Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 01

 

Mонгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гансувд

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд

Шүүгдэгч М.Ганбаатар нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Мижээгийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201611000356 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 6 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, Баян-Уул гэдэг газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хөдөлмөр чадвар алдалтын 50 хувийн группэд байдаг, ЖГ70062376 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Мижээгийн Ганбаатар.

Шүүгдэгч М.Ганбаатар нь зохих зөвшөөрөлгүй 200 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 2016 оны 7 сарын 26-наас 27-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг Загач гэх газраас бэлтгэж, Хэрлэн сумын 5 дугаар баг Дэхтэд байрлах байшингийн гадна иргэдээс худалдан авч, Дорнод аймгийн Хэрлэн сум руу Ниссан Пикав маркийн 22-67 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологид 10000000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Булган сумын "Загач" гэдэг газраас зохих зөвшөөрөлгүйгээр дэрэвгэр жиргэрүү ургамлын 80 кг үндсийг түүж, 120 кг ургамлыг бусдаас худалдаж авсан маань үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хууль тогтоомж сайн ойлгоогүй болохоор ийм хэрэг үйлдчихлээ. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрөө бол хамтарсан багт орж ажиллаагүй. Энэ хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Манай сумын 3 дугаар баг "Загач" гэдэг газраас 200 кг үндсийг түүсэн байсан болохоор намайг иргэний төлөөлөгчөөр томилсон юм. Уг хураасан 200 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг Баянтүмэн сум руу шилжүүлсэн байсан. Манай сумын зүгээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Энэ шийдвэрийг  манай сумын удирдлагын зүгээс гаргасан юм гэв. 

-Эд мөрийн баримтаар: Нийт урт нь 1,12 см, доод талдаа нарийн шовх үзүүртэй, уг үзүүрээс дээш 33 см зайд хажуу тийш 16 см хөндлөн төмөртэй, дээд талдаа 29 см хөндлөн бариултай нарийн төмөр лоом  1 ширхэгийг,

-Бичгийн баримтаар: М.Ганбаатарын тайлбар /хх-ийн 5-6/, хураан авах  тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  9, 11/, Булган сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/, 2016 оны 8 сарын 10-ны өдрийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын  байцаагчийн дүгнэлт, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/  зэрэг болно.

Шүүгдэгч М.Ганбаатар нь 2016 оны 7 сарын 26-наас 27-ны өдрүүдэд Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг "Загач "гэх газраас ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр 80 килограммыг бэлтгэж, Хэрлэн сумын 5 дугаар баг Дэхтэд байрлах байшингийн гадна иргэдээс 120 килограммыг худалдан авч, Ниссан Пикав маркийн 22-67 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсний улмаас байгаль экологид 10000000 /арван сая/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Ганбаатар, хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд нарын өгсөн мэдүүлэг, гэрч У.Энхбаатар, Б.Шинэбаяр, Т.Болд, С.Отгонболд нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, 2016 оны 8 сарын 10-ны өдрийн Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын  байцаагчийн дүгнэлт, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Ганбаатарт холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Ганбаатарыг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, худалдан авсан, тээвэрлэсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн төлөөлөгч нь "нэхэмжлэх зүйлгүй" гэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас 10000000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байх боловч хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч М.Ганбаатар нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс Хэрлэн сумын 10 дугаар баг 92 дугаар байрны 23 тоотод байрлах 57,5 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, мөн Зэтта Финанс ХХК-ийн эзэмшилд байгаа 22-67 ДОР улсын дугаартай Ниссан Пикав маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 15, 2016 оны 9 сарын 30-ны өдрийн  "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лоом 1 /нэг/ ширхэгийг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Ганбаатарын ЖГ70062376 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг түүнд буцаан олговол зохино.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Мижээгийн Ганбаатарыг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, худалдан авсан, тээвэрлэсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар шүүгдэгч Мижээгийн Ганбаатарыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Ганбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч М.Ганбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтаны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

5. Ялтан М.Ганбаатар нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн/, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

6.Тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лоом 1 ширхэгийг устгаж, баримт бичгээр ирсэн ялтан М.Ганбаатарын ЖГ70062376 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.   

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан М.Ганбаатарын эзэмшлээс Хэрлэн сумын 10 дугаар баг 92 дугаар байрны 23 тоотод байрлах 57,5 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, мөн Зэтта Финанс ХХК-ийн эзэмшилд байгаа 22-67 ДОР улсын дугаартай Ниссан Пикав маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 15, 2016 оны 9 сарын 30-ны өдрийн  "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2016 оны 12 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан М.Ганбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

                         

 

 

 

     ДАРГАЛАГЧ                            Б.ЭНХБААТАР