Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0010

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл олгоогүй төрийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Т ХХК нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Мал нядалгааны анхан шатны боловсруулах үйлдвэр байгуулах" төслийг 2015 оноос боловсруулж, МУ-д хөрөнгө оруулагч ОУ-ын байгууллага болох Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авахаар 2019 онд шалгарсан. МУ-ын Сангийн яамнаас Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт хэлэлцээрийн хүрээнд бий болсон 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2019 оны 10-р сарын 10-ны өдөр манай компани УБ банкны №3Г9101 / 191010 тоот зээлийн гэрээг байгуулан авсан. Тус зээлийн гэрээний дагуу төслийн барилга болон авч суурилуулах ажлыг 2020 онд багтаах үүргийг төсөл тоног төхөөрөмж татан хэрэгжүүлэгчийн зүгээс хүлээсэн юм. Дээрхи төслийг цаг хугацаанд нь багтаан хэрэгжүүлэхээр компанийн нэр дээр бүртгэлтэй Налайх дүүргийн Мянганы зам дагуу хаягт байрлалтай, ................... нэгж талбарын дугаартай 9992.0м.кв газар мөн ........ нэгж талбарын дугаартай 14988.0м.кв газруудын Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд нь Дүүргийн Засаг даргын захирамжтай байсныг Нийслэлийн засаг даргын захирамжтай болгуулах тухай хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2019 оны 07-р сарын 02 ний №19 /04/75, №19/04/76 албан тоотуудаар хүргүүлсэн байдаг. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг шилжүүлэх, хугацааг сунгах зэрэг процессын шийдвэр гаргах хуулийн хугацааг тус тус 15 хоног гэж заасан боловч, дүүргээс нийслэлд шилжүүлэх НЗД-ын захирамж 10 сар хүлээгдэн, манай компанийн Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ НЗД-ын 2020 оны 05-р сарын 04-ний өдрийн А/607 тоот захирамжаар 2020 оны 05-р сард гэрчилгээ олгогдсон. Тухайн 10 сарын хугацаанд бид сар бүрийн хурлаар шийдвэр гарсан эсэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтэн н.Энхмаа /утас:88840888/-с тодруулахад Засаг дарга солигдсон, хурал хойшлогдсон гэх мэт хариулт сонссоор төслийн явц зогсонги байдалд орсон. НЗД-ын захирамж гартал бид Азийн хөгжлийн банкны төслийн нэгж болон Сангийн яамны гэрээ, төлөвлөгөөний хэрэгжилтийн хяналт шалгалтад 2 удаа орсон бөгөөд санхүүжилт буцаан татагдах эрсдэлд ороод байсан тул бид барилгын газар шорооны ажлыг хийж эхлүүлэн үүнтэй зэрэгцэн "Ланд бимион констракшн ХХК-тай Зураг төслийн ажил гүйцэтгүүлэх гэрээг 2020 оны 04-р сарын 16-нд байгуулан хамтран ажилласан.

Захирамж гарснаас хойш бид шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн, Архитектур төлөвлөлтийн даалгавраа авах, барилгын зургаа хянан баталгаажуулах зэрэг ажлуудыг эхлүүлэн ажиллаж байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Вандандэмид 2020 оны 06-р сарын 18-ны өдөр зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтаар №07-383 / 0924 тоот Эрх бүхий албан тушаалтны даалгавраар барилга угсралтын ажлын холбогдох бичиг баримтын бүрдэлгүй гэсэн үндэслэлээр 5,000,000 / таван сая төгрөгийн торгуулийг ногдуулан, манай компанийн дээрхи торгуулийг 2021 оны 06-р сарын 29-нд төлж барагдуулсан билээ. 2020 оны 08-р сарын 24-ны өдөр №ГБМ3х2020/32-032 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдан гарсан боловч Монгол улсад цар тахал дэгдсэнтэй холбогдон барилгын зураг хянан баталгаажуулах ажлын явц удааширч, 2021 оны 07-р сарын 09-нд манай төслийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт гарч ажлын зураг төсөл батлагдан гарсан. Манай компани барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гаргуулах хүсэлтийг Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийг хавсарган 2021 оны 07-р сарын 26 нд Барилга хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлэн хурлаар хэлэлцэгдсэн.

Гэвч 2021 оны 07-р сарын 20-ны өдрийн 213 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох тухай шинэчилсэн дүрэм, НЗД-ын 2020 оны А/1000 дугаар захирамжийн хүрээнд НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээр хянагдан төслийн үйлдвэрийн барилга нь баригдаж эхэлсэн тул Барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдлийг 2021 оны 09-р сарын 16-ний №05/2892 албан тоотоор манай компанид ирүүлж, Захиргааны хэргийн шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Хот байгуулалт хөгжлийн газрын Хууль , эрх зүйн хэлтсээс бидэнд өгсөн .

"Т ХХК нь 2000 оноос хойш ангилсан мах болон хиам , махан бүтээгдэхүүний чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани бөгөөд шилдэг татвар төлөгч, шилдэг нийгмийн даатгал төлөгч аж ханган иргэдийн махан хүнсийг тасралтгүй ханган ажилласаар байна. Одоогийн байдлаар төслийн барилга болон тоног төхөөрөмжинд Азийн хөгжлийн банкнаас авсан 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт мөн компанийн харилцагч ХХБ-ны Репо зээлийн санхүүжилтээр 2.8 тэрбум төгрөг, компанийн эргэлтийн хөрөнгөнөөс 500,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төслийн гүйцэтгэлд зарцуулаад байгаа билээ. Төслийн санхүүжилтийн зээлийн хүүгийн төлбөрт сар бүр 40-өөс 45 сая төгрөгийг төлж байгаа бөгөөд 2022 оны 10-р сараас үндсэн зээлийн төлбөр 115,0-аас 150,0 гаран сая төгрөгийн төлбөр нийт сар бүр 159,915,976 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээний хавсралтад тусгасан байгаа.

Иймээс манай компанийн төслийн барилгын ажлын зөвшөөрөл олгогдохгүй байх нь төслийн үйл ажиллагаа зогсож зээлийн төлөлт саатах цаашлаад Сангийн яамд бохир зээлийн мэдээлэл үүсэж МУ-д хөрөнгө оруулагч ОУ-ын байгууллага АХБ-ны өмнө итгэл эвдсэн асуудал үүсэх нөгөө талаас цар тахалтай эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд МУ-ын ЗГ-аас баримтлаж буй уул уурхайн бус экспортыг дэмжих урт болон дунд хугацааны бодлогын хүрээнд хэрэгжиж буй экспортын чиг баримжаатай махны үйлдвэр үнэгүйдэх эрсдэл үүсээд байна. Иймд бид Газрын тухай хууль болон Барилгын тухай хуулийн 26-р зүйл мөн ЗГ-ын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралт "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм -ын 7.2 дахь заалт болон " Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлийг бууруулах тухай хуулийн 7.1.26 дахь заалтыг харгалзан үзэж Барилгын ажлын зөвшөөрөл нөхөн олгохыг хүсэж байна... гэжээ.

Хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Т ХХК-иас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/04/382 дугаар албан бичгээр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 давхар 103.2x62.6 метрийн хэмжээтэй, мал нядалгааны үйлдвэрийн цогцолборт Барилгын ажлын зөвшөөр авах тухай хүсэлт ирүүлсэн. Ирүүлсэн хүсэлт, хавсралт баримт бичгийн бүрдлийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хянан, судалж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээр шалгуулахад үйлдвэрийн барилга нь баригдсан тул Барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм -ийн 7 дугаар хэсгийн 7.2 дах заалт , Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21 ний өдрийн А / 295 дугаар "Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" захирамжийг тус тус үндэслэн Газрын орлогч даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05/2892 дугаар албан бичгээр Барилгын ажлын зөвшөөрөл нөхөж олгохгүй талаарх мэдэгдэл хүргүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Т ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2021/04/382 дугаар албан бичгээр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 давхар, 103.2х62.6 метрийн хэмжээтэй, Мал нядалгааны үйлдвэрийн цогцолборт Барилгын ажлын зөвшөөрөл авах тухай хүсэлт ирүүлсэн. Ирүүлсэн хүсэлт, хавсралт баримт бичгийн бүрдлийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хянан, судалж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээр шалгуулахад үйлдвэрийн барилга нь баригдсан тул Барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм -ийн 7 дугаар хэсгийн 7.2 дах заалт , Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21 ний өдрийн А / 295 дугаар "Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" захирамжийг тус тус үндэслэн Газрын орлогч даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05/2892 дугаар албан бичгээр Барилгын ажлын зөвшөөрөл нөхөж олгохгүй талаарх мэдэгдэл хүргүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ.

Анх Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/53 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Т ХХК-д Налайх дүүргийн 5 дугаар хороо, мянганы зам дагуу, 15000 м.кв, 10000 м.кв газруудыг тус тус үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Т ХХК-ийн хүсэлтийн дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/347 дугаар, А/346 дугаар Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөх тухай захирамжаар дээрх газруудын зориулалтыг өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Түүнчлэн Т ХХК нь дээр газруудын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжтай болгуулахаар 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт өгчээ.

Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/607 дугаар захирамж гарч, дээрх газруудыг 15 жилийн хугацаатай Т ХХК-д эзэмшүүлсэн байна.

Т ХХК нь Мал нядалгааны анхан шатны боловсруулах үйлдвэр байгуулах төслийг 2015 оноос хойш хэрэгжүүлж, улмаар 2019 онд Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авахаар шалгарч, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ9101/191010 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, 6,550,000,000.00 /зургаан тэрбум таван зуун тавин сая/ төгрөгийг 84 сарын хугацаатай авчээ.

Үүнээс өмнө тус компани нь 2016 онд дээрх төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Мал нядлах анхан шатны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, Мал нядлах анхан шатны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн 5 жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч П.Бүнжинжаваар батлуулсан байна.

Мөн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ГБМЗХ2020/32-032 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг батлуулж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтээ хийлгэжээ.

Тус компани нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газарт Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл-ийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана, 28.2.1 барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, 28.2.2 барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, 28.2.3.зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 28.2.4 байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан, 28.2.5 гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах, 28.3 Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хавсаргана, 28.4 Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана гэж тус тус заасны дагуу баримт бичгийг хавсарган хүргүүлсэн байна.

Хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05/2892 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн тухай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7 дугаар хэсгийн 7.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/295 дугаар Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамжийг тус тус үндэслэн Барилгын ажлын зөвшөөрөл нөхөж олгохгүй болохыг Т ХХК-д мэдэгджээ.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд маргаан бүхий газарт барилга баригдахаар төлөвлөгдсөн, уг газар нэхэмжлэгчид барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгогдсон, уг эрх хүчинтэй байгаа, барилга барихад шаардагдах архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг, техникийн нөхцлүүд олгогдсон, тэдгээр нь хүчинтэй байх бөгөөд барилгын ажлыг эхлүүлэхэд авах зөвшөөрөл буюу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохоос Хот байгуулалт хөгжлийн газар ийнхүү татгалзсан, энэ үндэслэлээ тус үйлдвэрийн барилга нь баригдсан тул  гэж тайлбарлажээ.

Гэтэл Т ХХК-ийн эзэмшиж буй хоёр газар нь Налайх дүүргийн Засаг даргын захирамжтай байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн газруудыг Нийслэлийн Засаг даргын захирамжтай болгуулахаар 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ өгсөн байхад 10 сарын дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/607 дугаар захирамж гарч төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа удааширсан. Мөн Азийн хөгжлийн банкнаас удаа дараа хяналт шалгалт хийж, барилгын ажлыг яаралтай эхлүүлэхгүй, хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд хөрөнгө оруулалтыг буцаан татна гэх нөхцөл байдал үүссэн учир уг барилгыг барих болсон гэх шалтгаанаа тайлбарлаад байхад барилга баригдсан гэх үндэслэлээр ийнхүү барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагч нарын үйлдэл нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихөд хүргэжээ.

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгох чиг үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийн бүрдлээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүсэлтийг хүлээн авснаас ажлын 10 өдрийн дотор олгохоор 27 дугаар зүйлийн 27.2-т, хэрвээ зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэл бүхий тайлбарыг татгалзсан шийдвэртээ тусган хүсэлт гаргасан этгээдэд бичгээр өгөхөөр 27.3-т тус тус хуульчилжээ.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т зааснаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгийн бүрдэлд барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцлийг баталгаажуулсан шийдвэр, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг, магадлалын дүгнэлт, зураг төсөл зохиогчийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгал, барилгын зураг төслийн болон барилгын ажил гүйцэтгэх этгээдийн тусгай зөвшөөрөл, барилгын ажлын үе шатны хяналт тавих төлөвлөгөөг бүрдүүлэх бөгөөд дээрхээс өөр баримт бичиг шаардахыг 28.6 дахь хэсгээр хориглосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаар тогтоолын хавсралтаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм шинэчлэн баталсан байна.

Цаг хугацааны хувьд авч үзвэл нэхэмжлэгчээс үл шалтгаалах нөхцөл байдлыг бий болгосон үед дээрх журам батлагдсан бөгөөд Төрийн захиргааны байгууллагаас хуульд заасан хугацаанд, тодруулбал Нийслэлийн Засаг дарга Т ХХК-ийн газар эзэмших, гэрчилгээг гаргаж, өгсөн байсан бол дээрх нөхцөл байдлууд үүсэхгүй байсан байна.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан болон эдгээр дүрэм, журамд заасан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахад шаардагдах баримт бичгүүдээс бүрдүүлээгүй дутуу гэх баримт байхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч, мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаар тогтоолын хавсралтаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7.2-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно гэж заасан хэдий ч бодит байдал дээр авч үзвэл Т ХХК-ийн өргөтгөлийн барилга нь 90 хувийн гүйцэтгэлтэй баригдсан. Мөн нэхэмжлэгчээс 9.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг дээрх барилгад болон төхөөрөмж оруулж ирэхэд зарцуулагдсан, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн албан даалгаварт заасан ажлуудыг хийж дуусгасан.

Түүнчлэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан 5 сая төгрөгийг нэхэмжлэгч бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг авч үзээд Нийслэлийн Засаг даргын барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид гаргаж өгөхөөс татгалзаж байгаа үйлдлийг хууль бусад тооцож, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаар тогтоолын хавсралтаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7.2-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно гэж заасны дагуу Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагч нарт даалгаж, шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4, 28.6, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсгийг баримтлан Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ