одоо би багшийн ажлыг хийж байна. Ж.Б би ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хүссэн боловч татгалзсан хариу өгсөн. Иймд багш Ж.Б миний 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 8 сарын цалин хөлсний нөхөн олговорт 2920900 төгрөг, ажилгүй байсан 8 сарын хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 312300 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
Сөрөг нэхэмжлэлд: “Ж.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хүргүүлсэн хариу тайлбараар Ж.Б-д 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад илүү олгосон цалин хөлсийг суутгаж авахаа илэрхийлсэн байсан. Тэрхүү илүү олгосон цалин хөлсийг Ж.Б-ы нэхэмжилж буй үнийн дүнгээс заавал хасуулахын тулд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ж.Б нь 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад үндэслэлгүйгээр илүү цалин хөлс авч байсан нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр актаар тогтоогдсон. Хэрэв сөрөг нэхэмжлэл гаргахгүй юм бол Ж.Б-ы ажилгүй хугацааны цалин хөлсийг тооцохдоо дээрх үндэслэлгүйгээр илүү олгогдсон цалин хөлсний дунджаар тооцогдож болзошгүй байна. Мөн түүний нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны олговроос байгууллагад учруулсан хохирлыг заавал хасаж тооцохгүй бол төрийн байгууллага хохирч үлдэх эрсдэлтэй байна. Ж.Б нь 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудад илүү авсан цалин хөлс нь түүний нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй салшгүй холбоотой байх тул илүү 492996 /дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: “Иргэн Ж.Б-ыг тус сургуулийн захирал Х.Х би 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 74 тоот тушаалаар мэргэжлийн дагуу аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00065 дугаар магадлал, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн англи хэлний цагийн түр багшаар ажилд томилсон. Ж.Б нь “би анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар “Иргэний боловсрол”-ын хичээл заах ёстой” гэж аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хандсанаар 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн захирлын 81 тоот тушаалаар “Иргэний боловсрол”-ын багшаар томилсон ба одоо ажиллаж байгаа. Иргэн Ж.Б-ыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 109 тоот тушаалаар “Түүх нийгэм”-ийн багшаар түр хугацаагаар томилсон. Учир нь дунд ангийн 7, 8 дугаар ангид “Иргэний боловсрол”-ын хичээл нь 9 цагтай. Улмаар Ж.Б-ыг мэргэжлийн бус багш гэсэн өргөдөл гомдол ард иргэдээс удаа дараа ирснээр хувийн хэрэг материалуудыг шалгаж үзэхэд мэргэжил нь “Англи хэлний багш-Нийгмийн ажилтан” байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн захирлын 02 тоот тушаалаар чөлөөлсөн болно. Ж.Б-ы нэхэмжлэлтэй танилцахад: 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл 8 сарын цалин хөлсний нөхөн олговор олгуулахыг дурдсан байна. Иргэн Ж.Б 2016-2017 оны хичээлийн жилийн 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хичээлийн хуваарьт тусгагдсан цагаар 7 хоногт “Иргэний боловсрол”-ын хичээл 7, 8 дугаар ангиудад 9 цагийн хичээл ордог. Үндсэн багшаар ажиллаагүй. Бага дунд боловсролын тухай хуулиар “багшийн 7 хоногийн ажлын цаг нь 40 цаг байна. Сургуулийн багш 7 хоногт 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил 6 цагтай тэнцэх буюу ажлыг тус тус гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх ажилд ноогдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана” гэж заасан байдаг. /БСШУ-ны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тушаалын 10, 11 дүгээр зүйл заалт/ Дээрх хамтарсан тушаалын хавсралтын “Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмын 23, 24 дүгээр заалтыг үндэслэн цагийн хөлс олгодог. Тус журмыг үндэс болгон Ж.Б-ы ажиллаагүй хугацааны сар бүрийн цагийн тооцоо, цалин хөлсийг дунд ангийн сургалтын менежер А.Ж, нягтлан бодогч Д.З нараар тооцоолуулахад 2017 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны гарт олгох цалин хөлс 442260 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл 64325 төгрөг гарсан байгаа. Харин Ж.Б-ы ээлжийн амралтын хувьд Монгол улсын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дугаар заалтад заасанчлан, сургуулийн багш нарын СХЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны хурлаар хэлэлцэж баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.8 заалтыг үндэслэн цагийн багшаар түр ажилласан багш Ж.Б-д амралтын мөнгө олгогдохгүй.
Түүнчлэн иргэн Ж.Б-ы хөдөлмөрийн гэрээний ажил амралтын горимд амралт эдлэх хугацаа амралтын мөнгөний хэмжээг тусгаагүй. Энэ нь амралтын мөнгийг нэхэхгүй, олгогдохгүй гэсэн санааг агуулж байна. Түүнээс гадна Ж.Б-ы 2017 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны гарт нь олговол зохих 442260 төгрөгөөс Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас тогтоосон актыг үндэс болгон байгууллагад учруулсан хохирлыг суутган авах болно. Иймд иргэн Ж.Б-ы нэхэмжлэлд дурдсан мөнгийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй, хэсэгчлэн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 64325 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа болно.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 693 шийдвэрээр:
“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ы ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2427904 /хоёр сая дөрвөн зуун хорин долоон мянга есөн зуун дөрвөн/ төгрөгийг Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан олгож, ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэлд 312300 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг үүрэг болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Өлгий сумын бүрэн дунд сургуулийн 492996 /дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ж.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Өлгий бүрэн дунд сургуулийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр нэг талын ашиг сонирхлын үүднээс үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Ж.Б-ы эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаж түүнээс 2016 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад илүү авсан цалин хөлс болох 492996 /дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг хасуулсан.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Б-ы ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо түүний илүү авч байсан цалин хөлсөөр тооцоо гаргасан нь түүний шийдвэр бодит үнэнээс зөрсөн явдал боллоо. Нэгэнт 9, 10, 11, 12 саруудад илүү цалин хөлс авч байсан гэдгээ өөрөө зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн. Манай салбарын холбогдох хууль, журмын дагуу цагийн багшаар ажиллаж байгаа ажилтанд ээлжийн амралтын олговрыг өгдөггүй. Гэтэл шүүгч холбогдох журмыг харгалзахгүйгээр олговрыг гаргасан нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 4-т “Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр нь тооцон олгоно. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагад анх ажилд орсон өдрөөс эхлэн тооцогдоно”, мөн журмын 7-д “Ажил олгогч нь ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох, хоёр амралтын хоорондох хугацаа болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна” , Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.8-д “тэтгэвэр тэтгэмж авах, амрах эрх эдэлнэ. Үндсэн багшид ногдох амралтын мөнгө урамшуулал олгох бөгөөд цагийн багшаар ажилласан багшид амралтын мөнгө урамшуулал олгохгүй” гэж заасан байна. Иймээс цагийн багшаар ажиллаж ирсэн Ж.Б-д амралтын мөнгөн урамшуулал олгох боломжгүй. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 693 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацаанд олгогдох нөхөн олговортой холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч зарим тооцооллын алдаа гаргасныг, түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ материаллаг хуулийн зохицуулалтыг баримтлаагүй орхигдуулсныг тус тус шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Ажилтан Ж.Б нь ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан нь зохигчийн тайлбар, Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00065 дугаар магадлал, тус аймгийн Өлгий сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Түүний ажиллаж байх үеийн дундаж цалин хөлсийг №А0829485 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолттой харьцуулан дүгнэвэл, тэрээр ажлаас халагдахаас өмнө 2016 оны 10 дугаар сард 511389 төгрөгийн, 11 дүгээр сард 291974 төгрөгийн, 2 дугаар сард 291974 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан, нэг сарын дундаж цалин хөлс нь 365112 төгрөг байжээ. Үүнийг ажилтны ажилгүй байсан 8 сарын хугацаагаар үржүүлэн тооцвол, 2920900 төгрөгийг хариуцагч байгууллагын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн үндэслэлд ажилтны ажилгүй байсан олговроос сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн 492996 төгрөгийг дахин хасаж тооцсон нь үндэслэлгүй болжээ.
Хариуцагчаас “ажилтан Ж.Б-ы ажилгүй байсан дундаж цалин хөлсийг тооцохдоо түүний ажиллаж байх үе буюу 2016 оны 10, 11, 12 дугаар сарын цалинг үндэс болгосон нь бодит байдалд нийцэхгүй, учир нь тус саруудад Ж.Б нь үндэслэлгүйгээр илүү цалин авч байсан нь тогтоогдсон” гэж үзэж, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 99 /18-04/99/ тоот актыг шүүхэд гаргаж өгчээ. Улсын байцаагчийн уг актын агуулгаас үзвэл, ажилтан Ж.Б-д олгож байсан цалин хөлстэй холбоотой боловч хууль, журмыг зөрчиж илүү олгосон гэх 492996 төгрөгийг сургуулийн захирал, нягтлан бодогч, сургалтын менежер нараар нөхөн төлүүлэхээр тогтоосон байна. Энэ нь хэрэгт цугларсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг үндэслэж, ажилтны ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын цалин хөлсийг үндэс болгож, нэг сарын дундаж цалин хөлсийг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзнэ. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “хариуцагчаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлагыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 (тухайн үед мөрдөгдөж байсан буюу Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх), 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг хэрэглээгүй орхигдуулсан, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажилтны нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэж, хуульд зааснаар тооцоолоогүй /2920900 х 11 хувь = 321299/ байх тул энэ байдлыг залруулж, Өлгий сумын дунд сургуулийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос ажилтан Ж.Б-ы 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 321299 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг хариуцагчид үүрэг болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасан зохицуулалтыг баримталсан тохиолдолд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг давхар баримтлах шаардлагагүй гэж үзнэ.
2. Хариуцагчийн “хууль, журам зөрчиж ажилтанд илүү олгогдсон 492996 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогджээ.
Шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ материаллаг хуулийн зохицуулалтыг баримтлаагүй орхигдуулсан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнд хавсаргасан баримт, зохигчийн тайлбар зэргийг үндэслэл болгож, Иргэний хуулийн үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэгч Ж.Б-аас 492.996 төгрөг гаргуулан хариуцагч Өлгий сумын бүрэн дунд сургуульд олгож, хэргээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, давж заалдах гомдол нь тус тус хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 693 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч Өлгий сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс ажилтан Ж.Б-ы 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2.920.900 /хоёр сая есөн зуун хорин мянга есөн зуу/ төгрөг гаргуулж, Ж.Б-д олгосугай.
1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан Өлгий сумын бүрэн дунд сургуулийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос Ж.Б-ы 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 321.299 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлж, энэ тухай ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.” гэж, 2 дахь заалтыг:
“2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэгч Ж.Б-аас 492.996 төгрөг гаргуулан хариуцагч Өлгий сумын бүрэн дунд сургуульд олгож, хэргээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтыг:
“4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.850 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Өлгий сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 66.850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Өлгий сумын бүрэн дунд сургуулийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
С.ӨМИРБЕК