Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/204

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч А.Алтангэрэл, шүүгдэгч Б.*********, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000000137 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, “*********” ХХК-ийн захирлын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* хотхон 294-92 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********ийн ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.********* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ********* апартмент хотхоны 264-92 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.*********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэнд нь удаа дараа гараараа алгадах, хоолойг нь боох зэргээр зодож биед халдан баруун хацар, шанаа, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний зүүн хэсэг, хүзүү, баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Э.*********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогчтой эвлэрсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би *********д хандан чи удахгүй ажилдаа орох гэж байгаа юм чинь Заяаг гэрт нь хүргээд өгье гэж хэлсэн, тэгэхэд ********* хариу юм хэлээгүй байрныхаа гадаа ирээд машинаас буухдаа би *********д хандан охиноо салхилуулчхаад оръё гэж хэлэхэд ********* уурлаад охиноо тэврээд гэр рүү орсон. ...Гэрт ороход ********* Заяаг хувцсаа ав, явъя гэхээр нь би бүгдээрээ хамт явья гэхэд ********* миний хоёр талын хацар хэсэгт баруун гараараа хоёр удаа алгадахаар нь би уйлсан, тэгэхэд ********* намайг “чи надтай хэрүүл хийж уйлахаас өөр юм хийж чадахгүй” гэж хэлсэн. Тэр хооронд би Дүгэрсүрэн рүү залгаад юу байна гэж яриад утсаа тасалсан, тэгэхэд ********* ар гэр рүүгээ ярилаа гэж хэлээд миний зүүж байсан ороолтоор миний хоолойг боогоод газар унагаагаад миний гэдэс хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон, тэгэхээр нь би уйлаад ариун цэврийн өрөө орчоод гарч ирээд *********ийг хоёулаа одоо больё, миний бүх юмыг өгөөд яв гэж хэлэхэд миний баруун талын шанаа, эрүү хэсэгт зүүн гараараа хоёр удаа алгадаад баруун гарын булчин хэсэгт зүүн гараараа хоёр удаа цохисон. ...Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, бид хоёрын дундаас нэг охин гарсан одоо 2 сартай.. ” /хавтас хэргийн 8-9 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би баруун гараараа *********гийн зүүн талын хацар хэсэгт нь хоёр удаа алгадсан, зүүж байсан ороолтоор нь хоолойг нь боосон, тэгэхэд зодлоо гээд орилохоор нь би дуугүй байгаач хүүхэд айлаа гэж хэлээд 40 ширхэгтэй 1 боодол хүүхдийн памперс авч шидсэн...” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1526 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.*********гийн биед хацар, шанаа, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, эрүүний зүүн хэсэг, хүзүү баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  

4. Мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хавтас 13-14 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 2 дахь тал/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 33-34 дэх тал/,

- Шүүгдэгч Б.*********ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 28 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 29 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтас хэргийн 32 дахь тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 37 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 27 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.********* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “********* апартмент” хотхоны 264-92 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.*********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэнд нь удаа дараа гараараа алгадах, хоолойг нь боох зэргээр зодож биед халдан баруун хацар, шанаа, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний зүүн хэсэг, хүзүү, баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.*********гийн “...Гэрт ороход ********* Заяаг хувцсаа ав, явъя гэхээр нь би бүгдээрээ хамт явья гэхэд ********* миний хоёр талын хацарт баруун гараараа хоёр удаа алгадахаар нь би уйлсан, тэгэхэд ********* намайг чи надтай хэрүүл хийж уйлахаас өөр юм хийж чадахгүй гэж хэлсэн. Тэр хооронд би Дүгэрсүрэн рүү залгаад юу байна гэж яриад утсаа таслахад ********* ар гэр рүүгээ ярилаа гэж хэлээд миний зүүж байсан ороолтоор миний хоолойг боогоод газар унагаагаад миний гэдэс рүү баруун гараараа 1 удаа цохисон, тэгэхээр нь би уйлаад ариун цэврийн өрөө орчоод гарч ирээд *********ийг хоёулаа одоо больё, миний бүх юмыг өгөөд яв гэж хэлэхэд миний баруун шанаа, эрүү хэсэгт зүүн гараараа хоёр удаа алгадаад баруун гарын булчинд зүүн гараараа хоёр удаа цохисон. ...Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, бид хоёрын дундаас нэг охин гарсан одоо 2 сартай.. ” /хавтас хэргийн 8-9 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.*********ийн: “...Би гараараа *********гийн зүүн талын хацар хэсэгт нь хоёр удаа алгадсан, зүүж байсан ороолтоор нь хоолойг нь боосон, тэгэхэд зодлоо гээд орилохоор нь би дуугүй байгаач хүүхэд айлаа гэж хэлээд 40 ширхэгтэй 1 боодол хүүхдийн памперс авч шидсэн...” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1526 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.*********гийн биед хацар, шанаа, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, эрүүний зүүн хэсэг, хүзүү баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хавтас 13-14 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.*********гийн эрүүл мэндэд учирсан “...биед хацар, шанаа, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, эрүүний зүүн хэсэг, хүзүү баруун бугалга, баруун гуянд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.********* түүнийг зодсон идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч  Б.********* хохирогч Б.*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”-г ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2022 оны 02 дугаар сараас хамтран амьдарч байгаа, дундаасаа 02 сартай хүүхэдтэй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдох энэ талаар хэн аль нь маргахгүй бөгөөд шүүгдэгч Б.*********ийн хохирогч Б.*********гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Б.********* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*********гийн эрүүл мэндэд биед хацар, шанаа, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, эрүүний зүүн хэсэг, хүзүү баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.********* гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй.

 

Эрүүгийн  2310000000137  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.********* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********ийн *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ийн *********ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.*********д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2310000000137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.********* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.********* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР