Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2019/00511

 

 

 

 

 

 

 

 

 

2019 07 05 138/ШШ2019/00511

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Алтан овоо 7 гудамж 40 тоотод оршин суух, ТИ83081409 регистрийн дугаартай, Бэрсүүд овогт Нямжавын Жавзандолгорын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 31 байрны 50 тоотод оршин суух, ХЛ65070801 регистрийн дугаартай, Улаалзай хүгдүүд овогт Цэдэнжавын Хоролжавт холбогдох

265669 /хоёр зуун жаран таван мянга зургаан зуун жаран есөн/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Соёлчимэг, хариуцагч Ц.Хоролжав, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Жавзандолгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ц.Хоролжавтай дам хүнээр дамжуулан танилцсан. Улмаар Хоролжавтай утсаар холбогдож ярихад эгч нь багш хүн худлаа хэлэхгүй, мөнгө чинь хувьцаа болж гадаадын компанид хөрөнгө оруулалт болоод жилийн дараа хоёр нугаларч та нарт очно гэж хэлсэн. Тэгээд над уруу Хаан банкны дансаа явуулахад нь би 90 еврог тэр үеийн Голомт банкны ханшаар бодож шимтгэл 1.8 евро нэмээрэй гэхэд нь нийт 91.8 евро /91.8х2894/ буюу 265669 төгрөгийг 2017 оны 11 сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Шилжүүлэг хийгдэж фэйсбүүк чатаар харилцаж байсан. Миний данс 5006569190, Ц.Хоролжавын данс 5021111155 юм. Цаашаа тэр хувьцаа болгосон эсэхийг мэдэхгүй байна. Нэг жил өнгөрч 2018 оны 11 сард холбогдож Хоролжаваас мөнгөө асуутал хариу хэлэлгүй утасаа блоклож, фэйсбүүкээ ч блок болгосон. Иймд Ц.Хоролжавд шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Соёлчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхрийн ажлын газрын захирал Цэрэндулам нь Хоролжавын найз юм билээ. Хоролжав эгч найзаасаа чиний дугаарыг авлаа гээд над уруу утсаар залгаж богино хугацаанд мөнгөө хоёр дахин өсгөж авах боломж байгаа талаар ярьсан. Хөдөө орон нутагт байдаг гэхээр нь би элсэхгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд Хоролжав нь уг компанийн төв оффис нь төв номын сангийн ойролцоо байдаг, биет төлөөлөгчөөр дүүгээ явуулья гэсэн. Хоролжав эгчийн дүү Одгэрэл гэж хүн манай ажил дээр ирээд мөнгөө хэрхэн өсгөх талаар ярьсан. Их мөнгөөр элсвэл 7, 7 хоногоор ашигаа өгдөг, хамгийн бага нь 90 еврогоор элсдэг, багаар элсвэл нэг жилийн дараа ашиг авна гэж хэлсэн. Цаг хожиж багаар ч гэсэн элсэх хэрэгтэй гэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хоролжав эгчийн 5021111155 гэсэн данс уруу тухайн үеийн евроны ханшаар тооцон 260010 төгрөг шилжүүлсэн. Мөн өөрийн найз Жавзандолгорт энэ талаар хэлсэн. Тэгээд Жавзандолгор нь Хоролжавын дансанд 265669 төгрөг шилжүүлсэн. Нэг жилийн дараа Хоролжав эгч рүү ярихад нь утасыг нь шууд салгасан гэсэн. Жавзандолгорын хувьд нэг жилийн хугацаанд ямар нэгэн ашиг гэж аваагүй, ашигаа жилийн дараа Хоролжав эгчээр дамжуулан авна гэж надтай адил итгэсэн. Иймд Хоролжаваас 265669 төгрөгийг гаргуулан Жавзандолгорт олгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Хоролжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Questra World гэдэг гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Энэ компани нь 7 хоног бүр ноогдол ашиг олгодог байсан. Энэ үед миний бие компьютерт хүний нэр шивж сурсан учир хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдийн мэдээллийг явуулж нэрээ шивүүлдэг байсан. Шивсэн хүний нэр дээр аккаунт үүсээд өөрсдөө тэрийгээ хянаад явдаг байсан. Бараг нэг жилийн өмнөөс ноогдол ашигаа авч чадахаа больсон. Ноогдол ашигаа авч чадахгүй ч гэсэн ноогдол ашиг орж байгаа нь харагддаг байсан боловч нэг сар орчмын өмнөөс сайт нь устаад юу ч харагдахаа больсон. Би ч гэсэн энэ компанийн хохирогч болоод явж байгаа. Ц.Жавзандолгорын хувьд над уруу залгаад би Соёлчимэг гэдэг найзаасаа энэ компанийн тухай сонслоо, би хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх гэсэн юм, таныг шивж оруулж чаддаг гэнэ гэж яриад өөрийн мэдээллээ явуулж шивүүлээд, мөнгөө явуулж аккаунт үүсгүүлсэн. Тухайн үед энэ хүний аккаунтыг нээж өгөөгүй байсан бол тэр үедээ надаас мөнгөө нэхэх байсан юм. Компанийн сайт нь устаад алга болохоор өөрийнхөө өмнөөс хүнийг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Би энэ хүний мөнгийг өсгөж өгье гэж хэлээгүй, надад мөнгө өсгөх ямар ч компани байхгүй. Найз Соёлчимэгийн урилгаар өөрийн хүслээр мөнгөө өсгөх гээд гадаадын компанид өгсөн мөнгөө надад өгсөн юм шиг нэхэж байгаад гайхаж байна. Жавзандолгор гэдэг хүн Ц.Хоролжав гэдэг эмэгтэйг хувьцаа эзэмшдэг, нэг жилийн дараа ашиг өгнө гээд байхаар нь мөнгө шилжүүлсэн гэжээ. Гэтэл би энэ хүнийг огт танихгүй, хэзээ ч уулзаж байгаагүй, өөрөө над уруу залгаж гадаадын компанид мөнгө хийж байгаагаа мэдсээр байж хийчихээд, миний ятгалгаар хийсэн хүн шиг намайг гүтгэж байна. ...Би Жавзандолгорын мөнгийг огт хэрэглээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Жавзандолгор нь хариуцагч Ц.Хоролжаваас 265669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Н.Жавзандолгор нь Ц.Хоролжавын 5021111155 тоот данс уруу 2017 оны 11 дугаар сарын 02-ны өдөр 265669 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Н.Жавзандолгор нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэг жилийн дараа ашиг авах зорилгоор 265669 төгрөгийг Ц.Хоролжавын дансанд шилжүүлсэн, ...гадаадын компани уруу миний мөнгийг шилжүүлсэн эсэхийг би мэдэхгүй, дээрх хугацаанд ямар нэгэн ашиг аваагүй учир шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

Харин хариуцагч Ц.Хоролжав нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Н.Жавзандолгор нь өөрийн болон найзынхаа хүсэлтийн дагуу Questra World гэх гадаадын компанид сайн дурын үндсэн дээр хөрөнгө оруулалт хийсэн, миний хувьд хөрөнгө оруулалт хийх талаар зөвлөсөн, ятгасан зүйл байхгүй, ...компьютерт хүний нэр шивж сурсан учраас хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдийн мэдээллийг явуулж нэрээ шивүүлдэг байсан, Н.Жавзандолгорын хувьд ч өөрийн мэдээллээ явуулж шивүүлээд, мөнгөө явуулж аккаунт үүсгүүлсэн, өөрөө ашиг орж байгаа эсэхээ хянаад явдаг байсан, ашиг авсан эсэхийг би мэдэхгүй, энэ мөнгийг хэрэглээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Ц.Хоролжав нь Н.Жавзандолгорын шилжүүлсэн мөнгийг Questra World гэх гадаадын компанид шилжүүлсэн, Н.Жавзандолгор өөрийн мэдээллээ явуулж шивүүлсэн, мөнгөө шилжүүлж аккаунт үүсгүүлсэн, өөрөө ашиг орж байгаа эсэхээ хянах боломжтой байсан гэж тайлбарладаг боловч дээрх татгалзлаа нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тус компанид хөрөнгө оруулах бүртгэлийг хийж өгсөн болон шилжүүлсэн мөнгийг нь Questra World гэх гадаадын компанид шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч Ц.Хоролжав нэхэмжлэгч Н.Жавзандолгороос өгсөн даалгаврын дагуу түүний мэдээллийг компьютерт шивж, мөнгийг нь шилжүүлэн аккаунт үүсгүүлж даалгаврын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Мөн хариуцагч нь компьютерт хүний нэр шивж сурсан учраас хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдийн мэдээллийг явуулж нэрээ шивүүлдэг байсан нь гэрч И.Наранхүү, Б.Сүнжидмаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасны дагуу даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Хэргийн үйл баримтаас харахад хариуцагч Ц.Хоролжав нь нэхэмжлэгч Н.Жавзандолгорын нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийсэн болох нь, мөн талуудын хооронд хуульд үл харшлах хэлцэл байгуулагдсан болох нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч Н.Жавзандолгор нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болно. Иймд хариуцагч Ц.Хоролжаваас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 265669 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Хоролжаваас 265669 /хоёр зуун жаран таван мянга зургаан зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Жавзандолгорт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8620 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Хоролжаваас улсын тэмдэгтийн хураамжид 8620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Жавзандолгорт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ