Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:176/2023/0122/Э

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Б.Цэрэнтогтох,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Бэсүүд овгийн *******од холбогдох эрүүгийн 21340002630074 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг “Уртын гол” баг 3-10 тоотод оршин суух хаягтай, урьд:

  1. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хорих ялаар,
  2. Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
  3. Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* дугаарын регистртэй, Бэсүүд овгийн *******.

 

 Холбогдсон хэргийн талаар

 /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч ******* нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан хөтөл” гэх газарт иргэн *******ын байшингийн засварын ажлыг хийж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гагнуурын аппарат, таслагч, шавар зуурагч төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээнээс дээш буюу 940.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч *******:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримт

Эрүүгийн 21340002630074 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч *******ын Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан хөтөл” гэх газарт иргэн *******ын байшингийн засварын ажлыг хийж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гагнуурын аппарат, таслагч, шавар зуурагч төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээнээс дээш буюу 940.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21/069 дугаартай ...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар цахилгаан багаж зэрэг нь манай зах зээл дээр 940.000 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдах боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч *******ын өгсөн “...Би Улаанбаатар хотод амьдардаг юм би өөрийн эзэмшлийн газартаа Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутагт байрлах хашаандаа өвлийн байшингаа барьж хугацаанд Улаанбаатар хот орох ажил гараад би 2021 оны 08 сарын 30-ны 17 цагийн үед барьж байсан байшин дээрээ ирэхэд миний барилгын ажилд хэрэглэж байсан гагнуурын аппарат, гар тасдагч, шавар зуурагч машин хулгайд алдагдсан байсан юм би тухайн үедээ барилга дээр ажиллаж байсан хүнээс асуух гэтэл надтай зөрөөд хот явсан тэгээд хулгайд алдсан эд зүйлээ далд хийгээд явсан юм байх гэж бодсон чинь үгүй нөгөө хүмүүс аваагүй үлдээгээд явсан гээд байна тэгээд эд зүйлээ хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тухайн багажуудаа хүнд цахиж үлдээгээгүй тухайн гагнуурын аппарат ажилчдын байрладаг гэрт байсан гар тасдагч шавар зуурагч хоёр бол барьж байсан байшинд байсан би байшингаа түгжээд түлхүүрийг нь Батболд гэх залууд үлдээсэн байсан юм. Миний хулгайд алдсан гагнуурын аппарат БНСУ-д үйлдвэрлэгдсэн аппарат би 2020 онд Улаанбаатар хотоос 450.000 мянгаар авч байсан. Гар тасдагч БНХАУ улсад үйлдвэрлэгдсэн Кен нэртэй гар тасдагч энэ онд 180.000 мянган төгрөгөөр авч байсан. Шавар зуурагч машинаа мөн энэ жил 280.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. Надад туслахаар ажиллаж байсан Батболд түүний эхнэр Мөнхцацрал нар одоо хотод байгаа өнөөдөр холбогдох гэсэн боловч утсаа авахгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

   Гэрч *******ын “...Би айлын хашаанд сахиул хийдэг юм. Тэгтэл хашааны эзэн Мэндбаяр хашаандаа юм хийлгэх гээд Болдоо гэх залууг эхнэрийн хамт авчирсан. 2021 оны 08 сарын 31-ний өглөө би Болдоогийн байсан хартал Болдоо эхнэрийн хамт байхгүй байсан. Тэгээд хашааны эзэн Мэндбаяр луу залгаад юм хийж байсан хүн яваад өгсөн байна гэж хэлсэн. Тэгээд Мэндбаяр ирсэн өөр зүйл болоогүй. Би мэдэхгүй байна. Мэндбаяр өөрөө ирээд гагнуурын аппарат, төмөр тасдагч, шавар зуурагч алга байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

   Гэрч *******ын “...Миний нөхөр эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймагт авто засварын газарт засварчнаар хэсэг хугацаанд ажиллаж байсан, дулааны улиралд барилга дээ ажилладаг юм. 2021 оны 08 дугаар сард нөхөр Батболдын хамт, Төв аймгийн Жаргалант суманд малчин авна гэсэн зарын дагуу холбогдож Мэндбаяр гэх хүнтэй уулзаж анх мал маллахаар очсон тухайн үед Мэндбаяр гэх хүн манай хашаанд очиж юм хийнэ гэж хэлээд дагуулаад явсан. Бид хоёрыг Улаанбаатар хотоос тухайн үед Мэндбаяр өөрөө ирж авсан. Ингээд Мэндбаярын хамт очиж 4 сарын хугацаанд байшингийн дээвэр тавих, жорлонгийн нүх ухах, гаржны цемент цутгах, хашаа барих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж, 4 сарын хугацаанд ажиллах үед ямар ч цалин мөнгө өгөхгүй болохоор нь нөхөр бид хоёр буцаад Улаанбаатар хот руу явчихсан. Тухайн эд зүйлсийг явахдаа аваад явсан байсан, би тухайн газраас явахдаа мэдээгүй Улаанбаатар хотод очоод мэдсэн. Би нөхөр Батболдоос яах гэж авсан юм бэ гэсэн чинь цалингаа өгөөгүй юм чинь гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

   Сэжигтэн *******ын “...Би 2021 оны 07 сарын 28-ны өдөр Орхон аймагт байж байгаад Мэндээ ахтай утсаар ярьсан чинь “Ах нь цагаан хөтөл дээр зуслангийнхаа байшинг өвлийн байшин болгож байгаа юм. Бие чинь гайгүй бол ирээд байшингийн дээвэр гагнаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч тэгсэн надаас эхнэр Мөнхцацрал чинь байгаа юу, тогооч хийлгэмээр байна, ах нь ирэх зардлыг чинь өгье” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёрыг 61-ийн гарам дээрээс бид хоёрын зардал 50.000 төгрөг төлөөд тосч авсан. Эхнэр бид хоёр 2021.08.03-ны өдрөөс эхлээд ажиллаж эхэлсэн. Мэндээ ахын граж болон худгийн дээвэр гагнаж тавьж өгсөн. Дараа нь автомашины дотор тавьж байгаад Мэндээ ах Улаанбаатар хот руу явахаар Мөнхцацрал бид хоёр гэрт нь хоёулхнаа үлдээд байж байгаад эхнэр бид хоёр ярилцаж байгаад ажлынхаа хөлсөнд гагнуурын аппарат, гар тасдагч, шавар зуурагч 3-ыг нь аваад засмал зам дээрээс такси бариад Улаанбаатар хот руу явсан. Ер нь бол Мэндээ ах надад ажлын хөлс өгөхгүй байсан юм. Орой нь Мэндээ ахтай ярьж байгаад эхнэр Мөнхцацралын дансыг явуулсан чинь Мэндээ ахаас 150.000 төгрөг шилжиж ирсэн. Тэгэхээр нь гагнуурын аппарат, тасдагч хоёрыг нь 180.000 төгрөгт ломбардад тавиад тэр өдөртөө архи уугаад тасарчихсан байж байгаад маргааш өглөө нь Мэндээ ах над руу залгаад “Чи ахын дүү яаж байгаа юм бэ? Би ажлын хөлсийг чинь өгсөн биз дээ” гэхээр нь би “ажлынхаа хөлсөнд 600.000 төгрөг авах ёстой, та надад 150.000 төгрөг өгсөн, одоо надад 450.000 төгрөг өг гэж хэлсэн чинь маргааш нь надаас багажаа авч байж мөнгө өгнө гэхээр нь би тэгвэл одоо мөнгөө өгчих гэсэн надад 100.000 мянган төгрөг өгсөн өөр мөнгө өгөхгүй болохоор нь шавар зуурагч машиныг нь 50.000 мянган төгрөгөөр зарсны дараа цагдаагаас над руу залгаж байсан тэгээд би хүний эд зүйлийг хэлэхгүй хулгайлж авсан болохоор зугтаасан юм. Надад ямар нэгэн санаа зорилго байхгүй тухайн үед мөнгө хэрэг болоод урд ажиллаж байхад цалин хөлс дутуу өгсөн байсан тэрэнд болоод сая ирж ажилласан мөн цалин хөлсөө өгөхгүй болохоор нь би багажийг нь аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

   Мастер үнэлгээ ХХК-ийн гаргасан 940,000 төгрөгийн үнэлгээ /хх-ийн 18-19 хуудас/,

   Яллагдагч *******ын “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Мэндбаяр ахын байшингийн засварын ажлыг хийж гүйцэтгэж байсан юм. Тэр өдөр Мэндбаяр ах Улаанбаатар хот руу ажилтай явсан би эхнэр Мөнхцацралын хамт үлдсэн тэгээд би өөрөө дур мэдэн Мэндбаяр ахын гагнуурын аппарат гар таслагч багаж, шавар зуурагч нарыг нь авч явах гэхэд манай эхнэр Мөнхцацрал чи хүний юм дур мэдэн авч явж яах гээд байгаа юм  болиоч гэхээр нь би өөрөө мэдэж байна гэж хэлээд урагш засмал зам руу очоод замын унаанд гар өргөж суугаад Улаанбаатар хот руу орсон. Би гар тасдагч, гагнуурын аппарат хоёрыг нь 180,000 төгрөгөөр барьцаалан зээл олгох газар тавьсан. Шавар зуурдаг багажийг гудамд бариад явж байсан үл таних хүн наадахаа зарах гэж байгаа юм уу? Гэхээр нь тийм гэсэн чинь надаа зараач гэхээр нь 50 мянган төгрөгөөр өгсөн. Би авч явсан эд зүйлийн хохирол барагдуулж 523,600 мянган төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33-45, 47 дугаар/ хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Цэрэнтогтох:

...Шүүгдэгч Батболд нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн Цагаан хөтөл гэх газарт иргэн Ж.Нямбаярын газрын ажлыг хийж байхдаа 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гагнуурын аппарат, таслагч, шавар зуурагч гэх төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 940.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул иймд Батболдыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулан дүгнэлтээ гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

   Шүүгдэгч *******:

  ...Хэргээ хүлээсэн. Авах ялыг минь хөнгөлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч ******* дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                               

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* иргэн *******ын гагнуурын аппарат, таслагч, шавар зуурагч төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу 940.000 /есөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Тэрээр шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч *******т учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч *******ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч *******ын эд хөрөнгөд 940.000 /есөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олж авсан гэмт хэрэгт 940.000 /есөн зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий шавар зуурагч төхөөрөмж, гагнуурын аппарат, таслагчийг хохирогч *******т биет байдлаар нь буцаан өгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Цэрэнтогтох:

...Шүүхээс *******ын үйлдсэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Батболдыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тус ялын хязгаарлалтын бүсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээр тогтоолгон, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгч нь энэ хэрэгтээ 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 42 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон хоногийг үндсэн ялаас хасуулж тооцуулах шүүгдэгчид урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч *******од хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг болон хувийн байдлыг харгалзан  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нэг жил дөрвөн сарын хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ. 

 

Дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 21340002630074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шүүгдэгч Бэсүүд овгийн *******ын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

      шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                           заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүүд овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Бэсүүд овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/  жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бэсүүд овгийн *******од оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бэсүүд овгийн *******ын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 48 /дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 21340002630074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Бэсүүд овгийн ******* энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бэсүүд овгийн *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.  

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бэсүүд овгийн *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН