| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2023/0988/3 |
| Дугаар | 221/МА2025/0282 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2025/0282
“ТАӨ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,
Нэхэмжлэгч: “ТАӨ” ХХК
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.Э, Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2023/0988/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дүгээр шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТАӨ” ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1.Анхан шатны шүүх "маргаан бүхий тогтоолууд хэрэгжих цаг хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан ЭХЗХ-ны Тогтоолоор баталсан Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлалын 3 дугаар зүйлийн 3.5-д Дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн худалдах, худалдан авах эрчим хүчний хэмжээний өөрчлөлт, хэрэглээний бүтэц, хэрэглэгчийн үнийн өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчийн дундаж үнэд өөрчлөлт орж, орлого нэмэгдэх тохиолдолд үйлчилгээний хувьсах ба тогтмол төлбөрт нийцүүлэн худалдан авах үнэд өөрчлөлт оруулна. Харин орлого буурсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч санал ирүүлбэл борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд нийцүүлэн худалдан авах үнэд зохих өөрчлөлт оруулна гэж зааснаар нэхэмжлэгчийн худалдан авах эрчим хүчний хэмжээ өөрчлөгдөж орлого нь нэмэгдсэн, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд өөрчлөлтүүд орсон зэргээр тариф өөрчлөх бодит нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компанийн тарифыг өөрчлөн тогтоосон нь холбогдох хууль, журамд нийцжээ." гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй юм.
2.2.Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлд Тариф тогтоох зарчмын талаар заасан бөгөөд 26.2.1-д "үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах", 26.2.5-д "тусгай зөвшөөрөл эзэмшигчийн орлого нь түүний санхүүгийн чадавх хэвийн байлгахуйц хэмжээнд байх", 26.2.7-д "эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх" 26.2.8-д "тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон ашгийн зохих түвшинг хангасан байх." гэж тус тус заасан.
2.3.Хариуцагч нь "ТАӨ" ХХК-ийн тарифыг тогтоохдоо тус компанийн зөвхөн орлогыг харж, орлого нэмэгдсэн гэсэн ганцхан шалтгаанаар бодит зардлыг тооцохгүйгээр тарифыг үндэслэлгүйгээр, алдаатай тогтоосон, энэ нь буруу юм. "ТАӨ" ХХК нь өөр 2 компанитай хамтарч ажилладаг бөгөөд тухайн 2 компанийн орлого нь тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдэг утгаараа "ТАӨ" ХХК-ийн орлого дээр нийлж гардаг, гэтэл хариуцагч нь орлого нэмэгдсэн гэж тарифыг зөрүү арилгах үндэслэлээр тогтоосон нь алдаатай юм, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн 2021 оны нийт орлого нь 904 сая төгрөг, БОШХ буюу ЭХЗХ-ны тогтоож өгсөн зардал нь 368.2 сая төгрөг байна. Танайх 904 сая төгрөгийн орлого олоод 368.2 сая төгрөгийн зардалтай, 400, 500 сая төгрөгийн орлоготой үлдэж байна, орлого нэмэгдсэн учир үүнийг харгалзан тариф тогтоосон гэж маргадаг. Гэтэл хэдийгээр "ТАӨ" ХХК-ийн 2021 оны орлого 904 сая гэж харагдаж байгаа боловч энэ орлого нь зөвхөн "ТАӨ" ХХК-ийн орлого биш, хамтран ажилладаг 3 компанийн нийт орлого бөгөөд уг мөнгийг нийт 3 компани хувааж авч байгаа бөгөөд зардлыг мөн 3 компанид хувааж тооцох ёстой юм. ЭХЗХ нэхэмжлэгч компанийн зардлыг 368 сая төгрөг гэж тогтоосон, нөгөө 2 компани мөн тус тусдаа энэ хэмжээний зардлууд гарч байгаа бөгөөд "ТАӨ" ХХК-ийн 2021 оны орлого гэх 904 сая төгрөгөөс зарлага 368.2 сая төгрөгийг хасаж, үлдсэн 400, 500 сая төгрөг нь нэхэмжлэгчид орлого болж үлдэж байгаа мөнгө биш, нөгөө 2 компанийн зардалд гарч байгаа мөнгө юм. Үүнийг хариуцагч байгууллага болон анхан шатны шүүх зөв тогтоож, үнэлж дүгнэж чадаагүй.
2.4."ТАӨ" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сард хэрэглэгчдээс авах дулааны орлогын төлөвлөгөө нь 123,6 сая төгрөг байна, гэтэл УДС компани "ТАӨ" ХХК-д 235 сая төгрөгийн дулааны төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн. Энэ нь хариуцагч ЭХЗХ-ны маргаан бүхий үндэслэлгүй тогтоолоос болоод тариф нэмэгдэж, 111.9 сая төгрөгийн зөрүү гарч, нэхэмжлэгч үндэслэлгүйгээр өрөнд орсон. 2022 оны 1 дүгээр сард нэхэмжлэгч 118.4 сая төгрөгийн борлуулалтын орлоготой, гэтэл УДС компани ЭХЗХ-ны тарифыг үндэслээд 115.9 сая төгрөгийн нэхэмжлэх ирүүлсэн. Үүнээс харахад хариуцагчийн маргаан бүхий тогтоолууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй, нэхэмжлэгч компани өөрийн олсон орлогоос хэт дахин их дулааны төлбөрийг УБ дулааны сүлжээ компанид төлөх ямар ч боломжгүй болж байгаа нь харагдаж байгаа болно. ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлд заасан "Хуульд үндэслэх", "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэж заасан бөгөөд үүнийг хариуцагч байгууллага зөрчсөн.
2.5.Хариуцагч байгууллага нь Тариф тогтоохдоо дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлалаар тооцож гаргасан гэж тайлбарладаг. Гэтэл тогтоосон тариф нь Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлалд заасантай огт нийцэхгүй байгаа болно. Тус аргачлалд БОШХ-г буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ гэж заасан. Энэ борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ гэдгийг яаж олохыг аргачлалд тодорхой заасан. Энэ нь тухайн компанийн үйл ажиллагааны зардал гэж тодорхойлогдож байгаа болно. Үйл ажиллагааны зардалд тулгуурлаж тариф тогтооно. Гэтэл хариуцагч Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлалыг зөрчиж, Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлд Тариф тогтоох зарчмын 26.2.1-д "үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах" гэж заасныг зөрчиж, компанийн бодит өртөг, зардалд тулгуурлаагүй, нийт 3 компанийн орлогыг зөвхөн "ТАӨ" ХХК-ийн орлого мэтээр буруу тооцож, орлого нэмэгдсэн гэж орлогод тулгуурлаж хэт өндөр төлөх боломжгүй тариф тогтоосон нь тодорхой харагдаж байгаа болно. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа аливаа шийдвэр нь тухайн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, эрх зүйн байдлыг дордуулаагүй, бодит нөхцөл байдалд тохирсон, биелэгдэх боломжтой байх ёстой.
Гэтэл хариуцагчийн баталсан Тариф нь зөвхөн нэг сарын дотор компанийг 300 гаруй сая төгрөгийн өр төлбөрт оруулсан, Эрчим хүчний зохицуулах хороо 3,013,40 төгрөг байсан үнийн тарифыг үндэслэлгүйгээр нэмж, хэд дахин өндөр үнээр буюу 12,309,57 төгрөг гэж тогтоосон, нэхэмжлэгч нь "УДС” ТӨХК-иас дулааны үнийг 12,309,57 төгрөгөөр худалдаж авах болсон хэрнээ цааш нь хэрэглэгчдэд үүнээс хэд дахин бага үнийн тарифаар тооцож, халаалт, дулааны үнийг хэрэглэгчдээс авдаг. Хариуцагч нэхэмжлэгчийн хэрэглэгчдээс авах дулааны үнийн тарифт өөрчлөлт оруулаагүй, үүнээс шалтгаалж компани болон "УДС" ТӨХК-ийн хооронд их хэмжээний дулааны төлбөрийн зөрүү төлбөр, өр авлага үүссэн. Бодит байдал дээр манай компани хэрэглэгчдээс дулаан, халаалтын үнийг тарифыг 3,013,40 төгрөгөөр тооцож, халаалт дулааны төлбөрийг авч байхад хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 3,013,40 төгрөгөөс давсан хэд дахин өндөр үнээр буюу 12,309,57 төгрөгөөр "УДС" ТӨХК-иас худалдан авах дулааны үнийн тарифыг тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй, бодит байдал дээр биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй байсан гэдэг нь нотлогдож байгаа болно.
Хариуцагч байгууллага нь тариф тогтоохдоо Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан Тариф тогтоох зарчмыг баримтлаагүй зөрчсөн, Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлалыг буруу хэрэглэж, бодит байдалд биелэгдэх боломжгүй, үндэслэлгүй захиргааны акт гаргасан болох нь харагдаж байгаа юм. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж чадаагүй бөгөөд Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлалд заасан БОШХ-г буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан Тариф тогтоох зарчим зөрчигдсөнийг харгалзаж үзээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 128/ШШ2025/0081 тоот Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Маргааны үйл баримтын тухайд:
1.Нэхэмжлэгч “ТАӨ” ХХК-д 2019 оны 12 дугаар сараас 33/2019 дулаан түгээх, 34/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон бөгөөд хариуцагчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 555 дугаар тогтоолоор[1] “...нэхэмжлэгчид олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгч компани нь С дүүргийн 2, 3 дугаар хороодын 17 байрны 1185 өрх, 105 аж ахуйн нэгж, байгууллага, Б дүүргийн 4, 8, 11 дүгээр хорооны 7 байрны 414 өрх, 21 аж ахуйн нэгж, байгууллага гээд нийт 1858 хэрэглэгчдэд дулааны эрчим хүчээр хангах үйл ажиллагааг эрхэлсэн.[2]
3.Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хурлаар[3] хэлэлцэн, маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаар тогтоолоор[4] “...Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “ТАӨ” ХХК-ийн “УДС” ТӨХК-аас худалдаж авах дулааны тарифыг 3013.40 төгрөг байхаар баталж, уг батлагдсан тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.
4.Маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар “Тарифт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор[5] Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх тогтоолын 1 дэх хэсэгт 3,013.40 төгрөг /ГЖ гэж заасныг 12,309.57 төгрөг/ ГЖ болгож, мөн дээрх тогтоолын хавсралтад заасан дулаан түгээх, хангах үйлчилгээний төлбөр буюу тарифыг 30,686.30 мян.төг/сар гэж заасныг 237,596.83 мян.төг/сар болгож тус тус өөрчилж, энэхүү өөрчлөгдсөн тарифыг 2021 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөж ажиллахыг үүрэг болгож, уг 2021 оны 615 дугаар тогтоол нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.
5.Харин маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар “Тариф батлах тухай” тогтоолоор[6] Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “ТАӨ” ХХК-ийн “УДС” ТӨХК-аас худалдаж авах дулааны тарифыг /НӨАТ ороогүй/ 3759.30 төгрөг/ГЖ байхаар баталж, уг батлагдсан тарифыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөж ажиллахыг үүрэг болгож, мөн уг тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэлд холбогдох хуулийн хэрэглээний тухайд:
6.Нэхэмжлэгч нь “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар тогтоолуудыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.
7.Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.” 9 дүгээр зүйлийн 9.1-т ”Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 9.1.4-т “тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх” 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.” 26 дугаар зүйлийн 26.4-т “Зохицуулах хороо нь тарифыг тодорхойлох аргачлал болон тарифын саналыг хянах, шалгах журмыг гаргана”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь хангагчаас үзүүлж байгаа үйлчилгээний нөхцөл, үнийг жил бүр, тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдол бүрд хянана.” гэж заасан.
8.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, хариуцагч нь эрчим хүчний үнэ тариф тогтоох, тариф тогтоох аргачлал боловсруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах эрхтэй бөгөөд шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцэх үүрэгтэй байна.
9.Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь дээрх Эрчим хүчний тухай хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар тогтоолуудыг тус тус баталжээ.
10.Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актуудыг батлан гаргахдаа нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн техник эдийн засгийн үзүүлэлт, борлуулалтын орлого, борлуулалтын орлогын бүтэц, үйл ажиллагааны зардал ба БОШХ, цалингийн зардал, ашиглалтын цахилгаан, элэгдлийн зардал, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ-бүтэц, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ-шийдвэрлэсэн, орлого, зарлагын өөрчлөлт, ХОСНААК-иудын харьцуулсан судалгаа, тариф, тогтоолын төсөл, төслийн санал зэрэг холбогдох мэдээллүүдийг танилцуулгад тусган Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцүүлсэн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр тэмдэглэл[7], 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тэмдэглэл[8] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
11.Иймээс хариуцагчийг “Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал”-ийн 3.5-т “Дамжуулах, түгээх, хангах ТЗЭ-ын худалдах, худалдан авах эрчим хүчний хэмжээний өөрчлөлт, хэрэглээний бүтэц, хэрэглэгчийн үнийн өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчийн дундаж үнэд өөрчлөлт орж, орлого нэмэгдэх тохиолдолд үйлчилгээний хувьсах ба тогтмол төлбөрт нийцүүлэн худалдан авах үнэд өөрчлөлт оруулна.” гэж зааснаар өөрт олгогдсон “тарифт өөрчлөлт оруулах” бүрэн эрхийг хэтрүүлсэн, маргаан бүхий захиргааны актуудыг батлан гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
12.Дээрхээс гадна, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ “2021 оны 615 дугаар тогтоолоор “үйлчилгээний тарифыг өмнө нь 3,013.40 төгрөг байсныг 12,309.57 төгрөг” болгон өөрчлөхдөө нэхэмжлэгчийн үйл ажиллагааны бодит өртөг зардлыг харгалзан тогтоогоогүй” гэж тайлбарлан маргажээ.
13.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь маргаан бүхий 72 дугаар тогтоол хэрэгжсэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, мөн маргаан бүхий 615 тогтоол хэрэгжсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд эдгээр тогтоолоор тогтоосон тарифуудыг бодит байдалд биелүүлэн үйл ажиллагаагаа явуулсан гэдэг нь тогтоогдож байна.
14.Мөн нэхэмжлэгч компани нь эдгээр тогтоол биелэгдсэн тухайн цаг хугацаанд тэдгээрийг одоогийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар “бодит байдалд биелэгдэх боломжгүй” үндэслэлийг дурдан хариуцагч болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж маргасан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
15.Түүнчлэн маргаан бүхий 615 дугаар тогтоол биелэгдэж дууссан дараагийн жил буюу 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчээс 0/23 албан бичгээр “2022 онд мөрдөх дулааны үнэ тарифаа тооцуулахаар хүсэлтээ хүргүүлж байна.,...сүүлийн хоёр сарын бичилтээр дөрвөн зуу гаруй сая төгрөгийн өр төлбөр үүсээд байгаа бөгөөд цаашид энэ тарифаар явахад компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болохоор байгаа тул хүсэлтийн дагуу ...тарифыг баталж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу хариуцагчаас маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар тогтоолоор нэхэмжлэгч компанийн тарифыг 3759.30 төгрөг болгон өмнөх оны тарифаас бууруулан тогтоосон, уг тогтоолыг мөн нэхэмжлэгч компани биелүүлэн үйл ажиллагаагаа явуулсан, энэ талаар тухайн цаг хугацаанд маргасан нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байна.
16.Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” үндэслэлээр маргаан бүхий гурван тогтоолыг илт хууль бус бөгөөд мөн хуулийн 47.2-т зааснаар тухайн маргаан бүхий тогтоолуудыг гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж захиргааны хэргийн шүүхээс үзэх үндэслэлгүй юм.
17.Тодруулбал, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болох нь хэнд ч тодорхой, тухайн илт хууль бус акт нь гарсан цагаасаа тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжүүлэх, биелүүлэх боломжгүй, эсхүл, бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг биелүүлэхийг шаардсан нөхцөл байдлыг хэлэх бөгөөд уг акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй байдаг.
18.Гэтэл хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь маргаан бүхий тогтоолуудыг бодит нөхцөл байдалд биелүүлэн үйл ажиллагаагаа явуулсан байх тул тухайн маргаан бүхий тогтоолуудыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, бодит байдалд тохирохгүй үүрэг биелүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны актууд гэж шүүхээс үзэх үндэслэлгүй.
19.Үүнээс гадна, нэхэмжлэгчээс маргаан бүхий тогтоолуудыг илт хууль бус захиргааны актууд болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлдээ захиргааны акт хууль бус байх үндэслэлүүдийг дурдан маргажээ.
20.Тухайлбал, нэхэмжлэгч талаас “нэхэмжлэгч нь "УДС” ТӨХК-иас дулааны үнийг 12,309,57 төгрөгөөр худалдаж авах болсон хэрнээ цааш нь хэрэглэгчдэд үүнээс хэд дахин бага үнийн тарифаар тооцож, халаалт, дулааны үнийг хэрэглэгчдээс авдаг, хариуцагч нэхэмжлэгчийн хэрэглэгчдээс авах дулааны үнийн тарифт өөрчлөлт оруулаагүй, үүнээс шалтгаалж компани болон "УДС" ТӨХК-ийн хооронд их хэмжээний дулааны төлбөрийн зөрүү төлбөр, өр авлага үүссэн, бодит зардлыг тооцохгүйгээр тарифыг үндэслэлгүйгээр, алдаатай тогтоосон, тариф нь Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тарифыг тогтоох аргачлалд нийцэхгүй, аргачлалыг зөрчиж, Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д "үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах" гэж заасныг зөрчиж, компанийн бодит өртөг, зардалд тулгуурлаагүй, нийт 3 компанийн орлогыг зөвхөн нэхэмжлэгчийн орлого мэтээр буруу тооцож, орлого нэмэгдсэн гэж орлогод тулгуурлаж хэт өндөр төлөх боломжгүй тариф тогтоосон.” гэж маргаж буй үндэслэлүүд нь маргаан бүхий актуудыг хууль бус бөгөөд хүчингүй болгуулах үндэслэлээр маргасан гэж үзэхээр байна.
21.Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “ТАӨ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий тогтоолуудыг илт хууль бус захиргааны актууд болохыг тогтоолгохоор тодорхойлсон байхад шүүхээс нэхэмжлэгчийн хууль бусаар маргаж буй үндэслэлд дүгнэлт өгч, шийдвэр гаргах бүрэн эрх захиргааны шүүхэд хуулиар олгогдоогүй учир нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийн маргаан бүхий тогтоолуудыг хууль бус үндэслэлээр маргаж буй үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийсэнгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
22.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд зөв бөгөөд зарим дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ